Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1441

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/001700 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Э-ийн хариуцагч Ш.Эад холбогдуулан гаргасан 34 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Этай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2 өрөө байрыг нь барьцаалан 20 000 000 төгрөг 1 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Тэрээр 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зөвхөн хүүгээ төлж байгаад зээлээ дахин 1 жилийн хугацаатайгаар сунгасан юмЭнэ хугацаанд үндсэн зээл болон хүүгээ төлөөгүй. 2017 оны 10 дугаар сарын18-ны өдөр дахин тэрээр тооцоо нийлж, 34 800 000 төгрөгийг төлнө гэж 1 жилийн хугацаа авсан боловч энэ хугацаандаа мөнгөө төлөлгүй хууран мэхэлсэн. Гэрээний хугацаа дуусаад мөнгөө нэхэхэд гэрээгээ сунгъя гэсэн. Энэ хугацаанд надад мөнгө төлөөгүй. Улмаар 2017 он дуусч, мөнгөө нэхэхэд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тооцоо нийлэх гэрээ хийсэн. Хариуцагч гадаад явж байгаа тул н.Цогбаяр нь төлнө гээд дахин 6 сараар гэрээгээ сунгасан. Ингээд үндсэн зээл, зээлийн хүү нийлээд 34 800 000 төгрөг болсон. Удахгүй мөнгөө өгнө гэж хэлдэг. Дахиад 2-3 сар хүлээгээд 2017 оны 10 дугаар сарын 18-нд хариуцагчтай уулзаж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Энэ үед 34 800 000төгрөгийг дахин хүү бодогдохгүйгээр жилийн хугацаа өгөөч гээд, надад баталгаа гаргаж өгсөн. Жилийн хугацаанд төлнө, төлөхгүй бол барьцаа хөрөнгөөрөө шүүхийн журмаар төлнө гэсэн боловч дахин мөнгө төлөөгүй. Хариуцагч нь сүүлийн 2 жил утсаа авахгүй зугтаж байна. Иймд үндсэн зээл 20 000 000, хүү 14 800 000 төгрөг нийт 34 800 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож зэээлийн болон барьцаан гэрээ байгуулсан. Гэтэл Д.Э нь надад зээлэх мөнгө гарахгүй байна гээд надад 20 000 000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар өгөөгүй болно. Харин н.Алтангадас гэдэг хүн миний Хас банкны зээлийн дансанд 12 500 000 төгрөгийг шилжүүлж зээл хааж байсан. Түүнчлэн н.Алтангадас нь хариуцагч миний Хаан банкны 5006493979 тоот дансанд 7 450 000 төгрөгийг надтай цуг байхдаа шилжүүлж өгөөд би хүүгээ урьдчилж авна гээд мөн өдөр нь бэлнээр 5 000 000 төгрөгийг надаас авсан. Гэтэл нэхэмжлэгч нь н.Алтангадас гэдэг хүний өгсөн мөнгө миний мөнгө байсан гэж надаас нэхсээр байгаад 13 800 000 төгрөгийг авсан. Иймд нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авч байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний дагуу мөнгийг дансанд шилжүүлж өгөөгүй. н.Алтангадасын дансанд мөнгө шилжүүлсэн тул н.Алтангадасаас нэхэх нь зүйтэй. н.Алтангадасаар 12 500 000 төгрөгийн зээлээ төлүүлж, мөн дансаар 7 450 000 төгрөг авсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ш.Эаас зээлийн гэрээний үүрэгт нийт 34 750 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 331 700 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 50 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш.Э нь Л.Алтангадасын зээл олгоно гэх зарын дагуу банкны зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх зорилгоор танилцсан. Ингээд Л.Алтангадас нь байнгын зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэх нэхэмжлэгч Д.Этай танилцуулж нэхэмжлэгчийн зүгээс 20 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй хариуцагчид зээлэхээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан боловч мөнгө орж ирээгүй гэх шалтгаанаар 20 000 000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар хариуцагч Ш.Эын эзэмшилд шилжүүлэн өгөөгүй байдаг Харин зээл чөлөөлөх байнгын үйл ажиллагаа эрхэлдэг гэрч Л.Алтангадас нь өөрийн зүгээс хариуцагчийн Хас банкны зээлийн дансанд 12 500 000 төгрөг, Хаан банкны 5006493979 тоот дансанд 7 450 000 төгрөгийг шилжүүлж уг мөнгөнөөс зээл чөлөөлсөний шимтгэл гэж 5 000 000 төгрөгийг бэлнээр хариуцагч Ш.Эаас авсан байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгчийн хариуцагчаас мөнгө шаардахад нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх эсэх, нэхэмжлэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зээлийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх талаар дүгнээгүй. Ш.Э нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Эаас өөрийн өмчлөл, эзэмшилд 20 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, нэхэмжлэгч хариуцагчид мөнгө олгосон талаар нотлож чаддаггүй болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Ш.Эад холбогдуулан үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 14 800 000 төгрөг, нийт 34 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй гэж тайлбарлажээ.

 

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй, зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон гарын үсэг зуржээ. /хх17/

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Ш.Эын саналын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгажээ.

Түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлж, гэрээний төлбөрийг 30 000 000 төгрөг, хугацааг мөн оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгахдаа ногдох хүүг 4 800 000 төгрөг байхаар, нийт төлбөрийг 34 800 000 төгрөг байхаар төлбөр барагдуулах гэрээнд заажээ. Уг гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагч тал маргаагүй.

2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг Л.Алтангадас хүлээн авсан байх мөн бөгөөд энэ талаараа шүүхэд мэдүүлсэн байна. Харин Л.Алтангадас нь уг мөнгөнөөс 12 500 000 төгрөгийг Ш.Эын Хас банк дахь зээлд төлсөн, 7 450 000 төгрөгийг Ш.Эын дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх7/

Хариуцагч нь Л.Алтангадасаас мөнгө авсан, уг зээлийн гэрээний дагуу мөнгө өгөөгүй гэж татгалзлаа тайлбарладаг боловч Л.Алтангадасаас шилжүүлсэн 19 950 000 төгрөг нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу олгогдсон нэхэмжлэгчийн мөнгө байсан талаар тайлбарласан байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд нийт зээлийн хүү сард 798 000 төгрөгийг 31 сарын хугацаагаар тооцоход 24 738 000 төгрөгийн хүү шаардах эрхтэй боловч 14 800 000 төгрөгийн хүү шаардсан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/01700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН