| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2023/01005/И |
| Дугаар | 184/ШШ2023/01047 |
| Огноо | 2023-03-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2023/01047
2023 03 13 184/ШШ2023/01047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 38 дугаар хороо, 29 байр 1109 тоот хаягт оршин суух Хөх овогт Ёндонгийн Мөнгөнтулга /рд:ВД76020801/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 2 байр 70 тоот хаягт оршин суух Шарнууд овогт Баасанжавын Хулан /рд:ЧВ82011704/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг, алданги 1,255,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдааны оролцогч: нэхэмжлэгч Ё.Мөнгөнтулга, өмгөөлөгч М.Ундармаа, хариуцагч Б.Хулан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ё.Мөнгөнтулга нь Б.Хуланд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт, алданги 1,255,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Миний бие 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг Б.Хулангийн данс руу шилжүүлэн 1 жилийн хугацаанд байранд нь амьдрахаар тохиролцсон. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчтай холбогдож чадаагүй. Учир тухайн үед надад ажил явдал гарсан байсан ба хариуцагч талаас ч холбогдоогүй. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр хариуцагчийн нөхөртэй ярихад 12 дугаар сар гэж бодсон гэж байсан. Би учир байдлаа тайлбарлаад гэрээгээ хагас жилээр сунгах боломжтой бол сунгахад татгалзах зүйлгүй. Хугацааг сунгахгүй гэвэл мөнгө авъя гэдэг байдлаар хандсан. Эхлээд хугацаа сунгахгүй, таны мөнгийг өгнө гэж ярьж байсан. Хэсэг хугацаанд чимээгүй байж байгаа би өөрөө 12 дугаар сарын эхэн үеэр хариуцагч тал руу холбогдоод юу болж байгаа талаар асуухад байранд орох хүн олдохгүй байна. Та 5,000,000 төгрөг нэмээд өгчих гэж хэлсэн. Би боломжгүй байсан учраас бэлэн 3,000,000 төгрөг өгөөд хугацаагаа 6 сараар сунгасан. 2022 оны 05 дугаар сарын сүүлээр хариуцагчийн нөхөр рүү залгаад би байрандаа орох болж байна, мөнгөө бэлдээрэй гэж хэлэхэд хариуцагч тал нь байраа зарахаар зар тавьсан байсан. Түүнээс хойш хэсэг холбоогүй байсан. Хариуцагчийн нөхөр нь 2022 оны 6 дугаар сарын сүүл үеэр өөрөө байрандаа ирээд би гадагшаа явах гэж байгаа, та өвөл хүртэл хугацаагаа сунгаж болохгүй юу гэхэд нь би боломжгүй талаараа хэлсэн. Би 2022 оны 8 дугаар сард байрандаа ороод хариуцагч тал руу ярьсан. Хариуцагчид хандаж энэ асуудлаа хурдан шийд гэдэг шаардлага тавьсан. Хариуцагч тал нь байрныхаа түлхүүрийг авна, таны мөнгийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгнө гэхэд нь би зөвшөөрөөгүй. Би байраа захиалаад мөнгөний хэрэг гараад яаралтай 10,000,000 төгрөг хэрэгтэй байна гэхэд хариуцагч талаас 10,000,000 төгрөг өгсөн. Эхлээд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгнө гэж хэлсэн ч нотариат дээр очоод энэ мөнгөнд алданги тооцох талаар хэлэхэд хариуцагч нь алданги тооцвол 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хугацаа тохирох боломжгүй гэсэн. Хариуцагчийн төлөх боломжтой хугацаагаар нь тохиролцсон. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч тал өөрсдөө яриагүй ба 10 дугаар сарын 31-ны өдөр хариуцагч руу залгахад утсаа аваагүй, чат бичихэд хариу өгөөгүй. Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүлээж болох уу гэхэд нь чамд 18 хоногийн алданги тооцуулах хэцүү биш үү гэж асуухад тэр гэрээ ямар хамаатай вэ гэж хэлээд утсаа тасалсан. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл алданги тооцсон 1 өдрийн 65,000 төгрөгийн алданги тооцож, нийт 1,250,000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
2.Хариуцагч Б.Хулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... 2 өрөө байрандаа Ё.Мөнгөнтулгад 23 сая төгрөг зээлж хүүнд нь үнэгүй 2 жил суулгасан. Мөнгөнтулгад зээлсэн бүх мөнгө болох 23 сая төгрөгийг төлж барагдуулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 1,255,000 төгрөгийг төлөх ямарч үндэслэл байхгүй болно гэжээ.
3.Хариуцагч Б.Хулан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Нэхэмжлэгчтэй хийсэн 1 жилийн гэрээ 2022 оны 10 дугаар сард дууссан ба хугацааг сунгах уу, үгүй гэвэл өөр байранд өөр хүн оруулмаар байна гээд мөнгөө бариад очсон. Нэхэмжлэгч нь гэрээгээ 1 жил сунгая, 3,000,000 төгрөг нэмж өгье гэхэд нь та 5,000,000 төгрөг нэмж өг гэж хэлсэн. Нэхэмжлэгч энэ үеэр ээж нас барсан учраас боломжгүй байна, 3,000,000 төгрөг өгье гэж хэлсэн. Нэхэмжлэгч байрнаас гарах гэж байсан бол бидэнд 3,000,000 төгрөг өгөх шаардлагагүй. Бид 3,000,000 төгрөгийг нь аваад 1 жилээр сунгахыг зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байрандаа орох боллоо гэдэг зүйл ярихаар нь 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдлийг нь яах вэ гэхэд нэг гэрээ хийе гээд нотариат руу оруулж, 500,000 төгрөгөөр тохирохгүй бол танай байрны түлхүүрийг өгөхгүй гэсэн. Бид 250,000 төгрөгөөр тохиролцсон. Нэхэмжлэгч рүү 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр яриад манай нөхөр ирэх асуудал нь хойшлогдсон талаар хэлээд 18 хоног хүлээх талаар гуйхад тийм зүйл байхгүй, хуулиараа явна гээд утсаа тасалсан. Улмаар 13,100,000 төгрөг шилжүүлэн өгсөнш энэ мөнгийг аваагүй учраас зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иймд алданги төлөх үндэслэлгүй байна гэв.
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс: хх-1-2/нэхэмжлэл, хх-3 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хх-4 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ, хх-5-6 зохигчийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, хх-7 тал Ё.Мөнгөнтулгын 2020.10.30 өдрийн 20,000,000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны дансны хуулга, хх-8 тал Ё.Мөнгөнтулга /утга:байрны нэмэлт барьцаа мөнгө, 5025669524/-ын 2021.12.06 өдрийн 3,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга, /хх-9 тал/ 5025669524 тоот данснаас Ё.Мөнгөнтулгын 5057108026 тоот данс руу 10,000,000 төгрөгийн орлого орсон дансны хуулга, хх-10 тал 5025669524 тоот данснаас Ё.Мөнгөнтулгын 5057108026 тоот данс руу 13,100,000 төгрөгийн орлого орсон дансны хуулга, хх- 32-34 тал 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20,000,000 төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ,
Хариуцагчаас: Баянгол дүүргийн 14-р хороонд оршин суух тодорхойлолт хх-17, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа хх-18, хариу тайлбар хх-19, хх-36 тал 5025669524 тоот данснаас Ё.Мөнгөнтулгын 5057108026 тоот данс руу 10,000,000 төгрөгийн орлого орсон дансны хуулга, хх-37 тал 5025669524 тоот данснаас Ё.Мөнгөнтулгын 5057108026 тоот данс руу 13,100,000 төгрөгийн орлого орсон дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Мөнгөнтулгын нэхэмжлэлээс 1,005,000 төгрөгийг хангаж, 250,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг Б.Хулангийн данс руу шилжүүлэн байранд нь амьдарсан, Б.Хулангаас 23,100,000 төгрөг буцаан авсан, 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг үндэслэн алдангийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд тооцон алданги 1,105,000 төгрөг, хүү 150,000 төгрөг, нийт 1,255,000 төгрөг гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлсон.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад болон шүүх хуралдаанд ...үнийн дүн өөрчлөгдөөгүй, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг үндэслэн алдангийг тооцсон гэж тодруулсан,
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл, энэ гэрээгээр мөнгө шилжүүлээгүй, уг гэрээгээр шаардах эрхгүй, хүү алданги төлөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын маргааны зүйл нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1305 дугаар бүхий Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл, энэ өдөр 13,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй тул зээлийн гэрээг байгуулсанд тооцох, алданги, хүү шаардах эрхтэй талаар маргаж байна.
Харин талууд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн болон орон сууц хөлслөх гэрээ, эд хөрөнгө хөлслөсөн байдал, Ч.Мөнгөнтулгаас 23,000,000 төгрөг зээлдүүлсэн, Б.Хулан 23,100,000 төгрөг буцаан өгсөн, орон сууц хөлслөх гэрээ болон эзэмшил, ашиглалтын талаар маргаагүй, шаардлага гаргаагүй болно.
Зохигчийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг зээлдүүлэх гэрээг бичгээр, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг зээлдүүлэх гэрээг амаар байгуулсан байх тул талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлдүүлэгч 23,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүргээ биелүүлсэн,
-хариуцагч 23,000,000 төгрөгийг зээлж авсан, зээлийн хүүнд орон сууцаа хөлслүүлэх, алданги төлөх хариу үүрэг хүлээсэн боловч үндсэн зээлийг төлөх үүргээ биелүүлсэн, хүүнд тохиролцсон ёсоор орон сууцаа хөлслөх үүргээ биелүүлсэн, харин гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Харин 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1305 дугаар бүхий Зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Хуульд заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул энэ гэрээгээр хүү, алданги шаардах эрхгүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар .Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.
-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний 3.7-д зааснаар алдангийг 2023 оны 01-р сарын 01-нээс 18-ны өдрийг хүртэлх 18 хоногоор тооцож 1,105,000 төгрөг нэхэмжилж байна гэж тодруулсныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, хэмжээнд тооцох нь талуудын зарчимд нийцнэ.
Түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний 3.6-д зааснаар талууд хүү тохиролцсон боловч хүүг орон сууцны хөлсөнд тооцохоор харилцан тохирцсон тул хүү шаардах эрхгүй, хариуцагчийн үндсэн зээлээс илүү төлсөн 100,000 төгрөгийг алданги 1,105,000 төгрөгөөс хасч үлдэх 1,005,000 төгрөгийг хариуцагч Б.Хулангаас гаргаж, үлдэх 250,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч ...2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 13,000,000 төгрөг шилжүүлсэн, хүү, алданги нэхэмжлэсэн үндэслэлээ,
-хариуцагч ... хүү, алданги төлөхгүй гэх татгалзаж, маргах боловч зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж хүү, алданги шаардах эрхтэй, нэхэмжлэгч хариуцагчид 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр мөнгийг шилжүүлсэн гэсэн байдал тогтоогдохгүй байна.
Харин хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 13,000,000 төгрөгийг төлөөгүйг нотлох зорилготой байжээ.
Иймд нэхэмжлэгч Ё.Мөнгөнтулга 2 удаагийн шилжүүлгээр нийт 23,000,000 төгрөг хариуцагч Б.Хуланд зээлдүүлсэн буюу шилжүүлсэн, хариуцагч 2 удаагийн үйлдлээр 23,100,000 төгрөг буцаан төлсөн, талууд зээлийн хүүд орон сууцыг хөлслөсөн, төлөх хүүгийн төлбөргүй, 18 хоногийн алданги 1,105,000 төгрөгөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн илүү төлсөн 100,000 төгрөгийг хасч 1,005,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэлээс заримийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,670 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Хулангаас 1,005,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Мөнгөнтулгад олгож, үлдэх 250,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хулангаас 28,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН