Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 894

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/00624/И

 

**** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** хот, **** дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** тоотод оршин суух, Б**** овогт П****гийн Б**** /регистрийн дугаар ****, утас ****/,

Хариуцагч: **** аймгийн **** сумын ** дугаар баг, **** хорооллын **** тоотод оршин суух, Б**** овогт Б****ийн С**** /регистрийн дугаар ****, утас ****, ****/-д холбогдох

 Орон сууц худалдах худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  П.Б****, нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...манай гэр бүлийнхэн **** аймгийн **** сумын ** дугаар багийн ** дугаар байрны ** тоот 1 өрөө байрыг 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу уг байрыг эзэмших эрх олгосон өдрөөс эхлэн 2006 оны 11 дүгээр сарын 23 хүртэл уг байранд 17 жил амьдарсан. Байраа 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр С****д орон сууцны худалдах, худалдан авах гэрээгээр 7,000,000 төгрөгөөр худалдсан гэх мөртлөө бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж С****гийн нэр дээр уг байрны өмчлөх эрх шилжсэн. Тухайн үед гэр бүлийн 4 гишүүний өмч гэсэн хэдий ч миний бие хоёр хүүхдийнхээ өмнөөс гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Би насанд хүрээгүй хүүхдийнхээ хувьд асран хамгаалагч нь бөгөөд тэдэнд байрнаас өөр үл хөдлөх хөрөнгө буюу нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгө байхгүй байсан.Одоо бага охин 17 настай хүсэл зоригийг нь хангалтгүй илэрхийлж хүссэн үр дагаварыг бий болгож чадаагүйгээс байр сууцаа эзэмших нэн тэргүүний эрх нь зөрчигдсөн.

...Ийм учраас Иргэний хуулийн 56.1.3, 273.3-т заасан “хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлээр” байр зарснаа хожим мэдсэн мөн өмчлөлийн эрхийн үр дагаварт холбогдуулан 7,000,000 төгрөгөөр худалдсан **** аймгийн **** сумын ** дугаар баг, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот 1 өрөө орон сууцаа буцаан худалдаж авах хүсэлтэй байгааг харгалзан шүүхийн шийдвэрээр баталгаажуулж өгнө үү  .” гэв.

 

Хариуцагч Б.С**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаан дээр гаргасан  тайлбартаа:

“...2006 оны 11 дүгээр сард манай хажуу айлын хөрш П.Б**** нь намайг гэртээ байхад орж ирээд “эгчдээ тус болооч эгч нь хот руу нөхрийнхөө араас явах гэсэн юм. Манай байрыг худалдаж” аваач гэж гуйсан. Тухайн үед арктай 1 өрөө байр 6-6,5 сая төгрөгний үнэ ханштай байсан. Уг байр нь манай хөршийн байр учраас яваандаа өөрийнхөө байртай нийлүүлж тосгож болох юм гэж би бодоод 7,000,000 төгрөгөөр худалдаж авахыг зөвшөөрсөн.Ингээд Б.С**** миний бие 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр **** сум, 8 дугаар баг, 10 дугаар байрны 19 тоот 1 өрөө байрыг худалдаж авахаар П.Б****тай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, **** банкны орон сууцны зээлэнд хамрагдахаар материалаа өгч, байрны урьдчилгаа 30 хувийг төлж үлдэгдлийг банкнаас зээлж авахаар зээлийн гэрээ байгуулсан. Ингээд банкинд зээлийн материалаа цуглуулж өгч байх үед П.Б**** нь худалдах худалдан авах гэрээ хийхээр 2 хувийн татвар төлөх юм байна. 2 хувийн татвар төлөх нь битгий хэл хоолны ч мөнгөгүй байна. Эгчдээ тус бол. Хоёулаа бэлэглэлийн гэрээ хийе гээд байхаар нь бэлэглэлийн гэрээ хйисэн юм. Тухайн хүнд тус болсныхоо төлөө эцэс сүүлд нь ийм зүйл болно гэж огт бодолгүйгээр бэлэглэлийн гэрээ хийсэн байна.

...Гэтэл 9 жил өнгөрч байрны үнэ өссөний дараа энэ хүн надад зарсан байраа буцааж авна гэж шунахай сэдэлтэйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж ашиг олохоор санаархаж, нэхэмжлэл гаргаж байгаа нь үнэхээр байж боломгүй хүн чанаргүй үйлдэл бөгөөд уг нэхэмжлэлийг гардаж авснаас хойш мөрөөрөө ажил төрлөө хийгээд явж байсан миний бие нь сэтгэл санааны хямралд орсноос гадна өмгөөлөгчид хөлс төлөх зэргээр эд хөрөнгийн хохирол хүлээж эхлээд байна.

...ИЙмд миний бие нь дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б**** нь хариуцагч Б.С****д холбогдуулан 7 сая төгрөгөөр худалдсан нэг өрөө байраа буцаан худалдаж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэгч “...насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ зөвшөөрөлгүй, тэдний өмнөөс гарын үсэг зурж, **** сумын ** дугаар баг ** дугаар байрны ** тоот 1 өрөө байрыг 7 сая төгрөгөөр 2006 онд Б.С****д худалдсан. Б.С**** манай байрны мөнгө болон татварт төлөх мөнгө зэргийг суутган надад 6 сая төгрөгийг өгсөн. Б.С**** нь уг байрыг худалдаж авахдаа 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ /хх-6/, мөн өдөр орон сууц бэлэлглэлийн гэрээ хийж, орон сууц бэлэглэлийн гэрээг улсын бүртгэлээр оруулж гэрчилгээ авсан байна. хуулинд давхар гэрээ хийж болохгүй гэдгийг би хуулийг уншиж мэдсэн учир Орон сууц худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” тул хүчин төгөлдөр бусд тооцуулж, байраа би буцаан авч, өгсөн мөнгийг өгөх хүсэлтэй байна. байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч П.Б**** нь хариуцагч Б.С****д 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр **** аймгийн **** сумын ** дугаар баг ** дугаар хороолол ** дугаар байрны ** тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдсан болох нь зохигчдын тайлбар, орон сууц худалдах худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч П.Б**** нь “...2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууц бэлэглэлийн гэрээ гэж хоёр гэрээ давхар хийсэн учир орон сууц худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-тзааснаар, орон сууц бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т зааснаар тус тус хүчингүй болгож, орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна. орон сууцаа худалдахдаа насанд хүрээгүй байсан хүүхдүүдийнхээ санаа зорилгыг тусгаагүй өмнөөс нь шийдвэр гаргасан учир орон сууцаа авах хүсэлтэй байна” гэж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг гэрээ хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх тухай шаардлагыг гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр **** сумын ** дугаар баг ** тоот 1 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба хариуцагчийн хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн баримтаар 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр дээрх орон сууц нь П.Б****гаас Б.С****гийн өмчлөлд, 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээгээр Б.С****гаас З.Э****ын өмчлөлд, 2014 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр З.Э****оос П.Б****гийн өмчлөлд шилжсэн байна. /хх-23-62/

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан...үеэс үүснэ”, 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна” гэж зааснаар нэхэмжлэгч П.Б****гийн 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар нэхэмжлэгч П.Б****гийн гаргасан орон сууц худалдах худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор **** аймаг, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        З.ТУНГАЛАГМАА