Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/881

 

 

 

 

    2021           10             5                                          2021/ДШМ/881

 

Б.Ч, Б.Ц, С.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

            шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/548 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Пүрэвсүрэнгийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Б.Ч, Б.Ц, С.Н нарт холбогдох 1909039450042 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ын Ч, 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин, механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 869 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн;

2. Э овгийн Б-ийн Ц, 1994 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зенитийн автомат бууны оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1081 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;

3. М овгийн С-ийн Н, 1995 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Монтел төвд гар утасны худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77-1060 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Б.Ч, Б.Ц, С.Н нар нь нэр бүхий иргэдийг Л ХХК, О ХХК зэрэг юмпанид ажилладаг талаар хуурамч баримт бичиг үйлдэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Ю ХХК-иас 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 47.494.000 төгрөгийн үнэ бүхий 17 ширхэг гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр, 24 сарын лизингийн нөхцөлөөр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ч, Б.Ц, С.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бэсүүд овгийн Баатаржавын Ч, Эрдэнэзасаг овгийн Батдэлгэрийн Ц, Маньбадар овгийн Сандагдоржийн Н нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Цд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Н нь шүүхээс тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Б.Чт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Б.Цд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, 2 /хоёр/ жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг, Б.Цэрэндамбын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ч, Б.Ц нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.Нийг шүүхээс тэнссэн хугацаанд, Б.Ч, Б.Ц нарын зорчих эрхийг хязгаарласан хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлд 497.1, 3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Нээс 13.953.300 /арван гурван сая есөн зуун тавин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч У.Мөнхзулд /Юнител ХХК/-д, Б.Ч, Б.Ц нараас 29.839.800 /хорин есөн сая найман зуун гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж 1.933.300 /нэг сая есөн зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийг хохирогч У.Мөнхзулд /Юнител ХХК/-д, 27.906.600 /хорин долоон сая есөн зуун зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч А.Мөнхбатад олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ч, Б.Ц, С.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Пүрэвсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “Шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр... зэргээр тогтоогдсон байна” гэж хуульчилсан нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө шийтгэх тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсон ялтны тухайд хэрэглэхээр зохицуулжээ.

Шүүгдэгч Б.Ц, Б.Ч нар нь хэдийгээр 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд гэмт хэрэг үйлдсэн ч тэдний үйлдсэн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч нарыг ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу өршөөл, уучлал үзүүлж ялаас чөлөөлөх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэмж хэлэх тайлбаргүй. Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

            Шүүгдэгч С.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний нэхэмжлэгч А.Мөнхбатад 966.000 төгрөг төлсөн. Юнител ХХК-д 13.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа удахгүй төлнө” гэв.

            Шүүгдэгч С.Нийн өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлд шүүгдэгч Б.Ц, Б.Ч нартай холбоотойгоор эсэргүүцэл гарсан гэж ойлгосон. Шүүгдэгч С.Нт анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээхдээ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Нт холбогдох хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй байгаа. Шүүгдэгч С.Н үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирол төлбөрийг бодитойгоор нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иргэний нэхэмжлэгч А.Мөнхбатын хохирол төлбөрийг төлсөн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ч, Б.Ц, С.Н нар нь нэр бүхий иргэдийг Линда Трейд ХХК, ОБЭО ХХК зэрэг юмпанид ажилладаг талаар хуурамч баримт бичиг үйлдэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Юнител ХХК-иас 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 47.494.000 төгрөгийн үнэ бүхий 17 ширхэг гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр, 24 сарын лизингийн нөхцөлөөр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч У.Мөнхзулын “2019 оны 8 сарын 13-ны өдөр Б.Ч гэдэг залуу Линда, ОБЭО ХХК-ийн гүйцэтгэх захирал менежер гэж өөрийгөө танилцуулан манай Юнител ХХК-ийн байранд ирж дараа төлбөрийн дугаар авч нөхцөлийн дагуу нийт 17 ширхэг гар утас зээлийн гэрээ байгуулан авсан юм. Анх Б.Ч нь өөрийгөө Линда ХХК-ийн менежер гэж Юнител ХХК-ийн борлуулалтын ажилтан Булгантуяатай хамтран ажиллах гэрээ байгуулан 23 ширхэг дараа төлбөртийн дугаарыг авсан, үүний дараа 2019 оны 8 сарын 14-ний өдөр дахин 4 ширхэг дугаарыг нэмж авсан юм...” /1хх 10-11/,

гэрч Д.Батмөнхийн “...би Юнител ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Сентрал таурын нэг давхарт очсон чинь Б.Ч байсан бөгөөд намайг та өөрийн нэр дээр 3.000.000 төгрөгийн үнэтэй Самсунг эс-10 маркийн гар утсыг урьдчилгаа төлбөргүй, 3 жилийн хугацаатай гэрээ байгуулаад авчих гэсэн, тэгээд би авсан. Тэр үед Б.Ч нь Нараа гэдэг утасны ченж эмэгтэй урьдчилгаа 30%-ийг өгөөд авч өгч байгаа юм аа гэж хэлсэн. Тэр үед Нараа гэдэг утасны ченж эмэгтэй хамт явж байсан ба түүнийг Монтел дээр зогсдог ченж гэж надад хэлсэн. Тэгээд надтай хамт утас авах гэж байгаа 6-7 хүүхдүүдийг аваад бичиг баримтаар нь лизинг хийлгүүлээд шинэ утас авч өгөөд хүүхэд болгон лизинг хийж, гэрээ байгуулсанд нь тус бүр 200.000 төгрөгийг өгсөн. Лизингээр авсан гар утсыг нь аваад Нараа гэдэг ченж эмэгтэй гар утас нэг бүрийг 1.700.000 төгрөгөөр худалдаж авч байгаа гэж хэлсэн. Б.Ч нь Юнител ХХК-аас хувь хүмүүсээр авахуулсан бүх гар утсыг аваад С.Нт өгч заруулсан гэсэн. Харин С.Н нь нэг гар утсыг 1.700.000 төгрөгөөр авч нийт 17 ширхэг гар утсыг авсан гэсэн. Тэгээд зээлийн гэрээ хийсэн хувь хүмүүст тус бүрт нь 200.000 төгрөгийг шагнал болгож өгсөн гэсэн. …” /1хх 15-16/,

гэрч А.Мөнхбатын “...Теди худалдааны төв дээр лангуу түрээслэж байсан Нараа гэдэг эмэгтэй нь одоо Монтел төв дээр лангуу түрээслэж байгаа. Тэр охин 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр над руу залгаад Юнител ХХК-аас компаний нэр дээр гэрээгээр лизингээр гар утас авах гэж байна. Та худалдаж авах уу гэж асуусан. Би тэр үед худалдаж авъя гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нараа үл таних залуутай хамт ирээд Самсунг эс-10 маркийн гар утсыг 1 ширхэгийг 1.350.000 төгрөгөөр тохиролцоод 3 ширхгийг 4.050.000 төгрөгөөр, Самгунг эс-10 плас маркийн гар утсыг 1 ширхэгийг 1.550.000 төгрөгөөр тохиролцоод 3 ширхэгийг 4.650.000 төгрөгөөр нийт 6 ширхэг гар утсыг 8.700.000 төгрөгөөр Нараатай хамт ирсэн үл таних залуугаас худалдаж аваад уг мөнгийг өөрийн хаан банкны 5029098394 дугаарын данснаас үл таних залуугийн өгсөн Хаан банкны 5032718235 дугаарын данс руу 8.700.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Нараа нь над дээр Самсунг эс-10 плас маркийн 2271 имей дугаартай гар утас авчраад та энийг 1.700.000 төгрөгөөр худалдаад авчих гэж хэлсэн. Тэр үед би 1.700.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5029098394 дугаарын данснаас Нараагийн Хаан банкны 5032718235 дугаарын данс руу шилжүүлэн худалдан авсан. Сүүлд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Нараатай хамт ирж байсан үл таних залуу нь дахин над дээр ирээд гар утас авах уу гэж асуусан. Би тэр үед худалдаж авъя гэж хэлээд Самгунс эс-10 маркийн гар утсыг 1 ширхэгийг 1.350.000 төгрөгөөр тохиролцоод 2 ширхэг гар утсыг 2.700.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед уг мөнгийг өөрийн Хаан банкны 5029098394 дугаарын данснаас үл таних залуугийн өгсөн Хаан банкны 5034629079 дугаарын данс руу 2.700.000 төгрөгийг шилжүүлсэн...” /1хх 19-20/,

гэрч Н. Угтахбаярын “... Би Монтел дээр лангуун дээр сууж байх үед манай 76 тоот лангуун дээр эгч С.Н нь 2019 оны 8 дугаар сарын дунд үед иргэний үнэмлэх чинь байна уу? Юнител рүү ороод утас аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн Юнител дээр очсон чинь манай нөгөө талд суудаг программын залуу Золжаргал, Б.Ч гэх залуу болон өөр бор царайтай намхан ах зогсож байсан. Тухайн үед Б.Ч гэгч нь Юнител ХХК-д Линда трейд ХХК-ийн нэр дээр утас авах гэсэн юм аа гэж хэлээд Самсунг эс-10 маркийн гар утсыг ногоон өнгөтэйгээс нь аваарай гэж хэлсэн... Тэгээд дарааллын дагуу оператор дээр очсон чинь миний өмнөх яг адилхан байдлаар утас авсан хүмүүс гар утас аваад гараад байсан ба миний зээлийн мэдээлэл гарахаар би Линда трейд ХХК-ийн утас авах гэсэн юм аа гэж хэлээд анкет бөглөсөн. Анкет дахь мэдээллийг худлаа бөглөөрэй гэж Б.Ч болон С.Н, намхан ах нар нь худлаа мэдээлэл бөглөөрэй гэж хэлсэн учир худал мэдээлэл бөглөж оруулсан. Тэгээд Самсунг эс-10 маркийн гар утсыг аваад Юнител ХХК-аас гарсан чинь тэд нартай хамт явж утас авсан хүмүүс ихэнх нь яваад өгсөн байсан ба надаас Б.Ч болон С.Н нар нь утсаа өгчих гэж гараа сунгаад байсан...” /1хх 21-23/,

гэрч Б.Үүрцолмонгийн “...тухайн үед Юнител ХХК-аас самсунг Эс 10 гар утас аваад Чингүүн гэх залууд өгсөн тэд нар дампуурах гэж байгаа компаний нэр дээр гар утас авч байгаа гэж хэлсэн” /2хх 66/ гэх мэдүүлгүүд,

эд хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /1хх 29-30/, иргэний нэхэмжлэгч А.Мөнхбатын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /1хх 110/, шүүгдэгч С.Нийн Хаан банкны дансны хуулга /1хх 169-170/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Ч, Б.Ц, С.Н нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Ч, Б.Ц, С.Н нарын үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Цд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон гэж үзэв.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд 497.1, 3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Нээс 13.953.300 /арван гурван сая есөн зуун тавин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч У.Мөнхзулд /Юнител ХХК/-д, шүүгдэгч Б.Ч, Б.Ц нараас 29.839.800 /хорин есөн сая найман зуун гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж 1.933.300 /нэг сая есөн зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийг хохирогч У.Мөнхзулд /Юнител ХХК/-д, 27.906.600 /хорин долоон сая есөн зуун зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч А.Мөнхбатад олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Прокурор Ч.Пүрэвсүрэнгийн “...шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулах...” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ” гэж, 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус хуульчилжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, 7.1-д “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/...” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Б.Ч, Б.Ц нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Өршөөлийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ч.Пүрэвсүрэнгийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/548 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ч.Пүрэвсүрэнгийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ