Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 902

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/00380/И

 

**** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум,** дугаар баг, **** тоотод оршин суух, Б**** овогт Н**** Э**** / регистрийн дугаар ****, утас ****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** аймаг, **** сум, ** дүгээр баг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, М**** овогт С****ийн Т**** /регистрийн дугаар ****, утас ****, ****/-д холбогдох,

2,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э****, хариуцагч С.Т****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...С.Т**** нь 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 4,200,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Үндсэн зээлээс 2000,000 төгрөгийг өгсөн. Үлдэх үндсэн зээлийн 2000,000 төгрөг, түүний хүү 780,000 төгрөг, нийт 2,780,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч С.Т**** нь  шүүхэд гаргасан  тайлбартаа:

“...С.Т**** нь Н.Э****аас 2014 оны 03 сард 2,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн 2,000,000 төгрөгийг, мөн 500,000 төгрөгийг нийт 2,500,000 төгрөгийг эхнэр Гэрэлсүхийн нэрээр түүний **** банкны данс руу шилжүүлсэн.

...Мөн миний ажил дээр ирж 6 сард 500,000 төгрөг бэлнээр аваад явсан. Тэр үед нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь миний алдаа болж байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э**** нь шүүх хуралдаан дээр “...С.Т**** нь 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 4,200,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Үндсэн зээлээс 2000,000 төгрөгийг өгсөн. Үлдэх үндсэн зээлийн 2000,000 төгрөг, түүний хүү 780,000 төгрөг, нийт 2,780,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тайлбарлажээ.

Хариуцагч С.Т**** нь шүүх хуралдаан дээр “нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, түүнд 2,500,000 төгрөг төлсөн. Одоо өгөх төлбөр байхгүй. 2000,000 төгрөгийн зээлийн гэрээг сүүлд нөхөж хийсэн. Би 2000,000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сард зээлж авсан. Өдрийн тодорхой санахгүй байна ” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Э**** нь “С.Т****д 4,200,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн...” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Э****ын шүүхэд гаргаж өгсөн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Баталгаа гэсэн баримтанд “...2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нийт 4,290,000 төгрөгийг барагдуулж дуусгана, үнэн болно. Т****...” /хх-/ гэсэн баримт нь дахь гарын үсэг нь хариуцагч С.Т****ынх болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Э**** нь С.Т****д 2000,000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зээлдүүлсэн болохыг хариуцагч С.Т**** хүлээн зөвшөөрч байгаа болно.

Нэхэмжлэгч Н.Э****ын хэрэгт гаргаж өгсөн “****” авто ломбардны Барьцаат зээлийн гэрээний хуулбар загвар дээр зохигчид нь зээлийн гэрээ хийсэн бөгөөд уг гэрээнд “...Иргэн Э**** нь 2014 оны 05 дугаар сарын 09-ээс зээл авагчийн зээлсэн мөнгөний тооцоо дуусгах өдөр хүртэл сар тутамд 10 хувийн хүүтэйгээр 2 сая төгрөгийг зээлдүүлж байна” гэж тохиролцоод зохигчид гарын үсгээ зурж баталгаажуулсан боловч хариуцагч С.Т****ын шүүх хуралдаан дээр гаргасан “...сүүлд нөхөж хийсэн гэрээ” гэсэн тайлбар болон зохигчдын мөн зээлдүүлсэн гэх огноотой зөрүүтэй байх тул дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 Хариуцагч С.Т**** нь өөрийн эхнэр Я.Г**** дамжуулан нэхэмжлэгч Н.Э****ын **** банкин дахь **** тоот дансанд 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг тус тус шижлүүлэн, нийт 2,500,000 төгрөгийг Н.Э****т өгсөн болох нь **** банкны дансны хуулга /хх-21/, **** банкны мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-30/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

Иймд С.Т**** нь нэхэмжлэгч Н.Э****аас зээлсэн үндсэн зээл 2000,000 төгрөг болон түүний хүүнд 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг өгсөн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Э**** нь шүүх хуралдаан дээр гэрч Я.Г****ийг хуралд гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Э****ын  “хариуцагч С.Т****аас 2,780,000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор **** аймаг, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        З.ТУНГАЛАГМАА