Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 306

       2017           08            23                                        306   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Н.Батжаргал, түүний өмгөөлөгч М.Энхжаргал /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1055/, Б.Зулбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1979/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрсүүд овгийн Нэмэхбаатарын Батжаргалд холбогдох эрүүгийн 2016 2601 2125 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Хэрсүүд овгийн Нэмэхбаатарын Батжаргал Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээ говь суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 44 дүгээр байрны 78 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн. (РД:ЕУ92070717).

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Н.Батжаргал нь

-2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Улсын Их дэлгүүрийн” орчим Г.Мөнхтөгөлдөрөөс “аяллын журмаар БНСУ-ын виз гаргаж өгнө, виз гаргаж өгдөг хүн байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон бэлнээр 1,000,000 төгрөгийг авч залилсан,

-2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Япон улсаас захиалгаар автомашин оруулж ирж байгаа шүү сонирхвол холбогдоорой” гэж фейсбүүкээр мессэж бичиж холбогдон, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Драгон” төвийн нэг цэгийн үйлчилгээний газрын нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан батлуулж цахим хэрэгсэл, баримт бичиг ашиглаж иргэн Т.Мөнх-Очирт “Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл Япон улсаас оруулж ирнэ” гэж хуурч 7,500,000 төгрөгийг бэлнээр, Ж.Хонгорзулын эзэмшлийн Хаан банкны 5064455335 дугаарын дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 8,500,000 төгрөгийг нь авч залилсан,

-2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын гэрээ байгуулан батлуулж бичиг баримт ашиглаж иргэн Х.Баттулгад “Япон улсаас автомашин захиалан авчирч өгнө” гэж хуурч Ж.Хонгорзулын эзэмшлийн Хаан банкны 5064455335 дугаарын дансаар 2,000,000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан,

-2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Приус-20 маркийн автомашин зуучилж Япон улсаас оруулж ирнэ” гэж интернэтэд зар тавин цахим хэрэгсэл ашиглаж, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дархан минж” худалдааны төвийн гадна хохирогч М.Даваасамбууд “Япон улсаас Приус-20 маркийн автомашин оруулж ирж өгнө” гэж хуурч 3,000,000 төгрөгийг нь залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батжаргалаас: мэдүүлэг гаргахгүй гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2016 2601 2125 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох :

2.Хохирогч Т.Мөнх-Очирын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “…Би 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Приус-20” маркийн автомашин авахаар фейсбүүкээр машин сонирхогчдын зарын хуудсанд “машин худалдан авна” гэдэг зар тавьсан. Гэтэл мессенжерээр 10 дугаар сарын 17-ны өдөр захиалгаар машин оруулж ирж байгаа шүү, сонирхвол хариу өгөөрэй гэж Батжаргал гэсэн нэртэй хаягнаас мессеж ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр түүн рүү 8,500,000 төгрөгөнд 2008 оны 3,5 сая төгрөгийн үнэлгээтэй, Приус-20 машин олдох болов уу гэж бичсэн чинь тийм машин байгаа гэсэн хариу өгсөн. 19-ний өдөр над руу машинуудын зураг явуулахаар нь үзэж сонирхоод нэг машин сонгоод энэ машиныг авъя гэж бичсэн. Тэр эхлээд 50 хувийн урьдчилгаа өг, хоёулаа нотариат орж гэрээ байгуулаад мөнгөө өгөлцөж, авалцъя гэсэн учир 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төв дээр уулзаад нэг цэгийн үйлчилгээний нотариат орж машин худалдаж авах гэсэн юм, худалдах худалдан авах гэрээ хийе гэхэд заавал Монгол улсын хилээр оруулж ирээд машины бичиг баримт, гаалийн бичиг нь байх ёстой, гаднаас захиалгаар оруулж ирэх гэж байгаа бол болохгүй. Харин түүний оронд зээлийн гэрээ хийж болно гэсэн учир Батжаргалтай ярилцаж тохироод зээлийн гэрээ хийхээр болоод урьдчилгаа 4.500.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 4.000.000 төгрөгөө машинаа ирэхээр өгөхөөр болж гэрээ хийгээд мөнгөө бэлнээр өгөөд салсан. Машиныг Япон улсаас 21 хоногийн дотор оруулж ирнэ гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр машин юу болов гэж асуухад “замдаа явж байгаа, ойрд жаахан ажил ихтэй, мөнгө хэрэг болоод байнаа, 3.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би түүнд тус болох үүднээс мөн машины үлдэгдэл мөнгө байгаа тул түүнийг гэртээ дуудан бэлнээр өгсөн. Мөнгө өгөх үед манай эхнэр Маралмаа байсан. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Батжаргал над руу залгаад “машин чинь Замын-Үүд дээр ирчихлээ, гаалийн байцаагчид мөнгө өгөх шаардлагатай байна” гээд надаас үлдэгдэл 1.000.000 төгрөгөө шилжүүл гээд “Хаан” банкны 5064455335 дугаартай Хонгорзул гэх хүний данс руу шилжүүлсэн.  Ингээд өнөөдрийг хүртэл машин ч байхгүй, мөнгө ч байхгүй Батжаргал алга болсон. Энэ лавлагаанд гарсан зураг намайг залилсан Батжаргалын зураг мөн байна. Энэ хүнээс хохирлоо төлүүлж авмаар байна. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55х/

3.Хохирогч Г.Мөнхтөгөлдөрийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “…Би соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангийн 2 дугаар курст суралцдаг. 2016 оны 6 дугаар сард зуны амралт эхэлж байх үед найз Дөлгөөнөөр дамжуулж танилцсан Батжаргал гэдэг залуу зуныхаа амралтаар 1 сар Солонгос явж ажил хийгээд ирье, хамт явах уу, таньдаг виз гаргаж өгдөг хүн байгаа, би өнгөрсөн жил найзуудынхаа хамтаар явсан, боломжийн мөнгө олдог гэхээр нь итгээд хамт явахаар болж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн ард байрлах байрны зогсоол дээр миний 84-38 УББ улсын дугаартай “Akcent” маркийн машин дотор уулзсан. Тэгээд Батжаргалд өөрийн гадаад паспорт, 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөнгө өгч авах үед ямар нэг гэрээ баримт үйлдээгүй. 2016 оны 07 дугаар сарын эхээр Солонгос улс руу явна гэж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа Батжаргал 99779346 гэсэн утас дугаараа унтраагаад сурраггүй алга болсон учир цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн. Батжаргал өөрөө надаас мөнгө авсанаа хүлээн зөвшөөрдөг. Батжаргал 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр надтай уулзаж 500.000 төгрөг өгсөн. Одоо түүнээс 500.000 төгрөг, гадаад паспортоо буцааж авмаар байна. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90 х/

4.Хохирогч Э.Баттулгын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “…2016 оны 10 дугаар сарын сүүлээр машин авах гээд явж байгаад манай найз Баянжаргалд машин авах гэж байгаа талаар хэлсэн чинь Баянжаргал манай ажлын залуу 8.500.000 төгрөг хүнд өгөөд Япон руу машин захисан гэж хэлэхээр нь тэр хүнтэй уулзаад машин захих юмсан гэж  хэлэхэд Баянжаргал ажлынхаа залуугаас асуугаад өгье гэсэн. Тэгээд Баянжаргалын найз нь надад Нэмэхбаатарын Батжаргал гэдэг хүний 99779346 дугаарын утсыг өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын урд талын нотариатын газар ороод зээлийн гэрээ байгуулаад урьдчилгаа 2.000.000 төгрөгийг Батжаргалын эхнэр Хонгорзулын 5064455335 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд утсаа авахгүй болохоор нь иргэний үнэмлэхний хаягаар нь очиход аав, ээж нь байсан. Тэгэхээр нь танай хүү Батжаргал Японоос машин оруулж ирдэг нь үнэн үү гэхэд үгүй, худлаа ярьж байна, Батжаргал залилангийн хэргээр шүүхээр орох гэж байгаа гэсэн. Тухайн өдөр Батжаргалтай утсаар яриад уулзъя гэсэн чинь завгүй байна гээд утсаа салгасан. Алдсан мөнгөө олж авмаар байна. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 160-161 х/

5.Хохирогч М.Даваасамбуугийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “…2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр интернэтээр зар үзэж байтал Приус-20 маркийн машин зуучилж Япон улсаас оруулж ирнэ гэсэн зарын дагуу Вatuka Batka гэсэн фейсбүүк хаягаар холбогдоход 8,900,000 төгрөгөөр зарна гээд 2 машины зураг явуулсан. Тэгээд 30 хувийн урьдчилгааг нь өгчихвөл 14 хоногийн дотор машиныг чинь оруулж ирнэ, үлдсэн мөнгөө хувь линзингээр төлж болно гэхээр нь маргааш нь 91007009 гэсэн дугаараар холбогдон Батжаргал гэх залуутай Баянгол дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт байрлах Дархан минж төвийн урд уулзсан. Тэгтэл өнөөдөр мөнгөө өгчихвөл аль болох хурдан ачуулна, наашаа ачигдсан байгаа учир гаалийн болон ачаа тээврийнх нь мөнгө дутаад байна гэхээр нь бид хоёр тэнд байсан нотариат руу орж зээлийн гэрээ хийгээд би Батжаргалд бэлнээр 3,000,000 төгрөг өгсөн. Бусад гэрээг машин ирсэний дараа хийе гэсэн. Машин 12 дугаар сарын 10-ны дотор ирнэ гэсэн боловч уг хугацаандаа ирэхгүй байхаар нь Батжаргалтай фейсбүүк чатаар холбогдоход машин чинь наашаа гарсан гэсэн. Тэрнээс хойш сураг чимээгүй болчихоор нь интернэтээр Батжаргалын тухай мэдээлэл хайхад Цагдаагийн ерөнхий газрын цахим хуудсанд Батжаргалыг эрэн сурвалжилж байна гэсэн зар тавигдсан байсан. Батжаргалд бэлнээр нотариатын газарт 3,000,000 төгрөг өгсөн. Би Батжаргалыг огт танихгүй, мөнгө өгсөн өдрөө анх удаа харсан. …” гэх мэдүүлэг /2хх-ийн 37х/

-Хохирогч М.Даваасамбуугийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дахин мэдүүлсэн: “…Надаас Батжаргал Приус-20 машин оруулж ирнэ гэж урьдчилгаа 3,000,000 төгрөг аваад одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Батжаргал надтай уулзаагүй, одоогоор хэргээ ердийн журмаар шийдүүлнэ гэж бодож байна. …” гэх мэдүүлэг /2хх-ийн 62 х/

6.Гэрч Ж.Хонгорзулын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “…Батжаргалтай би 2016 оны 03 дугаар сард танилцаад үерхэж эхэлсэн. Албан ёсны гэр бүлийн баталгаа хийгдээгүй, хоёр гэрээрээ орж гарч явдаг байсан. Тэгтэл саяхнаас Батжаргалыг хэрэгт холбогдоод хоригдсоныг мэдсэн. Батжаргал 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр надаас дансныхаа дугаарыг өгчих гэхээр нь яах гэж байгаа юм гэж асуухад хүн над руу мөнгө шилжүүлэх ёстой юм гэхээр нь картаа өгсөн. Орой нь хамт дэлгүүр оронгоо Батжаргал миний картанд мөнгө байгаа эсэхийг шалгуулсан чинь 1,000,000 төгрөг орчихсон байхаар нь би түүнээс юун мөнгө юм бэ гэхэд Батжаргал хүнд дамаа дамжуулж өгөх мөнгө байгаа юм гэж хэлсэн. Би өөр зүйл асуугаагүй. Одоо миний карт байхгүй, Батжаргал алга болгочихсон, би картаа хаалгуулсан. Батжаргалын хүн залилсан асуудлыг  8 сард Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байхад нь мэдэж байсан. Харин танай дүүргүүдэд хэрэг үйлдсэнийг саяхан мэдсэн. Батжаргал надтай байх хугацаанд гэртээ их хэмжээний мөнгө авчирч байгаагүй. Би түүнээс нэг ч төгрөг авч үзээгүй. Батжаргал надтай байх хугацаандаа ажил хийж байгаагүй. Машины наймаа хийж байсныг би мэдэхгүй. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 56-57 х/

-2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин мэдүүлсэн: “…Би 2016 оны 11 дүгээр сард санагдаж байна, миний дансанд 2,000,000 төгрөг орсон байсан. Би сүүлд 12 дугаар сард мэдсэн. Миний картыг манай нөхөр Батжаргал авсан байсан. Би нөхрөөсөө юун мөнгө болох талаар асуугаагүй, хүнд шилжүүлж авч өгсөн гэж санаж байна  …” гэх мэдүүлэг /1хх-ийн 162-163 х/

7.Гэрч Д.Амарсайханы 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “…Мөнх-Очир манай байгууллагын ажилтан байгаа юм. Би энэ компанид 2013 оны 6 дугаар сард ажилд орсон. Мөнх-Очир намайг ажилд ороход манай компанид гадаад харилцааны менежер хийдэг байсан. Мөнх-Очир орлогын эд хариуцагчийн ажил хийж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр намайг ажил дээр байхад Мөнх-Очир над руу орж ирээд захирлаа надад чөлөө өгөөч, би гэр рүүгээ харих хэрэгтэй байна. Мөнгө авч хүнд өгөх гэж байгаа юм. Би машин авах гэж байгаа гэхээр нь би  чи ажлаа хий, надаас 1,000,000 төгрөг түр авчих гэж хэлээд би өөрийн худалдаа хөгжлийн банкны 457037668 тоот цалингийн данснаасаа Сансар худалдааны төвд байдаг Худалдаа хөгжлийн банкны салбараас Хонгорзул гэж хүний нэр дээрх Хаан банкны данс руу банк хоорондын гүйлгээгээр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Утга дээр нь Мөнх-Очироос төлбөр гэж шилжүүлсэн байгаа. Би мөнгөө нөгөөдөр нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажил дээр байхад бэлнээр авчирч өгсөн. Би өгсөн мөнгөө бүгдийг нь буцааж авсан. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 72 х/

8.Гэрч Д.Маралмаагийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “…Манай нөхөр Мөнх-Очир бид хоёр машин авъя гэж ярилцаж байсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Азжаргал гэдэг хуурамч эккаунтаас чат бичсэн байсан ба ахтайгаа нийлж Япон улсаас машин оруулж ирж зардаг юм. Зарын дагуу Приус-20 маркийн машиныг 8.500.000 төгрөгөөр оруулж ирье гээд баахан зураг явуулсан, тэр зурагнуудаас нь манай нөхөр сонгоод авахаар болсон. Яагаад ийм хямдхан байгаа юм гэхэд манай эхнэр төрөх гээд яаралтай мөнгөний хэрэг болоод байгаа юм гэсэн. ...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Драгон төвийн тэнд уулзаад урьдчилгаа мөнгөө өгчих, захисаны дараа 14 хоног болоод машин чинь ирнэ гэхээр нь манай нөхөр энд тэндээс зээлсэн байсан 8.500.000 төгрөгөөсөө 4.500.000 төгрөгийг нь зээлийн гэрээ байгуулан тэр хүнд өгсөн байсан. Ингээд байж байтал 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Батжаргал манай нөхөр рүү яриад байрны урьдчилгаа хийх гэж байна, яаралтай мөнгөний хэрэгтэй болоод байна, 3.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь гэрт ирээд авчих гэсэн...шөнө ирээд...3.000.000 төгрөгөө Батжаргалд өгөөд явуулсан. ...Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр рүү Батжаргал яриад машин чинь гааль дээр ирчихлээ, жоохон асуудал гараад байна, үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гээж хэлэхээр нь манай нөхөр даргаасаа мөнгө зээлж авч өгөөд дараа нь надаас ирж 1.000.000 төгрөг аваад даргадаа буцааж өгсөн байна лээ. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 110 х/

9.Н.Батжаргалын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр дахин мэдүүлсэн: “…Би 2016 оны 10 дугаар сарын 15-ны орчим фейсбүүк хаягаар орж “Приус-20” машин худалдаж авна гэсэн зарыг уншаад Мөнх-Очир гэх 27 орчим насны залуутай танилцсан. Мөнх-Очирт би Япон улсаас Приус машин оруулж ирдэг гэж хэлээд бид хоёр уулзахаар болсон. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах буудал дээр уулзаад нэг цэгийн үйлчилгээний нотариатаар орж 4,500,000 төгрөгийг машин оруулж ирэх урьдчилгаа болгон зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулан 4,500,000 төгрөгөө бэлнээр авсан. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Мөнх-Очирын гэр болох Баянзүрх дүүргийн 5 хороо, 82-20 тоотод очиж машины дутуу үнэ болох 3,000,000 төгрөг авсан. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үлдэгдэл 1,000,000 төгрөгийг гаалиар машин орж ирлээ, мөнгөний хэрэг байна гэж хэлээд эхнэр Хонгорзулын Хаан банкны 5064455335 дугаарын данс руу нь шилжүүлсэн. Эхнэр энэ талаар огт мэдээгүй, түүний карт надад явдаг. Нийт Мөнх-Очироос 8,500,000 төгрөг аваад хэрэглэсэн. Машиныг нь авч өгөөгүй тул Мөнх-Очир намайг залиллаа гэж ойлгож байгаа. Надад машин оруулж ирэх боломж байсан боловч чадаагүй юмаа.

-2016 оны 11 дүгээр сарын 11, 12-ны хавьд байх Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Барс захын хойно Баттулгатай уулзаад машин оруулж өгнө гээд 2,000,000 төгрөг бэлнээр зээлийн гэрээ байгуулан авсан. ...Би 2015 оноос техникийн зах дээр машин зардаг хуурай ахын зогсоол дээр машин зараад жаахан ойлголттой болсон. Тэгээд болчихно гэж бодсон. Би тэр мөнгөнүүдийг хувийнхаа хэрэгцээнд зарцуулаад дуусчихдаг. Бусдыг хохироосон мөнгөө буцааж төлж барагдуулна …” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39 х/

-2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “…2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зүс таних Даваасамбуу надтай фейсбүүк хаягаар холбогдоод миний фейсбүүк хаягтаа тавьсан байсан машин зарна гэсэн зарын дагуу машин сонирхьё гэсэн. Би Японоос 2 ширхэг Приус-20 маркийн машин оруулж ирж байгаа гээд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт байрлах Дархан минж плазагийн урд Даваасамбуутай уулзаад 8,000,000 төгрөгөөр Приус-20 маркийн машин зарахаар тохиролцон урьдчилгаад 3,000,000 төгрөг авсан. Даваасамбуу баримт хэрэгтэй гэхээр нь нотариат орж зээлийн гэрээ хийж өгсөн. Даваасамбуугаас авсан мөнгөнөөсөө ганц нэг хүнд өр дараад явж байтал 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Модны 2-ын Түндэмүн сауны хажууд явж байхад цагдаа ирж барьсан. Тухайн үед Япон улсаас машин оруулж ирж зарах боломжтой юм байна  гээд судалж байсан. Хуурч мэхэлье гэж бодоогүй, болчихно гэж бодож байсан. Даваасамбууг найз Тамираагаар дамжуулж нэг удаа уулзаж танилцаж байсан, зүс таних хүн …” гэх мэдүүлэг /2хх-ийн 39-40 х/

10.Н.Батжаргалын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн найз Мөнхтөгөлдөрийн 1,000,000 төгрөгийг БНСУ-ын виз гаргаж өгнө гэж УИД-н урд талд өдөр 14-15 цагийн үед өөртэй нь уулзаад бэлнээр авсан. Мөнхтөгөлдөрийг би таньдаг, найзууд байгаа юм. Анх Мөнхтөгөлдөр өөрөө би Солонгос улс руу ажил хийхээр явмаар байна гэхээр нь зуучлаад зарим нэг баримт бичиг дээр чинь туслаад өгье гэж хэлээд 1,000,000 төгрөг бэлнээр аваад хүнээс тусламж зөвлөгөө авч байгаад материалыг нь бүрдүүлж өгсөн боловч виз нь гараагүй. Би мөнгийг нь буцааж өгье гэж бодож байсан боловч боломж олдоогүй. Тэгээд мөнгийг нь зарцуулаад дууссан.

Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүкээр Приус-20 маркийн автомашин худалдаж авна гэсэн зар байхаар нь би чатаар холбогдоод автомашинуудын зураг үзүүлээд өөрөө машин сонгохоор нь би 8.500.000 төгрөг болно, 20-25 хоногийн дотор машин ирнэ гэж хэлээд 10 дугаар сарын 20-ны өдөр Драгон төв дээр уулзаад 1 цэгийн үйлчилгээний нотариат орж зээлийн гэрээ байгуулан 4.500.000 төгрөгийг авсан. Ингээд 14 хоногийн дараа Мөнх-Очиртой утсаар холбогдоод хүний өрөнд өгөх гэсэн юм, 3.000.000 төгрөг хэрэгтэй байна, зээлэх боломж байна уу гэхэд болно, болно гээд гэртээ эхнэрийнхээ хажууд өөрөө надад 3.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 7 хоногийн дараа гааль дээр машин чинь ирчихлээ гэж худлаа хэлээд 1.000.000 төгрөгийг авсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа холбогдож аргалаад өнгөрсөн. Би энд тэнд өр ихтэй байсан учраас өрөө бүгдийг нь дарсан. Би бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй. Дээрх хэргүүдийг би ганцаараа үйлдсэн, оролцсон хүн байхгүй. Би өөрөө фейсбүүк ухаж байгаад хэлж үзэхэд Мөнх-Очир зөвшөөрсөн тул мөнгийг нь авчихсан. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 113-115 х/

-2017 оны 02 дуаар сарын 23-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “…-2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр УИД-н орчим 1,000,000 төгрөгийг 20,000-тын дэвсгэрээр 50 ширхэг мөнгө тоолж авсан. Тэгэд би хэсэг хөөцөлдөж байгаад мөнгийг нь үрчихээд гаргаж өгч чадаагүй. Би мөнгийг нь өөрийн хувийн хэрэглээндээ, өөртөө зарцуулаад дуусчихсан. Тэгээд Мөнхтөгөлдөртэй 1 сар гаруйн дараа уулзаад учир явдлаа хэлээд 1,000,000 төгрөгийг нь буцаагаад өөрт нь цувуулаад өгч дууссан.

...Би Мөнх-Очироос авсан 8,500,000 төгрөгийг хүнээс зээлж авсан өр болон урьдны хэрэгт холбогдолтой хохирлоо тодорхой хэмжээгээр төлсөн. Ингээд үлдсэнийг нь өөрийн хувийн хэрэгцээндээ зориулаад зарцуулж үрээд дууссан.

-Н.Баттулга өөрөө над руу залгаад бид хоёр Сансарын үйлчилгээний төв дээр уулзсан. Тэгээд би Баттулгад чи урьдчилгаагаа өгчихвөл болно гэж хэлсэн. Хэсэг хугацаанд холбоогүй байж байгаад больё гэж хэлсэн. Тэгсэнээ дахин өөрөө 3-4 хоногийн дараа над руу залгаад урьдчилгаа өгөөд захиалмаар байна гэхээр нь би уулзаж ярьж байгаад больё гээд 2-3 хоногийн дараа Төмөр замын төв вокзалын хойно байх төв зам дагуу уулзаад бас тэр хавьд байсан нотариат ороод бас зээлийн гэрээ байгуулсан. Баттулга өнөөдөртөө багтаагаад данс руу чинь хийе гэхээр нь би өөрийн ашиглаж байсан 5064455335 дугаартай эхнэр Хонгорзулын дансыг өгөөд салсан. Тэр орой нь 22 цагийн үед миний дансанд 2,000,000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэр мөнгийг нь би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Гэртээ ойр зуурын юм аваад идэж уугаад дууссан. Түүнээс хойш утсаар хэд хэдэн удаа холбогдож оруулж ирж чадахгүй болчихлоо, боломжоороо эргүүлж төлнө гэсэн юм ярьж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж урьдны залилангийн хэрэг дээрээ 6 сарын баривчлах ял авсан. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 199-201 х/

11.2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Т.Мөнх-Очир, Н.Батжаргал нарын байгуулсан зээлийн гэрээ хуулбар /1хх-ийн 67 х/,

12.2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Э.Баттулга, Н.Батжаргалын нарын байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 152 х/,

13.2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр М.Даваасамбуу, Н.Батжаргал нарын байгуулсан зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 43 х/,

14.Н.Батжаргалд холбогдох хэргийн хохирлын тооцоо /1хх-ийн 134 х/, хохирогч нарын хохирлын тооцоо /1хх-ийн 212 х/,

15.2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хохирогч Э.Баттулгын бичгээр хэрэгт ирүүлсэн “…Н.Батжаргалаас хохирлын төлбөрт 2,000,000 төгрөг хүлээн авсан. Хохирол бүрэн барагдсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. …” гэх тодорхойлолт …” /2хх-ийн 56 х/,

 16.2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хохирогч Г.Мөнхтөгөлдөрийн хэрэгт ирүүлсэн “…Миний бие Н.Батжаргалаас хохирлын төлбөрт 500,000 төгрөг хүлээн авсан. Хохирол бүрэн барагдсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй  болсон,  шүүх хуралд оролцохгүй. … гэх тодорхойлолт” /2хх-ийн 57 х/,

17.2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хохирогч М.Даваасамбууд 3,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-ийн 70 х/, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хохирогч М.Даваасамбуугийн хэрэгт ирүүлсэн “…Н.Батжаргалаас 3,000,000 төгрөг хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. …”гэх тодорхойлолт /2хх-ийн 71 х/,

18.2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Т.Мөнх-Очирт 8,500,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-ийн 72 х/, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Т.Мөнх-Очирын хэрэгт ирүүлсэн “…Н.Батжаргалаас 8,500,000 төгрөг хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. …”гэх тодорхойлолт /2хх-ийн 73 х/,

19. Н.Батжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх63, 92/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 41х/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх132-133х/, Цагдаагийн ерөнхий газрын гомдол, мэдээлэл, зөрчлийн талаарх асап сангийн Н.Батжаргалын талаарх лавлагаа /1хх17, 19-22х/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж, шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн дүгнэлт:

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Н.Батжаргал нь:

-2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Приус-20 маркийн автомашин зуучилж Япон улсаас оруулж ирнэ” гэж интернэтэд зар тавин цахим хэрэгсэл ашиглаж, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дархан минж” худалдааны төвийн гадна хохирогч М.Даваасамбууд “Япон улсаас Приус-20 маркийн автомашин оруулж ирж өгнө” гэж хуурч 3,000,000 төгрөгийг нь залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 -мөрдөн байцаалтад хохирогч Т.Мөнх-Очирын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн  “…Би 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Приус-20” маркийн авто машин авахаар фейсбүүкээр машин сонирхогчдын зарын хуудсанд “машин худалдан авна” гэдэг зар тавьсан, 10 дугаар сарын 17-ны өдөр захиалгаар машин оруулж ирж байгаа шүү, сонирхвол хариу өгөөрэй гэж Батжаргал гэсэн нэртэй хаягнаас мессеж ирсэн. ...19-ний өдөр над руу машинуудын зураг явуулахаар нь үзэж сонирхсон. ...20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төв дээр уулзаад нэг цэгийн үйлчилгээний нотариат орж ...зээлийн гэрээ хийхээр болоод урьдчилгаа 4.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдсэн 4.000.000 төгрөгийг машинаа ирэхээр өгөхөөр болсон. ...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр машин юу болов гэж асуухад “замдаа явж байгаа, ойрд жаахан ажил ихтэй, мөнгө хэрэг болоод байнаа, 3.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь ...машины үлдэгдэл мөнгө байгаа тул түүнийг гэртээ дуудан бэлнээр өгсөн. Мөнгө өгөх үед манай эхнэр Маралмаа байсан. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Батжаргал над руу залгаад “машин чинь Замын-Үүд дээр ирчихлээ, гаалийн байцаагчид мөнгө өгөх шаардлагатай байна” гээд надаас үлдэгдэл 1.000.000 төгрөгөө шилжүүл гээд “Хаан” банкны 5064455335 дугаартай Хонгорзул гэх хүний данс руу шилжүүлсэн.  …” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55х/

-хохирогч Г.Мөнхтөгөлдөрийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “…Батжаргал гэдэг залуу зуныхаа амралтаар 1 сар Солонгос явж ажил хийгээд ирье, хамт явах уу, таньдаг виз гаргаж өгдөг хүн байгаа ...гэхээр нь итгээд ...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн ард байрлах байрны зогсоол дээр миний 84-38 УББ улсын дугаартай “Akcent” маркийн машин дотор уулзаж, Батжаргалд гадаад паспорт, 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. ...хэсэг хугацааны дараа Батжаргал 99779346 гэсэн утас, дугаараа унтраагаад сураггүй алга болсон. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90 х/,

-Хохирогч Э.Баттулгын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “…2016 оны 10 дугаар сарын сүүлээр машин авах гээд явж байгаад ...2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын урд талын нотариатын газар ороод зээлийн гэрээ байгуулаад урьдчилгаа 2.000.000 төгрөгийг Батжаргалын эхнэр Хонгорзулын 5064455335 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд утсаа авахгүй болохоор нь ...хаягаар нь очиж аав, ээжээс нь .....танай хүү Батжаргал Японоос машин оруулж ирдэг нь үнэн үү гэхэд үгүй, худлаа ярьж байна, Батжаргал залилангийн хэргээр шүүхээр орох гэж байгаа гэсэн. Тухайн өдөр Батжаргалтай утсаар яриад уулзъя гэсэн чинь завгүй байна гээд утсаа салгасан. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 160-161 х/,

-хохирогч М.Даваасамбуугийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “…2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр интернэтээр зар үзэж байтал Приус-20 маркийн машин зуучилж Япон улсаас оруулж ирнэ гэсэн зарын дагуу Вatuka Batka гэсэн фейсбүүк хаягаар холбогдоход 8,900,000 төгрөгөөр зарна гээд 2 машины зураг явуулсан. Тэгээд 30 хувийн урьдчилгаа өгвөл 14 хоногийн дотор машин оруулж ирнэ, үлдсэн мөнгөө хувь линзингээр төлж болно гэхээр нь маргааш нь ...Батжаргал гэх залуутай Баянгол дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт байрлах Дархан минж төвийн урд уулзахад ...өнөөдөр мөнгөө өгчихвөл аль болох хурдан ачуулна, наашаа ачигдсан байгаа учир гаалийн болон ачаа тээврийнх нь мөнгө дутаад байна гэхээр нь ...тэнд байсан нотариат руу орж зээлийн гэрээ хийгээд би Батжаргалд бэлнээр 3,000,000 төгрөг өгсөн. ...Машин 12 дугаар сарын 10-ны дотор ирнэ гэсэн боловч уг хугацаандаа ирэхгүй байхаар нь Батжаргалтай фейсбүүк чатаар холбогдоход машин  чинь наашаа гарсан гэсэн. ....Батжаргалд бэлнээр нотаритын газарт 3,000,000 төгрөг өгсөн. …” гэх мэдүүлэг /2хх-ийн 37х/,      

-гэрч Д.Маралмаагийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 110 х/, гэрч Д.Амарсайханы 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 72 х/, гэрч Ж.Хонгорзулын удаа дараа өгсөн мэдүүлэг /1хх-ийн 56-57, 162-163 х/, Б.Батжаргалын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 38-39,  113-115, 199-201, 2хх-ийн 39-40х/, Т.Мөнх-Очир, Н.Батжаргал нарын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ хуулбар /1хх-ийн 67 х/, Э.Баттулга, Н.Батжаргалын нарын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 152 х/, М.Даваасамбуу, Н.Батжаргал нарын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 43 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батжаргал нь гэм буруугийн талаар маргаагүй. Харин шүүх хуралдаанд шүүгдэгчээс миний эцэг эх автомашин борлуулах худалдаа эрхэлдэг тул машин оруулж ирж зарж болох байх гэж бодсон гэх боловч баримтгүй, мөн би өөрөө автомашины засварын газар ажиллуулдаг бусдаас авсан мөнгөө төлчихнө гэж бодсон гэх боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй болно.

Н.Батжаргал нь эрхэлсэн тодорхой ажилгүй, санхүүгийн эх үүсвэргүй атлаа шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, цахим хэрэгсэл ашиглан, зээлийн гэрээгээр халхавчлан иргэдийн итгэлийг ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн байна.

Нөгөө талаас хохирогчийн эрх бүхий байгууллагад нь виз хүсэх эрхээ хэрэгжүүлэхгүй, хууль бус шаардлага нь тавьсан виз гаргуулах хүсэлт нь гэмт хэргийн хохирогч болох шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Н.Батжаргал нь 2016 оны 6 дугаар сарын 10-наас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдэж, түүнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг  залилан мэхэлсэн“ гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчаар байцаасан байх боловч тус хэргийн мөрдөн бйцаалтын ажиллагааны явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж, тус хуульд нийцүүлэн прокурор 2017 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн тогтоолоор Н.Батжаргалд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байх ба тус зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг /бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдсэн/ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / хуурч, бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохимол байдлыг зориудаар бий болгох..., бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ..өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан/-тэй нийцэж байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ял нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  төгрөг /9.792.000-28.800.000/-өөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг /450.000-14.000.000/-өөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан байх ба дээрх зүйл хэсэг тус бүрт оногдуулах ялын төрөл, хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь оногдуулах ял нь хөнгөрсөн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Батжаргалд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх зөв гэж дүгнэсэн ба шүүхээс шүүгдэгч Н.Батжаргалыг хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, тус зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв. 

Шүүгдэгч Н.Батжаргал нь бусдаас авсан мөнгөний зарцуулалтын талаар “өөрийн өр төлбөрийг төлсөн, мөн ахуйн амьдралын хэрэгцээний эд зүйлийг авч, идэж уугаад дуусгасан” гэж мэдүүлсэн.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад  залилах гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” бол хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчлэхээр заасан боловч тус зүйл, хэсэг, заалтыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлж байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Батжаргал нь бусдад 14.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад хохирогч Г.Мөнхтөгөлдөрт 1,000,000 төгрөг, Т.Мөнх-Очирт 8.500.000 төгрөг, хохирогч Х.Баттулгад 2.000.000 төгрөг, М.Даваасамбууд 3.000.000 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс тус тус нөхөн төлсөн болох нь хохирогч нарын мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримтууд, хохирогч нарын хохирлын мөнгийг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.Батжаргалд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Батжаргал нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 205 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Батжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нарт учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Харин шүүгдэгч Н.Батжаргалын урьд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан  мэхлэх гэмт хэргийг үйлдсэн хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдлыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, түүнд хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Гурав. Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Н.Батжаргалын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Шүүгдэгч Н.Батжаргал нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 205 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, уг баривчлах ялыг эдэлж байх хугацаанд түүнийг ял эдэлж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих ангиас 461 дүгээр хорих анги руу шилжүүлж, ялын тооцоог хэрэгт хавсарган, шүүхээс Н.Батжаргалыг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны  6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус хэрэгт буюу 2016 2601 2125 дугаар хэрэгт 126 хоног буюу 4 сар 6 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангийн хийсэн ялын тооцооны баримтаар шүүгдэгч Н.Батжаргал нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 205 дугаар шийтгэх тогтоолын дагуу эдлэх 6 сарын баривчлах ялын 2 сар, 24 хоногийг биеэр эдэлж, 3 сар 06 хоногийг эдлээгүй үлдсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар өмгөөллийн санал, дүгнэлтдээ шүүгдэгч Н.Батжаргалын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны  6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 сар 6 хоногийн хугацаанаас 3 сарыг нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 205 дугаар тогтоолоор түүнд оногдуулсан баривчлах ялын эдлээгүй үлдсэн 3 сар 06 хоногт тооцон хасаж, түүнийг Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан баривчлах ялыг эдэлсэнд тооцож, цагдан хоригдсон хугацаанаас үлдэх 1 сарын хугацааг торгуулын ялд дүйцүүлэн, Н.Батжаргалыг ял эдэлсэнд тооцож, чөлөөлж өгнө үү гэж мэтгэлцсэн.

2002 оны Эрүүгийн хуульд заасан “баривчлах ял” нь 2015 оны Эрүүгийн хуулиар хуульчилсан ялын төрөлөөс хасагдсан тул уг хуульд заасан “эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” заалтыг үндэслэл болгон  Н.Батжаргалд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 205 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан баривчлах ялын эдлээгүй үлдсэн 3 сар 06 хоногийн ялыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Н.Батжаргалын эрүүгийн 2016 2601 2125 дугаартай хэрэгт 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны  6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 126 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1.2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар  Н.Батжаргалд оногдуулсан баривчлах ялын эдлээгүй үлдсэн 3 сар 06 хоногийн ялыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Хэрсүүд овгийн Нэмэхбаатарын Батжаргалыг хуурч, бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч Нэмэхбаатарын Батжаргалыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

4.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батжаргалд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батжаргалын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон 126 /нэг зуун хорин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Н.Батжаргал нь хохирогч Г.Мөнхтөгөлдөр, Т.Мөнх-Очир, Х.Баттулга, М.Даваасамбуу нарт төлөх төлбөргүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Н.Батжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА