Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1438

 

 

 

 

 

 

 

 

 

М.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01278 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШГГт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1265 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1632 дугаар магадлалаар хариуцагч М.Мгоос 79 898 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Нарантуяад олгохоор шийдвэрлэсэн. ШГГ “БМ” ХХК-иар М.Мгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж, 63 дугаар байр. 113 тоот хаягт байрлах, 53.12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 81 016 000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу ШГГ нь ажиллагаа хийж үнэлэгдсэн үнийн дүнгийн 70% болох 56 711 200 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулахаар болсон. Энэхүү мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Түмэндэлгэр 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн ба 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдлийг албан ёсоор гардан авсан. “БМ” ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж, 63 дугаар байр, 113 тоот хаягт байрлах, 53.12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг өнөөдрийн зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн нь бидэнд илт хохиролтой байх тул үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1265 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1632 дугаар магадлалаар М.Мгоос 76 898 650 төгрөгийг гаргуулж З.Нарантуяад олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18291054 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн төлбөр телөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч М.Мөнхзолбөогийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхаурангийн гудамж. 63 дугаар байр, 113 тоот хаягт байрлах, 53.12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18291054/01 дугаар тогтоолоор битүүмжилж тус газрын 2018 оны 4/15453 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 18291054/03 тоот тогтоолоор хураасан. Талуудад хураасан хөрөнгөд үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч М.М 100 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид танилцуулахад З.Нарантуяа хүлээн зөвшөөрөөгүй. Үнийн санал өгөхөөс татгалзсан тул Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу “БМ” ХХК-ийг шинжээчээр томилон зах зээлийн үнийг тогтооход 81 016 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тайлангийн хамт 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4/9707 дүгээр албан бичгээр талуудад хүргүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч М.Мгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч ШГГт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г давж заалдах гомдолдоо “... “БМ" ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 63 дугаар байрны 113 тоот хаягт байрлах, 53.12 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өнөөдрийн зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д "...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж заасан боловч нэхэмжлэгч М.М нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдэлд гомдлоо 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хангалттай бүрэн цуглаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ. 

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч ШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/01265 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1632 дугаартай магадлалаар М.Мгоос 76 200 000 төгрөгийг З.Нарантуяад олгохоор, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуарангийн гудамж, 63 дугаар байрны 113 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2204082896 дугаарт бүртгэгдсэн 53.12 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч М.М нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул дээрх шийдвэрийн дагуу гарсан №183/ГХ2018/00960 дугаартай гүйцэтгэх хуудсаар 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №18291054 дугаар тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх 33, 47/      

Хариуцагч ШГГ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/10098 дугаартай шүүгчийн захирамж, мөн өдрийн шүүгчийн №183/ГХ2018/00960 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцсэн байна. Талууд эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд маргаангүй, барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргадаг. /хх 48-49, 54-55/

Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч М.М нь Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуарангийн гудамж, 63 дугаар байрны 113 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2204082896 дугаарт бүртгэгдсэн 53.12 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 100  000 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал /хх 56/ ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүйн /хх 57/ улмаас ШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Баян-Модот” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгүүдийг үнэлүүлжээ. /хх 59-62/

Шинжээч нь үнэлгээ хийхдээ зах зээлийн хандлагын аргыг ашиглан М.Мгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуарангийн гудамж, 63 дугаар байрны 113 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2204082896 дугаарт бүртгэгдсэн 53.12 м.кв талбайтай 2 өрөө орон сууцы зах зээлийн үнийг 81 016 000 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргажээ. /хх 59-62/ Хариуцагч тал шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч М.Мд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/9707 дугаартай мэдэгдэл зэрэг баримтаар нотлогдож байх тул хариуцагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ. /хх 65-66/

            Нэхэмжлэгч М.М нь эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргаж байгаа боловч энэхүү гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Мөн шүүх нэхэмжлэгч М.М нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн үнэлгээнд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь шинжээчийн үнэлгээний талаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдэлд, тэрээр үнэлгээний талаарх гомдлоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байгаа нь нэхэмжлэгчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан буюу үнэлгээний талаарх гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Мгоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                 Д.ЦОГТСАЙХАН