| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00220/И |
| Дугаар | 947 |
| Огноо | 2015-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 947
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00220/И
**** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум, ** баг, **** ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, В***ийн т*** овогт Ш****гийн Э**** / регистрийн дугаар ****, утас: ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** аймаг, **** сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, Б**** овогт Н****ийн С**** /регистрийн дугаар ****, утас ****/-д холбогдох,
“26,610,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай,
“9,310,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Э****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б****, хариуцагч Н.С****, хариуцагчийн өмгөөлөгч Б.С****, гэрч Б.О****, А.О****, Д.Ө****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Э**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Анх би 2005 оноос хойш С****тэй М.Н****ээр дамжуулж танилцсан. С****ээс хүүтэй мөнгө зээлж буцааж өгдөг байсан. Түүнээс авсан мөнгөний үлдэгдэл 3,850,000 төгрөгийг буцааж өгөх гэж байтал 2010 оны 02 дугаар сард М.Н**** надад тэр мөнгөө өгч бай би С****д төлчихнө гэж хэлээд авсан. Гэтэл С**** надаас нэхээд Н**** чинь өгөөгүй гээд байхаар нь аргаа бараад 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүүтэй нь нэхсэн мөнгө 7,210,000 төгрөгийг С****д өгөөд, Н****ийг мөнгө өгөхөөр нь надад өгчихөөрэй гэхэд тэр зөвшөөрч тэгнэ тэгнэ гэсэн. Гэтэл С**** Н****ээс мөнгө авсан мөртлөө надад өгөлгүй давхар авсан байсан. Иймд би түүнээс 7,210,000 төгрөгөө буцааж нэхэмжилж байна.
Би 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ө****оос 30,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлж, наймаанд яваад буцааж өгөөд, 20,000,000 төгрөг үлдсэн байсан. Тэр үлдэгдэл 20,000,000 төгрөг өгөх гээд явж байтал С****, Н**** хоёр хамжиж наад 20,000,000 төгрөгөө өгчих хэрэглэчихээд буцаагаад өгнө гээд янз бүрээр ятгаж айлгаж дарамталсаар байгаад 10,000,000 төгрөгийг нь авсан. Ө****од өгөх учиртай болохгүй гэж зөндөө учирласан боловч С**** хутга, сэрээ хүртэл ярьж байгаад авсан. Тэгээд С**** 10,000,000 төгрөг буцааж өгөөгүй юм. Одоо тэр 10,000,000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна. Байшин барьж байгаа түүнийг дуусгаад буцааж өгнө гэсэн боловч арга саам болгоод өгөхгүй байна.
Би **** ХХК-ий захирал Т****тэй акваторон 6 гэдэг барилгын ус тусгаарлагч бодис 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 01-ний хооронд 20 тн-ыг нийлүүлэхээр гэрээ хийсэн. Бодисоо Орос улсаас авч ирэхийн тулд С****ээс 46,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Би төрсөн дүүгээсээ 20,000,000 төгрөг зээлж Н****ийг явуулж оруулж ирсэн.20 тн бодисын 15 тныг С**** булааж аваад борлуулсан байсан. С**** зээлүүлсэн 46,000,000 төгрөг түүнийхээ 1 сарын хүү 4,600,000 төгрөгийг аваад үлдэгдэл 9,400,000 төгрөгийг надад өгөх ёстой байсан.
Тийм учраас С****ээс энэ мөнгийг нэхэмжилж байна. С****ээс нийт 26,610,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Хариуцагч Н.С**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
2008 онд анх танилцаж байсан. Ш.Э**** өнгөрсөн хугацаанд надаас харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу мөнгө зээлж өгч байсан. 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би Ш.Э****т зээлсэн мөнгөний үлдэгдэл болох 7,210,000 төгрөгийг Хаан банкны даснаар шилжүүлж авсан. Харин Ш.Э**** 2010 оны 02 дугаар сард 3,850,000 төгрөгийг надад өгөх гээд явж байгаад М.Н****т өгсөн гэх асуудлын талаар би огт сонсож байгаагүй Ш.Э**** ч тухайн үед ийм зүйл болсон тухай надад хэлж байгаагүй. М.Н****ээс би Ш.Э****ийн өгүүлсэн гэх 3,850,000 төгрөгийг огт аваагүй. Хэрэв Ш.Э****ийн бичсэн шиг тийм зүйл болоод 3,850,000 төгрөгийг М.Н**** дундаас нь авсан бол би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй байх байсан.
Учир нь тухайн үед М.Н**** надад мөнгө тооцооны асуудал байсан, одоо ч байгаа. Өөрийнхөө өр төлбөрийг барагдуулаагүй байж бусдын өгөх мөнгийг дундаас нь авах үндэслэл байхгүй. Нэхэмжилж буй 7,210,000 төгрөгийн хувьд бол би энэ мөнгөтэй холбоотой тооцоог албан ёсоор Ш.Э****тэй байгуулсан гэрээний дагуу түүнтэй л хийх ёстой...
төгрөгнөөс Н.С****, М.Н**** нар хутга, сэрээ ярьж айлгаж дарамталж байгаад 10,000,000 төгрөгийг нь аваад явсан. Байшин барьж байгаа түүнийгээ дуусгаад буцааж өгнө гэсэн боловч арга саам хэрэглээд буцааж өгөхгүй байгаа тул 10,000,000 төгрөг нэхэмжилж байна гэсэн ямар ч үндэслэлгүй худал нэхэмжлэл гаргасан байна. Би Ш.Э****ийг 2008 оноос хойш М.Н****ийг түүнээс өмнө мэднэ. Энэ хоёр хүн надаас гэрээ байгуулж ярилцаж тохиролцсны үндсэн дээр их бага хэмжээний мөнгө байнга зээлж авч өгөлцдөг байсан. Одоо ч бидний дунд тооцоо байгаа. 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ш.Э****, М.Н**** нар надаас 10,679,000 төгрөг сарын 6 хувийн хүүтэйгээр авсан. Мөн М.Н**** надаас 18,441,100 төгрөгийг мөн сарын 6 хувийн хүүтэйгээр 2013 оны 04 дүгээр сард буцаан өгөх нөхцөлтэйгээр **** аймгийн **** суманд байрлах өөр өөр хэмжээ байрлалтай үр тарианы зориулалттай 6 ширхэг газрын гэрчилгээг зээлийн гэрээний барьцаанд тавьж зээлж авсан байсан...
дагуу оруулж ирсэн 20 тн Акватрон 6 гэдэг барилгын ус тусгаарлагч бодисын 15 тн-ыг нь Н.С**** булааж аваад борлуулсан байсан гээд түүнтэй холбоотойгоор 9,400,000 төгрөг надаас гаргуулахаар нэхэмжилжээ. Анх Ш.Э****, М.Н**** нар надтай уулзаж Оросын холбооны улсаас акватрон 6 гэдэг барилгын ус тусгаарлагч бодис оруулж ирэх ашигтай бизнес байгааг хэлээд өмнө нь оруулж ирж борлуулж байсан турлшлагатай тул найдвартай. Монголд оруулж ирээд Т**** гэдэг хүнд гэрээний дагуу нийлүүлэх тул зарагдахгүй гэх асуудал гарахгүй, хөрөнгө оруулаад хамтарч ажиллаа ч бид хоёр өөрт ноогдох ашгаасаа чамаас зээлсэн мөнгөнийхөө өрөнд өгье хэн хэндээ ашигтай гэх санал тавьсан.
...Гэтэл Ш.Э**** миний анх тавьсан нөхцлийн дагуу тохиролцсон тохиролцооноосоо зөрж 20 тн бодисыг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор бэлтгэн нийлүүлэх гэрээ 16/2013 дугаар гэрээг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр **** ХХК-ий менежерийн нэрээр **** ХХК-ий захирал Д.Т****тэй дур мэдэн ганцаараа очиж байгуулсан байсан...
...Ш.Э****ийн үндэслэлгүй нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүх хуулийн дагуу шударгаар шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”
Хариуцагч Н.С**** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Ш.Э**** надаас авлагатай биш харин миний бие Ш.Э****ээс 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан Зээлийн гэрээний дагуу 9,210,009 төгрөгний авлагатай байгаа билээ. Зээлийн гэрээний дагуу авсан энэхүү мөнгийг боломжоороо төлөхийг нь хүлээсэн боловч төлөхгүй байсаар өдийг хүрсэн ба би шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгөө гаргуулах гэсэн боловч хаяг нь тодорхойгүй утас нь холбогдохгүй тодорхойгүй байсан. Гэтэл Ш.Э**** нь өөрөө надаас мөнгө гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээс түүний хаяг нь тодорхой болж нэхэмжлэл гаргах боломж бүрдэж байгаа тул үндсэн шаардлагатай нэгтгэн шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүх хариуцагч Ш.Э****ээс 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу түүнд зээлсэн үндсэн мөнгө 5,829,120 төгрөг, гэрээнд заасан нэг сарын хүү 466,329 төгрөг, гэрээнд заасан алданги 2,914,560 төгрөг нийт 9,210,009 төгрөгийг гаргуулж өгнө үү”
Хариуцагч Н.С**** сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, гаргасан тайлбартаа: “...2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөгийг Ш.Э****ийн 5045363863 тоот дансаар дамжуулан М.Н****т шилжүүлэхэд 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөн дамжуулан шилжүүлэхдээ 1,400,000 төгрөг шилжүүлэн дундаас нь 100,000 төгрөг завшиж үлдсэн. Ш.Э****ээс 100,000 төгрөг нэмж гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Ш.Э**** сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Би 2012 оны хаврын тариалалтаар 6,500,000 төгрөг, намрын ургац хураалтаар 7,000,000 төгрөг нийт 13,500,000 төгрөг нийт 5 хувийн хүүтэй авсан нь үнэн. Буцааж 2012 оны 11 сард 1,930,000 төгрөг, 2012 оны 12 сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2013 онд 10,000,000 төгрөг шилжүүлсэн. С**** 7,000,000 төгрөгний чинь өр хаагдлаа гэсэн. Би бодоод үзтэл хүүгийн хүүг бодоход 9,366,000 төгрөг болсон. Би тэр дор нь хэлж уурлуулж байж 634,000 төгрөгийг өөр өр лүү өгөхөөр болсон. 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 450,000 төгрөг өгсөн. 2013 оны 04 дүгээр сарын 25-нд хүүгээ 8 хувь болгосон. Нагацын тэтгэврийн зээл авч 2,500,000 төгрөг өгсөн. 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 50,000 төгрөг өгсөн. Мөн 2,048,000 төгрөг өгсөн. Нийт 9,168,000 төгрөгөөр нөгөө 6,500,000 төгрөгний өр хаасан. Нийтдээ 5,000,000 гаруй төгрөгийн хүү төлөөд өгсөн байхад хүүгээ 8 хувиар бодоод хүүний хүү чинь ахиад 5,000,000 төгрөг өг гэсэн. Сүүлдээ дарамтлаад хүчээр зээлийн гэрээ хийгээд гарын үсэг зуруулсан ” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Э**** нь хариуцагч Н.С****ээс
“...2010 оны 02 дугаар сард Н.С****д өгөх зээлийн төлбөрт 10,500,000 төгрөгийг өгөхөөр явж байтал М.Н**** надад С****д өгөх мөнгөнөөсөө өгч бай би С****д төлчихнө гэж хэлээд 3,850,000 төгрөгийг авсан үлдэх 6,650,000 төгрөгийг би С****д өгөсөн. Гэтэл С**** надаас нэхээд Н**** чинь өгөөгүй гээд байхаар нь би аргаа бараад 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүүтэй нь нэхсэн мөнгө 7,210,000 төгрөгийг өгсөн. Гэтэл С**** Н****ээс мөнгө авсан мөртлөө надад өгөлгүй давхар авсан байсан. Иймд би түүнээс буцааж нэхэмжилж байна” гэх үндэслэлээр 7,210,000 төгрөгийг,
“...миний Ө****од өгөх ёстой 20,000,000 төгрөгөөс С**** нь намайг элдвээр дарамталж байгаад 10,000,000 төгрөгийг авсан. Одоо энэ мөнгийг нэхэмжилж байна” гэх үндэслэлээр 10,000,000 төгрөгийг,
“...Би **** ХХК-ий захирал Т****тэй акваторон 6 гэдэг барилгын ус тусгаарлагч бодис 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 01-ний хооронд 20 тн-ыг нийлүүлэхээр гэрээ хийсэн. Бодисоо Орос улсаас авч ирэхийн тулд Н.С****ээс 46,000,000 төгрөг гарсан. Би төрсөн дүүгээсээ 20,000,000 төгрөг зээлж Н****ийг явуулж оруулж ирсэн. 20 тонн бодисын 15 тонныг Н.С**** булааж аваад борлуулсан байсан. Н.С**** нь олсон ашигаа хуваахаар тохиролцсон боловч надад нэг ч төгрөг өгөөгүй. Иймд надад оногдох ашиг 9,400,000 төгрөгийг өгөх ёстой...” гэх үндэслэлээр 9,400,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Өөрөөр хэлбэл Ш.Э**** нь гурван өөр үндэслэлээр нийт 26,610,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.С**** нь нэхэмжлэгч Ш.Э****ээс
“...2013 оны 03 дугаар сарын 23-ний өдөр 7,500,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Сүүлд би 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөр 5,829,120 дээр нь зээлийн гэрээ байгуулсан. Иймд Ш.Э****ээс төлөөгүй үлдсэн зээл 5,829,120 төгрөг, түний хүү 466,329 төгрөг, алданги 2,914,560 төгрөг, нийт 9,210,009 төгрөгийг гаргуулахаар” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, “...2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөгийг Ш.Э****ийн **** тоот дансаар дамжуулан М.Н****т шилжүүлэхэд 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөн дамжуулан шилжүүлэхдээ 1,400,000 төгрөг шилжүүлэн дундаас нь 100,000 төгрөг завшиж үлдсэн. Ш.Э****ээс 100,000 төгрөг нэмж гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 9,310,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигчдын хэн аль нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Нэхэмжлэгч Ш.Э**** нь “...2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Н.С****д зээлийн төлбөрт 7,210,000 төгрөгийг өгсөн. Гэтэл Н.С**** нь Н****ээс авсан мөртлөө надад өгөлгүй давхар мөнгө авсан...” гэсэн үндэслэлээр хариуцагч Н.С****ээс 7,210,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна”, 76 дугаар зүйлийн 76.1-т “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүсэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаар нэхэмжлэгч Ш.Э****ийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Э**** нь “...миний Ө****од өгөх ёстой 20,000,000 төгрөгөөс С**** нь намайг элдвээр дарамталж байгаад 10,000,000 төгрөгийг авсан. Одоо 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тайлбарыг гаргасан бөгөөд хэрэгт авагдсан хариуцагч Н.С****ийн **** банкин дахь **** тоот дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Э**** нь 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг Н.С****ийн дансанд шилжүүлж өгсөн байна./хх-35/
Нэхэмжлэгч Ш.Э**** нь хариуцагч Н.С****ээс хаврын тариалалтын үе буюу 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 6,500,000 төгрөг, намрын тариа хураалтын үе буюу 2012 оны 09 дүгээр сард 7000,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг зээлсэн бөгөөд нэхэмжлэгч Ш.Э**** нь зээлийн төлбөрт 2012 оны 11 сард 1,930,000 төгрөг, 2012 оны 12 сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2013 онд 10,000,000 төгрөгийг тус тус өгч төлбөр тооцоог дуусгасан гэж тайлбарлаж байгаа бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу Ш.Э**** нь Ө****од өгөх байсан 10,000,000 төгрөгийг Н.С****д өгөх үед Ш.Э**** нь Н.С****д 10,650,000 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан байна. Зохигчид энэ талаар маргаагүй болно.
Хариуцагч Н.С**** нь “2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн Ө****од өгөх мөнгө гэж маргаад байгаа 10,000,000 төгрөгийг Ш.Э****ийн өгөх зээлийн төлбөрөөс хассаж тооцсон” гэж тайлбарладаг .
Нэхэмжлэгч Ш.Э**** нь 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дансаар шижлүүлсэн 10,000,000 төгрөгөөс тусдаа 10,000,000 төгрөгийг С****д өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Иймд 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Ш.Э****ийн Н.С****д өгөх зээлийн төлбөрөөс хасаж тооцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь **** ХХК-ий захирал Т****тэй акваторон 6 гэдэг барилгын ус тусгаарлагч бодис 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 01-ний хооронд 20 тн-ыг нийлүүлэхээр гэрээ хийж, гэрээний зүйл болох акваторон 6 гэдэг барилгын ус тусгаарлагч бодис 20 тонныг авахад Н.С****ээс 46 сая, Ш.Э****ийн дүүгээс 20 сая төгрөг оруулсан бөгөөд Нэхэмжлэгч Ш.Э****ийн дүү 20 сая төгрөгөндөө 5 тонн бодис, Н.С**** нь үлдэх 15 тонн бодисыг зарж борлуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш.Э**** нь “...Н.С**** нь 15 тонн бодисыг борлуулж олсон ашигаасаа надтай хуваахаар тохиролцсон боловч ямар ч мөнгө надад өгөөгүй. Иймд олсон ашгаас өөрт оногдох 9400,000 төгрөгийг гаргуулахаар” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь дээрх шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймээс нэхэмжлэгч Ш.Э****ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд
Хариуцагч Н.С**** нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгч Ш.Э****ээс 9,210,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр “...зээлдүүлэгч Н.С**** нь зээлдэгч Ш.Э****т 5,829,120 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 15-наас 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч Ш.Э**** нь заасан хугацаанд дурьдсан мөнгийг эргүүлэн төлөх үүргийг” тус тус хүлээсэн бөгөөд энэхүү зээлийн гэрээг нөхөж сүүлд хийсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний зүйл нь мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байх бөгөөд зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлж, улмаар зээлдэгч нь тохирсон хугацаанд мөнгийг хүүтэй болон хүүгүйгээр эд хөрөнгийг ижил төрөл, тоо, чанар хэмжээтэйгээр буцаан өгдөг байна.
Иймд зохигчдын бичгээр байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5,829,120 төгрөг зээлдүүлсэн гэх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Хариуцагч Н.С**** нь “...2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөгийг Ш.Э****ийн **** тоот дансаар дамжуулан М.Н****т шилжүүлэхэд Ш.Э**** нь М.Н****т 1,400,000 төгрөгийг өгсөн, үлдэх 100,000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан” гэж үзэж нэхэмжлэгч Ш.Э****ээс гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч Н.С****ийн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 1,500,000 төгрөг нь акваторон 6 гэдэг барилгын ус тусгаарлагч бодис авахад зарцуулсан 46 сая төгрөгийн тооцоонд орсон бөгөөд Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 114 дугаартай шүүхийн шийдвэрээр М.Н****т холбогдуулан Н.С****ийн өгсөн 46 сая төгрөгийн зарцуулалтын талаар шийдвэрлэгдсэн байх тул Ш.Э****ээс 100,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Иймээс зохигчдын гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Э****ийн гаргасан хүсэлт болон **** сумын 2 дугаар багийн засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 2140 тоот албан бичиг /хх-2/ зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
**** аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2015 оны 04 дүгээр сарын 16ны өдрийн 2/170 тоот албан бичигт “ ...Ш.Э**** нь өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байна” гэсэн байх тул Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 814 дугаартай захирамжийн тогтоох хэсгийн 5-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Ш.Э****ийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Э****ээс улсын тэмдэгтийн хураамж 290,999 төгрөгийг нөхөн гаргуулж, төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Э****ийн гаргасан “хариуцагч Н.С****ээс 26,610,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Н.С****ийн гаргасан “нэхэмжлэгч Ш.Э****ээс 9,310,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Э****ээс улсын тэмдэгтийн хураамж 290,999 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Н.С****ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,860 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор **** аймаг, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА