Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1439

 

                                    

 

 

 

 

 

 

 

ИБУИВУ-ын иргэн ХДПийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/01104 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ИБУИВУ-ын иргэн ХДПийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Мт холбогдох,

 

Барьцаа төлбөрт төлсөн 2 442 евро буюу 7 270 761 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 7 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц, Ж.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нар оролцов.

              

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ИБУИВУ-ын иргэн ХДП нь үл хөдлөх хөрөнгийн Ремакс компаниар зуучлуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Бэлла виста 200 дугаар байрны 212 тоот орон сууцыг сарын 7 000 000 төгрөгөөр, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хөлслөхөөр иргэн Ө.Мтэй тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээ” байгуулсан. Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэн түрээсийн төлбөрийг улирлаар хийхээр тохиролцсоны дагуу 3 сарын орон сууцны төлбөрт 21 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2018 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны барьцаа 7 000 000 төгрөг, нийт 9 768 евро буюу 28 022 829 төгрөгийг Ө.Мт шилжүүлж, орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээж авсан.

Зуучлагч болон хөлслөгчийн зүгээс тухайн орон сууц нь Улаанбаатар хотын өндөр зэрэглэлийн бүсэд байрладаг тавилга, эд зүйл, үйлчилгээ нь амьдрах тав тух хэрэгцээ шаардлагыг дээд зэргээр хангана гэх ойлголт өгсний улмаас түрээсийн төлбөр маш өндөр хэдий ч хөлслөхийг зөвшөөрсөн. Гэтэл тухайн байрыг хүлээн авч, амьдарч эхлэхэд орон сууц нь бохир, шал нь бүхэлдээ ховхорсон байдалтай, тавилга болон цахилгаан хэрэгсэл нь хэт хуучирсан, гал тогоо болон ариун цэврийн өрөөний цэвэр бохир усны шугам доголдолтойн улмаас усны хоолой байнга бөглөрдөг, хөлслөгч хоёр автомашины зогсоолтой гэж ойлгуулсан ч бодит байдал дээр нэг автомашины зогсоолтой, зогсоол нь буруу зохион байгуулалттайгаас өглөө машинаа зогсоолоос гаргах, орой автомашинаа байрлуулахад цаг хугацаа их алддаг, байрны засвар үйлчилгээ хангалтгүй, сантехникийн дуудлагын дагуу ирж үйлчилгээ үзүүлдэггүй, ирсэн ч үйлчилгээ үзүүлдэггүй зэрэг хүндрэлүүд гарсан. Дээрх хүндрэлтэй нөхцөл байдлын талаар бид хөлслүүлэгчид тухай бүр мэдэгдэж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй.

Ийнхүү цаашид оршин суух нөхцөл боломжгүй гэж хөлслөгчийн зүгээс үзсэн тул орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.2.1-д заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг хөлслүүлэгчид бичгээр мэдэгдэж, орон сууцыг 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тавилга, тоног төхөөрөмжийг анх хүлээн авсан байдлаар эвдрэл гэмтэл, хохиролгүй хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар цуцлах эрхтэй гэж заасан. Дээрх гэрээ нь хуульд заасан орон сууц хөлслөх, хөлслүүлэх заалтад нийцсэн, гэрээ цуцалсан асуудалд талууд маргаагүй. Тухайн орон сууцыг хөлслөх хугацаанд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбоотой гарсан зардлыг бид Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2, 289 дүгээр зүйлийн 289.5, 290 дүгээр зүйлийн 290.7-д заасны дагуу хөлслүүлэгчээс шаардах эрхтэй ч зөвхөн барьцаа төлбөрийг буцааж олгохыг л хүссэн боловч кабель, интернэт, орон сууцны үйл ажиллагаа болон автомашины зогсоолын төлбөрт 1 000 000 төгрөгийн зардал гаргасан гэсэн хууль бус үндэслэлээр барьцаа төлбөрийг буцаан олгохгүй өнөөдрийг хүрлээ. Хөлслөгч тухайн байрыг ашиглах явцдаа тавилга, эд хогшлыг эвдэх зэргээр хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барьцаа төлбөрөөс суутгахаар тохирсон тул хөлслөгчийн барьцаа мөнгийг суутгах эрх хөлслүүлэгчид байхгүй. Түрээслэгч түрээслүүлж байгаа эд хөрөнгө нь гэрээний шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл өндөр төлбөрт тэнцэхүйц орон сууцыг шилжүүлэн өгөөгүй, хөлслүүлэгчийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдаж байгаа энэ нөхцөлд гэрээний 3.5.2.4-т заасны дагуу хөлслүүлэгч барьцаа болон урьдчилан төлсөн төлбөрийг хөлслөгч талд 7 хоногийн дотор эргүүлэн олгох ёстой. Иймд хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үүргийг тогтоосон газар, цаг хугацаанд нь шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, гэрээний 2.4-д барьцаа хөрөнгө нь нэг сарын 7 000 000 төгрөг байх, гэрээний 3.5.2.4-д хөлслүүлэгч тал барьцаа болон урьдчилан төлсөн төлбөрийг хөлслөгч талд долоо хоногийн дотор эгүүлэн төлнө гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д заасны дагуу цуцлагдсан тул барьцаа төлбөрт төлсөн 2 442 евро буюу 7 270 761 төгрөгийг Ө.Мээс гаргуулж өгнө үү. 

Хариуцагч тал 2 өрөөнд засвар хийсэн төлбөрийг ХДПээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хууль болон гэрээнд тухайн орон сууцанд хөлслүүлэгч талаас засан сайжруулалт хийсэн зардлыг хариуцах үүргийг хүлээгээгүй. Хөлслөгчийн зүгээс засан сайжруулалтыг салган авч яваагүй тухайн байрандаа үлдсэн байхад төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хууль болон гэрээнд засан сайжруулалтын талаар төлбөр төлнө гэх заагаагүй. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын дагуу энэ шаардлагыг хангавал байрыг түрээсэлнэ гэсэн тохиролцоог хийснээр гэрээ байгуулагдсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Тухайн орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээг байгуулахаас өмнө ХДП нь орон сууцыг үзсэн ба түүний гаргасан саналд нийцүүлэн орон сууцанд тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийж, улмаар орон сууцны тавилгын зарим хэсгийг шинээр сольж гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч хэд хэдэн үндэслэлийг зааж гэрээг цуцалсан бөгөөд орон сууцны бохир байдал хөлслөгчөөс шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан гэрээнд орон сууцны бохир эсхүл цэвэр байдлыг хангах талаар хөлслүүлэгч нь ямар нэг үүрэг хүлээсэн заалт байхгүй. Шал бүхэлдээ ховхорсон гэх үндэслэлийн тухайд хөлслөгч гэрээ байгуулахаас өмнө орон сууцыг үзэхдээ шалны өнгө муудсан талаар хэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор шалны өнгийг сэргээж өгсөн. Тиймээс энэ шал ховхорсон гэдэг нь үндэслэлгүй. Хөлслөгч гэрээ байгуулахаас өмнө орон сууцыг үзсэн ба түүний хүсэлтээр зарим тавилгуудыг шинээр сольсон, цахилгаан хэрэгсэл хэт хуучирсан зүйл огт байхгүй, гэрээгээр цахилгаан хэрэгслийг шинэ байлгах талаар талууд тохиролцоогүй. Мөн хөлслөгчийн тавьсан саналыг хүлээн авч орон сууцанд тодорхой тавилгуудыг шинээр авч, заримыг нь нурааж, гал тогооны болон ширээ сандлыг цоо шинээр авч өгсөн.

Гэрээний 4.2.2-т орон сууцанд яаралтай арга хэмжээ авбал зохих гэмтэл цахилгаан, гэрэлтүүлэг, дулаан сантехникийн гэх мэтийг хариуцах үүрэгтэй талаар заасан. Үүний дагуу гал тогоо болон ариун цэврийн өрөөний цэвэр бохирын шугам доголдолтой асуудлыг тухайн орон сууцны контор, СӨХ-д мэдэгдэх боломжтой. Нэхэмжлэгч тал СӨХ-д нийтдээ 4 удаа дуудлага өгч, дуудлагыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж, хугацаа алдахгүйгээр үйлчилгээ үзүүлсэн гэх нотлох баримтыг байгаа. Гэрээ байгуулах явцад нэхэмжлэгч 1 автомашинтай түүнийгээ авто зогсоолд байрлуулах талаараа хэлсэн, уг гэрээгээр хоёр эсвэл нэг автомашины зогсоолын хамт орон сууцыг түрээслүүлэх талаар тохиролцоогүй. Гэрээ байгуулах үед буюу 11 дүгээр сар нь гадаад улсын иргэд ихээр ирж, байрлах хөлслөх эрэлттэй улирал байдаг бөгөөд тухайн үед байрыг маань 4 хүн хөлслөхөөр холбогдсон байсан ч ХДПийн “танай байрыг 1 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай хөлсөлнө” гэх хүсэлтийг үндэслэж түүнтэй орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Нэхэмжлэгч нь орон сууцанд тодорхой засвар тохижуулалт хийх санал тавьсан тул ширээ сандал, гал тогооны хэрэгслийг шинээр сольж, нэг болон хоёр давхарт байрлах хүүхдийн өрөөний хананд байсан шкафыг буулгаж, өрөөний заслыг өөрчилсөн тухайн өрөөнүүдийн ханын цаасыг бүхэлд нь сольж, цайны өрөөнд ширээ шинийг худалдан авч өгсөн, цоо шинэ иж бүрэн гал тогооны хэрэгсэл худалдан авч өгсөн, сэтгүүлийн ширээ болон хивс хивсэнцэр, гэрэл зэргийг нэхэмжлэгчид таалагдаагүй гэх шалтгаанаар шинээр сольсон. Гэтэл нэхэмжлэгч нь орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, гэрээний үүргээ зөрчсөн.

Нэхэмжлэгч нь 1 жилийн хугацаанд орон сууцыг түрээслэн суухгүй байсан тохиолдолд түрээслүүлэгч миний бие тухайн засвар үйлчилгээг хийх шаардлагагүй байсан. Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүссэн үүргийн харилцаа талуудын хэлэлцээр дууссан, эсхүл гэрээ байгуулагдсан тохиолдолд дуусгавар болдог ч уг тохиолдолд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт заасны дагуу учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрх хэвээр үлдэнэ.

Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах болсон шалтгаан буюу түрээсийн эд зүйлс доголдолтой байсан нөхцөл байдлыг огт мэдэгдэж байгаагүй, гэтэл түрээсийн гэрээг цуцлах тухай цахим мэдэгдэлд хөрөнгийг доголдолтой гэж бичсэн ба орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээний 5.1.1-д орон сууцны цахилгаан, дулаан, гэрэлтүүлэг, агааржуулалт, цэвэр бохир усны хангамжийн болон холбооны шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах” гэсэн үүргээ хөлслүүлэгч тал биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3-д “хууль заасан бусад үндэслэл”-ээр эд хөрөнгө хөлслөх гэрээг дуусгавар болгохоор заасан. Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.5.2.1-т “хөлслөгч нь дараах нөхцөл бүрдсэн тохиолдолд хөлслүүлэгчид бичгээр мэдэгдэл гаргаж гэрээг дангаар цуцлах эрхтэй” гэсэн ба 3.5.2.3-т -энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай хөлслөгчийн шаардлагыг хөлслүүлэгч удаа дараа биелүүлээгүй” гэсэн урьдчилсан нөхцөлийг тохиролцсон. Өөрөөр хэлбэл, хөлслөгч нь нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө доголдолтой байгаа талаараа хөлслүүлэгчид мэдэгдэж, улмаар засвар үйлчилгээтэй холбоотой шаардлагыг огт гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 290 дүгээр зүйлд зааснаар доголдолтой эд хөрөнгө хүлээлгэж өгөөгүй болох нь эд хөрөнгө хөлслүүлэх, хөлслөх гэрээний хавсралт гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдоно. Иймд ХДП нь орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, гэрээний үүргээ зөрчсөн тул тухайн гэрээг байгуулахдаа ХДПын хүсэл сонирхолд нийцүүлэн орон сууцны хоёр өрөөнд засвар хийсний төлбөр болох материалын зардал 5 363 000 төгрөг, ажлын хөлс 2 354 000 төгрөг, нийт 7 717 000 төгрөг болж байгаа боловч 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 227 дугаар зүйлийн 227.3, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ө.Мээс 270 761 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХДПт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 283 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8 773 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй. ...Талууд орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нөхцлийг харилцан тохиролцсон. Гэрээний 3.5, 3.5.2.4-т заасны дагуу талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т "хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалснаар дуусгавар болно" гэж заасантай нийцсэн. Нөгөөтэйгүүр, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид заавал тодорхой учир шалтгаан заан гэрээнээс татгалзах бус, хэдийд ч гэрээнээс татгалзах эрхийг олгосон гэж үзнэ. Энэ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т "гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна" гэснээр тайлбарлагдана. Иймд хөлслөгч ХДПын зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар мэдэгдэл хүргүүлснийг, хөлслүүлэгч тал эсэргүүцээгүй, хүлээн авч гэрээ цуцлагдсан үйл баримтад хэн аль нь маргаагүй. Шүүхээс гэрээний нэг тал болох ХДП нь хугацаанаас өмнө гэрээг цуцалсан, гэрээний үүргээ зөрчсөн тул хохирол төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч Ө.М нь орон сууцаа бусдад хөлслүүлэх зорилгоор хийсэн засан сайжруулалт, зарим нэг эд зүйлсийг шинээр авч тавьсан гэх үндэслэл заан, 7 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хохиролд тооцон нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй" гэжээ. Энэ нь гэрээнээс татгалзснаар гэрээгээр өгсөн авсан зүйлээ харилцан буцаан олгох үүрэг үүссэн гэж үзнэ. Нэхэмжлэгч ХДП нь хөлслөн авсан орон сууц, тавилга эд зүйл, тухайн байранд хийсэн гэх засвар зэргийг биет байдлаар нь хариуцагч талд хүлээлгэн өгсөн. Тухайн орон сууцны зориулалтыг өөрчилсөн, хана нураах, цонхыг хаах, засан сайжруулалтыг салган авч явах зэргээр цаашид ашиглах нөхцөл бололцоог нь хаасан, өөрчилсөн зүйл байхгүй. Энэ талаар хариуцагч маргаагүй.

Мөн шүүхээс гэрээний ямар үүргийг нэхэмжлэгч ХДП хэрхэн зөрчсөнийг үндэслэх хэсэгтээ тодорхойлоогүй. Иймд  орон  сууцанд хийсэн  засан  сайжруулалтыг шууд хохирол гэж үзэх боломжгүй.

Хоёр. Шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй тухайд

Талуудын  хооронд үүссэн маргааны хувьд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай үгүйсгэгддэг. Үүнд: Нэхэмжлэгчийн нь "Бэлла виста" хотхоны 200 дугаар байрны 212 тоот 245 м.кв байрыг хөлсөлсөн. Энэхүү байрны хэдэн м.кв нь хэрхэн засвар хийсэн асуудал тодорхойгүй байхад сөрөг   нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, зөрүүтэй байхад шүүх эдгээр баримтуудыг нягталж үзэлгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн агуулгаас харахад сөрөг нэхэмжлэлийн   шаардлагыг  бүхэлд  шууд  ханган   шийдвэрлэсэн   гэж  ойлгогдохоор  байна. Тухайлбал, Санхүүгийн баримтууд нь хэнээс хэн худалдан авсан нь тодорхойгүй, тамга тэмдэг, худалдан авагчийн гарын үсгээр баталгаажаагүй, хариуцагч талаас байранд засвар хийсэн гэх н.Болороог гэрчээр асуулгах талаар хүсэлт гаргасан атал засварын ажлыг хийсэн хөлсийг Н.Батдорж гэх хүнд төлсөн гэх нотлох баримтын шаардлага хангахгүй бичиг хэрэгт авагдсан, хүүхдийн өрөөг ажлын өрөө болгон засварласан гэх боловч плита болон ллитаны цавуу худалдан авсан талаарх 1 260 000 төгрөг баримт хэрэгт авагдсан ч энэ плитаг хаана наасан нь тодорхойгүй, гэрчүүд болон хариуцагчийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй, тэдгээрийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтууд хоорондоо зөрүүтэй, байрны шалыг талууд хөлслөн суух хугацаанд солихоор хойшлуулсан нь гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байхад паркетан шал засварласан гэх 670 000 төгрөгийн баримт хэрэг авагдсан.

Нөгөөтэйгүүр, Орон сууны нэг өрөөг засварлахад 42 ширхэг обой орсон гэдэг нь үнэнд нийцэхгүй тоо болно. Гэрч Н.Мандах, Э.Энхтуяа нарын мэдүүлэг /хх-54-56/, "Бэлла Виста" СӨХ-ийн тодорхойлолт зэргээр гэрээний зүйл болох эд хөрөнгө доголдолтой, ашиглалтын шаардлага хангахгүй байсан нь тогтоож байгаа төдийгүй хөлслөгч талаас энэ талаар хөлслүүлэгчид мэдэгдэж шаардлага тавьж байсан тогтоогддог. Гэтэл шүүх зөвхөн хариуцагч талын тайлбарыг хуулбарлан шийдвэртээ тусгаж, гэрч Н.Мандахын мэдүүлгээс түүнтэй холбоотой хэсгийг түүвэрлэн тусгах байдлаар шийдвэрийн үндэслэх хэсэгтээ оруулсан нь талуудын тэгш байдлын зарчмыг алдагдуулсан. Түүнчлэн шүүх зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар үнэлж, бусад баримттай харьцуулсан дүгнэлтийг хийж чадаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Гурав. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй талаар:

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч ХДПийн гаргасан 7 270 761 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ө.Мээс гаргасан сөрөг нэхэмжлэл болох 7 000 000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэснийг тодорхойлоогүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч ХДП нь хариуцагч Ө.Мт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний барьцаа төлбөр төлсөн 2 442 евро буюу 7 270 761 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 7 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

            Зохигчид хоорондоо 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ХДП нь хариуцагчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Велла Виста 200 дугаар байрны 212 тоот, 245 м.кв талбайтай орон сууцыг сарын 7 000 000 төгрөгөөр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хөлслөхөөр, Ө.М нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууцыг хөлслөгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон, хөлслөгч нь эхний 3 сарын түрээсийн төлбөрт 21 000 000 төгрөг, барьцаанд 7 000 000 төгрөг, нийт 9 768 евро буюу 28 022 829 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөлслүүлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, Хас банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх 9-27, 36-37, 45, 100, 101/

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...гэрээний 5.1.1-д заасан хөлслүүлэгч ...орон сууцны цахилгаан, дулаан, гэрэлтүүлэг, агааржуулалт, цэвэр ба бохир усны хангамжийн болон холбооны шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах үүргийг биелүүлээгүй, гэрээний 3.5.2.1, 3.5.2.3, 3.5.2.4-т тус тус заасны дагуу гэрээг цуцалж, барьцаа төлбөрт төлсөн мөнгөө буцаан гаргуулна” гэж тодорхойлжээ.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрээнээс татгалзах болсон үндэслэлээ заан мэдэгдлийг хөлслүүлэгчид бичгээр мэдэгдэж, 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр орон сууцыг тавилга, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт болон гэрээний дээрх заалтад заасны дагуу гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн мөнгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “...ХДПийн “танай байрыг 1 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай хөлслөнө” гэх хүсэлтийг үндэслэн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, түүний саналын дагуу орон сууцанд засвар тохижуулалт хийсэн. Нэхэмжлэгч нь гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, гэрээний үүргээ зөрчсөн тул засвар хийсэн материалын зардал, ажлын хөлсийг гаргуулна” гэж тодорхойлжээ. /хх 56, 57/

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй хөлслүүлэгчийн орон сууцанд хийсэн засан сайжруулалтын ажлын зардал нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасан “...хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан...эд хөрөнгийг хөлслөгчид шилжүүлэх”, мөн хуулийн 288.1.3-т заасан “гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийх”, талуудын харилцан тохирсон гэрээний 5.1.1, 5.1.3-т тус тус заасан хөлслүүлэгчийн үүрэгт хамаарч байна.

            Хөлслүүлэгч нь орон сууцанд засвар тохижуулалтын ажлыг гэрээ байгуулахаас өмнө, уг гэрээг байгуулах нэг нөхцөл болгон хийсэн болох нь хариуцагчийн “...гэрээг байгуулахаас өмнө ХДП нь орон сууцыг үзсэн ба түүний гаргасан саналд нийцүүлэн орон сууцанд тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийсэн, улмаар тавилгын зарим хэсгийг шинээр сольж гэрээг байгуулсан” /хх 45/ гэх тайлбар, гэрч Н.Мандахын “...ХДП нь ...тавилгыг өөрчлөх хүсэлт гаргасан. Доод давхрын хүүхдийн өрөөг ажлын өрөө болгох, засварын хувьд жижиг сажиг будаг хуурсан зэрэг зүйлсийг засуулахыг хүссэн. Гэрээг жилийн хугацаатай байгуулж, үнийн хувьд анх 6 000 000 төгрөг байсныг засвар хийсэн байгаа учраас сарын 7 000 000 төгрөгөөр тооцож төлье гэсэн саналыг гаргасан” /хх 102/ гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байхад шүүх уг зардлыг гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол гэж үзэж нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй байна.

            Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт заасныг баримтласан нь хууль хэрэглээний хувьд оновчтой болж чадаагүйг залруулах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/01104 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Мээс 7 270 761 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХДПт олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ө.Мийн нэхэмжлэгч Ханкок Девид Петерээс 7 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.”гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...8 773 төгрөг...” гэснийг, “ ...131 283 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 283 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН