Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1440

 

 

 

 

 

 

 

 

 

 “НЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00647 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “НЗ” ХХК-ийн хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 362 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НЗ” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “МД” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр талууд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 5 см өндөр, 6 метр өргөн, 2 км урт, асфальтан хучилттай авто зам, 4 км авто замын бордюр, 4 км явган замын бордюр, 4 000 м.кв. явган замын хавтан, 84 ширхэг нарны эх үүсвэр бүхий гэрэлтүүлэг зэрэг ажлыг 1 000 000 000 төгрөгөөр “МД” ХХК санхүүжүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаандаа гэрээгээр тохиролцсон ажлыг хийж дуусгасан ба Захиалагчийн өмчлөлд шилжүүлж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу талууд 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 381 730 000 төгрөгийн өртэй гарсныг баталж тооцоо нийлж баталгаажуулсан. Гүйцэтгэгч нь захиалагчид гэрээний үлдэгдэл төлбөр болох 362 000 000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардаж, боломж олгон хойшлуулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлсэнгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. Гэрээний ажлаа хийж гүйцэтгээд, “МД” ХХК-д хүлээлгэж өгсөн. Ажлаа хүлээлгэж өгсний дараа 2015 оны 07 дугаар сард тухайн зам дээр байгалийн гамшиг болж, үер буусны улмаас зам нь эвдэрсэн. Ингээд “НЗ” ХХК болон “МД” ХХК-ийн удирдлагууд уулзаж, ус зайлуулах хоолой хийе, зураг төсөл дээрээ ус зайлуулах хоолой нь тусгагдаагүй юм байна гэдэг талаар ярилцаад, энэ ажлаа байгууллагаар биш, хувь хүнээр хийлгүүлье гэснийг нь манай захирал зөвшөөрөөд, эвдэрсэн газарт дахиж ус зайлуулах хоолой хийсэн. Энэ ажлын үнийн дүн нь 34 516 996 төгрөг болсон бөгөөд “МД” ХХК-иас манай захирал н.Энх-Амгалангийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Нийтдээ “МД” ХХК-иас гэрээндээ 1 000 000 000 төгрөгийн ажил гэж тусгагдсан. “МД” ХХК-иас нийтдээ 638 000 000 төгрөгийг төлсөн. Үүнээс үлдэгдэл нь 362 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Манайх ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох гэрээнд тусгагдсан ажлыг хүлээлгэн өгч, 2015 онд улсын комисс хүлээж авсан тул үлдэгдэл 362 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хоёр байгууллага ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.3-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэсэн заалттай. Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд хийсэн ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэх байсан боловч “НЗ” ХХК нь хугацаандаа хийж гүйцэтгээгүй хойшлуулж хугацаа хэтрүүлсэн. Тухайн хийсэн ажлынх нь ТК0340, ТК0350-ын хооронд үерийн усны улмаас гадаргуу угаагдсан, хучилтад цөмрөлт үүссэн байдаг. Энэ нь “НЗ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүйгээс зам эвдэрсэн, хашлага болон зам үерийн усанд автсан, угаагдсан гэж үзэж байна. Манайх нэмэлт 34 500 000 төгрөгт маргаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 27 000 000 төгрөг гэж гарсан. 362 000 000 төгрөгөөс 34 000 000 төгрөгийг нь хасуулж, үлдэгдэлд маргахгүй. Өмнө нь өгсөн 638 000 000 төгрөг дээр маргахгүй. 362 000 000 төгрөгөөс төлсөн 34 500 000 төгрөгийг хасаагүйгээс маргаан удааширсан. Мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. “НЗ” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 08-нд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд ажлаа хийж эхлэхэд тусгай зөвшөөрөл нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 3 жилийн хугацаагаар хүчинтэй гэсэн, харин өмнөх зөвшөөрөл хэрэгт авагдаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МД” ХХК-иас 347 230 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НЗ” ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 14 770 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 967 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 1 894 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Талууд 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр Өмнөговь аймаг Цогт-Овоо суманд 5 см өндөр 6 метр өргөн, 2 км урт, асфальтан хучилттай авто зам, 4 км явган замын бордюер 4 000 м.кв явган замын хавтан, 84 ширхэг нарны эх үүсвэр бүхий гэрэлтүүлэг зэрэг ажлыг 1 000 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Уг гэрээний 3.3-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд хийсэн ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэх байсан боловч “НЗ” ХХК нь хугацаандаа хийж гүйцэтгээгүй хойшлуулж хугацаа хэтрүүлсэн. Тухайн хийсэн ажлынх нь ТК0340, ТК0350-ын хооронд үерийн усны улмаас гадаргуу угаагдсан, хучилтад цөмрөлт үүссэн. Энэ нь хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүйгээс зам эвдэрсэн, хашлага болон зам үерийн усанд автсан угаагдсан. “МД” ХХК нэмэлт 34 000 000 төгрөгт маргаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 27 000 000 төгрөг гэж гарсан. 362 000 000 төгрөгөөс 34 000 000 төгрөгийг хасуулж, үлдэгдэл дээр нь маргахгүй  Гэрээний үлдэгдэл 362 000 000 төгрөгөөс төлсөн 34 000 000 төгрөгийг хасаж тооцоогүйн улмаас дээрх маргаан өдий хүртэл явж байна. Мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. “НЗ” ХХК 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд ажил гүйцэтгэж эхэлсэн боловч тусгай зөвшөөрөлгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 19 746 984 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “НЗ” ХХК нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 362 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 2/130 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, /хх7-9/ “МД” ХХК-ийн захиалгаар Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 5 метр өндөртэй, 6 метр өргөнтэй, 2 км урттай асфальтан хучилттай авто зам, 4 км авто замын бордюр, 4 км явган замын бордюр, 4 000 м.кв явган замын хавтан, 84 ширхэг нарын зайн эх үүсвэр бүхий гэрэлтүүлэг зэргийг 1 000 000 000 төгрөгийн ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийхээр тохиролцон, ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн. /хх52-53/

Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 381 730 000 төгрөгийн өртэй гэх тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэгдсэн талаар үзлэг хийгдсэн, хариуцагчаас 638 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн /хх10-20/, мөн 2 удаагийн төлөлтөөр зам засварын хөлс гэх агуулгаар 34 500 000 төгрөг Д.Энх-Амгалангийн дансанд шилжүүлсэн талаар баримт авагджээ. /хх74/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохиролцсон ажлаа хийж гүйцэтгэн, улсын комисс болон “МД” ХХК-д хүлээлгэн өгсний дараа үер бууж байгалийн гамшиг болсноор зам эвдэрсэн тул талуудын удирдлагууд уулзаж, ус зайлуулах хоолой зураг төсөл дээр тусгагдаагүй тул уг ажлыг хийхээр тохиролцсон. Уг ажлыг 34 516 996 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд “Монгол дайван” ХХК манайд шилжүүлсэн. Хариуцагч нийт 638 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 362 000 000 төгрөгийг төлөөгүй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, мөн чанаргүй гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй тул зам эвдэрсэн, хашлага болон зам үерийн усанд автаж, угаагдсан. Үлдэгдэл төлөгдөөгүй төлбөрөөс 34 516 996 төгрөгийг хасах ёстой гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил болон ус зайлуулах хоолой барьсан зардлыг хасч, үлдэх төлбөрт маргахгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланд нэмэлтээр хийгдсэн ус зайлуулах хоолойн ажлын зардал 27 874 513 төгрөг гарсан болохыг тусгажээ. /хх130/

Уг ус зайлуулах хоолойг хийж гүйцэтгэх ажлыг нэмэлт ажлын талаар тохиролцоогүй, ажлын чанар муу байсан тул баталгаат хугацаанд гарсан доголдлоо арилгах үүргийг нэхэмжлэгч хүлээх ёстой тул уг мөнгийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцуулна гэж тайлбарлан, нэмж гүйцэтгэсэн ус зайлуулах хоолойн ажлын хөлс эсвэл ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй төлбөрт төлөгдсөн эсэхэд маргасан. Харин уг төлбөрийн шилжсэн хэлбэр, үнийн дүн, замын ажлын хөлс гэсэн шилжүүлгийн утгад маргаагүй,

Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлаа улсын комисст хүлээлгэн өгснөөр дуусгавар болсон гэж үзэн, зураг төсөлд тусгагдаагүй, гэрээ байгуулаагүй гүйцэтгэсэн ажлын хөлсийг хэн хариуцах нь тодорхойгүй, өөр баталгаажсан зураг төсөлгүй тул хариуцагч талын гаргасан ажлын доголдлоо арилгасан гэх тайлбар татгалзал үндэслэлгүй бөгөөд уг гэрээгээр тохирсон ажлыг хийж эхлэхэд нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлгүй байсан боловч ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд зөвшөөрөл олгогдсон байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх энэ талаар зөв дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж төлбөрийн үлдэгдлийг 381 730 000 төгрөг гэж баталгаажуулсан /хх165/ байхад 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн гэж дүгнэн, тооцоо нийлэхээс өмнө ус зайлуулах хоолойг засварлахад гарсан зардалд төлөгдсөн 34 516 996 төгрөгийг төлбөрийн үлдэгдлээс хасч тооцсон нь буруу байна.

Тооцоо нийлснээс хойш хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг төлсөн байх ба уг тооцоололд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00647 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН