Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2015/00025

 

2014.12.30


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2014/0413/И

Сум дундын 7 дугаар  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, *******, Өөрийн байранд оршин байх ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******, ******* *******од оршин байх “Жи Эн Би Эн” ХХК /Захирал Баярсайханы Ганзориг,*******-д холбогдох 

“16,760,700 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* татвар хураалтын хэлтсийн дарга ажилтай , Татварын улсын ахлах байцаагч ажилтай , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтох нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “Жи Эн Би Эн” ХХК нь улсын бүртгэлийн 63 татвар төлөгчийн дугаар авч 01 тоот регистрийн дугаартай 2012 онд төрөлжсөн бус барааны бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.
Тус компаний 2013 оны 11,12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 17,322,300 төгрөгийн ногдолтой тайлан цахимаар явуулсан байна. Дээрхи өрийг барагдуулахын тулд Татварын ерөнхий хуулийн 63,64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулах, дансыг нь хаах хөрөнгийн лавлагаа авах зэрэг шат дараалсан арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд тайлангаар ногдуулсан 16,760,700 төгрөгийн өрийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Силикон стийл” ХХК-д холбогдох 172 сая төгрөгний НӨАТ-ын падаан байгаа ба энэхүү компани нь худалдах худалдан авах гэрээгээр тухайн худалдан авалтын үнийн дүнгээс татварын буцаалтаар хасалт хийгдэж үлдэгдэл 16,760,000 төгрөгийг Жи Эн Би Эн ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байгаа. 2013 оны 4 дүгээр улиралд тайлан авахдаа тухайн ХХК-д цахимаар мэдэгдэж тухайн компаний ийм үнийн дүнтэй падаан байнаа танайх тайлангаа засварлах эсвэл хуулийн байгууллагаар шалгуулах уу гэсэн санал тавихад ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй бөгөөд хуулийн байгууллагаар ч шалгуулалгүй хүлээн зөвшөөрсөн. ТЕГазраас тухайн үед миний нэр дээр албан бичиг ирснийг “Жи Эн Би Эн” ХХК-д танилцуулж тайлбарлахад хүлээн зөвшөөрсөн. Тухайн үедээ шалгуулъя гэсэн хүсэлт гаргасан бол дараагийн шатны арга хэмжээг манай байгууллагын зүгээс авах байсан. 17,495,800 төгрөгийн татварын өртэй байсан, үүнээс татвар төлөгч 677,800 мянгыг дансаар төлсөн байгаа. Тухайн үлдэгдлээ дараа сарын 10-ны өдөр төлөөгүй бол өр гэж үздэг бөгөөд төлөгдөхгүй байгаа тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлдэг. Иймд 16,760,700 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн татварын улсын байцаагч үүргийнхээ дагуу тухайн байгууллагад зөвлөгөө зөвлөмжийг өгдөг бөгөөд үүнийг тухайн байгууллагад өгсөн байдаг. Мөн татварын ерөнхий газраас олгосон үнэт цаас нь үнэт цаас боловч тухайн үнэт цаасан дээр хийсэн бичилтийг татвар төлөгч байгууллага үнэн зөв тайлагнах үүрэг хүлээдэг байгаа. Тухайн үнэт цаасны бичилтийг 04 сард хийсэн байдаг бөгөөд энэ нь урд оны 12 дугаар сард манай ноогдуулалтаар орсон байдаг. Хуурамч бичилт хийснийг нь улсын мөрдөн байцаах албанаас тогтоосон байдаг. Иймээс 16,760,600 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч “Жи Эн Би Эн” ХХК-ий захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Татварын алба нь манай компаний 2013 оны 11,12-р сарын НӨАТ тайланд мэдүүлж гаргаж өгсөн тайланг үзээд тайланд хавсаргасан “Силикон стийл” ХХК-ий 2013 оны 4-р сарын 01-ний өдрийн 0013412038 тоотын НӨАТ-ын падаан, мөн тус өдрийн 0013412034 тоотын НӨАТ-ын падааныг хуурамч гэж үзээд 16,760,700 төгрөгийн өрийг тавьсан.
2013 онд манай компани “Силикон стийл” ХХК-тай бараа бүдээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллласан ба гэрээний дагуу 189,530,000 төгрөгийн худалдан авалт хийгээд уг худалдан авалтандаа НӨАТ-ын падаан бичүүлж авсан. Гэтэл татварын алба уг падааныг хуурамч гэж хэлсэн.
Бид уг падааныг хуурамч гэж мэдээгүй, мэдэх ч боломжгүй. Ийм учраас манай компани дээр тавьсан 16,760,700 төгрөгийн өр манай компанид хамааралгүй, хуурамч падаан өгсөн компанид хамааралтай учир уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

“Жи Эн Би Эн” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай байгууллага “Силикон стийл” ХХКомпанитай 2013 оны 02 дугаар сард гэрээ хийсэн бөгөөд энэхүү падаан хуурамч гэдэг нь 2013 оны 12 сард илэрсэн байгаа. Тайлангаа илгээх хугацаанд буюу хагас жилээр танай падаан хуурамч байна гэсэн мэдээлэл ирээгүй. Иймд бид тухайн нэхэмжилээд байгаа өрийг төлөхгүй гэж үзэж байгаа. Силикон стийл ХХК-иас өгсөн падааныг хуурамч эсэхийг шалгах боломж байгаагүй. Тухайн үед худалдан авалт хийсэн бүтээгдэхүүнээ буцаагаад борлуулсан байгаа ба борлуулалт хийсний 10% төсвөөс олгодог бөгөөд тухайн олгосон урамшууллын НӨАТ төлсөн. Бид 04 сард тайлангаа цахимаар хүргүүлэхэд тухайн үед хуурамч падаан гэдгийг мэдэгдээгүй бөгөөд 10 сард мэдэгдэл ирсэн, бид хуулийн байгууллагаар шалгуулъя гэхэд хуулийн байгууллагаар шалгагдсан байна гэсэн хариу өгсөн. Ингээд бид дараагийн тайлангаа явуулахдаа залруулга хийсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн татварын хэлтэс нь “Жи Эн Би Эн” ХХК-д холбогдуулан 16,760,700 төгрөгийн татварын өр төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Жи Эн Би Эн” ХХК-ий захирал 2013 онд “Силикон стийл” ХХК-тай бараа бүдээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан 189,530,000 төгрөгийн худалдан авалт хийгээд уг худалдан авалтандаа НӨАТ-ын падаан бичүүлж авсан. Гэтэл татварын алба уг падааныг хуурамч байсан учраас “Силикон стийл” ХХК дээрхи өрийг төлөх ёстой гэж маргажээ.

“Жи Эн Би Эн” ХХК нь 2013 оны 12-р сард ******* нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан хүргүүлэн, уг тайландаа “Силикон стийл” ХХК-иас худалдан авсан бараа бүтээгдэхүүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг тусгасан боловч төлөөгүй тул Дархан-Уул аймгийн татварын хэлтсээс дээрхи өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулах, дансыг нь хаах, хөрөнгийн лавлагаа авах зэрэг шат дараалсан арга хэмжээ авсан боловч “Жи Эн Би Эн” ХХК дээрхи өрийг төлөөгүй байна.

“Жи Эн Би Эн” ХХК-ий захирал т татварын өрийг төлөх талаар мэдэгдэх хуудас хүргүүлж, “Жи Эн Би Эн” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан өрнөөсөө 677,800 төгрөгийг татварын албаны дансанд шилжүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3-д … Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй … гэж заасны дагуу “Жи Эн Би Эн” ХХК-иас 16,760,700 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

“Жи Эн Би Эн” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг өөрийн сайн дурын үндсэн дээр гарган өгч “Силикон стийл” ХХК-иас худалдан авсан бараа бүтээгдэхүүнд ногдох татварыг хариуцан төлөхөөр тайландаа тусгасан байх тул “Силикон стийл” ХХК-д төлсөн гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хуурамч эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Зохигчид нэхэмжлэлийн 16,760,700 төгрөгийн шаардлагын хэмжээний талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 
             
ТОГТООХ нь :

1.    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар “16,760,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Жи Эн Би Эн” ХХК-иас  “16,760,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******  олгосугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 241,754 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД