Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/880

 

 

 

 

 

    2021           10             5                                           2021/ДШМ/880         

 

 

Б.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

хохирогч Д.Доржпаламын өмгөөлөгч Н.Оюунболд,

            цагаатгагдсан этгээд Б.Тын өмгөөлөгч Ш.Оюумаа, Б.Ариунболд,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 787 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхнямын бичсэн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 42 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Д.Доржпаламын өмгөөлөгч Н.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.Тд холбогдох 2008024390710 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Ж овгийн Б-ийн Т, 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Өлийн Амны 10 дугаар гудамжинд хохирогч З.Доржпаламтай “машинаараа мал мөргөлөө” гэсэн шалтгаанаар маргалдан муудалцаж улмаар түүний толгой руу гараараа цохиж биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жалайр овгийн Баянтөрийн Тыг хохирогч З.Доржпаламын толгой руу цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн 2008 02439 дугаартай хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан үндэслэлээр нөхөн төлүүлэх эрх үүсэхийг тусгаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Энхням бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Өлийн Амны 10 дугаар гудамжинд хохирогч З.Доржпаламтай “машинаараа мал мөргөлөө” гэсэн шалтгаанаар маргалдан муудалцаж улмаар түүний толгой руу гараараа цохиж биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч З.Доржпаламаас гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч З.Доржпаламын гомдол /хх 11-12/,

- Хохирогч З.Доржпаламын:”...2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ малаа хотлуулж туучихаад зүүн талын айл болох саахалт Тын хашааны зүүн талаар тойроод гэрийнхээ үүдэнд зогстол Т араас цээж нүцгэн, амнаас нь хөөс сахруулаад “чи үхэр дайрчихлаа” гэж худал гүжирдэн “чи үүгээр явдаг хэн бэ” гэх мэтээр доромжилж үгийн зөрүүгүй дух руу нэг удаа цохьсон. Мөн миний нүүр рүү гараараа салаавч өгч танхайрсан...” гэсэн мэдүүлэг /хх 37, 112/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 8880 дугаартай шинжээч Ө.Сарангэрэлийн гаргасан шинжээчийн дүгнэлтэнд: “...З.Доржпалам-н биед тархи доргилт...тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 28-29/,

- Шинжээч Ө.Сарангэрэлийн: “...Толгой руу цохиход тархи доргилт гэмтэл үүснэ...Тархи доргилт дангаараа хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх 97/,

- Гэрч Ч.Цэдэндээгийн: “...2020 оны 7 дугаар сарын 27-ны орой танил Доржпаламын гэрт ороод эхнэр Уламбаяртай юм яриад цай уугаад сууж байтал Доржпалам хашаанд чанга чанга дуугараад...” гэсэн мэдүүлэг /хх 43/,

- Гэрч Н.Уламбаярын: “...21 цагийн үед би гэртээ байж байхад хөгшин гэртээ орж ирээд үхэр дайрчихлаа, чи очиж үзээдэхээ гээд байж байтал Т хашааны хаалганы цаана байж байсан би зөрөөд Тын үхрийн байранд орж аль үхэр юм гэж очиход нэг алаг үнээ харуулсан тэрийг нь би үзчихээд гарсан тэгээд Тын эхнэр Мөнхжаргал бид 2 гараад ирэхэд Т манай хөгшин 2 заамдалцсан байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/ болон бусад бичгийн нотлох баримтууд цугларсан бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон байна.

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан аливаа хүн, хуулийн этгээд нь өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдээлбэл хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан журмыг мөрдөгч урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд хохирогч З.Доржпаламаас үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа эх сурвалжаа заан шүүгдэгч Б.Тыг “үхэр дайрчихлаа” , “чи үүгээр явдаг хэн бэ” гэж үгийн зөрүүгүй дух руу нэг удаа цохьсон гэж тогтвортойгоор мэдүүлдэг, уг мэдүүлгийг давхар баталж хохирогч З.Доржпаламын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэхэд түүний биед хийсэн үзлэгийн үр дүн, эмчийн үзлэг, онош зэрэгт үндэслэн шинжээчийн дүгнэлт гарсан, хохирогч З.Доржпалам, шүүгдэгч Б.Т нарын хооронд “мал дайрчихлаа” гэх асуудлаар маргаан гарсан талаар гэрч Ч.Цэдэндээ, Н.Уламбаяр нар гэрчилж, шүүгдэгч Б.Тд зодуулсанаас хохирогч З.Доржпаламын бие өвдсөн талаар гэрч Н.Уламбаяр мэдүүлсэн байна. Шүүгдэгч Б.Тын үйлдэлтэй дээрх хор уршиг, үр дагавар шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогддог.

Шинжээчийн дүгнэлт гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8880 дугаартай шинжилгээний дүгнэлт /хх-28-29/ ийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байх учиртай бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой юм. Шүүгдэгч Б.Т нь хохирогч З.Доржпаламд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 120 000 төгрөгийг төлсөн нь гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг багасгах буюу ихэсгэх, хэргийн зүйлчлэл болоод ялын бодлогод шууд нөлөөлдөг тул уг нөхцөл байдал эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо яллах талын нотлох баримтуудыг нэг бүрчлэн харьцуулж, үгүйсгэгдсэн талаар дүгнээгүй, яллах талын нотлох баримтуудыг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлтэй холбоотой нотлох баримт өөрөөр хэлбэл хохирогч З.Доржпалам, шүүгдэгч Б.Т нарын хоорондын харилцааны талаарх нотлох баримтуудад тулгуурлан хохирогч З.Доржпаламын мэдүүлгийг худал гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт шалгаж, үнэлэх журмыг зөрчиж, хохирогчийн эрхийг хязгаарлаж хууль бус дүгнэлт хийн, яллах гэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалт ямар хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна.

Тухайлбал, яллах талын нотлох баримт бүрийг болон тэдгээрээс урган гарсан агуулга, үндэслэлийг бүхэлд нь үнэлээгүй, нотлох баримтуудын хоорондын харилцан хамааралд ач холбогдол өгөөгүй, хохирогч З.Доржпаламын мэдүүлгийг эргэлзээтэй гэж дүгнэхдээ таамаглалд үндэслэсэн, улмаар хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хууль хэрэглээний ямар дүгнэлтэд хүрсэн нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байна.

Нөгөөтэйгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт Р.Т гэж хүн гэрчээр мэдүүлсэн нотлох баримт авагдаагүй байхад гэрч Р.Т гэж хүн мэдүүлэг өгсөн мэтээр дүгнэсэн, шүүгдэгч Б.Тыг буруутгасан хуулийн зүйл хэсэг, заалтыг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан хуулийн зүйл, хэсэг, заалт ойлгомжгүй, тодорхойгүй, хохирогч З.Доржпаламд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 120 000 төгрөгийг шүүгдэгч Б.Т төлж барагдуулсан талаар дүгнэлт хийгээгүй, хохирогч З.Доржпаламын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал үндэслэлтэй мэтээр дүгнэж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар дахин шалгуулах гэж буцаахаар заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагад нийцэхгүй байна.

Шүүхээс цагаатгах тогтоол гарсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан агуулга, үндэслэлүүдийг тодорхой илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд үүнийг хангаагүй тогтоол, шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын дагуу ноцтой зөрчилд хамаарч байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч Д.Доржпаламын өмгөөлөгч Н.Оюунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1 .Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Тус шүүхээс шүүгдэгч Б.Тын үйлдсэн гэмт хэргийг бүрэн бодитой нотлогдон тогтоогдохгүй гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана...” гэж заасныг үндэслэн Б.Тыг цагаатгасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.Учир нь:

Хавтас хэргийн 37, 112 дугаар талд хохирогч З.Доржпалам нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ малаа хотлуулж туучихаад зүүн талын айл болох саахалт Б.Тын хашааны зүүн талаар тойроод гэрийнхээ үүдэнд зогстол Б.Т нь араас цээж нүцгэн, амнаас нь хөөс сахруулаад “чи үхэр дайрчихлаа гэж гүжирдэн чи үүгээр явдаг хэн бэ гэх мэтээр доромжилж үгийн зөрүүгүй дух руу нэг цохисон” гэх мэдүүлэг,

“Би толгойн томографикаар харуулсан 120.000 төгрөгийн баримт өгсөн байгаа энэ мөнгийг нэхэмжилж байна. Т миний толгой руу гараа зангидаж байгаад нэг удаа цохисон цохиулснаас хойш миний хоёр нүдний ухархайгаар хатгаж өвддөг болсон” гэх мэдүүлэг,

Хавтас хэргийн 28-29 дүгээр талд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 8880 дугаартай “...З.Доржпаламын биед тархи доргилт үүссэн, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо”. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэж дүгнэсэн.

Хавтас хэргийн 97 дугаар талд толгой руу цохиход тархи доргилт гэмтэл үүснэ. Чулуу шидсэн нь нуруунд цус хуралт үүссэн. Тархи доргилт нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Тын гэмт үйлдлийг хангалттай нотлон тогтоогдсон байхад шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу дүгнэлт болсон.

Тухайн гэмт үйлдэл болох цаг хугацаанд хажууд нь өөрийнх нь ач охидууд нь байсан гэдгийг сүүлд олж мэдсэн юм. Харин энэ тухайгаа мэдүүлээгүй нь Р.Т болон түүний эхнэр Р.Мөнхжаргал нарт цохиулснаас болж толгой нь өвдөж улмаар 2 хүүхэд байсан эсэхийг мартсан байсан байна. Харин хохирогч нь тухайн гэмт үйлдэл юунаас болж үйлдэгдсэн хэзээ хаана эхэлсэн хэрхэн үргэлжилсэн төгссөн тухайгаа удаа дараалан тогтвортой мэдүүлдэг. Учир нь, өдгөө 70 насыг шүргэж яваа хөгшин настай хүн болохоор мөрдөгчөөс худал ярьж болохгүй хэрэв худал мэдүүлвэл хуулийн хариуцлага хүлээнэ”... гэж сануулаад гарын үсгийн баталгаа гаргуулан мэдүүлэг авсан. Үүний дагуу хохирогч З.Доржпалам нь болсон үйл явдлыг зөвхөн үнэнээр мэдүүлсэн.

Гэтэл шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг бусадтай архидан согтуурч маргалдсан талаар огт ярьж байгаагүй бөгөөд өмгөөлөгчтэй болсны дараа шүүхийн хэлэлцүүлэгт ийм зүйл ярьж байгаа нь хэн ч сонссон шууд эргэлзээ төрүүлэхээр байсан.

Тэгвэл хохирогчид учирсан бодитой хор уршгийг хэрхэх вэ? үүний хариултыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч прокуророос хангалттай нотлоод шүүх рүү шилжүүлж байхад хохирогчийн бие рүү халдах үед хажууд нь хэн ч байгаагүй юм байна. Тиймээс нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээс өөр аргагүй байна.

Өмгөөлөгч миний бие тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгчийн эхнэр Р.Мөнхжаргал нь мөн адил нэг цаг хугацаанд нэг шалтгааны улмаас хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас хангалттай харагддаг. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж, Р.Мөнхжаргалыг гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэн прокуророос Р.Мөнхжаргалыг яллагдагчаар татах ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан.

Шүүхээс тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоох үүргээсээ няцаж, шүүх хуралд 2 талын байр суурь болоод тэгш байдлыг хангах зарчмаас хазайж шүүгдэгчийн эрх ашгийг хэт дээгүүр тавьж хэргийг шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй юм. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн Цэдэндээ, Уламбаяр нарын мэдүүлгээр хэн ч хараагүй болохоор нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалтай огтхон ч нийцээгүй. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.Тын өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн хувьд маргаантай байдаг. Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд шүүх хэт нэг талд орж шийдвэр гаргасан гэж байна. Анхан шатны шүүхээс Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, үндэслэлтэй шийдвэрлэсэн байна. Хэргийн явцад Б.Т нь гомдол гаргадаг. Б.Тын гомдлыг хэлэлцэхгүйгээр шууд хэргийг зүйлчилж явуулсан. Манай хажуу талд 2 хөгшин байдаг. Миний хүүхдийг нохойгоор уруулснаас болж бид нар маргасан. Бид нарт маш дургүй болсон. Зарга их хийдэг хэцүү хүн, бид нарыг амгалан тайван амьдруулахгүй үргэлж энд тэнд өргөдөл, гомдол өгч бид нарыг хүнд байдалд оруулахаас гадна цохиж зодсон гэж гүтгэж Эрүүгийн хуулийн зүйл заалтаар ял шийтгэл оногдуулж байна. Үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж шүүгдэгч гомдол гаргасан. Хавтас хэрэгт авагдсан байгаа. Шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, өөрийнх нь ажлын газар, Байгаль орчныг хамгаалах газар, Газрын алба, Батлан хамгаалах яам гэх газруудаар янз бүрийн өргөдөл, гомдол өгч явдаг. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжтой байсан. Б.Тыг гүтгэсэн, доромжилсон, тал тал руу өргөдөл гомдол өгч худал мэдээлэл тараасан нөхцөл байдал байдаг. Б.Тын амьдрах нөхцөл байдлыг хүнд байдалд оруулдаг. Анх Б.Т, хохирогчтой хоёулаа байхад толгой руу нь цохисон гэж прокуророос үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Хохирогчийн гомдолд Б.Т, эхнэр Р.Мөнхжаргалтайгаа хамтдаа зодсон гэж мэдүүлдэг. Тэрнээс хоёулаа байхад намайг цохисон гэсэн ганц ч өгүүлбэр хохирогчийн гомдолд байхгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 787 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.Тын өмгөөлөгч Б.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ш.Оюумаагийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх талуудын мэтгэлцээний зарчимд тулгуурлан дүгнэлт гаргаж шийдвэрлэдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, дүгнэж, үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хавтас хэргийн 12 дугаар хуудсанд хохирогч Д.Доржпаламын гаргасан өргөдөл байдаг. Энэхүү өргөдөлд толгойд гараараа цохисон, чулуугаар цохисон гэсэн зүйл байдаггүй. Гэрч Р.Мөнхжаргал, Ч.Цэдэндээ, Н.Уламбаяр нарын мэдүүлэг, нотлох баримтуудаар үгүйсгэж байна. Хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход шүүхийн шинэчилсэн байцаалт гол ач холбогдолтой байдаг. Шүүхээс хохирогч Д.Доржпаламын хэлсэн тайлбарыг итгэхгүй байна гэж дүгнэдэг. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнэсний үндсэн дээр шүүх өөрийн дотоод итгэлээр дүгнэлтээ гаргасан нь үндэслэлтэй байна. Шинжээч эмч Сарангэрэлийн шинжээчийн дүгнэлт хавтас хэрэгт байгаа. Хэрэг учрал болсон өдөр нь 2020 оны 8 дугаар сарны 27-ны өдөр байдаг. Гэтэл хохирогч шинжээч эмчид үзүүлсэн огноо нь 2020 оны 9 дүгээр сарны 5-ны өдөр байдаг. Энэ хугацаанд хохирогч Д.Доржпалам бусадтай ноцолдсон, зодолдсон, эсвэл ахуйн гэмтэл учирсан байж болно. Цаг хугацааны хувьд тогтоогдохгүй байна. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг үндэслэж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Р.Мөнхжаргалын асуудалд тайлбар хэлсэн. Шүүхээс улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Р.Мөнхжаргалын асуудлыг шийдвэрлээгүй орхисон нь үндэслэлтэй байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 787 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос Б.Тыг 2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Өлийн Амны 10 дугаар гудамжинд хохирогч З.Доржпаламтай “машинаараа мал мөргөлөө” гэсэн шалтгаанаар маргалдан муудалцаж улмаар түүний толгой руу гараараа цохиж биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Тын гэм бурууг хянан хэлэлцээд, түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэх байдлаар илрэх бөгөөд гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг онцлогтой.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд,

хохирогч З.Доржпаламын “...Мөнхжаргал над руу чулуу шидсэн, чулуу нь бөөрөн тус газар оносон. Тэгээд цаашаа дахиж чулуу авч шидэхэд чулуу нь бөөрөн тус газар оносон...” /1хх 18/,

Гэрч Ч.Цэдэндээгийн: “...2020 оны 7 дугаар сарын 27-ны орой танил Доржпаламын гэрт ороод эхнэр Уламбаяртай юм яриад цай уугаад сууж байтал Доржпалам хашаанд чанга чанга дуугараад байсан...миний харснаар Тын эхнэр л чулуу шидэж Доржпаламын бие тус газар унахыг харсан...”/1хх 43/,

 

“...би Тын эхнэр Доржпалам руу газраас чулуу аваад баруун бөөрний орчимд нь шидээд онохыг харсан...” /1хх 100/,

гэрч Н.Уламбаярын: “...21 цагийн үед би гэртээ байж байхад хөгшин гэртээ орж ирээд үхэр дайрчихлаа, чи очиж үзээдэхээ гээд байж байтал Т хашааны хаалганы цаана байж байсан би зөрөөд Тын үхрийн байранд орж аль үхэр юм гэж очиход нэг алаг үнээ харуулсан тэрийг нь би үзчихээд гарсан тэгээд Тын эхнэр Мөнхжаргал бид 2 гараад ирэхэд Т манай хөгшин 2 заамдалцсан байж байсан...” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд,

2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим цагаатгагдсан этгээд Б.Тын үйлдлийн улмаас хохирогч З.Доржпаламын биед  тархи доргилт бүхий гэмтэл нь түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тыг  Д.Доржпаламын биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримтыг тогтоож чадаагүй байх бөгөөд зөвхөн Д.Доржпаламын мэдүүлгийг дангаар нь үнэн гэж үзэхэд эргэлзээтэй, эсрэг нотлох баримтууд цугларсан, харьцуулан үзэхэд аль нь ч асуудлыг бүрэн нотолж эсхүл үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Харин анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 1 дэх заалтад найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, прокурор С.Энхнямын бичсэн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 42 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Д.Доржпаламын өмгөөлөгч Н.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 787 дугаартай цагаатгах тогтоолын 1 дэх заалтыг “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овгийн Баянтөрийн Тд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэж өөрчилсүгэй.

2. Цагаатгах тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, прокурор С.Энхнямын бичсэн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 42 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Д.Доржпаламын өмгөөлөгч Н.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ