Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/983

 

 

 

 

 

       2021         11            18                                     2021/ДШМ/983    

 

Р.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Я.Мөнхзаяа,

шүүгдэгч Р.Б-, түүний өмгөөлөгч Б.Нансалмаа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 31 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Р.Б-д холбогдох эрүүгийн 1909010330789 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Шүүгдэгч Р.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед Nissan Sunny загварын **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлж хохирогч Ж.М-г Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жоби худалдааны төвийн гадна хүргэж өгөхдөө түүний машинд түр хариуцуулан үлдээсэн эд хөрөнгийг авч яван завшиж, 366.200 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Р.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б-г эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Төгөлдөр бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүх шийдвэртээ шүүгдэгч Р.Б- нь өөрийн машинаар үйлчлүүлээд эд хөрөнгөө түр орхиод эргэж ирэхээр явсан хохирогч Ж.М-гийн цүнхтэй эд зүйлийг бусдын эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, 366.200 төгрөгийн хохирол учруулсан байх ба түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд завшихдаа дээрх хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшсэн байхаар хуульчилжээ. Гэтэл хохирогч Ж.М- нь өөрийн эд зүйлийг ашиглах, эзэмших эрхийг түүнд олгоогүй, гагцхүү эд зүйлээ машинд нь түр орхиж хариуцуулан үлдээсэн байна. Иймд Р.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолыг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөх болсон үндэслэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт,... үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заасны дагуу улсын яллагчаас үндэслэл болгосон нотлох баримтыг няцаан ямар нотлох баримтаар үгүйсгэсэн талаар дүгнэлт хийлгүй, завшсан идэвхтэй үйлдэл байхгүй, хохирогч Ж.М- нь өөрийн эд зүйлийг ашиглах, эзэмших эрхийг түүнд олгоогүй, гагцхүү эд зүйлээ машинд нь түр орхиж хариуцуулан үлдээсэн гэсэн дүгнэлтийг хийхдээ ямар нотлох баримтыг үндэслэсэн болох нь тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болох хохирогч Ж.М-гийн “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Жоби худалдааны төвийн гадна такситай явж ирээд... буух үедээ “та түр хүлээж байх уу, би авч явж байгаа эд зүйлээ машинд чинь түр үлдээлээ, яг одоо, маш хурдан худалдааны төв ороод гарч ирнэ, гарч ирээд би танаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол руу хүргүүлнэ" гэж хэлэхэд жолооч ах “за тэгье, ах нь зам чөлөөлөөд зүүн талын хаалганы зогсоол дээр зогсож байя” гэж надад хэлсэн болохоор би тэр жолоочид итгээд өөрийн авч явж байсан хөх өнгийн эд зүйлсийг машинд үлдээгээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх 24-25/, дахин өгсөн ”... том цүнхтэй эд зүйл авсан байсан болохоор тэрийгээ авч бууж дийлэхгүй таксины жолооч ахад “Би Эрдэнэтээс явж байгаа юм, би орой 20 цагт буцаад явна, энэ том цүнхтэй эд зүйлийг үлдээчихье, би “Жоби” төв рүү ороод том гэрэл аваад ирье ахаа” гэхэд “би эргээд “Жоби” төвийн урд талын зогсоол дээр байж байя” гэсэн. Би “Меркури” захаас баахан хүний захиас эд зүйл авчихсан байхад юу гэж таксины мөнгөө өгөхгүй бууж явах вэ дээ. ...Тэр жолооч ах "би урагшаа яваад урд талын зогсоол дээр байж байя” гэж хэлчихээд байгаагүй. Би тэр хавиар зөндөө хайж явсан. Бас фэйсбүүк хаягаараа **** УНД улсын дугаартай машинаас эд зүйлээ авмаар байна гэж пост хийгээд тэрийг 20 хүн шейр хийсэн. ...” гэх мэдүүлэг /хх 55-56/, яллагдагч Р.Б-гийн “...эмэгтэй буухдаа машинд чинь эд зүйлээ үлдээчихээд буулаа гэхээр нь “чи удахгүй биз дээ” гэсэн чинь “удахгүй” гээд буусан. Тэгээд зам шахаж зогсоод байж байтал араас машинууд сигналдаад байхаар нь тэр чигтээ яваад өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх 11-12/ болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар Р.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед Nissan Sunny загварын **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээг Ж.М-д үзүүлэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби” худалдааны төвийн гадна Ж.М- нь төлбөр тооцоо хийлгүй, дахин үйлчилгээ авахаар Р.Б-д "та түр хүлээж байх уу, би авч явж байгаа эд зүйлээ машинд чинь түр үлдээлээ, яг одоо, маш хурдан худалдааны төв ороод гарч ирнэ” гэж өөрийн эд хөрөнгийг үлдээсэн. Дээрхээс үзэхэд, Ж.М- нь өөрийн эд хөрөнгийг такси үйлчилгээ үзүүлж буй Р.Б-д тогтоосон хугацаанд хариуцуулахаар үүрэг хүлээлгэн үлдээсэн, Р.Б- нь мөн Ж.М-гийн эд зүйлийг хариуцахаар үүрэг хүлээсэн байтал түүнийг тээврийн хэрэгслээс холдох явцад эд хөрөнгийг нь авч явж өөрийн эзэмшилд оруулсан үйл баримт тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” шинжийг хангасан гэж улсын яллагчийн зүгээс үзсэн. Гэтэл шүүх эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшсэн байх хуулийн шаардлага хангагдаагүй гэсэн дүгнэлт хийж, эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэх шинжийн чухам аль шинжтэй үйлдэл болох талаар тодорхойлж дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/612 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Я.Мөнхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Р.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрийн хариуцлагагүй, гэнэн байдлаасаа болж хохирогчид хохирол учруулсандаа гэмшиж байна. Хохирогчийн мэдүүлэгт “эд хөрөнгөө итгэмжлэн хариуцуулсан” гэсэн байдаг. Эд зүйл орхисон гэдгийг мэдээгүй, орхисон талаараа хэлээгүй, “орчихоод гараад ирье” гэж хэлээд буусан. ...” гэв.

 

Шүүгдэгч Р.Б-гийн өмгөөлөгч Б.Нансалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.Б- нь таксигаар үйлчилж хохирогч Ж.М-г “Жоби” худалдааны төв хүргэж өгөхөд 6.000 төгрөгийн тооцоо гарсан байдаг бөгөөд Ж.М- нь тооцоогоо хийлгүй орчихоод гараад ирнэ гэж хэлээд буусан. Замын хөдөлгөөний нөхцөл байдлаас шалтгаалаад хүлээж байя гэсэн газраасаа өөр газар очсоноос болоод хохирогч олж чадаагүй. Р.Б- нь таксиныхаа мөнгийг авч чадаагүй хэн аль нь хохирсон. Мэдүүлгүүд болон фэйсбүүкэд бичсэн постоос харахад Р.Б- нь хохирогчийг хүлээж байсан гэдэг нь харагддаг. Р.Б- нь дөрвөн хүүхэдтэй, байнга таксинд явдаг. Мөн хамгаалалтын албанд ажилладаг. Хоёр ажил зэрэг хийдэг учраас цагдаагийн байгууллагад хүргэж өгөх үүргээ биелүүлээгүй. Мөн хохирогч нь таксинаас буухдаа эд зүйлээ үлдээсэн талаар хэлээгүй, хүлээж байгаарай, орчихоод гараад ирье гэж хэлсэн байдаг. Эд зүйлээ үлдээсэн гэдгийг дараагийн үйлчлүүлэгч таксинд суухад мэдсэн. Эд зүйлээ үлдээсэн талаар мэдээд фэйсбүүк хаягтаа пост оруулсан, нийтэд зарласан. Анхан  шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Р.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Р.Б-г 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед Nissan Sunny загварын **** УНД улсын дугаартай автомашинаар хохирогч Ж.М-д таксины үйлчилгээ үзүүлж явахдаа түүний түр хариуцуулж орхиод буусан эд хөрөнгийг завшиж, 366.200 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн болж өнгөрсөн жинхэнэ үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Р.Б-г эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

 

Хохирогч Ж.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед шүүгдэгч Р.Б-гийн жолоодож явсан Nissan Sunny загварын 5017 УНД улсын дугаартай автомашинаар /такси үйлчилгээ авсан/ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Жоби худалдааны төв хүргүүлж буухдаа, худалдааны төв ороод гарч ирээд өөр газар хүргүүлэхээр тохирч, цүнхтэй эд зүйлээ машинд нь үлдээгээд буусан байх бөгөөд худалдааны төв ороод эргээд гарч ирэхэд нь цүнхтэй эд зүйлийг нь аваад явсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад авагдсан байна.

 

Энэ үйл баримтын талаар хохирогч Ж.М- “...“Жоби худалдааны төвийн гадна 16:30 цагийн орчим такситай ирээд хойд хаалганых нь ойролцоо таксинаас буухдаа “Та түр хүлээж байх уу. Би авч явж байгаа эд зүйлээ машинд чинь түр үлдээлээ. Яг одоо маш хурдан худалдааны төв ороод гарч ирээд би таниар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол руу хүргүүлж бууна” гэхэд “За тэгье. Ах нь зам чөлөөлөөд зүүн талын хаалганы зогсоол дээр зогсож байя” гэсэн. Би итгээд өөрийн авч явсан хөх өнгийн эд зүйлсийг машинд үлдээгээд явсан. Энэ хооронд би нээх удалгүй 5-10 минут орчим болоод жолооч ахын надад хэлсэн зогсоол руу явж очиход аль хэдийн явчихсан байсан. ...” /хх 24-26/,

яллагдагчаар Р.Б- “...2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр машинтайгаа халтууранд явж байгаад эмэгтэй хүн гараа өргөхөөр нь авсан. 100 айл руу явж материал аваад нэг тийшээ явна гэж хэлсэн. 100 айлын ертөнцийн зүгээр хойд талын туслах нарийн зам дээр очоод тэр эмэгтэй буухдаа эд зүйлээ машинд чинь үлдээчихээд буулаа гэхээр чи удахгүй биз дээ гэсэн чинь удахгүй гээд буусан. Тэгээд зам шахаж зогсоод байж байтал араас машин сигналдаад байхаар нь тэр чигтээ яваад өгсөн. Тэндээс хөдлөөд явж байгаад хүн такси барих гээд гараа өргөхөөр нь нөгөө хүний үлдээсэн эд зүйлийг багажиндаа аваад хийчихсэн. ...” /хх 11-12/ гэж тус тус мэдүүлж, хохирогч Ж.М-гийн машинд үлдээгээд буусан цүнхтэй эд зүйлийг нь аваад явсан талаар Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 21/, Р.Б-гийн ”*******” гэсэн фэйсбүүк хаягнаас  “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, өнөөдөр 16-н цагийн үед хүүхдийн 100-с 100 айл хүргүүлээд машинд цүнхтэй эд зүйлсээ орхиж буугаад эргэж ирээгүй бүсгүй энэ зарыг харвал холбогдож эд зүйлээ авна уу. Миний бие телевиз сонинд зар өгөх илүүдээ гарсан мөнгө алга. Миний фэйсбүүк найз байж магад хэмээн бичиж байна. Найзууд хуваалцаад өгнө үү. Жич: таксиныхаа мөнгийг өгөөрэй. ...” гэж пост оруулсан байдлыг гар утсанд үзлэг хийж  бэхжүүлж авсан тэмдэглэл /хх 110/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Шүүхээс гэм буруутай этгээдийн үйлдэл, санаа зорилгын талаар дүгнэлт хийхдээ уг үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн дамжмал эсхүл шууд бус хэлбэр, сэдэлт, шалтгаан зэргийг ялган тогтоож, учруулсан хор уршигтай гэм буруутай ямар үйлдэл хэрхэн холбогдож байгааг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтооно.

 

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Р.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Р.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН