| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00788/И |
| Дугаар | 893 |
| Огноо | 2015-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00788/И
**** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум, ** дугаар баг, **** баг, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Ш**** овогт Б****гийн Р*** /регистрийн дугаар ****, утас ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** аймаг, **** сум, **** баг, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Б**** овогт Б****ийн А**** /регистрийн дугаар ****, утас ****/-т холбогдох
1,273,284 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Р***, хариуцагч Б.А****, нарийн бичгийн дарга нар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Р*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Б.Р*** миний бие Б.А****ийн өөрийнх нь хүсэлтээр 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ хийж 1,210,000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатайгаар сард 15 хувийн хүү төлөхөөр тохиролцож зээлдүүлсэн юм. Гэтэл А**** тогтоосон хугацаанд хүү, үндсэн зээл төлөхгүй явсаар 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 5 дугаар сарын 16-ны өдөр 700,000 төгрөг, 5 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг өгсөн юм.
...Иймд үндсэн зээл хүүгийн үлдэгдэл 754,500 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны алданги 168,416 төгрөг, 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 5 дугаар сарын 16-ны өдөр хүртлэх хугацааны алданги 185,919 төгрөг, 5 дугаар сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 10 хоногийн алданги 28,639 төгрөг, 5 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 60 хоногийн хугацаа хэтэрсэн алданги 135,810 төгрөг нийт 1,273,284 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Б.А**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Иргэн Р***гаас 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1,210,000 төгрөг зээлсэн нь үнэн болно. Үндсэн мөнгөнийхөө 1,060,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 150,000 төгрөг өгөх дутуу байгаа. 150,000 төгрөгөө төлвөл Р***д хохиролгүй болно. Би энэ хүний нэхэмжилсэн мөнгийг төлөх чадваргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй нөхөр маань саяхан өнгөрсөн тул ямар ч орлогогүй тул төлөхөд хэцүү байна.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Р*** нь хариуцагч Б.А****ээс “үндсэн зээл, түүний алданги 1,273,284 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар зохигчид нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээ бичгээр байгуулсан бөгөөд зээлийн гэрээгээр “ зээлдүүлэгч Б.Р***, зээлдэгч Б.А****т 1,210,000 төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн ба зээлдэгч нь зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,3 хувиар алданги тооцож төлүүлэхээр” тохиролцсон байна. /хх-4/
Хариуцагч Б.А**** нь гэрээнд заасан хугацааны дотор үндсэн зээлийн төлбөр, түүний хүүг төлөөгүй бөгөөд хариуцагч Б.А**** нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 60,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 700,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг, нийт 1,060,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Р*** төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба энэ талаар маргаагүй болно.
Хариуцагч Б.А**** нь гэрээнд заасан хугацааны дотор үндсэн зээл 1,210,000 төгрөг, түүний 3 сарын хүү нийт 544,500 төгрөг /1 сарын хүү 181,500*3/ бүгд 1,754,000 төгрөг өгөхөөс 1060,000 төгрөгийг өгч, үлдэх 694,500 төгрөгийг өгөөгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-т “ хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3-т “ Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцтэгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,3 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Р*** нь хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги нэхэмжилж шаардлага гаргах эрхтэй болно.
Хариуцагч Б.А**** нь “...хүү алданги төлөх төлбөрийн чадваргүй...” гэсэн тайлбарыг гаргасан нь түүнийг хүү алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй болно..
Нэхэмжлэгч Б.Р*** нь шүүхэд 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан хугацааг 2015 оны 03 дугаар сарын 09-нөөс 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 122 хоног хэтрүүлсэн бөгөөд хэтрүүлсэн хоногийн алданги 442,860 төгрөг /нэг хоногийн алданги 3,630төгрөг*122хоног/-ийг хариуцагч Б.А****ээс гаргуулах нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б.А****ээс үндсэн зээлийн үлдэгдэл 694,500 төгрөг, түүний алданги 442,860 төгрөг нийт 1,137,360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Р***д олгож, үлдэх 135,924 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.А****ээс 1,137,360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Р***д олгож, нэхэмжлэлийн үлдэх 135,924 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А****ээс 31,846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Р***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор **** аймаг, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА