| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Гэрэлт-од |
| Хэргийн индекс | 135/2015/0337/И |
| Дугаар | 135/ШШ2015/00407 |
| Огноо | 2015-04-30 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2015/00407
| 2015 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 135/ШШ2015/00407 | *******-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/0337/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, *******, Өөрийн байранд оршин байх *******-Уул аймгийн Татварын хэлтэс /утас: 7037*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, *******, 1в байр 99 тоотод оршин байх 543 регистрийн дугаартай “Эрдэнэ констракшн” ХХК /захирал Цагаанборжигон овгийн Оросоогийн ,*******/-д холбогдох
“38,181,758 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-Уул аймгийн татварын хэлтэст татварын байцаагч ажилтай *******, хариуцагч “Эрдэнэконстракшн” ХХК-ийн захирал Цагаанборжигон овгийн Оросоогийн , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-Уул аймгийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “Эрдэнэ констракшн” ХХК нь улсын бүртгэлийн 1008 татвар төлөгчийн дугаар авч 543 тоот регистрийн дугаартайгаар 2003 онд барилгын материал, техник, сантехник, халаалт, ус түгээх төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.
Тус компанид 2014 оны 5 дугаар сард хяналт шалгалтаар орж акт тогтоосон. Мөн 2013 оны тайлангаар ногдуулсан өрийг барагдуулаагүй. Үүнээс одоо болтол төлөөгүй НӨАТ-ын өр болох 29,777,382 төгрөг, тайлангаар ногдуулсан урьд оны өр 4,645,223 төгрөг нийт НӨАТ-ын өр 34,422,605 төгрөг, хүү торгуулийн өр 3,067,070 төгрөг, ААНОАТ-ын урьд оны өрийн үлдэгдэл 94,383 төгрөг, ХХОАТ-ын урьд орны өр 597,700 төгрөг тус тус байна.
“Эрдэнэконстракшн”-ийн захирал *******-Уул аймгийн татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Гомдлыг маргаан таслах зөвлөл хэлэлцээд акт нь хуулийн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан. нь маргаан таслах зөвлөлийн хуралд оролцоогүй юм. Маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй юм. Иймд улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
“Эрдэнэконстракшн” ХХК-ийн 2009-2013 оны баримтуудад хяналт шалгалт хийсэн. Үүнээс 2011 онд 1,636,636 төгрөг, 2012 онд 296,410,185 төгрөгийг борлуулалтын орлогод тооцоогүй байсан. Нийт 297,773,820 төгрөгийг НӨАТ-ын орлогод тооцоогүй зөрчил гарсан. Энэ нь татварын албанаас олгогдсон НӨАТ-ын дугаар бүхий баримтыг “Донж хацу” ХХК-д бичиж өгснөөр нотлогддог. Хяналт шалгалтын явцад “би “Донж хацу” ХХК-ийн нягтлан бодогчоор татварын тайлангаа гаргуулсан. Тэр хүн залилангаар манай баримтыг ашигласан байна” гэж тайлбарладаг.
Татварын алба “Эрдэнэконстракшн” ХХК-ийн өмнөөс “Донж Хацу” ХХК-иас мөнгө нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй ба татварын албанаас НӨАТ-тай холбоотой үүрэг, хариуцлагыг хүлээж авсан нэгдсэн дугаар бүхий баримтыг бусдад ашиглуулах боломж олгосон “Эрдэнэконстракшн” ХХК нь татварын үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.
Иймд “38,181,758 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ... гэв
Хариуцагч “Эрдэнэконстракшн” ХХК-ийн захирал О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 94,383 төгрөг, 2013 оны 597,700 төгрөг, 2013 оны тайлангаар ноогдуулсан 4,645,223 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин НӨАТ-аар оногдуулсан 29,777,382 төгрөг, хүү торгууль 3,067,070 төгрөгийг маргаантай байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би “Донж хацу” ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэж байсан ба тус компани манай нэр дээр НӨАТ бичиж энэ өрийг үүсгэсэн. Манай компанид нягтлан бодогч байхгүй байсан учир “Донж Хацу” ХХК-ийн нягтлан бодогчийг тайлан гаргаад өг гэж гуйсан юм. “Донж Хацу” ХХК-ийн захирал баримт бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч зохицуулж өгнө гэж хэлж байсан боловч барилгын ажил эхлээгүй мөнгөгүй байна гэсэн. Иймд “Донж Хацу” ХХК-тай учраа олоод татварын мөнгийг өгөх арга хэмжээ авна ... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-Уул аймгийн татварын хэлтэс нь “Эрдэнэконстракшин” ХХК-д холбогдуулан татварын улсын байцаагчийн 2014 оны 6-р сарын 25-ны өдрийн 8737 тоот актаар ногдуулсан НӨАТ-ын өр 29,777,382 төгрөг, түүний хүү торгууль 3,067,070 төгрөг, 2013 оны тайлангаар ногдуулсан өр 4,645,223 төгрөг, ААНОАТ-ын өрийн үлдэгдэл 94,383 төгрөг, ХХОАТ-ын өр 597,700 төгрөг нийт 38,181,758 төгрөгийн татварын өр гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Эрдэнэконстракшн” ХХК-ийн захирал О. 2013 оны тайлангаар ногдуулсан өр 4,645,223 төгрөг, ААНОАТ-ын өрийн үлдэгдэл 94,383 төгрөг, ХХОАТ-ын өр 597,700 төгрөг нийт 5,337,306 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2014 оны 6-р сарын 25-ны өдрийн 8737 тоот актаар ногдуулсан НӨАТ-ын өр 29,777,382 төгрөг, түүний хүү торгууль 3,067,070 төгрөгийг маргаантай байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй, ... “Донж Хацу” ХХК-тай учраа олоод татварын мөнгийг өгөх арга хэмжээ авна ... гэжээ.
2014 оны 6-р сарын 25-ны өдрийн 8737 тоот актаар ногдуулсан НӨАТ-ын өр 29,777,382 төгрөг, түүний хүү торгууль 3,067,070 төгрөгийн өрийн тухайд “Эрдэнэконстракшин” ХХК 8737 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар *******-Уул аймгийн татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Маргаан таслах зөвлөл 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гомдлыг хэлэлцээд нөхөн татвар, хүү торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
“Эрдэнэконстракшн” ХХК нь уг компаний нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “Донж хацу” ХХК ашигласнаас дээрх өр үүссэн, “Донж Хацу” ХХК-тай учраа олоод татварын мөнгийг өгөх арга хэмжээ авна гэж тайлбарласан боловч хариуцагч “Эрдэнэконстракшн” ХХК нь маргаан таслах зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоолыг эс зөвшөөрсөн талаар ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, дээд шатны маргаан таслах зөвлөл болон шүүхэд хандаагүй, энэ талаар баримт ирүүлээгүй байх тул уг актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.6-д ... “анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн зөвшөөрсөн, шалгаж хүлээж авсан ажилтан хариуцна” гэж заасан тул татварын албанаас олгогдсон үнэт цаас болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бусдад ашиглуулсан, ашиглах боломж олгосон нь уг этгээдийг албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэв.
*******-Уул аймгийн татварын хэлтэс өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулах, дансыг нь хаах, хөрөнгийн лавлагаа авах зэрэг шат дараалсан арга хэмжээ авсан боловч “Эрдэнэконстракшн” ХХК дээрхи өрийг төлөөгүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17-р зүйлд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх, нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулж, татварыг нь нөхөн төлүүлнэ” гэж заасан тул дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч “Эрдэнэконстракшн” ХХК нь 2014 оноос өмнө буюу 2013 оны тайлангаар ногдуулсан өр 4,645,223 төгрөг, ААНОАТ-ын өрийн үлдэгдэл 94,383 төгрөг, ХХОАТ-ын өр 597,700 төгрөг нийт 5,337,306 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй тул 5,337,306 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17-р зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсэгт зааснаар “Эрдэнэконстракшн” ХХК-иас 38,181,758 төгрөг гаргуулан *******-Уул аймгийн татварын хэлтэст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Эрдэнэконстракшн” ХХК нь нийт 38,181,758 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны тайлангаар ногдуулсан өр 4,645,223 төгрөг, ААНОАТ-ын өрийн үлдэгдэл 94,383 төгрөг, ХХОАТ-ын өр 597,700 төгрөг нийт 5,337,306 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хариуцагч “Эрдэнэконстракшн” ХХК 5,337,306 төгрөгт холбогдох хэсэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас 348,858 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД