Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 996

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2012/1091/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
    Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум **  дүгээр баг  ** тоотод оршин суух Д.Ө*** / Утас: **** / -ийн нэхэмжлэлтэй 
 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум  **  дугаар баг  Манхантолгой ** тоотод оршин суух П.А*** /утас: **** / -д холбогдох    
 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ө*** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
П.А***т 6 000 000 төгрөг зээлдүүлсэн. Уг мөнгийг “ДӨ***” ББСБ-гаас зээлийн гэрээ хийн авч өгсөнийг мэдэж байгаа. Үүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй. Тийм учраас гаргуулан авч хохиролгүй болгомоор байна. Энэ мөнгийг авч өгөхийн тулд би өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан тул  барьцаанаас суллуулж үл хөдлөх хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж өөр зүйлд зарцуулмаар байна. А*** тайлбартаа танилцлаа. А*** уг мөнгийг би өгсөн, өөрөө гарын үсэг зурж авсан. Г.О*** гэдэг хүнтэй хамтарч шүүхэд өгөх ёстой, би хүлээхгүй гэсэн байна. Би О*** танихгүй учир, тэр хоёрын асуудлыг мэдэхгүй. Зээл авч өгөхдөө би өөрт нь өөрийнхөө орон сууцыг барьцаалж байгаагаа хэлж төлөх төлөлтийн талаар ч ойлгуулсан. Залуу хүн бизнес хийгээд хөл дээрээ зогсож чадвартай болох хэрэгтэй эгчийнхээ байрыг хугацаанд нь авч өгөөрэй гэж сайн захиж хэлсэн. Иймд төлөгдөөгүй зээл, хүү төлүүлэн байраа барьцаанаас суллаж авмаар байна гэжээ. 

Хариуцагчийн  шүүхэд гаргасан тайлбартаа: 
Нэхэмжлэлийг миний нэрээр гаргасныг үгүйсгэж байна. Г.О*** багийн захирал, Д.Ө***, Д.А*** миний бие хамтран ажиллахаар 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажлаа эхэлсэн. Эргэлтийн хөрөнгө шаардлагатай болсон тул Д.Ө***ийн 3 өрөө байрыг барьцаанд тавьж 6.000.000 төгрөг “Дархан Өсөх” ББСБ-аас авсан. Зээлсэн мөнгөнөөс 310.000 төгрөг, 300.000 төгрөг, 300.000 төгрөг, 950.000 төгрөгийг хүү төлж барагдуулан ажлаа хэвийн явуулж байсан. Гэтэл П.А*** миний бие Улаанбаатар хот руу явж машины сүлжээнд орж 2-3 сарыг авч хотод байсан. Захирал Г.О*** бие өвдөж бас хэдэн сараар ажлаа хаясанаас зээлийн төлөлт хэвийн бус болсон. “ДӨ***” ББСБ-тай бид хэд, хэд хэдэн удаа уулзсан хүү, алданги зогсооно гэсэн боловч өдөр өдрөөр зээлийн төлбөрийн хүү алданги нэмэгдсээр байна. “ДӨ***” ББСБ-аас 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр хүү, алдангийн мэдэгдэл 

Doc/2012-шийдвэр-Өнөрцэцэг нарт холбогдох
үндсэн  зээл 6.000.000 төгрөг хүү 2.460.000 төгрөг, алданги 721.030  төгрөг төлүүлэх мэдэгдэл ирсэн. Г.О*** бид нар энэ мэдэгдэлтэй танилцаад 2012 оны 04 дүгээр сарын 13-нд өргөдөл гаргаж өгсөн. Хүү, алдангийн 3.965.000 төгрөгийг баргадуулаад үндсэн зээлээ 6 сараар сунгуулж өгөхийг хүссэн. Үүний дагуу 2.000.000 төгрөгийг барагдуулсан ба одоо гаргасан 12.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тодруулж бодитоор гаргуулах ба бид алданги төлөх боломжгүйд хүрээд байна. Би сая Улаанбаатар хот руу Г.О*** захиралтай уулзаад ирсэн ямар ч байсан төлж барагдуулна, гэхдээ бидэнд хугацаа хэрэгтэй байна гэсэн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнг тодорхой болгож төлбөр төлөх хугацааг 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байхаар тусалж өгнө үү. Захирал Г.О*** нь хамтын гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээх болно гэсэн. Захирал Г.О*** нь 10 хүний 0.7 га газар зарах гэж байгаа түүнийгээ зарж төлбөрийг барагдуулна гэсэн. Анх авсан 6 000 000 төгрөгийг зарцуулалтыг захирал Г.О***ийн зааварласны дагуу зарцуулж байсан. Г.О***,Д.Ө*** бид 3 хамтран ажиллах гэрээнд хариуцлагыг хэн нь бүрэн хариуцахыг заасан байгаа. Би хариу тайлбарт ганцаараа хариуцлагыг хүлээхгүй, гол хариуцлага хүлээх хүн нь захирал Г.О*** учир, Г.О*** ирсэн үед нь шүүх хурлыг явуулж өгнө үү гэжээ. 

Үндэслэх нь: 

       Нэхэмжлэгч Д.Ө***ийн П.А*** 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Ө*** нь “ДӨ***” ББСБайгууллагаас 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 46 тоот зээлийн гэрээний дагуу 6 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэн авсан байна. Зээлдүүлэгч “ДӨ***” ББСБайгууллага гэрээнд заасны дагуу зээлдэгч Д.Ө***т 6 000 000 төгрөгийг өмчлөлд нь шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн тул, гэрээний зүйлийг захиран зарцуулах эрхтэй болсон байна. 
Д.Ө*** нь маргааны зүйл болж байгаа 6 000 000 төгрөгийг П.А***т хүлээлгэн өгсөн болох нь / хэргийн 5 дугаар хуудас /  ... П.Ө*** байрыг барьцаалан авсан 6 000 000 төгрөгийг хүлээн авсан П.А***... гэсэн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ  хэлцэлийн дагуу шаардаж байна. 
Хариуцагч энэ талбөрийг төлөхгүй, захирал Г.О*** нь хамтын гэрээнд заасны дагуу бүх хариуцлагыг хүлээх болно гэж байгаа боловч нэхэмжлэгч “ Хамтран ажиллах гэрээ”-ний үүргийн биелэлтийг шаардаагүй гэж тайлбарлаж байгаа болно. 
П.А***, Г.О*** нарын  ...  үндсэн зээл  6 000 000 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр талж барагдуулан, байрны гэрчилгээг авч өгнө гэсэн / хэргийн 4 дүгээр хуудас /  баталгаанаас үзвэл нэхэмжлэгч Д.Ө*** нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар ... өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн шаардах эрхтэй байна. 
Иймд П.А*** 12 000 000 төгрөг гаргуулан Д.Ө*** олгох үндэслэлтэй байна. 
Хариуцагч П.А***шүүх хуралдааны товыг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдсэн, 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагт хуралдаан эхлэх гэж байгааг **** утсаар хэлэхэд … өвчтэй эмнэлэгээр явж байна очих боломжгүй… гэсний дагуу хуралдааныг 14 цаг 30 минутад эхлэхийг хэлсэн боловчшүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийг оролцуулахгүйгээр явуулсан болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
 
1.Иргэний хуулийн  281 дүгээр  зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар П.А*** 12 000 000 төгрөг гаргуулан Д.Ө***т олгосугай. 

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д
зааснаар нэхэмжлэгч Д.Ө***ийн 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ХААН банк төрийн сан салбар 190 000 941 тоот дансанд тушаасан / 206 000 970 / 206 970 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А*** 206 970 төгрөг гаргуулан Д.Ө***т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУНДАРЬ