Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/864

 

 

 

 

 

     2021           09            28                                           2021/ДШМ/864                                    

 

Н.Т-т холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/544 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Даваадоржийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлээр Н.Тт холбогдох 2109000000636 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            О овгийн Н-ын Т, 1963 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

            Өвөрхангай аймгийн шүүхийн 1980 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “б”-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Зүүн баян гарнизон шүүхийн 1983 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн “а”, 204 дүгээр зүйлийн “а”-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Говь-Алтай аймгийн хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1/37а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн “б”-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Говь-Алтай аймгийн шүүхийн 1989 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн А/1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

            Орхон аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон урлан” хотхоны гаднаас Б.Эрмүүний эзэмшлийн “Атила” загварын цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Олхонууд овгийн Нямжавын Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Даваадорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхдээ буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна.” гэж хууль хэрэглэх журмын талаар зохицуулсан.

Шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн” нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хэрэглэхээр хуульчилсан байх бөгөөд уг хугацаанаас хойш буюу 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Тт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Өршөөл, уучлал үзүүлж ялаас чөлөөлөх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон урлан” хотхоны гаднаас хохирогч Б.Эрмүүний эзэмшлийн “Атила” загварын цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 750.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эрмүүний “...Би 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Ногоон урлан” хотхоны байрны гаднаас өөрийн эзэмшлийн “Атила” гэх загварын цагаан өнгийн унадаг дугуйгаа хулгайд алдсан...” /хх 9/,

гэрч Х.Баатархүүгийн “...үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 12 цаг 40 минутын орчимд 50-60 насны, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн унадаг дугуй түрсэн байдалтай Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс чигээрээ хойш яваад зүүн зүг рүү эргэж Ардын эрх тал руугаа явж байхад нь араас нь очиж шалгасан. Тэгтэл тухайн хүн биедээ ямар нэгэн бичиг баримтгүй байсан ба түүнээс хаашаа, ямар чиглэл рүү явж байсныг лавлахад тэрээр “гэртээ харьж явна” гэж хэлсэн. Тэгээд түүнээс ямар учиртай унадаг дугуйг түрж явааг асуухад дугуйгаа унаж чадахгүй байсан ба “манай зээ охин унаж яваад “Новотел” гэх зочид буудлын урд үлдээсэн байсныг аваад явж байна, охин маань өөрөө авах боломжгүй” гэж хэлсэн. Түүний охины талаар асуухад нэрийг нь хэлэхгүй гацаж, түгдрээд буруу зөрүү яриад байсан болохоор нь жижүүр дээр авч очоод шалгахад өөрийнх нь эзэмшлийн унадаг дугуй биш байсан...” /хх 15/,

шүүгдэгч Н.Тын яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж, мөн ойлгож ухаарч байна. Тухайн  үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд зүйлийг хууль бусаар хулгайлан авч явж байгаад цагдаад баригдсан...” /хх 59-60/ гэх мэдүүлгүүд,  

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 17-18/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Н.Тын иргэн Б.Эрмүүний эзэмшлийн “Атила” загварын цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Прокурор Д.Даваадоржийн  “...шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар...” бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ” гэж, 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус хуульчилжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, 7.1-д “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Тын үйлдсэн гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байх тул түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон нь үндэслэлтэй, шүүх Өршөөлийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна.” гэсэн нь шүүгдэгч Н.Тт Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтыг хэрэглэхэд хязгаарлалт болохгүй гэж үзнэ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Даваадоржийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/544 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Даваадоржийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ