| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00717/И |
| Дугаар | 910 |
| Огноо | 2015-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 910
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00717/И
**** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум, ** дугаар баг, Их сургуулийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Ө**** овогт Л****гийн Д**** / регистрийн дугаар ****, утас ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** аймаг, **** сумын ** дугаар брак ** тоотод оршин суух, Б**** овогт Б**** Д**** /регистрийн дугаар **** , утас ****, ****/-д холбогдох
15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц****, хариуцагч Б.Д****, хариуцагчийн өмгөөлөгч И.А****, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Д**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Д**** нь 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж сарын 8 хувийн хүүтэйгээр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлж авсан боловч өнөө маргааш өгнө хугацаагаа сунгаж өг гэх матаар зээл, зээлийн хүү өгөлгүйгээр 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг дүгнэж үзээд 15,000,000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний хүртэл төлж бүрэн барагдуулна гэсэн бичгийг өөрийн гараар бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Иймд Д****гаас 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Б.Д**** шүүхэд гаргасан тайлбартаа:
“...нэхэмжлэлийн шаарлага 15,000,000 тагрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Д**** эгчээс охин Э****той найзууд байсан учир 1,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй сарын хугацаатай зээлж авсан. Э**** бид хоёр үй зайгүй найзууд байсан учир бэлэн болон бэлэн бусаар мөнгөө өгдөг байсан ба амаараа ярилцаад өгсөн авсан гээд явдаг байсан. Өвөл уулзаад та хоёр надаас авсан мөнгөө гарын үсэг зурж баталгаажуулж өг би ч өгөх мөнгөө тооцъё гээд шинэ ****д 9 давхарт байрлах нотариат ороод надаас авсан мөнгөө гарын үсэг зурж баталгаажуулах гээд бичиг үйлдэж байтал охин Э**** надад наадах чинь таалагдахгүй байна гээд олон хүмүүс байтал хашгирч уурлаад миний бичиж байсан цаас ураад базаад шидчихсэн, буцаад аваад цүнх рүүгээ хийчихсэн. Би наад мөнгийг чинь хүнээс зээлж авч өгсөн тэр хүнд хүү тооцож өгч байсан баримтуудыг он сар өдөртэй бичсэн дэвтэр байгаа таньд өглөө уулзаад өгчихнө та наад бичгээ хийж өгөөд ээжийн санааг амраагаадах гээ дэвтэр цаасан дээр 15,000,000 төгрөг өгнө гэж бичүүлж авсан. Ээжийн тархи толгой өвдөөд унтаж чадахгүй хэцүү байгаа ингээд санааг амраагаадах гээд байсан. Тухайн үед маш сайхан итгэлтэй найз нөхдийн түвшинд харилцаатай байсан болохоор лангуун дээрээс ирж бэлэн бусаар ч их мөнгө авдаг байсан. Д****тай зээлийн гэрээ хийгдсэн боловч Д**** Э**** хоёрт хоёуланд нь мөнгө өгдөг байсан. Мөн цагаан сарын өмнө манай лангуун дээрээс 780,000 төгрөгийн буйданг зээлэндээ тооцон авсан.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Д**** нь хариуцагч Б.Д****гаас 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э**** шүүх хуралдаан дээр “ хариуцагч Б.Д**** нь 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр миний ээж Л.Д****гаас 10,000,000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй, сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулан нотариатаар орсон. Энэ зээлсэн 10,000,000 төгрөгийн тооцоог надтай хийж дуусгасан.
2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дахин Б.Д**** нь манай ээж Л.Д****гаас 9,999,000 төгрөгийг зээлж авсан. 9,999,000 төгрөг зээлсэн дээр дахиж шинээр гэрээ хийгээгүй, өмнө 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээ үргэлжлүүлээд явчихъя гэж хоорондоо тохиролцсон. Б.Д**** нь зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Д**** нь “зээл, зээлийн хүүнд 15,000,000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулна” гэж тохиролцож, бичиг хийж өгсөн. Иймд Б.Д****гаас 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлдүүлсэн зээл зээлийн хүү 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулан тайлбарлажээ.
Хариуцагч Б.Д**** нь шүүх хуралдаан дээр “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, миний бие нь А.Э****той үйл зайгүй найзууд байсан. Би 9,999,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Л.Д****, А.Э**** нарын дансаар болон бэлнээр, итгэлцлийн үндсэн дээр зээлийн төлбөр, хүүг хангалттай төлсөн...” гэж маргажээ.
Хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.Д****гаас хариуцагч Б.Д**** нь 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дансаар 9,999,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд зохигчид зээлийн гэрээг бичгээр хийгээгүй болох нь Л.Д****гийн **** банкин дахь **** тоот дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Б.Д**** нь нэхэмжлэгч Л.Д****гийн эзэмшлийн **** банкин дахь **** тоот дансанд 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 800,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 800,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 160,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 50,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба зээлийн төлбөрт нийт 1,810,000 төгрөгийг өгсөн болох нь Л.Д****гийн **** банкин дахь 5047138893 тоот дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй болно.
Хариуцагч Б.Д**** нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Л.Д****гийн охин/ А.Э****ын дансанд 2013 оны 01 дүгээр сарын 21-нээс 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 9 удаагийн шилжүүлэгээр нийт 4,850,000 төгрөгийг өгсөн болох нь А.Э****ын эзэмшлийн **** банкин дахь **** тоот дансны хуулгаар /хх-/тогтоогдож байна.
Шүүх хуралдаан дээр хариуцагч Б.Д**** нь А.Э****ын дансаар шилжүүлсэн 4,850,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Д****гийн зээлийн төлбөрт өгсөн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э**** нь “...Б.Д****гийн миний дансанд 200,000, 200,000, 1000,000, 740,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн мөнгө нь өмнө нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт өгсөн мөнгө. Бусад мөнгө нь Б.Д****гийн надаас тусдаа зээлж авсан болоод тавилгын мөнгө. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн төлбөрт нэг ч төгрөгийг би Д****гаас аваагүй, миний дансанд хийгээгүй...” гэж тайлбарлаж, Л.Д****гийн авах зээлийн төлбөрөөс 4,850,000 төгрөгийг хасаж тооцуулахыг зөвшөөрөөгүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх тул хариуцагч Б.Д**** нь зээлийн төлбөрийг төлөх үүргийг гагцхүү нэхэмжлэгч Л.Д****гийн өмнө хүлээнэ, түүний охин А.Э****ын өмнө дээрх үүргийг хүлээхгүй болно.
Мөн тус шүүхэд Л.Д****гийн нэхэмжлэлтэй Б.Д****д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгч Л.Д**** нь А.Э****од өөрийн нэрийн өмнөөс “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрх эдлэн, үүрэг хүлээн оролцох эрхийг олгосон” итгэмжлэлийг олгосны дагуу А.Э**** нь иргэний хэрэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон болно.
Иймд А.Э****ын хувийн дансанд орсон 4,850,000 төгрөгийг Б.Д****гийн Л.Д****д өгөх зээлийн төлбөрт хасаж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн авснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Л.Д**** нь хариуцагчаас зээлсэн үндсэн мөнгөө шаардах эрхтэй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э**** шүүх хуралдаан дээр “... 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Д**** нь “зээл, зээлийн хүүнд 15,000,000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулна” гэж бичиг хийж өгсөн, үүний дагуу нэхэмжилж байна” гэсэн тайлбарыг, хариуцагч Б.Д**** нь “...энэ бичгийг хүлээн зөвшөөрөхгүй, намайг хүчээр дамталж байж бичүүлсэн” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.
Хариуцагч Б.Д****гийн “...15,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрсөн” дээрх баримтыг үндэслэн хариуцагчаас 15,000,000 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд үндсэн зээл 9,999,000 төгрөгөөс Б.Д****гийн төлсөн 1,810,000 төгрөгийг хасаж, үлдэх 8,189,000 төгрөгийг хариуцагч Б.Д****гаас гаргуулан нэхэмжлэгч Л.Д****д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л.Д****гийн гаргасан нэхэмжлэлээс 8,189,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 6,811,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар хариуцагч Б.Д****гаас 8,189,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Д****д олгож, нэхэмжлэлийн үлдэх 6,811,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д****гаас улсын тэмдэгтийн хураамжид 145,973 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Д****д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА