| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2023/00910/И |
| Дугаар | 184/ШШ2023/01223 |
| Огноо | 2023-03-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2023/01223
| 2023 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 184/ШШ2023/01223 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрин хороолол Эрин эврист интернэшнл сургуулийн өөрийн байранд байрлах Эрин эврист интернэшнл ХХК /рд:8312826/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 5-51 байрны 8 тоот хаягт оршин суух Хөх рааш овогт Эрдэнийн Сандагдорж /РД:ХБ83123139/
Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын гэрээний үүрэгт 5,099,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2023 оны 02р сарын 01ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Сайнбат, О.Батмягмармаа, хариуцагч Э.Сандагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Эрин эврист интернэшнл ХХК нь Э.Сандагдоржд холбогдуулан Сургалтын гэрээний үүрэгт 5,099,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Нийслэлийн ерөнхий боловсролын Эрин эверест интернэшнл сургуульд С.Пүрэвбат нь 2019-2022 онд суралцсан. Тус хугацаанд нь С.Пүрэвбатын эцэг Э.Сандагдоржтой тухай бүр гэрээ байгуулан суралцуулж байсан. Суралцагчийн асран хамгаалагчтай байгуулсан гэрээний дагуу жилийн төлбөрийг 4,900,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд анхны элсэгчийн 10%, хүсэлт гаргасны дагуу 20%, нийт 30 хувийн хөнгөлөлтийг, 2020-2021 оны хичээлийн жилд анхны элсэгчийн 10%, ковидын үеийн хөнгөлөлт 5%, нийт 15 хувийн хөнгөлөлтийг, 2021-2022 оны хичээлийн жилд анхны элсэгийн 10%-ийн хөнгөлөлтийг тус тус үзүүлж төлбөл зохих сургалтын төлбөр нийт 12,127,500 төгрөг болсон. Э.Сандагдорж нь 2019 оны 07 сарын 04-өөс 2022 оны 01 сарын 17-ны өдрийн хооронд 7,028,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш төлбөрөө төлөх талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл үлдэгдэл 5,099,500 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагч Э.Сандагдоржоос сурагч С.Пүрэвбатын 2021, 2022 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 5,099,500 төгрөгийг гаргуулж Эрин эверест интернэшнл НҮТББ-д олгож өгнө үү гэв.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Эрин эверест интернэшнл сургууль НҮТББ-иас хариуцагч Э.Сандагдорж надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг гардан аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Эрин эверест интернэшнл сургууль НҮТББ нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний хүү С.Пүрэвбатын сургалтын төлбөр гэж 5,099,050 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Миний хувьд Эрин эверест интернэйнл сургууль НҮТББ нь сургалтын гэрээ, Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байтаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие өөрийн хүү С.Пүрэвбатыг төлбөртэй хувийн сургууль болох Эрин эверест интернэйнл сургуульд сургах болсон шалтгаан нь тус сургууль ерөнхий боловсролын ердийн сургуулиас илүү чанартай боловсрол олгоно гэж надад итгүүлсэн тул өөрийн хүүгээ сургахаар бүртгүүлсэн.
Түүнчлэн тус сургууль нь ерөнхий боловсролын сургуулийн үндэсний цөм хөтөлбөрийг 30 хувиар илүү баяжуулсан хичээл орох, бүх төрлийн секц, дугуйлан, клубт хүүхдүүдийг хамруулж бие бялдрын хувьд онцгой анхаарах гэх мэт зүйлсийг надад танилцуулж байсан.
Энэ талаар сургалтын гэрээнд маш тодорхой заасан байдаг. Тухайлбал Сургалтын гэрээний .
4.2.3 Үндсэн сургалтын зэрэгцээ сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх сонгон, дугуйлан, секц, клуб зэргийг тэдний хүсэл сонирхлыг харгалзан хичээллүүлэх үүрэгтэй;
4.2.4 Сургууль нь сурагчид эцэг эхэд сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлалын ухаан, сургалтын арга зүй, арга барил, шинэ технологийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх үүрэгтэй;
4.2.5 Сургууль нь сурагчийн сурлага, хүмүүжил,төлөвшил, хөгжил, эрүүл мэндийн талаар дүн мэдээ өгөх үүрэгтэй;
4.2.7 Үндэсний цөм хөтөлбөрийг 30 хувиар баяжуулан сургалт, үйл ажиллагааг чанартай зохион байгуулах;гэж тус тус заасан.
Гэтэл тус сургууль нь багш, хүний нөөц маш муутай, багш нар нь байн байн солигдож байсны зэрэгцээ ямар ч дугуйлан, сонгон, секц, клубийн үйл ажиллагаа явагдаагүй. Аливаа хувийн сургууль нь хүүхдийн мэргэших чиглэлээр математик, гадаад хэлний сонгон, хөлбөмбөг, сагс нь бөмбөг, бадминтон, ширээний теннис, агаарын теннис гэх мэт секц, дугуйлан хичлээллүүлдэг, үүгээрээ улсын сургуулиас ялгардаг боловч нэхэмжлэгч Эрин эверест интернэйнл сургуулийн хувьд мэргэших чиглэлээр ямар нэг сонгон, дугуйлан секц хичээллүүлдэггүй байсан.
Тус сургуулийн үйл ажиллагаа чанаргүй болж, хүүхдүүдийн хичээл завсардаж байсан тул сургуулийн эцэг эхчүүд удаа дараа сургуулийн захиргаанд санал, шаардлага хүргүүлж, олон нийтийн телевиз хүртэл дуудаж байсан болно. Эрин эверест интернэйшнл сургуулийн хичээл чанаргүй, заах багш байхгүй улмаас хүүхдүүдийн сургалт өөр бусад сургуулийн хүүхдүүдээс илтэд хоцрох болж, миний бие арга буюу хүүхдээ хичээлийн хоцрогдол арилгадаг сургалтад сургуулиас гадуур бүтэн 1 жил шахам явуулж, уг сургалтын төлбөрт нийтдээ 8-9 сая орчим төгрөг төлсөн. Хэрэв Эрин эверест интернэйшнл сургууль гэрээний үүргээ гүйцэтгэж хичээлийг чанартай сайн зааж байсан бол миний бие тэгж нэмэлт зардал гаргахгүй байх байсан. Сургалтын гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаардаг бөгөөд уг хуулийн 343.2-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэснээр шаардах эрх үүсэх ба гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй бол ажлын хөлс шаардах эрхгүй. Мөн хувийн сургууль нь эцэг эхчүүдээс авдаг сургалтын төлбөрөөс гадна Улсын төсвөөс хувьсах зардал нэрээр их хэмжээний төлбөр авдаг. Энэхүү төлбөр нь уг сургуулийн гаргасан зардлыг хангалттай нөхнө гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Эрин эверест интернэйшнл сургууль нь сургалтын гэрээгээр тохирсон ажлаа гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3.Хариуцагч Э.Сандагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Нэхэмжлэгч сургуулийг хөтөлбөрт заасан сургалтаа сурагчид буюу миний хүүхдэд бүрэн авч чадаагүй. Тухайн үеийн 18 сурагчаас 2 сурагч л үлдсэн. Үлдсэн нь бүгд шилжин өөр сургуульд явсан. Энэ хугацаанд 3 удаа ангийн багшаа сольсон. Сургалтын чанаргүй байдал болон маш олон хүүхдийн эрх ашиг яригдаж байна. Би 2008 оноос хойш компанийн захирлаар ажиллаж байна. Би мөнгөгүйдээ төлбөрийг төлөхгүй гэж байгаа биш. Би хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрөөс мөнгө харамлахгүй. Энэ хугацаанд олон ч хувийн сургуульд суралцаж байсан. Үнэхээр л сургалт авч байсан бол би төлбөрөө төлөхгүй гэж ингэж маргаан гаргахгүй. Манай хүүхдүүд бүгд хувийн сургуульд сурч боловсордог. Хэн нь хаанаас ямар хэмжээний боловсрол авч байгааг би мэднэ. Миний хүүхэд сурч байх үед 6 удаа захирал солигдсон. Их луйврын ажиллагаа хийгддэг. Нэг баримт гаргуулах гэж би 2 удаа шүүх хурлыг хойшлуулсан олж авч чадаагүй гэв.
4.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс /хх 7-8 хуудас/ 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №07-19г Эрин эврист интернэшнл сургуулийн суралцагчийн эцэг, эх (асран хамгаалгач)-тэй байгуулах 2019 оноос 2020 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ, /хх 9-10 хуудас/ 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн № er/149/21 Эрин эврист интернэшнл сургуулийн суралцагчийн эцэг, эх (асран хамгаалгач)-тэй байгуулах 2021 оноос 2022 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ, түүний хавсралт, /хх 23 хуудас/ Юниверсал сургалтын төвийн тодорхойлолт, /хх 30-36 хуудас/ хариуцагч Э.Сандагдоржийн Хаан банкны 5059111117 дугаартай дансны хуулга, /хх 37 хуудас/ С.Эрдэнэбилэгийн Сая хүүхэд сургалтын төвд суралцаж байгаа тодорхойлолт, /хх 45 хуудас/ С.Пүрэвбатын 2021 оноос 2022 оны хичээлийн жилийн эцсийн дүн, /хх 46 хуудас/ С.Пүрэвбатын 2021 оноос 2022 оны хичээлийн жилийн анги дэвших шалгалтын дүн, /хх 47 хуудас/ С.Эрдэнэбилэгийн хоцрогдол арилгаж байгаа талаарх сургалтын төвийн тодорхойлолт, /хх 48-49 хуудас/ С.Эрдэнэбилэг, С.Пүрэвбат нарын шилжих хүсэлт, /хх 50 хуудас/ 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 36/21 дугаартай Сургалтын төлбөр хөнгөлөх захирлын тушаал, /хх 51-53 хуудас/ 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №СГ64/20 Эрин эврист интернэшнл сургуулийн суралцагчийн эцэг, эх (асран хамгаалгач)-тэй байгуулах 2020 оноос 2021 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ, /хх 54 хуудас/ Сурагчийн төлбөрийн тооцооны хуудас, /хх 62-80 хуудас/ С.Пүрэвбатын 2019-2020 он, 2020-2021 оны дүнгийн хүснэгт, шалгалтын материал, /хх 81-89 хуудас/ 2019-2020 он, 2020-2021, 2021-2022 оны Сурагчийн төлбөрийн тооцооны хуудас, дансны хуулгын хамт, /хх 91-169 хуудас/ Эрин эврист интернэйшнл Сургуулийн 2020 оны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, Анги удирдсан багшийн дэвтэр
С.Пүрэвбатын дүнгийн нэгтгэл, Түрээсийн гэрээ /хавтаст хэргийн 5-8 дахь тал/, хариуцагчаас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ дугаартай Түрээсийн гэрээ, тооцоололын баримт, ажлын хуудас /хавтаст хэргийн 17-20, 21, 22-73 дахь тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.
5.Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар /хх 48-49 хуудас/ С.Эрдэнэбилэг, С.Пүрэвбат нарын шилжих хүсэлт, /хх 50 хуудас/ 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 36/21 дугаартай Сургалтын төлбөр хөнгөлөх захирлын тушаал, /хх 51-53 хуудас/ 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №СГ64/20 Эрин эврист интернэшнл сургуулийн суралцагчийн эцэг, эх (асран хамгаалгач)-тэй байгуулах 2020 оноос 2021 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ, /хх 54 хуудас/ Сурагчийн төлбөрийн тооцооны хуудас, /хх 62-80 хуудас/ С.Пүрэвбатын 2019-2020 он, 2020-2021 оны дүнгийн хүснэгт, шалгалтын материал, /хх 81-89 хуудас/ 2019-2020 он, 2020-2021, 2021-2022 оны Сурагчийн төлбөрийн тооцооны хуудас, дансны хуулгын хамт, /хх 91-169 хуудас/ Эрин эврист интернэйшнл Сургуулийн 2020 оны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, Анги удирдсан багшийн дэвтэр зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
Талуудын тайлбар, хүсэлтээр Эрин эврист интернэйшнл Сургуулийн 2020 оны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр 1ш, Анги удирдсан багшийн дэвтэр 13 ш, сурагч С.Пүрэвбатын хичээлийн 16 ш дэвтэрт үзлэгийг шүүх хуралдааны үед гүйцэтгэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эрин эверест интернешнл НҮТББ-ын нэхэмжлэлээс 3,189,500 төгрөгийг хангаж, 1,910,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... 2020, 2021 оны сургалтын үлдэгдэл төлбөрийг гаргуулна, сургалт чанаргүй байсан бол гэрээг явцад нь цуцлах эрхтэй байсан гэсэн агуулгаар тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... сургууль сургалтын гэрээнд заасны дагуу сургалтаа чанартай явуулаагүй, тийм боломж нөхцөлгүй, сургалтын хоцрогдлыг нь арилгах гэж 2021-2022 нэмэлт зардал гаргасан гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын маргааны зүйл нь 2021, 2022 оны сургалтын төлбөр, үлдэгдэл, сургуулийн захирал удирдлага, багш хүрэлцээгүй байдал, сургалтын чанар, сургалтын чанар сургалтын төлбөртэй нийцэхүйц эсэх, сурагчийн дүн, дэвших шалтгалтын дүн, олон сурагчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн зэрэгт маргаж байна.
Харин талууд ... тусгай зөвшөөрөл, сургуулийн захирал, багш солигдсон, С.Пүрэвбат 2019, 2020, 2021 оны хичээлийн жилд тус сургуульд суралцсан, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, холбогдох тушаал, 2019 оноос 2020 оны сургалтын төлбөр төлөгдсөн, үлдэгдэлгүй зэрэгт маргаагүй байна.
Зохигчийн хооронд 2019, 2020, 2021 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ байгуулагдсан байна. Талуудын хооронд байгуулагдсан эдгээр 3 сургалтын гэрээгээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн буюу нэхэмжлэгч буюу ажиллагч тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн бол тохирсон хөлсийг ажиллуулагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч сургууль буюу ажиллагч Эрин эверест интернэшнл НҮТББ нь сургалтын үйлчилгээг хариуцагч Э.Сандагдорж /С.Пүрэвбат/-д гүйцэтгэсэн, үзүүлсэн бол Иргэний хуульд зааснаар хөлсөөр ажиллах гэрээнд заасан чанартай үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүргээс 2019, 2020, 2021 оны хичээлийн жилийн сургалтын үйлчилгээ, зохих хэмжээнд үзүүлсэн, сургалтын чанар хангалтгүй байна.
Хэрэгт авагдсан баримт, сурагчийн 2021-2022 оны хичээлийн жилд орсон хичээлийн дэвтэр, багшийн журнал, хяналт шалгалт орсон байдал, С.Пүрэвбатын нэмэлт сургалтын үйлчилгээ авсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг энэ хичээлийн жилийн сургалтын үйлчилгээг чанартай үзүүлсэн, гэрээний 4.2.1-д заасан Үндэсний болон сургуулийнхаа эрхэм зорилго, бодлого чиглэлд нийцсэн сургалтын хөтөлбөр, агуулга, төлөвлөгөөг чанартай биелүүлэх үүргийг хангалтттай үзүүлээгүй, үйлчлээгүй гэж шүүх үзлээ. Иймд үйлчилгээнд тохирсон хөлсийг буюу 2021 оноос 2022 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,910,000 төгрөг гаргуулах хэсгийг хариуцагчаас шаардах эрхгүй.
Хариуцагч Э.Сандагдорж 2020 оны хичээлийн жилийн сургалтын үйлчилгээг авч өөрийн хүү, сурагч С.Пүрэвбатыг суралцуулсан, 2020 оноос 2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 3,189,500 төгрөгийн хөлс төлөх хариу үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч энэ хэсгийг шаардах эрхтэй.
Хариуцагч Э.Сандагдорж сургуулийн сургалтын чанар хангалтгүйгээс хүү С.Пүрэвбатын хичээлийн хоцрогдлыг арилгахын тул Универсал сургалтын төвөөс 2022 оны 06-р сарын 17-ны өдрөөс 10-р сарын 20-ны өдөр хүртэл Англи хэлний анхан, дунд болон ахисан дунд шатны төлбөртэй үйлчилгээ авсан, зардал гаргасан байна. Хэдий энэхүү байгууллагаас ирүүлсэн 2 тодорхойлолт зөрүүтэй хэдий ч С.Пүрэвбатанд зарцуулсан зардал, хүү С.Эрдэнэбилэгийн сурлага, хоцрогдол арилгах, түвшин ахиулах сургалтанд зардал гаргасан нь энэхүү маргаанд хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хасах, сургалтын төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Зохигч сургуулийн сургалтын чанарын талаар маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сурагчийн элсэх үеийн, явцын, шилжих үеийн хичээлийн түвшин тогтоох үйл ажиллагаа, явц, чанар байдлын талаарх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж нэхэмжлэгч сургалтыг чанартай явуулсан, гэрээний 4-д заасан үүргээ биелүүлсэн гэсэн байдал тогтоогдохгүй байна.
Хариуцагч Э.Сандагдорж нь сургалтын чанар муу, гэрээний 4-т заасан үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгсөн, цуглуулах үүргээ биелүүлсэн, тэрээр уг татгалзлаа нотлохоор сурагчийн хичээлийн дэвтэр, бусад сургалт авсан байдал зэргийг нотлосон, сургуулийн сургалтын чанар муу, гэрээний 4-т заасан үүргээ биелүүлээгүй гэсэн байдал тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Үзлэгээр
Дээрх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, шүүхээс хийсэн үзлэг зэргээс дүгнэхэд талууд 2019-2020 сургалтын төлбөр, тооцоо төлөгдсөн, үлдэгдэлгүй. Харин 2020-2021 оны сургалтын төлбөр 3,189,500 төгрөгийн үлдэгдэлтэй, нэг талын санаачлагаар гэрээг цуцлаагүйгээс үзэхэд энэ төлбөрийг гаргуулах нь зүйтэй, харин 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 1,910,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд сурагч С.Пүрэвбатын хичээлийн дэвтэр, хэрэгт авагдсан бусад баримтаас үзэхэд 1,2 улирлын хичээл орсон, төлбөр төлөгдсөн, сургууль сургалтыг явуулсан ба 3 дугаар улирлын хичээл сургалтыг чанартай явуулсан хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй, сургалтын чанар байдлаас шалтгаалан төлөөгүй, Сургууль гэрээний 4.2.1, 4.2.3-д заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 3-р улирлын сургалтын төлбөр, үлдэгдэл 1,910,000 төгрөгийг хариуцагч Сандагдоржоос гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар ногдох хэсгийг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Сандагдоржоос 3,189,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эрин эверест интернешнл НҮТББ-д олгож, үлдэх 1,910,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,542 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 65,982 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН