Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 368

 

А.Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 473 дугаар магадлалтай, 201301060191 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Ж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт А.Ж нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Ж-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар А.Ж-аас 9.214.450 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Байгалмаад олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 82 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Прокуророос А.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Боржигон овогт А.Ж-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Боржигон овогт А.Ж-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтад "2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ж-ыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ж-ыг 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ж-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ж-д оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж,

 -Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ж, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Ж гаргасан гомдолдоо: “Би хилс хэрэгт гүтгүүлж, бие болон сэтгэл санаагаар хохироод байна. Гэрч Наранцэцэг нь 103-ийн эмчид хандаж “Наад хамт яваа хүн нь хутгалсан байж магадгүй шүү” гэж хэлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд оролцсон  гэрч Наранцэцэг нь “Би мэдэхгүй, санахгүй байна” гэж, 103-ийн эмч Болормаа нь “Надад тэгж хэлснийг санахгүй байна” гэж мэдүүлсэн. Мягмарын гэрчээр болон сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд илт зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаж үнэнийг тогтоох шаардлагатай гэж үзээд шүүх хуралдаанд гэрч Мягмарыг оролцуулах, эрүүлжүүлэх байрны камерын бичлэгийг үзэх хүсэлтийг шүүгч Одбаярт тавьсан боловч хэлэлцэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Би гэмт хэрэг үйлдээгүй. Хохирогчийг хутгалах ямар ч шалтаг, шалтгаан байхгүй. Иймд хэргийг тал бүрээс нь сайтар судалж бодит үнэнийг олж, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Энэ хэрэгт талийгаач Доржбаатарын биед үзлэг хийсэн эмч нар, эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн алба хаагч нарыг холбогдуулан шалгасан боловч тэдний буруутай үйлдэл тогтоогдоогүй үндэслэлээр прокуророос үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн... А.Ж нь талийгаач Т.Доржбаатарын биед хутгаар гэмтэл учруулсан байхад давж заалдах шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. А.Ж-ын хутгалсан үйлдлээс болж талийгаач Т.Доржбаатарын биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, цээжний хөндийд цочмог цус алдаж нас барсан шалтгаант холбоо тогтоогдсон байхад хүнийг алах гэмт хэрэгт А.Ж-ыг холбогдолгүй мэтээр хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оршуулгын зардал 9.214.450 төгрөгийн хохирлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Иймд А.Ж-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэж, иргэний нэхэмжлэлийг хангуулах үүднээс магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа: “А.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. А.Ж нь хохирогчийг хутгалсан гэх нөхцөл байдлыг хойшлуулшгүй ажиллагаагаар тогтоогоогүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг цагдаагийн байгууллага дараа нь хэрэгт хавсаргасан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч А.Ж нь хохирогчийг хутгалсан гэх ямар ч нотолгоо байхгүй. Хохирогчийн үхлийн шалтгаан нь өөр субъектуудтэй холбоотой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагддаг юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, А.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүх “А.Ж-ын үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхгүй байна” гэж дүгнэн шүүгдэгч А.Ж-ыг хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хохирогчийн биед гэмтэл учруулахдаа мэс хэрэглэсэн гэх үйл баримтанд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсныг хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Ж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо нарын гаргасан гомдлыг үндэслэн А.Ж-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч А.Ж-ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Харин давж заалдах шатны шүүх “А.Ж нь Т.Доржбаатарын зүүн мөрөн тус газарт хутгалж зүүн мөрнөөс цээжний хөндий рүү нэвтэрч дээд хөндийн вен гэмтээсэн дээрээс доош, баруунаас зүүн, араас урагш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл буюу хүнд хохирол учруулжээ” гэж, “хүнд гэмтэлтэй хүнийг эрүүлжүүлэх байр руу хүргүүлсэн нь түүнийг үхэлд хүргэсэн шалтгаан болсон”, “эрүүлжүүлэх байрны эмч, эрүүлжүүлэх байрны хариуцлагатай жижүүр ажлын байранд заагдсан ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй” гэж тус тус дүгнэж, А.Ж-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон үндэслэлгүйгээр өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч А.Ж нь 2013 оны 3 дугаар сарын 6-ны орой 21-22 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто засварын 27 тоотод иргэн Т.Доржбаатартай хамт архи ууж, улмаар зүүн мөрөн тус газарт нь хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Ш.Наранцэцэг, Ю.Мягмар, О.Чулуунбат, Д.Болормаа, Э.Солонго, Ж.Мөнхболор нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 470, 426 тоот дүгнэлтүүдээр шүүгдэгч А.Ж нь амь хохирогч Т.Доржбаатарыг хутгалж, амь насанд аюултай хүнд гэмтлийг учруулснаас болж хохирогч нас барсан бөгөөд уг гэмтлийг хохирогч Т.Доржбаатар өөртөө учруулах боломжгүй болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 678, 1230, 223 дугаар дүгнэлтүүдээр цагдаагийн болон эмнэлгийн алба хаагчид нь тухайн үед талийгаачийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шархыг оношлох боломжгүй байсан ба шарханд анхны цэгцлэлт хийж, цус тогтоох, оёдол тавих зэрэг эмчилгээ, үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн болох нь тогтоогдсон тул прокуророос зарим хүнд холбогдох хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Эмч болон эмнэлгийн ажилтан эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгэж, учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл авсан хохирогчийн амь насыг аварч чадсан эсэх нь тухайн гэмтлийг санаатай учруулсан гэм буруутай хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч А.Ж-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулж, яг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.

Энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 473 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ж-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

              

               ДАРГАЛАГЧ                                                             Б.ЦОГТ

               ШҮҮГЧ                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН