| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/01010/И |
| Дугаар | 1020 |
| Огноо | 2015-10-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 1020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/01010/И
**** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум, ** дугаар баг, **** дүгээр хэсэг, ** дугаар брак гудамжны ** тоотод оршин суух, М** овогт Т****ын У**** /регистрийн дугаар ****, утас ****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** аймаг, **** сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Т*** овогт Л***ын О**** /регистрийн дугаар ****, утас ****/-т холбогдох
12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т****, хариуцагч Л.О****, хариуцагчийн өмгөөлөгч Л.О****, нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.У**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие Л.О****тэй харилцан тохиролцож, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 3,000,000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкаар шилжүүлэн 1 сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөгийг Хаан банкаар шилжүүлэн 1 сарын 10 хувийн хүүтэй тус тус зээлсэн. Л.О****ээс гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Л.О****ээс зээлүүлсэн 7,000,000 төгрөг, түүний хүү 1,500,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Л.О**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Би 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр У****ээс 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Би 2014 оны 07 сард О**** гэж хүнээс 4,000,000 төгрөгийг аман хэлцлээр зээлж авсан байсан. Энэ хүн надаас авах 4,000,000 төгрөгийг У**** рүү шилжүүлж чамайг У****т 4,000,000 төгрөгний хүү төл гэсэн учраас би 2014 оны 09 дүгээр сарын 08-аас эхлэн хүүнд 700,000 төгрөг төлж явсан. 700,000 төгрөгийн хүүг 2015 оны 01 сарыг дуустал өгсөн. Хүүнд нийт 3,500,000 төгрөгийг У****т өгсөн. 2015 оны 02 сараас эхлэн миний төлбөрийн чадвар муудаж хүүгээ сард бүрэн хэмжээгээр төлж чадахгүй болж боломжоороо хийж эхэлсэн.
...Увуулж цувуулж бэлнээр 6,359,000 төгрөг төлсөн байна. Би мөнгө зээлэхдээ 1 сарын хугацаатай зээлсэн. Сүүлийн өр шилжүүлсэн 4,000,000 төгрөг дээр 2015 оны 01 дүгээр сард нөхөж гэрээ хийсэн. Энэ гэрээг 3 сарын хугацаатай хийсэн ч гэрээ хийсэн өдөр бэлнээр 4,000,000 төгрөг түүнээс аваагүй. Авсан мөнгөөрөө 11 сарын турш мөнгө төлж ирсэн. Одоо мөнгө төлөх боломж байхгүй. ” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.У**** нь “хариуцагч Л.О****ээс үндсэн зээл 7,000,000 төгрөг, түүний хүү 1,500,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг нийт 12,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Л.О**** нь “Т.У****ээс 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан. Түүнээс 4,000,000 төгрөгийг бэлнээр авсан, хүү тохиролцоогүй. Би зээлийн хүүнд 6,359,000 төгрөгийг өгсөн. Үндсэн зээлээс 941,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Л.О**** нь нэхэмжлэгч Т.У****ээс 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ бичгээр байгуулан, 3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр,
Мөн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөгийг өөрийн **** банкин дахь **** тоот дансаар тус тус зээлж авсан болох нь 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ /хх-6/, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн **** банкны орлогын мэдүүлэгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талаас “...2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зохигчид нь эхлээд мөнгөө шилжүүлээд дараа нь харилцан тохиролцож, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийсэн. Энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир 4,000,000 төгрөгийг хүү алдангийн хамт нэхэмжилж байна” гэсэн тайлбарыг гаргасан ба хариуцагч талаас “ 4,000,000 төгрөгийг анх зээлэхдээ хүүтэй гэж зээлээгүй, түүний хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлд чамтай гэрээ хийнэ гээд энэ гэрээг хийсэн” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргасан болно.
Зохигчид нь 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч авахдаа хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийж, гэрээгээр “зээлдэгч нь 4,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлж, гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн өдрийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй” гэж тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ, **** банкны орлогын мэдүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т “Эд хөрөнгө шижлүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож,тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно”, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ нь хийгээгүй байх тул уг гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болсон нотлох баримт болохгүй болно.
Нэхэмжлэгч Т.У**** нь хариуцагч Л.О****ээс 4,000,000 төгрөгийн хүү, алдангийг нэхэмжлэх эрхгүй ба үндсэн зээл 4,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч Т.У**** нь хариуцагч Л.О****ээс 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 3,000,000 төгрөг, түүний хүү 300,000 төгрөг, түүний алданги, мөн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн 4,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэх эрхтэй болно.
Хариуцагч Л.О**** нь нэхэмжлэгч Т.У****ийн эзэмшлийн **** банкин дах **** тоот дансанд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 744,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 300,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 400,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 5000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 20,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 20,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 10,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 5000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 20,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 100,000 төгрөг нийт 2,284,000 төгрөгийг шилжүүлсэн, бэлнээр 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 700,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,950,000 /1,550,000+200,000 доллар/ төгрөг, нийт 2,850,000 төгрөг, бүгд 5,134,000 төгрөгийг өгсөн болох нь Т.У****ийн **** банкин дахь дансны хуулга, **** банкны камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч Ч.У****гийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Л.О**** нь “зээлийн төлбөрт Т.У****ийн ахынх нь дансанд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 700,000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 300,000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хамт ажилладаг О****ээр дамжуулан Т.У****ийн дансанд 400,000 төгрөгийг нийт 1,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч дээрх мөнгийг зээлийн төлбөрт тооцож өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-т “ хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, зохигчдын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2-т “гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үний дүнгийн өдрийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.У**** нь хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги нэхэмжилж шаардлага гаргах эрхтэй болно.
Хариуцагч Л.О**** нь 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл 3,000,000 төгрөг, түүний хүү 300,000 төгрөг нийт 3,300,000 төгрөгийг төлөх 2014 оны 09 дүгээр 07-ны өдөр үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иймээс хариуцагч Л.О**** нь үндсэн зээл 7000,000 төгрөг, түүний хүү 300,000 /3 сая төгрөгийн хүү /төгрөг, алданги 1,500,000 /3 сая төгрөгийн алданги/ төгрөг, төгрөг нийт 8,800,000 төгрөг төлөхөөс 5,134,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 3,666,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.У****ийн нэхэмжилсэн 8,334,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Л.О****ээс 3,666,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.У****т олгож, нэхэмжлэлийн үлдэх 8,334,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О****ээс улсын тэмдэгтийн хураамж 73,605 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.У****т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА