Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 181/2019/1312/и |
Дугаар | 1420 |
Огноо | 2019-07-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 1420
“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01312 дугаар шийдвэртэй, “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Бид холбогдох, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах, 76 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Снар оролцов.
Нэхэмжлэгчийн тайлбарт: “Л” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чойжин ламын сүм музейн баруун талд Нийслэлийн засаг даргын 2006 оны 126 дугаар Захирамжаар 1010 м.кв хэмжээтэй газар эзэмшиж байхад иргэн А.Б манай эзэмшил газраас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжаар 800 м.кв хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаагаар тасдаж эзэмшсэн ба газар эзэмших гэрээ болон холбогдох газрын кадастрын зургийг хуурамчаар хийлгүүлж манай компанийн газар эзэмших эрхэд ноцтой халдсан. Компанийн зүгээс дээрх байдлыг 2011 онд мэдэж холбогдох албан тушаалтан болон шүүхэд хандсанаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар 20-ны өдрийн 2532/с дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн магадлал /хүчингүй болсон/, Улсын дээд шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор А.Бийг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэн “Л” ХХК-ийн захирал Д.Бын гарын үсгийг зурж гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн шийдвэрлэсэн.
Иргэн А.Бийн дээрх үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 707 дугаар Прокурорын тогтоолоор А.Бийг хуурамч бичиг баримт үйлдэж аж ахуй нэгж, байгууллага иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон хэмээн үзсэн. Зохигчдын хооронд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах үед “Л” ХХК-ийн захирал Д.Б Канад улсад амьдарч байсан, А.Б нь түүний гарын үсгийг дуурайлган зурсан улмаар таньдаг нотариатаар уг гэрээг гэрчлүүлсэн зэрэг үйл баримтын талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаас үзэхэд гэрээний нэг тал саналаа өгөөгүй байхад гэрээ байгуулсан нь мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан хуулийн шаардлагыг А.Б зөрчсөн тул зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор А.Б нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан албан бичгийн хоосон маягтыг ашиглан маргааны зүйл болох газрыг шилжүүлэх хүсэлтийг газрын албанд өгөх материалыг нэг бүрдүүлбэр болгон өгсөн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн юм. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр Луу тав ХХК-ийн захирал Д.Б болон А.Б нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцсон, А.Бийг хуурамч бичиг баримт үйлдэж иргэн аж ахуй нэгжид үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж үзсэн атал хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан өгөх үүрэгтэй боловч А.Б нь энэхүү үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн төдийгүй хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий газрыг эзэмшсэн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2532/С дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 415 тоот захирамжаар иргэн А.Бид 800 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн атлаа 2011 оны 676 дугаар захирамжаар 519 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь анхаарал татахын сацуу анх байсан газрын хэмжээ тухайн байршилд огт өөрчлөгдөөгүй өнөөдрийг хүрсэн. “Луу тав” ХХК-ийн зүгээс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тогтоогдсон гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар 21-ний өдрийн 415 тоот захирамжийн хууль зүйн үндэслэлийг эргэн харж А.Бид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 126 дугаар захирамжаар “Луу тав” ХХК-д олгогдсон 1010 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг сэргээх шийдвэр гаргах, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 676 дугаар захирамж, 2017 оны А/267 дугаар захирамжуудын “Луу тав” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, А.Бийн хууль бусаар барьсан хашааг албадан буулгах талаар хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэж гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 07/1403 албан тоотоор шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг захиргааны байгууллага хянан үзэх боломжгүй гэсэн нь газар эзэмшигчийг өнөөдрийг хүртэл хугацаанд хохироосоор байна. Луу тав" ХХК-ийн зүгээс иргэн А.Бийн дээрх хууль бус үйлдлийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан ба компани өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах шаардлага гарсантай холбогдуулан өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, Иргэний хэрэгт 58 000 000 төгрөг, Эрүүгийн хэрэгт 18 000 000 төгрөг, нийт 76 000 000 төгрөгийг 2014 оноос эхлэн өмгөөлөгчид төлж хууль зүйн туслалцаа авч зардал гаргасан. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр “Л” ХХК-ийн захирал Д.Б болон А.Б нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцсон бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан өгөх үүрэгтэй боловч А.Б нь энэхүү үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч А.Бийг хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэхийг даалгаж нэхэмжлэл гаргаж байгааг хэлж А.Бид эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгаснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн газраа буцаан авах, “Л” ХХК-ийн газар эзэмших эрх сэргэх юм. Иймд А.Бийг хуурамч бичиг баримтыг үндэслэн “Л” ХХК-ийн эзэмшил газраас 800 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь шүүхийн шийдвэрээр хууль бус гэж тогтоогдсон тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа А.Бид “Л” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чойжин ламын сүм музейн баруун талд 800 м.кв хэмжээгээр газар эзэмших эрх шилүүлэх гэрээ байгуулахыг даалгах, өмгөөллийн хөлсөнд “Л” ХХК-аас төлсөн нийт 76 000 000 төгрөгийг А.Боос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чойжин ламын сүм музейн баруун талд байрлах “Луу тав” ХХК-ийн өмчлөлийн А, Б, В гэх блокоос бүрдэх объектын A блокыг 2006 онд өөрийн багийн найз “Луу тав” ХХК-ийн захирал Д.Баас 460 000 ам.доллараар тохиролцон, банкны зээл аван 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 50 000 ам.доллар, 2006 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 20,000 ам.доллар, 2006 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 15,000 ам.долларыг тус тус бэлнээр, мөн 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 49,600 ам.доллар болон 326,000 ам.долларыг Канад улс руу Д.Бт дансаар тус тус шилжүүлсэн байдаг. Ийнхүү шилжүүлэхдээ 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж үнийн дүнг 100 000 000 төгрөгөөр үйлдэн А блокыг гэрээний 2.1.3-т зааснаар түүнд харьяалах газар эзэмших эрхийн хамт А блокийг өмчлөх, түүнд харьяалах 491 м.кв газрыг газар эзэмшүүлэх эрх буюу төрөөс түүний өмчлөлийн газрыг нь түрээслэх эрхийг Луу тав ХХК-иас өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар дээрх гэрээгээр тохиролцсон байдаг. 2010 оны 5 дугаар сарын 24-нд Нийслэлийн газрын албанд хүсэлт гарган өөрийн А блокт хамаарах 491 м.кв газар, мөн шинээр өөрийн граш руу орох орц буюу урд хашааны дагуух 309 м.кв газрыг /Луу тав ХХК-ийн нэр дээрх 1010 м.кв газарт хамааралгүй/ Газрын тухай хуулийн 33.1.2, 36 дугаар зүйлүүдэд заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтын үнэ, газрын нөхөн төлбөр, торгууль зэргийг төлөн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн засаг даргын 415 тоот захирамжаар гарсан 0319873 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажуулж авсан байдаг. Луу тав ХХК нь 2012 болон 2014 онуудад Иргэний болон Захиргааны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан байдаг. Луу тав ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжийн “Луу тав” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар захирамжийн дагуу олгогдсон “Луу тав” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх шийдвэр гаргуулахыг даалгах хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 239 дүгээр магадлалаар, Монгол улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 161 дүгээр тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Луу тав XXK нь А.Бид холбогдуулан иргэний шүүхээр мөн нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2532/С дугаар шийдвэрээр Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу авсан зүйлээ эргүүлэн буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн боловч Монгол улсын дээд шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Иргэн болон хуулийн этгээд нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар ... хууль зүйн туслалцаа авах... эрхтэй гэж заасан байдаг. Иргэн хүн өөрийнхөө Монгол улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлж, хууль зүйн туслалцаа авсан хөлсөө өөрт нь хохирол учруулсан мэтээр надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хууль зүйн мэдлэг боловсролтой өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авсан хөлсөө төлчихөөд, миний бие өөрийнх нь өмнөөс хууль зүйн туслалцаа авахуулж хохироосон мэтээр нэхэмжилж байгаа нь энгийн ухаанаар бодоод үзсэн ч гэсэн байж боломжгүй зүйл юм. Хохироогоод байгаа юм бол анхнаасаа хууль зүйн туслалцаа авахгүй, туслалцаа авсан төлбөр төлөхгүйгээр нэхэмжлэл гаргаад, шүүхээр шийдвэрлүүлэх боломж байж л байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Шинжлэх Ухаан Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан Монгол хэлний их тайлбар тольд хохирол гэх үгийг алдал, алдагдал, хөнөөл, сүйтгэл гэж тайлбарласан ба үүнээс үзэхэд миний бие ямар нэгэн байдлаар “Луу тав” ХХК-д алдагдал, хөнөөл, сүйтгэл учруулаагүй байна. Мөн нэхэмжлэлийн нөгөө шаардлага болох газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах нь 2014 онд гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн байхад намайг үүрэг хүлээх ёстой этгээд мэтээр үзэж гэрээ байгуулахыг даалгаж байгаа нь үндэслэлгүй юм. Монгол улсын дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор миний энэхүү харилцаанд хүлээх үүрэг дуусгавар болсон. Мөн хэлцлийг талуудын хүсэл зориг нэгдсэнээр гэрээг байгуулдаг болохоос шүүхийн даалгаснаар гэрээ байгуулна гэдэг нь байж боломжгүй зүйл бөгөөд хэлцэл байгуулах үндсэн зарчим алдагдана. Иймд “Луу тав” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан А.Бид холбогдох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чойжин ламын сүм музейн баруун талд 800 м.кв талбайтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах, хохирол 76 000 000 төгрөг гаргуулах тухай Луу тав ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 537 950 төгрөгийг нөхөн төлүүлж Төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Н.Мын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01312 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэж чадаагүй гэж үзэхийн сацуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа анх шүүхэд гаргахдаа "Луу тав" ХХК-тай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чойжин ламын сүм музейн баруун талд 800 мкв хэмжээгээр газар эзэмших эрх шилүүлэх гэрээ байгуулахыг даалгах гэж тодорхойлсон бөгөөд шүүх хуралдааны эхэнд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлэн авсан газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үндсэн дээр буцаан шилжүүлэхийг А.Бид даалгах гэж тодруулсан ч шүүх энэ тодруулсан шаардлагын хүрээнд иргэний хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар 20-ны өдрийн 2532/с дүгээр шийдвэрээс үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх" гэрээ нь хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан шилжүүлэх ёстой ооловч гэрээний зүйл болох 800 мкв газрыг А.Бид шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамж хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчид уг эрхийг буцаан шилжүүлэх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын хооронд байгуулсан хэлцлийн хүчин төгөлдөр байдал, түүний эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэл шинээр гаргаж зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах гэж шүүхэд хандаж байгаа атал шүүх өмнө нь шийдвэрлэгдсэн асуудал мэтээр үзэж хэргииг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй болсон.
Өнөөдрийн цаг хугацаанд маргаан бүхий газар эзэмших эрхийг А.Бид олгосон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжийн холбогдох хэсэг хүчинтэй байгаа хэдий ч Нийслэлийн эрх бүхий байгууллагаас талууд хоорондоо газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, шүүхээс газар эзэмших эрхийг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэвэл дээрх захирамжийг хүчингүй болгох боломжтой талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, нөгөөтэйгүүр хариуцагч А.Б хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр бусдын газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргуулан авч болдог байхад маргаан бүхий газрын шударга эзэмшигч нэхэмжлэгчийн хувьд шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж чадахгүй байгаа байдал нь шударга ёсонд нийцэхгүй байгаад үнэхээр гомдолтой байна.
Улсын Дээд шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор "газар эзэмших эрх шилжүүлэх" гэрээ нь хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан шилжүүлэх ёстой боловч гэрээний зүйл болох 800 м.кв газрыг А.Бид шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамж хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчид уг эрхийг буцаан шилжүүлэх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байна, уг захирамжийн хууль ёсны эсэхэд ердийн шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм. Харин захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн талаар хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргахад энэ тогтоол саад болохгүй гэж дүгнэснийг ч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ харгалзаж үзсэнгүй.
"Луу тав" ХХК-аас А.Бид холбогдуулан хууль бусаар газар эзэмших эрхээ гэрээний үндсэн дээр буцаан нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх удаа гаргаж байгаа, А.Б нь хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу талууд шилжүүлэн авсан газраа буцаан шилжүүлэх боломж нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр "Луу тав" ХХК-д шилжүүлэн өгөх боломжтой байгааг анхан шатны шүүх анхаараагүй, зөвхөн өмнө нь шийдвэрлэгдсэн хэрэг маргаан гэж нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. "Луу тав" ХХК-ийн зүгээс А.Бийн хууль бус үйлдлийн улмаас өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч авч өмгөөллийн хөлсөнд төлсөн 76 000 000 төгрөгийн зардлыг А.Боос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэхдээ "шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийн хөрөнгөөсөө гаргаж буй зардал болох 76 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. "Луу тав" ХХК-ийн захирал Д.Б нь Монгол улсын иргэн хэдий ч тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцад болон эрүүгийн журмаар хэрэг шалгаж шийдвэрлэгдэх үед Канад улсад гэр бүлийн хамтаар амьдардаг тул шүүхэд мэдүүлэх, хуульд заасны дагуу зөрчигдсөн эрхээ төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хамгаалуулах эрхийн хүрээнд Монгольш Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Мыг эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "Луу тав" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцуулж байсан нь хэрэгт авагдсан удаа дараагийн шүүхийн шийдвэрүүд болон прокурорын тогтоолд "Луу тав" ХХК-ийн захирал Д.Б нь Монгол улсад амьдардаггүй байсан талаар тодорхой дурдаж байсан тул дахин нотлох шаардлагагүй. Иргэн А.Бийн "Луу тав" ХХК-ийн захирал Д.Бын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, өөрийн танил нотариатчаар гэрчлүүлэн, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэж "Луу тав" ХХК-ийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 707 дугаар Прокурорын тогтоолоор А.Бийг хуурамч бичиг баримт үйлдэж аж ахуй нэгж, байгууллага иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзсэн.
Хариуцагч А.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас "Луу тав" ХХК-аас өмгөөллийн хөлсөнд төлсөн төлбөр нь А.Бийн үйлдэлтэй шууд хамааралтай, хоорондын шалтгаант холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол гэж үзэж шийдвэрлэдэг нь өнөөгийн шүүхийн практикт тодорхой байгааг ч дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт "... хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө" гэх зохицуулалтын дагуу хариуцагч А.Бийн хууль бус үйлдэл, 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох А.Б нь "Луу тав" ХХК-аас гарсан зардал өмгөөллийн хөлсөнд төлсөн төлбөр буюу хохирлыг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01312 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч А.Бид холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах, 76 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч А.Б нь 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “Л” ХХК-ийн захирал Д.Бтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр эрх шилжүүлэгч нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъянгүний гудамж, 5 дугаар байрны хаягт байрлах 1010 м.кв талбай бүхий газар, А блокийн суурийн болон орчны 799,5 м.кв газрыг тус тус эрх хүлээн авагчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх128/
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2532/с шийдвэрээр “Луу тав” ХХК-ийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай үндсэн, хариуцагч А.Бийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлээд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буцааж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 394 дүгээр тогтоолоор газар шилжүүлэх тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчсөн .., захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн талаар хууль заасан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргахад энэхүү тогтоол саад болохгүй .., гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Шүүхийн эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр байна. /хх10-16, 17-26/
Түүнчлэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 230 дугаар шийдвэрээр “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжийн “Л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар захирамжийн дагуу олгогдсон “Л” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 239 дүгээр магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 161 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээжээ. /хх60-70/
Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан.
800 м.кв газрыг хариуцагчид шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамж хүчин төгөлдөр байх тул газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй болно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй. /хх25/
Нэхэмжлэгч өмгөөллийн хөлсөнд 76 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нь бусдаас хууль зүйн туслалцаа авах эрх нь хуулиар олгогдсон боловч уг эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон үр дагаварт өмгөөллийн хөлсийг тооцон шаардах эрхгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01312 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН