Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 900

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/00875/и

 

**** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын ** дугаар баг, Ухаа хошууны ** тоотод оршин суух, Ц**** овогт Д****гийн Т**** /регистрийн дугаар ****, утас ****/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** аймгийн **** сумын ** дугаар баг, ** дугаар хороолол,** тоотод оршин суух, Б**** дооров овогт В****гийн Б**** /регистрийн дугаар ****, утас ****, ****/,

Хариуцагч: **** аймгийн **** сумын **** дугаар баг, ** дугаар хэсэг, ** тоотод оршин суух, Д** овогт М****гийн А**** /регистрийн дугаар ****, утас ****, ****/ нарт холбогдох

Гэм хорын хохирол 456,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т****, хариуцагч В.Б****, М.А****, иргэдийн төлөөлөгч Т.Г****, нарийн бичгийн дарга  Б.Нямдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т**** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Д.Т**** миний бие нь 2015 оны 07 дугаар сарын 11-ний орой **** сумын ** дугаар баг, ** дугаар байрны гарц дээр Тоёото Ланд 100 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад **** улсын дугаартай тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан В.Б****, **** улсын дугаартай Тоёото кролла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.А**** нарын гаргасан зам тээврийн ослын улмаас **** тоёото марк 2 маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж хохирсон. Миний машинд учирсан хохирлыг үнэлгээний **** ХХК-ий 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай үнэлгээгээр 906,700 төгрөгийн хохирол үнэлэгдсэн. Уг хохирлын 450,000 төгрөгийг В.Б**** 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр надад төлсөн ба үлдэгдэл 456,700 төгрөгийн хохирлыг төлөхгүй М.А****гаас гаргуулж ав гэх тайлбар тавьж төлөхөөс татгалзсан. Миний хувьд В.Б****, М.А**** нарын үйлдлээс болж гарсан зам тээврийн ослын улмаас В.Б****гийн жолоодож явсан **** улсын дугаартай Тоёото марк 2 маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж хохирсон тул албан ёсны үнэлгээний байгууллагаар үнэлүүлж баталгаажсан хохирлын төлөгдөөгүй үлдэгдэл болох 456,700 төгрөгийг хариуцагч В.Б****, М.А**** нараас гаргуулж өгнө үү”гэв.

 

Хариуцагч В.Б**** нь шүүхэд  болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

     “...миний бие нь 2015 оны 07 дугаар сарын 11-ний орой ****  улсын бүртгэлийн дугаартай Тоёото марк 2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ **** улсын дугаартай кролла маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж тэр эрчиндээ **** улсын дугаартай ланд маркийн тээврийн хэрэгслийг мөргөж бага хэмжээний эвдрэл гаргасан ба хохирлоо бүрэн төлж дуусгасан билээ.

Миний бие өөрт ноогдсон 450,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр **** банкинд **** тоот данс эзэмшигч болох Т.Ө****ын дансанд хийж баримтын эх хувийг прокурор Г.Я**** өгсөн. Иймд надад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч М.А**** нь шүүхэд  болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...миний бие 2015 оны 07 дугаар сарын 11-ний орой **** сумын ** дугаар баг, ** дугаар байрны хажуу гарцан дээр зам тээврийн осол гарсан. Миний жолоодож явсан **** улсын дугаартай тоёото маркийн машин нь шулуун замаар буюу хойноосоо урагшаа чиглэлд явж байтал **** дугаартай тоёото марк 2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч В.Б**** нь шулуун замын тээврийн хэрэгслийг өнгөрүүлэхгүй замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хурдтай ирж миний жолоодож явсан машины урдуур орж хүчтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Осол гарах үед нэхэмжлэгч Д.Т**** жолоодож гарцан дээр хүлээж зогссон Тоёото маркийн ланд 100 маркийн **** машиныг мөргөж тухайн машинд хохирол учруулсан.  Уг хохирлыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн В.Б**** бүрэн хариуцах ёстой. А**** миний буруугаас зам тээврийн осол гараагүй бөгөөд иргэн Д.Тулгын машинд миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл огт хүрээгүй тул тухайн машинд учирсан эвдрэл гэмтэл хохирлыг би хариуцан төлөх үндэслэл байхгүй бөгөөд төлбөр төлөхөөс татгалзаж байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т**** нь хариуцагч  М.А****, В.Б**** нараас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 456,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 23 цаг 45 минутын орчим **** сумын ** дугаар багийн ** дугаар байрны гарц нь дээр Т.Марк-2 маркийн **** улсын дугаартай автомашиныг В.Б**** жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.12-д заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн, T.Crolla маркийн **** улсын дугаартай автомашины жолооч М.А**** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зайлшгүй зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Т.Ланд маркийн **** улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-6-8/, **** аймгийн Прокурорын газрыг Прокурорын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 981 дугаартай тогтоол, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1–д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн  510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохиролыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

     **** үнэлгээний газрын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Д.Т****гийн **** улсын дугаартай Тоёото ланд 100 маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ, ослын улмаас гарсан нийт хохирлын хэмжээ 906,700 төгрөг”  гэж тогтоосон /хх-4-5/ ба зохигчид энэ талаар маргаагүй бөгөөд хариуцагч В.Б**** нь хохиролд 450,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т****д өгсөн байна.

Төлөгдөөгүй үлдсэн 456,700 төгрөгийн хохиролыг нэхэмжлэгч Д.Т**** нь В.Б****, М.А**** нараас нэхэмжилжээ.

            Хариуцагч В.Б****, М.А**** нарын хэн хэн нь зам тээврийн осол гарахад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн буруутай байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 456,700 төгрөгийг хувь тэнцүү хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М.А****, В.Б**** нараас тус бүр 228,350 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Т****д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,350 төгрөгийг төрийн сангийн дансад хэвээр үлдээж, хариуцагч М.А****, В.Б**** нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамж 7,175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.АЛТАНТУЯА

 

                                                                                                Ж.ЛХАГВАСҮРЭН