Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 159/2017/0028/З/ |
Дугаар | 141 |
Огноо | 2018-03-26 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 141
Х.Ө-гийн нэхэмжлэлтэй,
Сэлэнгэ аймгийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Л.Атарцэцэг
П.Соёл-Эрдэнэ
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Б.Дүүрэнжаргал
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.
Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0082 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Р.А нар,
Нэхэмжлэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Р.А нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.10, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэгч Х.Ө-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0082 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д тус тус заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэгч Х.Ө-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Р.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Улсын Дээд шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай” 32 дугаар тогтоолын 3.1-д “...Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Дээрх үндэслэлээр Х.Ө-г ажлаас буруу халсантай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн нь шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0082 дугаар магадлалын хянавал хэсгийн 1 дэх хэсэгт “...төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд хөдөлмөрийн харилцааг тодорхойлох гол шалгуур нь хөдөлмөрийн хуулийн хүрээнд байгуулагдах хөдөлмөрийн гэрээ байхаар байна, ...төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагчийн хувьд түүний хөдөлмөрийн харилцаа нь төрийн албанд авах, ажиллах, албанаас чөлөөлөх харилцаа нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн байна” гэсэн дүгнэлт хийсэн нь Улсын Дээд шүүхийн дээрх тайлбарыг зөрчсөн гэж үзэж байна. Үүгээрээ хуулийг буруу тайлбарласан гэж ойлгож байна. Хэдийгээр хэргийг харьяаллын бус шүүх хянан шийдвэрлэсэн хэдий ч шүүхийн шийдвэрийн болон магадлалын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон.
4. Шүүх нэхэмжлэгч Х.Ө-гийн гаргасан гэх зөрчил нь сахилгын шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үү, бусад хууль тогтоомжийг зөрчсөн захиргааны зөрчил үү гэдгийг хамгийн түрүүнд ялгаж зааглаж тогтоосны эцэст зөв шийдэл гаргах ёстой билээ. Гэтэл аль шатны шүүх энэ тал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь маргааны гол зүйлийг тодорхойлохгүйгээр хийсвэр байдлаар үнэлэлт, дүгнэлт өгсөн нь хүний эрхийг ноцтой зөрчиж, нэгэн ажилтны эрх ашгийг хөндсөн асуудал болсон гэж ойлгож байна.
5. Шүүх Х.Ө-г ажлаас халж байгаа захирамж нь хууль ёсны байх шаардлагыг хангасан эсэхийг анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүх “...хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан гэж үзэж байгаа бол баримтлах хууль тогтоомжийг баримтлаагүй байхад өөрийн санаачилгаар шийдвэрийнхээ “Тогтоох” хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан захирамжийг хэвээр үлдээж байгаа нь буруу болсон. Учир нь аймгийн засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг баримталсан боловч яг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах гол заалтыг баримтлаагүй байхад захирамжийг хууль ёсны гэж үзэж байгаа нь буруу юм. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг анхан шатны шүүх хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй төдийгүй маргаан бүхий актын үндэслэл болгосон нь буруу байна” гэж дүгнэсэн байна. Шүүх энэ үйл явдлаар Х.Ө-г буруутган ажлаас халсан Б/30 дугаартай захирамжийг зөв гэсэн дүгнэлт няцаагдаж байхад уг захирамжийг хэвээр үлдээж байгаа нь үндэслэл муутай болсон гэдэг нь үүгээр нотлогдоно.
6. Магадлалын хянавал хэсэгт “...давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн байх тул” гэж дүгнэлт хийсэн атлаа хэрхэн зөвтгөж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байдал үүсгэж байна.
7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр илт үндэслэлгүй байхад шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь магадлал өрөөсгөл учир дутагдалтай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...шударга ёс, ардчилсан ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг ханган хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасныг баримталсан нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар хамааралтай гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах удирдах хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах... гэх мэтийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг баримталсан байна. Хуульчид бид тухайн тушаал хэзээ гарсан он, сарыг нарийвчлан харж хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хариуцлага тооцох хугацаа өнгөрсөн эсэхийг анхаарах ёстой. Гэтэл Х.Ө-г 2015 онд нөхөр, охиноо ажилд авсан гэж буруутгаж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь буруу болсон. Учир нь аливаа хэрэг, маргаан, зөрчил өөрийн гэсэн хөөн хэлэлцэх хугацаатай, тиймээс зөрчил үү эсхүл сахилгын зөрчил үү гэдгийг эхлээд тогтоож байж үүнээс үүдэн хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран шийдэгдэж дууссан үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэсэн заалт зөрчигдөж байна. Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа нь буруу юм. Учир нь хуулийн 8.2-т 2016 оны 2 дугаар сард өөрчлөлт орсон бөгөөд энэхүү өөрчлөлт нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж хүчин төгөлдөр болсон. 2015, 2016 оны үйл баримтыг энэ хуулийн өөрчлөлттэй хамааруулж ойлгож болохгүй.
8. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг баримталсан байна. Энэхүү заалт нь хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас хална гэжээ. Гэтэл Х.Ө нь хөрөнгө орлогын мэдүүлгийг худал мэдүүлсэн, удаа дараалан хоцроосон, мэдүүлээгүй зэрэг үйлдлийг удаа дараалан гаргасан байдал хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй байхад энэ заалтыг шүүх баримталж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл тогтоогдож чадахгүй үйл баримтыг шүүх үндэслэн нэг талыг барьж асуудалд хандсанд гомдолтой байна. Х.Ө үр дүнгийн гэрээгээр ажил олгогчийн өмнө хүлээсэн ямар ажил, үүргийг биелүүлээгүй гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулж байгаа гэдгийг тогтоож чадсангүй. Засаг даргын үндэслэлгүй, хууль буруу баримталсан Б/30 дугаартай захирамжийг зөв гэж үнэлж байгаа нь харамсалтай байна.
9. Магадлалд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримталсан зөв гэж дүгнэж бусад хуулийг буруу баримталсан гэж үзсэн. Тэгвэл давж заалдах шатны шүүхийн зөв гэж баримталсан зүйл заалт нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуулийн өөрчлөлт орохоос өмнөх болсон асуудал, мөн удаа дараа энэ зөрчлийг гаргаж байсан асуудал огт байхгүй, тогтоогдохгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0082 дугаар магадлалын тогтоох хэсгийн заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан шатны шүүх, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо маргаантай харилцааг зохицуулсан холбогдох хуулиудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх, захиргааны актад дурдсан зөрчлүүдийг үгүйсгээгүй атлаа шийдвэрт үндэслэлгүйгээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.
11. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.
12. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар “Төрийн албаны тухай хуулийн 11.5, 11.6, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.2, 3.1.5, 11.1, 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5, 131.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.2.9, 11.2.10, 11.2.11, Боловсролын тухай хуулийн 30.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 22.1, 27.4.3, 28.1.3, 40.2.5, 105.4, 106.1, 2017 оны Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ”-г тус тус үндэслэл болгож, Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Х.Ө-г “...ажлын байранд болон томилолтоор ажиллахдаа архи согтууруулах ундаа удаа дараа хэрэглэсэн, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, ажилтан албан хаагчдаа хувийн байдлаар нь байнга хэл амаар доромжилдог зэрэг ноцтой зөрчлүүд гаргасан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан, нэхэмжлэгчээс “...намуудын золиос болж байгаадаа гомдолтой, хуулийн тодорхой заалт баримтлаагүй, ...захирамжийг нөхөж өөрчилж гаргасан” гэж маргажээ.
13. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах улсын төсвөөс санхүүждэг цэцэрлэгийн эрхлэгчийн хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулагдах хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах боловч Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн..., цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх учир Засаг даргын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхэд харьяалагдана.
14. Түүнчлэн, анх Х.Ө нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг “хэргийн харьяалал зөрчсөн” үндэслэлээр тус шүүх хүлээн авахаас татгалзсан, шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1897 дугаар захирамжид харьяаллын талаар тодорхой дүгнэгдсэн байхад уг асуудлаар буюу “хэргийг харьяаллын бус шүүх хянан шийдвэрлэсэн” гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлгүй.
15. Дээрх хуулиудад зааснаар цэцэрлэгийн эрхлэгч /төрийн үйлчилгээний удирдах албан тушаал/ нь хөдөлмөрийн гэрээний зэрэгцээ цэцэрлэгийн төсвийн шууд захирагчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулах ба түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг хөдөлмөрийн гэрээний дагуу үнэлэхгүй боловч хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор “ноцтой” зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар “хөдөлмөрийн гэрээ”-г цуцлахаар, ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-т заасан “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай байна.
16. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Х.Ө нь аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь тогтоогдсон, энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актад “хөдөлмөрийн гэрээ”-г ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэсэн нь буруу болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
17. Харин, давж заалдах шатны шүүх Х.Ө-гийн гаргасан зарим зөрчлийн талаар огт дүгнээгүй, маргаан бүхий захиргааны актад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталсныг буруу гэж үзээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Ө-гийн “ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, ажилтнуудаа хэл амаа доромжилдог” зэрэг нь тогтоогдсон, уг зөрчлүүд нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил мөн тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...анхан шатны шүүх өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалтыг баримталсан, ...давж заалдах шатны шүүх ...хууль буруу хэрэглэсэн гэсэн дүгнэлт хийсэн атлаа хэрхэн зөвтгөж шийдвэрлэсэн нь туйлаас ойлгомжгүй байдал үүсгэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
18. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, ...гэрээ байгуулах,... зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан, үүнийг нэхэмжлэгч Х.Ө зөрчиж 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар өөрийн нөхөр Н.Э-г жижүүрээр, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар өөрийн охин Б.У-г багшийн ажилд тус тус томилсон, эдгээр хүмүүс нь одоо ажиллаж байгаа нь тогтоогджээ.
19. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “энэ хуулийн...,11, ...зүйлд заасныг зөрчсөн, ...бол нийтийн албанаас халах”-аар тусгайлан заасан тул уг хуулийг хэрэгжүүлж гаргасан Засаг даргын 2017 оны Б/30 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхгүй.
20. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны Б/30 дугаар захирамжид Х.Ө-г Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж буруутгаагүйн зэрэгцээ уг зүйл, заалтыг баримтлаагүй, харин Х.Ө нь өөрийн нөхөр, охиноо ажилд томилж, удирдлагадаа ажиллуулж буй явдал нь уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн, түүнийг ажлаас халах шийдвэр нь хуульд нийцсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэсэн байна.
21. Иймд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “...хуулийн 8.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа нь буруу, 2015, 2016 оны үйл баримтыг уг зүйл заалтад /өөрчлөлт орсон/ хамааруулж ойлгож болохгүй, ...хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
22. Анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг зөв дүгнэж, маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих хуулиудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх, маргаан бүхий захиргааны актад дурдсан Х.Ө-гийн гаргасан хууль зөрчсөн үйлдэл, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг үгүйсгээгүй атлаа үүнд хамааралтай хариуцлага тооцох талаарх холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ямарч үндэслэл заалгүйгээр зөвхөн “...шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж өөрчилсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “...хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасанд нийцэхгүй байна.
23. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн заалтыг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах”-аар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Х.Ө, өмгөөлөгч Р.Ат нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0082 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ