Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 126/ШШ2023/0049

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны ерөнхий шүүхийн шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох Халиугчин Х.Гын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Х.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мын, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б/03 дугаартай “Х.Гыг албан тушаалаас бууруулах тухай” захирамжийг хүчингүйд тооцуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, хөнгөлөлт урамшуулал, ээлжийн амралтын олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар “Х.Гыг албан тушаалаас бууруулах тухай” тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Гыг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон албан тушаал буурсан.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Х.Гын гомдлын хариуд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/618 тоот албан бичгээр “... маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар захирамжид Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэж баримталсан байх тул Төрийн албаны зөвлөл харьяалан хянан шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд гомдолд дурдсан асуудлаа шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхийг Танд зөвлөе” гэсэн хариу өгчээ.

4. Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

4.1.Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Г би Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Игийн 2021 оны Б/06 дугаар хууль бус захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр тогтоол гарч, аймгийн Засаг дарга Ш.Игийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон ба Ш.И Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг 5 сарын хугацаанд биелүүлэхгүй, улмаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас хатуухан сануулга авч арга буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б/61 захирамж гаргаж намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.

4.2.2021 оны 12 дугаар сарын 29-нд бүх нийтийн амралтын өдөр байсан ба 2021 оны 12 дугаар сарын 30 буюу ажилдаа эргэж орсноос 2 хоногийн дараа намайг дахин ажлаас чөлөөлөхөөр сонсох ажиллагаа зохион байгуулж эхэлсэн. Үндсэндээ 2021 оны 12 дугаар сарын 30-наас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 16 хоногт албан болон албан бусаар 7 удаа уулзаж, ажлаасаа өөрийн хүсэлтээ өгөөд гарах, албан тушаал буурах, ямар нэгэн хэрэгт холбогдуулан шалгуулах, улс төрийн дарамт хэт их байгаа учраас бид 2 хамтран ажиллах боломжгүй гэх мэт дарамт шахалтыг үзүүлсэн.

4.3.Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б/03 дугаартай Х.Гыг албан тушаалаас бууруулах тухай” захирамжийг гаргасан. Ш.Игийн гаргасан энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуулийг бүхэлдээ зөрчсөн, уг хуулийн 47 дугаар зүйлд заасан “Илт хууль бус” захиргааны акт болсон төдийгүй, төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн дагуу албан тушаал бууруулж шийдвэрлэсэнгүй.

4.4.Захирамжийн хууль зүйн үндэслэлгүй байдал: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах гэжээ. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 2021 оны 278 дугаар тогтоолд “тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг үүрэг болгож, тогтоолын хэрэгжилтийг тайлагнахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад үүрэг болгосон” байдаг. Гэтэл Ш.И нь хууль бус томилгоо хийсэн 15 албан хаагчаас ганц надад хариуцлага тооцож байгаа нь тогтоолд олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн явдал боллоо. Энэ нь захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх Захиргааны ерөнхий хуулийн зарчимд нийцэхгүй байна.

4.5.Авилгын тухай хуулийн 7.1.3, 33.1.2 дахь заалтыг үндэслэсэн байна. Авилгын эсрэг хуулийн 321 заалтад хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллагыг заасан байх ба 321.1.2-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авилгатай тэмцэх газар” хянах зохицуулалттай байна. Авилгатай тэмцэх газраас шийдвэрт дурдсан асуудлыг хянаж шийдвэрлэсэн шийдвэр огт байхгүй байхад Авилгын эсрэг хуулиар албан тушаал бууруулж шийдвэрлэж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй.

4.6.Х.Г миний бие тангараг өргөсөн, төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагч. Миний  албаны харилцааны эрх зүйн байдал Төрийн албаны тухай хуулиар тодорхойлогддог. Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны хуулиас гадуур ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах үндэслэл байхгүй юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн дараах зүйл, заалтад заасны дагуу буюу:

52.2.Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэх ба

62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх,

62.1.2.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх баталгаагаар хангагдаж ажилладаг.

4.7.Нөгөө талаас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг аймгийн Засаг дарга томилох, чөлөөлөх, өөр албан тушаалд сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах, албан тушаал бууруулах шийдвэр гаргах эрхтэй болохоос өөр эрх бүхий этгээд хэрэгжүүлэх боломжгүй. Захирамжийн 2 дахь заалтад албан тушаал бууруулсантай холбоотой заалт байгаа ба ямар албан тушаалд бууруулж байгаа нь тодорхойгүй, хууль бус томилгоотой албан хаагчид намайг ажилд томилох чиглэл өгч байгаа нь хуулиар олгогдсон эрх хэмжээг эрх хэмжээгүй этгээдээр гүйцэтгүүлэх гэсэн аймгийн Засаг дарга Ш.Игийн хууль бус чиг үүрэг болно.

4.8.Гэтэл аймгийн Засаг дарга Ш.И хууль тогтоомжийг уландаа гишгэж, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр дарамталж хохироосон шийдвэр удаа дараа гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс хууль бус томилгоотой гэж 2 удаа хянагдаж тогтоол ирүүлсэн П.Ариунбатыг 3 дахь удаагаа хууль бусаар томилж, Монгол Улсын төрд хүндэтгэлгүй хандсаар ирлээ.

4.9.Ш.Игийн гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус

47.1.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх

47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул илт хууль бус захиргааны акт болсон төдийгүй Төрийн албаны тухай хуулийг илтэд зөрчсөн шийдвэр гаргалаа.

4.10.Захиргааны ерөнхий хуульд заасанчлан “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан ба мөн 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасан.

4.11.Иймд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 5.1.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар албан тушаал бууруулж шийдвэрлэсэн аймгийн Засаг дарга Ш.Игийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б/03 дугаартай “Х.Гыг албан тушаалаас бууруулах тухай” илт хууль бус захирамжийн хууль зүйн үндэслэлийг судалж, хүчингүй болгон, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилж, шийдвэрлэж өгнө үү.

4.12.Миний бие урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангаж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 3 сарын 24-ний 01/618 тоот “Гомдолд хариу хүргүүлэх тухай” албан бичгээр хариу ирсэн бөгөөд хавсаргав” гэжээ.

5.Нэхэмжлэгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1.2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж 14-ний өдөр ажил хүлээж авах процесс болсон. Би үүний талаар холбогдох байгууллагуудад гомдол гаргасан. Шүүхэд би 4 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргасан.

5.2.Хэрэг маргаан явж явж эцэстээ Ц.Н гэдэг хүн дээр ирсэн байгаа. Ц.Н аймгийн Засаг даргын нягтлан бодогч хийж байсан хүн. Би мэдлэггүй, боловсролгүй хүнийг гудамжнаас авч ирээд ч юм уу өөрийнхөө танил талыг авч ирээд томилсон зүйл байхгүй. Энэ хүн бол аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогчийн ажлыг 10 гаруй жил хийсэн, Монгол Улсын хугацаагүй мэргэшсэн нягтлан бодогч хүн. Мөн би бүртгэл хийж байхдаа болох уу үгүй юу гэдгийг би Төрийн албаны зөвлөлөөс асууж байсан. Төрийн албаны эрх бүхий албан тушаалтан надад тодорхой жишээ гаргаж индексийг танилцуулаад танай тамгын газрын боловсрол хариуцсан хүн чинь ямар ч мэргэжилтэй хүн байж болно гэсэн учраас энэ хүний бүртгэлийг хийсэн.

5.3.Анх төрийн албаны зөвлөл 278 дүгээр тогтоол гарахдаа надтай уулзаж, над дээр ийм асуудал байгаа гэж сонсох ажиллагаа хийгээгүй учраас би энэ дээр ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй явсаар ирсэн. Энэ үйл ажиллагаа анхнаасаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явагдаагүй гэж үзэж байгаа.

5.4.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлд аймгийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхой тусгаж өгсөн байгаа. 60.1.20 дахь хэсэгт “аймгийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах”, 67 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” гэж заасан. Энд албан тушаал бууруулах заалт байхгүй.

5.5.Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах” зохицуулалтыг тусгасан. 45.1.1-т “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол бууруулахаар зохицуулсан. Надад холбогдуулан гаргасан шийдвэр дээр энэ тухай зохицуулалт байхгүй байгаа. 45.1.2-т үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж заасан. Энэ талаар мөн тушаалд огт дурдаагүй. 45.1.3-т хуульд заасан бусад үндэслэл гэж заасан байгаа. Мөн 45.2-т “энэ хуулийн 45.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана” гэж төвсийн шууд захирагчийн эрх хэмжээг тодорхой оруулж өгсөн байгаа. 45.1 дүгээр зүйлд заасан намайг албан тушаал бууруулах шийдвэрийг төсвийн шууд захирагч гаргахаар зааж өгсөн. Гэтэл Төсвийн тухай хуулийн 4.1.36-д аймгийн Засаг даргыг төсвийн ерөнхийлөн захирагч гэж тодорхойлж өгсөн байгаа. Тэгэхлээр төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчийн эрх хэмжээнд халдсан илт буруу шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа.

5.6.Шийдвэр гаргахад би Тамгын дарга байсан. Гэтэл намайг халж албан тушаал бууруул гэсэн тушаал гаргасан. Хэнд хандаж тушаал гаргаад байгаа нь тодорхойгүй байгаа.

5.7.Би 2017 онд Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын ажилд томилогдсон. Намайг сул орон тоог олон нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулах үйл ажиллагааг хийгээгүй гэж хариуцагч тал үзээд байгаа юм байна. Төрийн албаны шинэ хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. 2018 оны 12 дугаар сард энэ орон тоо сул байсан нь үнэн. Энэ хугацаанд би үүнийг хав дараад байсан зүйл байхгүй. Би үүнээс өмнө 1 билүү 2 удаа төрийн албаны салбар зөвлөлд захиалгаа хүргүүлсэн. Тэгэхэд төрийн албаны зөвлөл ямар үндэслэлээр зарлуулдаггүй байсан бэ гэхээр сонгон шалгаруулалтын журам тодорхой болж гараагүй байна гэдэг шалтгаанаар манайхыг зарлаж өгдөггүй байсан. Ингэж явсаар байгаад хамгийн анх хариуцагч талын яриад байгаа хугацаанд очсон гэдгийг тодруулж хэлье.

5.8.Ц.Ныг надтай хамаатан байсан, тэрийг нуусан гэж яриад байна. Авлигатай тэмцэх газар намайг яг ийм байдлаар шалгасан. Авлигатай тэмцэх газарт Х.Г Ц.Нтай хамаарал бүхий байж албан тушаалд томилсон гэсэн гомдол очсон юм шиг байна билээ. Намайг шалгаад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй байна гэдэг шалтгаанаар хаасан байх. Ашиг сонирхол байгаа эсэхийг шалгах ёстой байгууллага шалгаад дууссан байна гэж ойлгосон. Ц.Ныг намайг мэдсээр байж томилсон гэж захирамжид байгаа. Би хадамсаг хүн биш. Манай хадам ээжийн тал их олуулаа байдаг. Би мэддэггүй байсан. Авлигатай тэмцэх газарт ч мэдэхгүй гэдэг мэдүүлгээ өгсөн. Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ өгсний дараа би эхнэртэйгээ очиж ярилцаад мэдсэн.

5.9.Хамаарал бүхий гэдгийг тогтоосон гэж яриад байна. Яг хамаарал бүхий гэдгийг хэн яаж тогтоосныг би мэдэхгүй. Гэхдээ эхнэрийн ах, дүү, хамаатан садан гэдэг надтай хамаарал бүхий гэсэн үг биш. Миний хамаарал бүхий хүн гэдэг нь хуулиар миний ээж, хадам ээж, төрсөн ах, эгч, дүү нар, тэд нарын нөхөр, эхнэр буюу хүргэн, бэрүүд, эхнэрийн төрсөн дүү нар л байгаа. Яагаад намайг Ц.Нтай хамаарал бүхий гэж үзээд байгааг сайн ойлгохгүй байгаа.

5.10.Хэрвээ сул орон тоо гарсан байгаа бол намайг албан тушаал бууруулж тэнд ажиллуулах юм бол олон нийтэд зарлах, сонгон шалгаруулалт зарлах процесс явагдахгүй шүү дээ. Дарга үзэмжээрээ бууруулчихаар нь та нарын яриад байсан шатлан дэвшдэг зүйлүүд байхгүй болно. Тийм учраас миний албан тушаалыг бууруулах боломжгүй. Би үүнийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй.

5.11.Ц.Ныг томилохдоо ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл тайлбар гаргаж байгаагүй. Би Ц.Нтай хамааралгүй. Би энэ талаар одоо ажиллаж байгаа Х.Цаас асууж байсан. Би өөрөө шийдвэр гаргаад, өөрөө томилж байна. Энэ дээр би гаргах уу гэж асуугаад төрийн албаны зөвлөл, авлигатай тэмцэх газраас асуулгахад энэ асуудал анх удаа гарч байна. Гэхдээ бид нар үүнийг цаашдаа анхаарах ёстой юм байна гэж хэлсэн гэж Х.Ц хэлсэн.

5.12.Би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, бусад олговрыг дараа нь иргэний журмаар нэхэмжлэх хүсэлттэй байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэх агуулгаар маргаагүй. Харин тус захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1.Миний үйлчлүүлэгчийн тухайд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Х.Гыг албан тушаалаас буруулах тухай Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хууль бус болохыг нь тогтоолгож өөрийн эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү хууль бус захиргааны актаас учирсан хохирлоо нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хүсэл зоригоо илэрхийлсэн учраас хүсэл зоригийг нь хүндэтгэн үзэж байна.

6.2.Монгол Улс Олон улсын өмнө үүрэг хүлээсэн. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулиар зааж өгсөн. Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээнд алагчлахгүй байх, ажил мэргэжил хөдөлмөр эрхлэх тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенц гэж байгаа. Энэхүү конвенцын 1 дүгээр зүйлд ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, давуу байдал олгох үйлдлийг алагчлах үйлдэл гэж үзнэ. Үүнийг хориглоно гэж заасан. Энэхүү үүргээ өөрсдийн улсын нөхцөл байдал, дадалд тохируулан хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа.

6.3.Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх баталгаатай эдлэх эрхийг зааж өгснөөс гадна хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасан. Мөн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсад иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. 16 дугаар зүйлийн 4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхийг хэн ч хууль бусаар зөрчиж болохгүй гэдгийг тодорхойлж өгсөн байна.

6.4.Мөн Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч миний үйлчлүүлэгч Х.Гын эрх зүйн байдлыг тодорхойлж өгсөн. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, ил тод, төрийн албан хаагчийн эрх зүйн болон нийгмийн баталгааг хангахад зориулагдсан зорилтыг дэвшүүлж ажиллахаар зохицуулсан байдаг.

6.5.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т төрийн алба өөрөө мэргэшсэн, тогтвортой байх ёстой. 7.1.3-т улс төрийн албан хаагчдаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам эвслийн үйл ажиллагаанаас ангид байх ёстой. 7.1.4-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах гэсэн зарчмууд зөрчигдсөн асуудлыг тодруулж хэлье.

6.6.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байдаг. Маргаан бүхий захиргааны акт гарахдаа захиргааны шийдвэр гарах үйл ажиллагаанд баримтлах, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу бүрэн гүйцэд хийх ажиллагаа хийгдээгүй, тухайн тохиолдлыг нарийвчлан тогтоосон зүйл байдаггүй.

6.7.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаартай захирамж гарахдаа нэгдүгээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, хоёрдугаарт Авлигын эсрэг хууль, гуравдугаарт Захиргааны ерөнхий хуулийг барьсан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах”, 66.1 дүгээр зүйлд “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж заасан байгаа.

6.8.Хууль бусаар давуу байдал олгосон үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагаас тогтоодог. Түүнээс биш захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаагаар тогтоохгүй. Авлигын эсрэг хуульд хүлээлгэх хариуцлага гээд 33.1.2 дахь заалтыг барьсан байгаа. Хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, Авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох гэж байгаа.

6.9.Захиргааны ерөнхий хуулийн 40.2 дугаар зүйлд Захиргааны актыг бичгээр гаргах зохицуулалт байгаа. Захиргааны актыг мэдэгдэх, гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх хугацаа зэргийг захирамжид зайлшгүй тусгах зохицуулалтыг оруулж өгснийг дурдаж байна. Хариуцагч захирамжийн захирамжлах хэсэг дээрээ Ц.Н гэдэг иргэнийг Засаг даргын тамгын газрын аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоог нөхөх тусгай шалгаруулалтыг зохион байгуулахдаа 1.албан тушаалын тодорхойлолтод заасан тус албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлага хангаагүй, 2.өөртэй нь хамаарал бүхий этгээд, 3.мэдсээр байж давуу байдал олгосон гэсэн гурван үндэслэл бичсэн байгаа.

6.10.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт болон Монгол Улсын сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралт болох төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага шалгуур журмыг тодруулж зааж өгсөн байдаг. Мөн журмын 2.1.1-т “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 зүйлийн 3.1.7 дахь заалтын дагуу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх” гэдэг шаардлага тавьсан байна. Ц.Нын мэдүүлгийг нотлох баримтаар шинжлэн судлахад би даатгалын эдийн засагч гэдэг мэргэжилтэй гэдгийг тодруулж байна. Эдийн засаг гэдэг шаардлагыг хангаж байна. Мөн мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлага энэ журмын 2.1.3-т мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх шаардлагыг хангаж байна. Энэ заалтуудыг хангаж байгаа учраас Ц.Ныг томилсон нь хууль бус шийдвэр гэж хэлэх үндэслэлгүй юм. Мөн мэргэжлийн индекс таарч байгаа талаар миний үйлчлүүлэгч тодорхой хэлсэн учраас дахин хэлэх нь илүүц байх.

6.11.Хамаарал бүхий этгээд, давуу байдал олгосон гэдгийг өөр өөрсдийн байдлаар хариуцагч талаас тайлбарлаж байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д хамаарал бүхий этгээд гэдгийг тодорхой зааж өгсөн. Нийтийн албан тушаалтан гэж миний үйлчлүүлэгч буюу тухайн үеийн Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга байсан Х.Гыг хэлж байгаа. Тэрээр Ц.Нын эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр нөхрийнх нь эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийн аль нь ч биш. Тэгэхлээр хамаарал бүхий этгээд гэдэг зохицуулалтад хамаарахгүй байна.

6.12.Мэдсээр байж давуу байдал олгосон гэж байгаа. Авлигын эсрэг хуульд давуу байдал гэдгийг энэ хуулийн 4.1-т заасан этгээд гэдэг нь Х.Гыг хэлж байна. Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээд эдийн болон эдийн бус ашигтай байдлыг мөн албан тушаалаа урвуулан ашиглах гэдгийг тайлбарлавал 3.1.3-т албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг хэлнэ гэж зааж өгсөн. Энэхүү нөхцөл байдал буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан юм уу, давуу байдал олгосон юм уу гэдгийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар тусгайлан заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага буюу Авлигатай тэмцэх газар хэрэгжүүлж байгаа. Авлигатай тэмцэх газраас миний үйлчлүүлэгчийг шалгаагүй биш шалгасан. Энэ асуудал дээр талууд маргадаггүй. Шалгахад эрүүгийн хэрэг үүсгэх юм уу, шалгах эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй юм байна гэж тогтоосон гэж ойлгож байгаа. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдгийг тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх ёстой.

6.13.Төрийн албаны зөвлөлийн шалгалт баримтаар тогтоогдсон гэж байгаа. Төрийн албаны зөвлөлийн шалгалтын мөрөөр ирүүлсэн 278 дугаартай албан бичигт Ц.Н гэдэг хүн мэргэжлийн шаардлага хангаагүй байна, энэ асуудлыг шалгаж тогтоогоод алдааг залруул гэсэн болохоос биш энэ шийдвэрийг гаргасан албан хаагчид хариуцлага тооцох зохицуулалтыг зааж өгөөгүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн шаардлага хангаагүй гээд ирэнгүүт Хөвсгөл аймгийн Засаг даргаас энэ хүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан юм биш үү, хувийн ашиг сонирхолтой юм биш үү гэдэг өнцгийг өөрсдөө гаргаж ирж байгаа.

6.14.Миний үйлчлүүлэгчийг энэхүү захирамжаар 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь бууруулсугай гэсэн байгаа. Энд албан тушаал бууруулах эрхтэй хүн мөн үү гэдэг асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбоотой ахлах түшмэлийн албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд хуулийн дагуу томилон ажиллуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан байгаа. Тухайн үед аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэдэг хүн байхгүй, томилоогүй байхад хий хоосон зүйлд даалгаж байгаа. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчиж байна. Мөн ямар ажил албан тушаал дээр очих гэж байгаа нь тодорхойгүй байна. Очих гэж байгаа албан тушаал нь нөхөн гарч ирсэн тохиолдолд тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилогдох хүртэл хэзээ томилогдоно гэж миний үйлчлүүлэгч хохирч явах ёстой байсан юм бэ. Энэ бол ойлгомжгүй, төрийн албан хаагчийн эрхэд ноцтой халдсан бүдүүлэг үйлдэл гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна.

6.15.Эрх бүхий этгээд буюу Авлигатай тэмцэх газар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа үйлдлийг шалгадаг. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т “Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй” гэж заасан. Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газраас Х.Г гэдэг хүнийг шалгаад зөрчлийн шинжтэй үйлдэл илэрлээ, энэ хүнд холбогдох арга хэмжээг нь ав, ямар үр дүн гарсныг бидэнд мэдэгд гэсэн бичиг ирээгүй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

6.16.Энэ ажиллагаа өнөөдөр явагдах ёстой биш 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаартай захирамж гарахаас өмнө миний үйлчлүүлэгчийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан юм уу гэдгийг тогтоох ёстой байсан. Ингэж тогтоогдсоны дараа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлж, нотлох баримтаа цуглуулж, сонсох ажиллагаа дээрээ энэ асуудлыг нь хэлж мэдэгдээд энэ захирамж гарсан бол хууль ёсны шийдвэр болжээ гэж үзэх боломжтой. Гэтэл энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй.

6.17.Албан тушаалыг бууруулах зохицуулалтыг Нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулиар зааж өгсөн. Одоо хариуцагч талын тайлбарлаж байгаа шиг мэргэжлийн индекстэй холбоотой, мэргэжлийн шаардлага хангаагүй Ц.Н гэдэг хүнийг авсан нь зөрчил юм гэж тогтоогдсон гэж үзье. Энэ тохиолдолд Х.Г гэдэг хүнийг албан тушаал бууруулж болох юм уу. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т “энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулна” гэж заасан. Удаа дараа гэдэг маань энэ үйлдлийг удаа дараа давтаад ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилоод, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нь худал мэдүүлээд өөртэй нь хамаарал бүхий этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаад юм уу, үр дүнгийн гэрээ байгуулаад явж байгаа бол албан тушаалыг нь бууруулах зохицуулалт байна. Гэхдээ энэ зөрчлийг удаа дараа гаргасан байхыг шаарддаг. Миний үйлчлүүлэгчийн буруутай гэдэг нь, зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байхад зөрчил гэж үзээд ганц удаагийн энэ үйлдэл дээр нь хариуцлагын асуудал яриад байгаа нь үндэслэлтэй юу гэдгийг сөхөж ярихыг хүсэж байна.

6.18.Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал гэдэг энэ хүнтэй нэг ангид сурч байсан, сурч байгаа этгээд гэх хүмүүсийг хуульд зааснаар хэлдэг. Маргаан бүхий захиргааны актад энэ нь тусгагдаагүй байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж үзэж байна.

6.19.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60.1.20-т аймгийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах эрхтэй гэж зааж өгсөн. Томилох, чөлөөлөх гэдэг асуудал яригдахаас биш албан тушаал бууруулах зохицуулалт байхгүй. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.5-т аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх гэж заасан. Аймгийн Засаг дарга бол төсвийн ерөнхийлөн захирагч. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйл буюу төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах гэж заасан байгаа. Төрийн албаны тухай хуульд заагаагүй зохицуулалтыг өөр бусад хуулиар зохицуулж болно гэж заасан байгаа. Албан тушаал бууруулах зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан байхад төрийн жинхэнэ албан хаагч Х.Гын асуудлыг Авлигын эсрэг хуулиар зохицуулаад байгаа нь ямар учиртай юм бэ. Төрийн албан тухай хуулиа яагаад барихгүй байгаа юм бэ. Энэ захирамж хууль бус байх, эрх зүйн зөрчилтэй байх гол шинжийг энэ нөхцөл байдал тодруулж байна. Төрийн албаны тухай хуулийн 45.2-т “энэ хуулийн 45.1-т заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана” гэж заасан. Төсвийн шууд захирагч аймгийн Засаг дарга биш учраас энэ захиргааны актыг гаргах эрх бүхий этгээд Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И биш байжээ.

6.20.Зорилгодоо нийцсэн, бодит байдалд нийцсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны актын тусгай зарчмыг хангаагүй хууль бус захиргааны акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.1-т зааснаар хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Х.Гыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

7.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            7.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 78 дугаар тогтоолд “тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг үүрэг болгохыг үүрэг болгож, тогтоолын хэрэгжилтийг тайлагнахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад үүрэг болгосон” байдаг. Гэтэл Ш.И нь хууль бус томилгоо хийсэн 15 албан хаагчаас ганц надад хариуцлага тооцож байгаа нь тогтоолд олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн. ... Энэ нь захиргааны үйл ажиллагааны зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны ерөнхий хуулийн зарчимд нийцэхгүй байна гэжээ.

            7.2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.20-д “аймгийн ... тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах” бүрэн эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд Тамгын газрын даргыг томилох эрх бүхий этгээд нь Засаг дарга байх тул түүний албан тушаалыг бууруулах эрхтэй байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор хариуцлага тооцох эрх олгосон байхыг шаардахгүй юм.

            7.3.Түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын албан тушаалыг гүйцэтгэх хугацаандаа аймгийн Засаг даргын Тамгын газрын “Аймгийн төсвийн нягтлан бодогч”-ийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан тус албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлага хангаагүй, өөртэй нь хамаарал бүхий иргэн бүртгүүлснийг мэдсээр байж давуу байдал олгон сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулан нэрийг дэвшүүлж, албан тушаалд томилсон нь Төрийн албаны зөвлөлийн шалгалт, баримтаар тогтоогдсон байдаг.

7.4.Түүний дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь заалт, Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх бөгөөд хариуцлага хүлээлгэсэн нь захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчөөгүй болно.

7.5.”...Авлигын эсрэг хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2-д “Энэ хуулийн 321.1.2-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар” хянах зохицуулалттай байна. Авилгатай тэмцэх газраас шийдвэрт дурдсан асуудлыг хянаж шийдвэрлэсэн шийдвэр огт байхгүй байхад Авлигын эсрэг хуулиар албан тушаал бууруулж шийдвэрлэж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй ...” гэж нэхэмжлэлдээ дурдсан байна.

7.6.Авлигийн эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ” гэж, 33.1.2-д “... эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах ...” гэж заасан байх бөгөөд энд авилгатай тэмцэх газраас асуудлыг хянаж шийдвэрлэсэн шийдвэр гарсан байхыг шаардахгүй, энэ талаар хуулиар тухайлан зохицуулаагүй юм.

7.7.Мөн түүнчлэн хуульд хяналт тавих, хуулийн биелэлтийг хангах ойлголтууд эрх зүйн үр дагаврын хувьд хоорондоо ялгаатай ойлголт байна.

7.8.Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Засаг дарга ... засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах” гэж тус тус заасан.

7.9.Тиймээс маргаан бүхий захиргааны шийдвэрийн хувьд аймгийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн дагуу хууль тогтоомжийн биелэлтийг хангах бүрэн эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлсэн.

7.10.Төрийн албаны тухай хуульд албан тушаал бууруулахтай холбогдсон харилцаанд тус хуулиас өөр хууль хэрэглэхийг зөвшөөрдөг бөгөөд энэхүү зохицуулалтын дагуу Авилгын эсрэг хуулийг баримталж нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан тул дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

7.11.Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсанчлан Засаг даргын Тамгын газрын даргыг аймгийн Засаг дарга албан тушаал бууруулах эрхтэй бөгөөд дээрх бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан.

7.12.Харин уг шийдвэрийг Засаг дарга өөрөө хэрэгжүүлэх чиг үүрэг хүлээхгүй бөгөөд тус захирамжийн 2 дахь хэсэгт нэхэмжлэгчийг албан тушаалд томилон ажиллуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан нь “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 3.2.4.3-д заасан “... авах арга хэмжээ, хариуцах эзэн, гүйцэтгэх хугацаа, биелэлтийг хариуцах болон хэрэгжилтэд хяналт тавих байгууллага, нэгжийн нэрийг тодорхой заах ...” шаардлагыг биелүүлсэн.

7.13.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга ... ажилтнуудыг томилж, чөлөөлнө ...” гэж заасан.

7.15.Х.Гыг албан тушаал бууруулсантай холбогдуулан түүнийг ахлах түшмэл, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд томилох эрх хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хуулиар олгосон байна. Тиймээс иргэн Х.Гын нэхэмжлэлд дурдсан үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байгаа тул үндэслэлгүй болно.

7.16.Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс тус байгууллагын ахлах түшмэлийн албан тушаалын сул орон тоо, түүнд томилогдох боломжтой талаар 2 удаа албан бичгээр нэхэмжлэгчид хандсан боловч нэхэмжлэгчийн зүгээс хариу өгөөгүй эс үйлдэхүйг гаргасан байдаг.

7.17.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

8.1.Бид Х.Г даргыг албан тушаалаас нь чөлөөлөөгүй. Албан тушаалаас халаагүй, албан тушаалаас бууруулж шийдсэн. Ингэж бууруулахдаа Авлигын эсрэг хуулийг гол үндэслэл болгосон. Үүнтэй холбоотой Авлигын эсрэг хуулийн 321.1.2 заалтыг үндэслэж байх шиг байна. Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийг Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлд тодорхойлж өгсөн. 18 дугаар зүйлийн 18.4.11-т “6.6, 7.1.7, 7.1.8-д заасан зөрчлийг хянан шалгаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл 7.1.1-т заасан зөрчлийг хэн шалгаж гэдгийг зааж өгөөгүй. Тийм учраас эрх бүхий байгууллага буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг томилж чөлөөлж, албан тушаал бууруулдаг ганцхан субъект бол аймгийн Засаг дарга. Гэтэл нэхэмжлэгч тайлбартаа хэн ч албан тушаал бууруулж болохгүй юм шиг ярьж байна.

8.2.Та өөрийнхөө хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон гэж хариуцлага тооцсон. Дараагийн нэг зүйл хууль бус томилгоотой албан хаагчийн шийдвэрийг гаргуулахыг даалгасан гэж байгаа. Засаг даргын маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаартай захирамж дээр н.Ариунбат гэдэг үг өгүүлбэр огт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн дагуу төрийн албан тушаалтныг ажлаас халсан, албан тушаал бууруулсантай холбоотой сул орон тоо гарсан тохиолдолд 14 хоногийн дотор түр орлон гүйцэтгэгчийг томилох заалттай. Үүний дагуу түр орлон гүйцэтгэгч томилогдсон тохиолдолд шийдвэрийг биелүүлээд явах ёстой. Өөрөөр хэлбэл захирамжийн 2 дахь заалтад тодорхой зааж өгсөн.

8.3.Гуравдугаарт нэхэмжлэгч Засаг даргын захирамжийн үндэслэлийн талаар огт ярихгүй байна. Яагаад бид Ц.Н гэдэг хүний томилгоог чухалчилж үзсэн юм бэ гэхээр Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолд дурдсан. Тэр үндэслэлийг бид нар судалж үзсэн. Аймгийн Засаг даргын тамгын газрын аймгийн төсвийн ерөнхийлөн нягтлан бодогч гэдэг албан тушаалд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сул орон тоо гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т сул орон тоо гарсан тохиолдолд олон нийтэд мэдээлэх үүрэгтэй, 21 хоногт багтааж тусгай шалгалтыг буюу сонгон шалгаруулалт зарлуулна гэж заасан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл буюу 1 жил, 11 сар, 23 хоногийн хугацаанд энэ албан тушаалыг огт зарлуулаагүй. Өөрөөр хэлбэл энэ орон тоог хэн нэгэнт давуу байдал олгохоор хадгалсан. Энэ нь баримттайгаа байгаа. Яагаад 2018 онд сул орох тоо гарсан байхад 2019 он, 2020 он хүртэл явж байсан нь тодорхойгүй.

8.4.Мөн 2 жил хэртэй хадгалсан албан тушаал дээр тусгай шалгалт зарлуулахдаа яагаад өөрийнх нь хамаатан орсон юм бэ. Хэн орох нь хамаагүй, энэ бол хүний эрхийн асуудал байж болох ч албан тушаалд заасан тусгай шаардлагыг хангахгүй этгээд байдаг. Тэр нь юугаар нотлогдож байна вэ гэхээр Х.Г даргын өөрийнх нь баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлүүд дээр нягтлан бодогч, санхүү эдийн засагч гэж 2 төрлийн мэргэжлийн индекс зааж өгсөн. Энэ индексийг зааж өгч байгаа нь 2014 оны Боловсролын яамны сайдын баталсан мэргэжлийн индексээр зааж өгч байгаа. Энэ дотор даатгал гэдэг мэргэжил байхгүй. Гэтэл н.Нармандах гэдэг хүн Монгол Улсын их сургуулийг Даатгал гэдэг мэргэжлээр төгссөн буюу илтэл тусгай шаардлага хангахгүй хүн.

8.5.Х.Г гэдэг хүн тусгай шалгалтын албан тушаалын тодорхойлолтыг өөрөө баталдаг, тусгай шалгалтыг нь зохион байгуулдаг, өөрөө томилдог хүн. Тэр тусгай шалгалтад эхнэрийнх нь үеэл болох Ц.Н гэдэг хүн тусгай шаардлага хангахгүй хэрнээ томилогдож байгаа нь байж болохгүй.

8.6.Х.Г дарга сая өөрөө мэргэшсэн нягтлан бодогч байсан гэж ярьж байна. Гэтэл Ц.Н гэдэг хүн 2020 онд мэргэшсэн нягтлан бодогч болсон. Мөн гэрчилгээ дээр нь хуулийн нэрээ ч зөв бичээгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 24.1 дэх хэсэгт ямар мэргэжилтэй хүн байхыг зааж өгсөн. Тэр дотор даатгал гэж байхгүй. Үүнээс харахад мэргэшсэн нягтлан бодогч гэдэг нь худлаа байна. Ийм байдлаар давуу байдал олгож болохгүй гэж үзсэн.

8.7.Нөгөө талаар төрийн албандаа удаж мэргэшиж ажиллаж байгаа хүмүүс ийм илтэд захиргааны акт гаргаж болохгүй. Энэ талаар Ашиг сонирхлын тухай хуульд тодорхой зааж өгсөн. Гаргаж байгаа шийдвэрүүдийг нь хориглох заалтуудыг мөн оруулж өгсөн байгаа. Ийм байдлаар асуудалд хандсан учраас аймгийн Засаг даргын 2022 оны Б/03 дугаар захирамжид эдгээр үндэслэлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон учраас албан тушаал бууруулах үндэслэл болсон.

8.8.Төрийн албан хаагчийн ёс зүй гэж байдаг. Хүн өөрийнхөө гаргасан алдаандаа хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Гэтэл ийм зүйл байхгүй, тийм зүйл байхгүй гээд ямар сайндаа сонсох ажиллагааны мэдэгдлийг хийсэн баримтад “Ц.Н гэдэг хүн Х.Г тантай ямар хамааралтай хүн юм бэ гэхэд ямар ч хамааралгүй” гэж ярьсан. Одоо шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ энэ хүн бол манай эхнэрийн үеэл байсан гэж хэлсэн. Ийм хоёрдмол зүйл ярьсан учраас бид нар нотлох баримт гаргуулах хүрээнд ажиллагаа удаашрахад хүрсэн.

8.9.Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-ийг зөрчсөн байна. Энэ хуулийн 4.1-т заасан этгээдэд бусдад хууль тогтоомжоор тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно гэж заасан. 7.1.3-т албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглоно гэж заасан. Давуу байдал олгосон гэдэг бол энэ захирамжийн гол заалт юм.

8.10.Хоёрдугаарт ямар байдлаар давуу байдал олгосон бэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.6-т Төрийн албаны тухай хуулийн түр орлон гүйцэтгүүлэх журмыг зөрчихийг хориглоно гэж заасан. Өөрөөр хэлбэл Ц.Н гэдэг хүнийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар томилсон. Ингэж томилохын шалтгаан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т төрийн албан хаагчийн сул орон тоо гарсан бол орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөхнө гэсэн заалт байсан. Ц.Нын хувьд тухайн байгууллагад ажиллаж байгаа гэдэг шаардлагыг хангаж байгаа боловч ажлын туршлага буюу дэс түшмэлийн албан тушаалд 2 жил ажилласан байх гэдэг тусгай шаардлагыг хангахгүй байсан. Ц.Ныг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаар тушаал гаргаж түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.6-т заасныг зөрчиж хууль бус томилгоо хийсэн. Ингээд 1 жилийн дараа буюу 50 хувийн шаардлага хангасныг нь дараа зарлуулах захиалга өгсөн. Энэ баримтууд хоорондоо шалтгаант холбоотой байгаа. Хэрвээ 1 жил ажилласан ажлын шаардлагыг нь хангачих юм бол Ц.Н тусгай шалгалтад орох эрх нь нээгдэж байгаа. Ингээд тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа гэдгээрээ Ц.Н бусдаасаа давуу байдалтай орж ирж байгаа. Энэ шаардлагыг хангуулахын тулд тусгай шалгалтыг зарлуулахгүй, хууль бус томилгоо хийж Х.Г гэдэг хүн Ц.Н гэдэг хүнд давуу байдал олгосон байна гэж үзэж байгаа.

8.11.Бусдад давуу байдал олгосон ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг гэмт хэргийнх нь хувьд Авлигатай тэмцэх газар шалгана. Энэ бол Эрүүгийн хуулиар мөн холбогдох хуулиар тодорхойлогдоно. Гэтэл 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг уншвал Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол эрх бүхий байгууллага албан тушаалтан хариуцлага  хүлээлгэнэ гэж заасан. Тамгын газрын даргыг томилсон этгээд албан тушаал бууруулж болдоггүй юм бол өөр энэ хүнд хэн хариуцлага тооцох юм бэ. Тийм учраас Авлигын эсрэг хуулийн 7.1.3, 33.1-ийг үндэслэж Засаг дарга хариуцлага тооцсон.

8.12.Албан тушаал буруулж болохгүй албан тушаал байсан үгүйг бас яриад байх шиг байна. Яагаад албан тушаал бууруулж болохгүй гэж гэдгийг бодох ёстой. Би үүнийг албан тушаал бууруулж болох албан тушаал байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл яах гэж албан тушаал бууруулж болох албан тушаал гэж байх юм бэ. Жишээ нь эрхэлсэн түшмэлээс бууруулж ахлах түшмэлийн албан тушаалд томилж байгаа. Энэ хүнийг Тамгын газрын даргын албан тушаалын доор хэлтсийн дарга байгаа учраас хэлтсийн дарга руу албан тушаал бууруулж яагаад болохгүй гэж. Ийм учраас албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлтэй гэж үзсэн. Мөн Х.Г гэдэг хүнд бид нар албан тушаал бууруулаад ахлах түшмэлийн ажлын санал тавьсан. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалтын хөгжлийн болон төлөвлөлтийн даргын ажлаас сонгох эрх өгсөн. Энэ хүн өөрөө эс үйлдэхүй гаргасан.

8.13.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулах саналаа дэмжиж байна гэв.

9.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

9.1.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны Б/03 дугаар захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа.

9.2.Нэгдүгээрт. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны Б/03 дугаартай Х.Гыг албан тушаалаас бууруулах тухай захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Яагаад гэхээр энэ захирамжийг Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасныг зөрчсөн гэж үзээд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар албан тушаал бууруулж шийдвэрлэсэн байгаа. Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах гэж заасан. Нэхэмжлэгч Х.Гыг аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Н гэдэг хүнийг албан тушаалд томилохдоо давуу байдал олгосон гэж үзэж захирамж гаргасан. Яаж давуу байдал олгосон гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбарласан учраас энэ хэсгийг товч тайлбарлая. Яаж давуу байдал олгосон гэхээр Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 2.5, 4.1.5 дахь хэсгийг зөрчиж давуу байдал олгосон. Мөн Боловсрол шинжлэх ухааны сайдын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаалтай зөрчилдсөн аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтын мэргэжил, туршлагын шаардлагыг зөрчиж давуу байдал олгосон байгаа. Мөн захирамжийн нэг үндэслэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд захиргааны шийдвэр гаргахын өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаагүй гэдэг байдлаар тайлбарласан байгаа. Энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр байж чадсан. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны Б/03 дугаар захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна.

9.3.Харин нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт дараах байдлаар няцаалт хийе. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолд олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж тайлбарлаад байна. Монгол Улсын Засан захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар аймгийн засаг даргад дээд газраас ирсэн буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх гэдэг чиг үүрэг байгаа. Энэ чиг үүргийн дагуу нэгэнт Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолоор зөрчилтэй нөхцөл байдал үүссэн нь тодорхой, тэр шийдвэрийг гаргасан хүн нь тодорхой байхад надад Х.Гт хариуцлага тооц гэсэн чиглэл өгөөгүй юм чинь энэ асуудалд хариуцлага тооцохгүй гэх үндэслэл байхгүй. Энэ бол Монгол Улсын Засан захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасан эрхийнхээ хүрээнд гаргасан асуудал байгаа.

9.4.Авлигын эсрэг хуулийн 321 дугаар зүйлийн 321.1.2-т заасныг баримтлан энэ дээр Авлигатай тэмцэх газар хяналт тавих байсан гэдэг асуудлыг ярьж байгаа. 32 дугаар зүйлийн 321.2-т зааснаар энэ хуулийн 321 дугаар зүйлийн 321.1.1-т зааснаас бусад төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газар хяналт тавина гэж байгаа. Авлигын эсрэг хууль өөрөө олон нийтийг соён гэгээрүүлэх авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулдаг. Тэрэнд нь Авлигатай тэмцэх газарт хяналт шалгалтаа хийгээд явдаг.

9.5.Нэхэмжлэгч талаас дурдсанчлан Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.11-т “хуулиар харьяалуулсан хэргийг шалгах явцад илэрсэн авлигын гэмт хэрэгтэй холбоогүй хууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх, энэ хуулийн 6.6, 7.1.7, 7.1.8-д заасан зөрчлийг хянан шалгаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх” гэж заасан. Авлигатай тэмцэх газар шалгах ёстой гэж байгаа ч 7.1 дүгээр зүйлтэй холбоотой бүрэн эрхийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр 18 дугаар зүйлд зааж өгсөн байгаа. 7.1.3-ыг зөрчсөн асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгах байсан гэж нэхэмжлэгч талаас гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй. 33.1.2-т хэрвээ албан тушаал бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох гэдэг зүйлийг сая нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан. Энэ бол албан тушаал бууруулах боломжгүй албан тушаал биш. Энэ бол төрийн захиргааны 13 гэдэг шатлал дээр байсан бөгөөд түүнээс доош төрийн захиргааны 10, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн гээд албан тушаал бууруулах боломжтой албан тушаал. Тийм учраас бууруулж байгаа нь зөв.

9.6.Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т төрийн бүх шатны байгууллагын алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа олж мэдсэн авлигатай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх нь өөрийнх нь бүрэн эрхэд байхгүй байвал Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ гэсэн байна. 321-т заасны дагуу энэ бол аймгийн Засаг даргын шийдвэрлэх асуудал биш байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

9.7.Нэхэмжлэгч би бол төрийн жинхэнэ албан хаагч учраас Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 61.1.1, 62.1.2-т заасан баталгааг эдэлнэ, намайг албан тушаал буруулж болохгүй гэж тайлбарласан. Эдгээр заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэх тухай заалт байгаа болохоос биш авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал дээр хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалт биш байгаа.

9.8.Мөн нэхэмжлэлдээ Монгол Улсын их хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журмын 5.1.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар албан тушаал бууруулж шийдвэрлэсэн гэдэг байдлаар энэ журмыг их татаж дурдсан байгаа. Тус журамд Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48, 52.2, 66.1, 66.1.1, 75.1-т заасан асуудлаар төрийн албаны зөвлөлд гомдол гаргахтай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа болохоос биш Авлигын эсрэг хуульд заасан хориглох хэм хэмжээг зөрчсөн асуудлыг энэ журмын дагуу өөрөө өөрийгөө тодорхойлоод энэ үндэслэлээр намайг албан тушаалаас бууруулж болохгүй байсан юм гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байгаа.

9.9.Ц.Нтай садан төрлийн холбоотой холбоогүй асуудлыг яриад хамаарал бүхий этгээд биш гэсэн зүйлийг яриад байна. Гэхдээ мэдэгдэл тайлбар гаргах асуудалд хамааралтай боловч 7.1.3-т заасан давуу байдал олгосон асуудал дээр хамаатан садан байна уу, төрөл байна уу, гадны хүн байна уу гэдэг нь хамааралгүй буюу үүнээс үл хамаарч давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлтэй. Цолмонгийн Нармандах гэдэг хүнийг албан тушаалд томилохдоо давуу байдал олгож байгаа үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах гэдгийг зөрчиж байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 7.1.7-т заасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. Үүнийг зөрчиж байгаа гэхээсээ илүү Ц.Н гэдэг хүнд давуу байдал олгож байгаа нь бусад шалгалтад оролцож байгаа иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

10.Нэхэмжлэгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, хөнгөлөлт урамшуулал, ээлжийн амралтын олговроо иргэний журмаар нэхэмжлэхээ илэрхийлсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, ...” гэсэнд нийцэж байна. Иймд багасган тодорхойлсон “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б/03 дугаартай “Х.Гыг албан тушаалаас бууруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

11.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар “Х.Гыг албан тушаалаас бууруулах тухай” захирамж[1] нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

12.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “"төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна: ... 10.1.2.төрийн захиргааны албан тушаал”, 10.3-т “Энэ хуулийн 10.1.2, ...-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: ... 12.1.7.аймаг, ...-ийн ... Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэжээ.

13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан.

14.Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас Х.Гын Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга буюу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах субьектив эрх хөндөгдсөн, тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

15.Нэхэмжлэгч Х.Г Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсаны хариуд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/618 тоот албан бичгээр[2] шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөжээ.

16.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно”, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо ... гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”,

17.Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, ...-ийн хооронд энэ хуулийн ... 48 дугаар зүйл, ...-д заасан асуудлаар гарсан маргаан ...-ыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 48 дугаар зүйлийн 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасан.

18.Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах” журмын 8.2-д “Төрийн албаны тухай хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд, 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд тус тус гомдол гаргана” гэж заасан. Харин Төрийн албаны тухай хуулийн 48.1.6-д заасан шийтгэл оногдуулсан шийдвэрийн талаар гомдол гаргах журмыг зохицуулаагүй байна.

19.Иймд Х.Г нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор ... эсхүл шүүхэд гаргаж болно” гэсний дагуу шүүхэд гаргаж болох байжээ.

20.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн З3.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 33.16.-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан. Иймд нэхэмжлэгч Х.Гын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Төрийн албаны зөвлөлийн 01/618 тоот албан бичгээр[3] хариу өгсөн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр тасалдсан, тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдэд шүүх дараах дүгнэлт хийлээ.

21.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар[4] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г нь Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэх хугацаандаа аймгийн Засаг даргын Тамгын газрын “Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч”-ийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан тус албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлага хангаагүй, өөртэй нь хамаарал бүхий иргэн бүртгүүлснийг мэдсээр байж давуу байдал олгон сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулан нэрийг дэвшүүлж, албан тушаалд томилсон хэмээн Төрийн албаны зөвлөлийн шалгалт, баримтаар тогтоогдсон тул 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

22.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 60.1.20.аймгийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах; 60.1.21.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: ... 48.1.6.хуульд заасан бусад”, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан ... хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Иймд Хөвсгөл аймгийн Засаг дарга нь түүний ажлын албаны удирдах албан тушаалтан болох Тамгын газрын дарга Х.Гт хуульд заасан хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй юм.

23.Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Х.Г нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор[5] Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргаар батлагджээ.

24.Маргаан бүхий захиргааны актад дурдсан “Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г нь Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэх хугацаандаа аймгийн Засаг даргын Тамгын газрын “Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч”-ийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж, ... өөртөө нь хамаарал бүхий иргэн бүртгүүлснийг мэдсээр байж давуу байдал олгон сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулан нэрийг дэвшүүлж, албан тушаалд томилсон” гэх үндэслэл нотлогдохгүй байна.

            25.Нэхэмжлэгч Х.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаануудад гаргасан тайлбартаа “Ц.Н нь түүний эхнэр М.Эгийн нагацын хүүхэд буюу үеэл нь” болох талаар хүлээн зөвшөөрсөн.

            26.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5"хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг, 3.1.6"нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг тус тус ойлгохоор заасан. Иймд Ц.Ныг нэхэмжлэгч Х.Гын хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй.

            27.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг, 3.1.6“садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгохоор заасан тул Ц.Н нь нэхэмжлэгчийн садангийн хүн болох юм.

            28.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11"ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж ... зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг ойлгоно.

            29.Нэхэмжлэгч Х.Г эхнэрийнхээ үеэл буюу өөрийнх нь садан болох хүнийг нийтийн албанд томилж байгаа нь олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулж буйд хамаарна.

30.Тухайн тохиолдолд Ц.Ныг нийтийн албанд томилохдоо Х.Г нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэсний дагуу бичгээр тайлбар хийгээгүй нь хууль бус ба гэрч Х.Цийн мэдүүлгээр[6] нотлогдож байна.

            31.Гэсэн хэдий ч аймгийн Засаг дарга 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар захирамж гаргахдаа дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй шийдвэрлэсэн нь сонсох ажиллагааны тэмдэглэл[7], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нь Ц.Нтай садан төрлийн холбоотой тухай хүмүүс амаар хэлж байсан боловч гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан” гэх тайлбараар нотлогдож байна. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “Х.Г эхнэрийнхээ үеэл буюу өөрийн садангийн хүнийг нийтийн албанд томилж олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэснийг зөрчсөн байна.

32.Маргаан бүхий захиргааны актад дурдсан “Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г нь Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэх хугацаандаа аймгийн Засаг даргын Тамгын газрын “Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч”-ийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан тус албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлага хангаагүй, ... иргэн бүртгүүлснийг мэдсээр байж давуу байдал олгон сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулан нэрийг дэвшүүлж, албан тушаалд томилсон” гэх үйл баримт нь дараах байдлаар нотлогдож байна.

33.Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар[8] Санхүү, төрийн сангийн хэлтсийн аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч Ц.Мөнхтуяаг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн уг албан тушаалд нь түр орлон гүйцэтгэгчээр томилон[9] ажиллуулжээ.

34.Дараа нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар[10] Ц.Мөнхтуяаг Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, Б/40 дүгээр тушаалаар[11] Ц.Ныг Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мөн өдрөөс эхлэн томилжээ.

35.Энэ хугацаанд Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарлаж, уг сонгон шалгаруулалтаар Цолмонгийн Нармандах нь хамгийн өндөр оноо авсан тухай хэргийн оролцогчид маргадаггүй.

36.Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан Цолмонгийн Нармандахыг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/145 дугаар тушаалаар[12] Ц.Ныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчоор 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн жинхлэн томилж, үргэлжлүүлэн ажиллуулжээ.

37.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 346 дугаар тогтоолын 22 дугаар хавсралтаар[13] Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтыг баталж, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, нягтлан бодогч /041101/, санхүү эдийн засагч /041201/ мэргэжилтэй байх, мэргэшлийн хувьд төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх, мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлага тавьжээ.

38.Ц.Н нь 2005-2009 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд даатгал мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй, D310504 мэргэжлийн индекстэй төгссөн болох хэрэгт авагдсан баримтуудаар[14] нотлогдов.

39.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-д “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 66.1.3.иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох; ... 66.1.6.хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” гэж заасан.

40.Хуульд заасан дээрх эрх хэмжээнийхээ хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолд[15] Хөвсгөл аймгийн төрийн захиргааны байгууллагын зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон энэхүү тогтоолын 1-14 хавсралтад дурдсан шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15, 16, 17 дугаар тогтоолоор тус тус баталсан журмын холбогдох заалтыг зөрчсөнийг тогтоосугай гэжээ. Уг тогтоолын 1 дүгээр хавсралтын 10 дугаарт “Албан хаагчийн нэр: Ц.Н, Албан тушаалын нэр: Төсвийн ерөнхий нягтлан бодогч. Албан тушаалд томилсон шийдвэрийн огноо, дугаар: Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/145 дугаар тушаал. Хууль зөрчсөн нь тогтоогдсон үндэслэл: Албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй” гэжээ. Иймд маргаан бүхий захиргааны актад дурдсан үйл баримт нотлогдсон, Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

41.Авлигын эсрэг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэжээ. Иймд Засаг даргын Тамгын газрын дарга тус хуулийн үйлчлэлд хамаарна.

42.Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: ... 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, ...” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4"давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, ...-д буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор тус тус заасан.

43.Нэхэмжлэгч Х.Г нь албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй хүнийг аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилсоныг түүнд эдийн бус ашигтай байдал буюу давуу байдал олгосон гэж үзнэ.

44.Иймээс түүнд Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ: ... 33.1.2.энэ хуулийн ... 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох гэж зааснаар хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй шүүх үзлээ.

45.Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт ... төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан тул нэхэмжлэгч Х.Гын эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар тогтоох ба мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “... хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.6.хуульд заасан бусад” заасан тул аймгийн Засаг дарга нь түүний Тамгын газрын даргад Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэхдээ Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.

46.Иймээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасныг зөрчсөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б/03 дугаартай “Х.Гыг албан тушаалаас бууруулах тухай” захирамж нь хууль бус байна.

47.Хэдийгээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, ... улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан хүрээнд шүүх дүгнэлт хийлээ.

48.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл дээрх байдлаар тогтоогдож байгаа ч хэргийн оролцогчдын маргаж буй дараах асуудалд тайлбар өгөх нь зүйтэй байна.

49.Нэхэмжлэгч Х.Г, түүний өмгөөлөгч нар Авлигын эсрэг хуулийн 32 дугаар зүйлийн 321 дүгээр зүйлийн 321.1-д “Энэ хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад дараах байгууллага хяналт тавина: 321.1.1.Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо; 321.1.2.энэ хуулийн 321.1.1-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар ...” гэж заасан тул аймгийн Засаг дарга энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхгүй гэв.

50.Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ: ... 3.1.2.энэ хуулийн ... 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, ...” гэж заасан бөгөөд энэ шийдвэрийн 22 дахь хэсэгт дүгнэснээр аймгийн Засаг дарга Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй. Авлигын эсрэг хуулийн 32 дугаар зүйлийн 321 дүгээр зүйлийн 321.1.2-т зааснаар холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд Авилгатай тэмцэх газар хяналт тавихаар хуульчилсан, харин хяналт тавина гэдэг нь аймгийн Засаг даргад хуулиар олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлнэ гэсэн үг биш юм.

51.Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь бууруулах боломжгүй албан тушаал бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар албан тушаал бууруулах шийдвэрийг зөвхөн төсвийн шууд захирагч л гаргах боломжтой. Харин төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга гаргах боломжгүй” гэсэнд дараах тайлбар өгье.

52.Засгийн газрын 2019 оны 275 дугаар /хүчингүй болсон/ “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь эрхэлсэн түшмэл ангилалд хамаарах, ТЗ-13 зэрэглэлтэй, нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаал байна. Мөн энэ тогтоолд зааснаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дарга буюу ахлах түшмэл,  Аймгийн Засаг даргын Тамгын газрын тасгийн дарга, Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн  дарга буюу дэс түшмэлийн гэх мэт доод шатны албан тушаалуудыг эрэмбэлжээ.

53.Түүнчлэн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3/199, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3/321 тоот албан бичгээр[16] Х.Гт аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн даргын төрийн жинхэнэ албаны сул ажлын байранд томилон ажиллуулах санал тавьж байсан, захирамжийн биелэлтийг хангахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдов. Иймд “аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь бууруулах боломжгүй албан тушаал, түүнийг хэн биелүүлэх нь тодорхойгүй захиргааны акт юм” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

54.Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно: ... 45.1.3.хуульд заасан бусад үндэслэл”, 45.2-т “Энэ хуулийн 45.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана” гэжээ. Энэ нь хуульд өөрөөр заасан бол төсвийн шууд захирагчаас өөр субьект шийдвэр гаргаж болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд аймгийн Засаг дарга шийдвэр гаргах эрхтэйг дээр тайлбарласан.

55.Маргаан бүхий захиргааны акт нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрхэлсэн түшмэл ангилалд хамаарах, ТЗ-13 зэрэглэлтэй, нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаал хаших субьектив эрх зөрчигдсөн нь дээрх байдлаар тогтоогдож байх тул хэргийн оролцогчдын маргаж буй “Ц.Над давуу байдал олгон сонгон шалгаруулалтыг зарлуулахгүй удаасан, хууль бусаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон” зэрэг захиргааны актын үндэслэлд дурдагдаагүй бусад асуудалд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.1, 48.1.6, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Халиугчин Х.Гын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Гыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Гт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 25-26 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 45 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 45 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 25-26 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 89-90 дүгээр хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтасны 229 дүгээр хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 64-66 дугаар хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтасны 237 дугаар хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтасны 238 дугаар хуудас

[10] Хэргийн 2 дугаар хавтасны 239 дүгээр хуудас

[11] Хэргийн 2 дугаар хавтасны 241 дүгээр хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтасны 61 дүгээр хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтасны 189-193 дугаар хуудас

[14] Хэргийн 1 дүгээр хавтасны 150-151 дүгээр хуудас

[15] Хэргийн 2 дугаар хавтасны 122-125 дугаар хуудас

[16] Хэргийн 2 дугаар хавтасны 102-103 дугаар хуудас