| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаярын Энхтүвшин |
| Хэргийн индекс | 197/2025/1321/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1207 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1207
2025 12 03 2025/ШЦТ/1207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүгдэгч Л.Э нь 2023 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтан болох “Борцгор хотон /Pelicanus crispus/’’-ы түүхий эдийг худалдан авсан,
-2023 оноос 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амыан болох Борцгор хотон шувууны түүхий эдийг Говь-Алтай аймгийн Халиун сумын Олон булаг багт хадгалсан,
-2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны түүхий эдийг Говь-Алтай аймгийн Халиун сумын Олон булаг багаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт хүртэл тээвэрлэж, амьтны аймагт 47,160,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баасансүрэнгийн “Миний бие Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Т.З 2025.10.03-ны өдрийн 02/5050 дугаартай албан бичгийн дагуу уг хэрэгт хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Би 2025 оны 04 сараас хойш БОУАӨЯ-ны төрийн захиргааны удирдпагын газрын хуулийн хэлтсийн эрх зүйн баримт бичгийн боловсруулалтын хяналт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Энэ удаад ажил үүргийнхээ хүрээнд манай байгууллагад ирүүлсэн албан бичгийн дагуу уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон оролцож байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хэрвээ шүүхээс зохих зөвшөөрөлгүйгээр Монгол орны нэн ховор төрөлд орсон Борцгор хотон шувууг агнасан, хадгалсан үйлдэлд гэм буруутай гэж дүгнэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтэд заасан хохирлыг нэхэмжлэх болно. Байгаль орчин, уур амьсгалын сангийн дугаарын дансанд байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг Монгол улсын Тусгай сангийн тухай хуульд заасны дагуу төлүүлдэг болно. Борцгор хотон шувуу нь Монгол Улсын “Амьтны тухай” хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн ховор амыанд хамаардаг. Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралт “Амьтны экологи-Эдийн засгийн үнэлгээ”-д зааснаар 1 ширхэг Борцгор хотон-Pelecanus cripus /Bruch, 1832/- ын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 11.790.000 төгрөг байдаг. 2 ширхэг борцгор хотон шувуу болохоор 23.580.000 төгрөг болно. Монгол Улсын Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу тооцоход 23.580.000x2=47.160.000 төгрөг болж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5920 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шувууны хошуу нь Хөвчтөний хүрээ, шувууны анги, Хотонтон бar-Pelecaniformes, Хотонгийхон овог Pelecanidae, Борцгор хотон-Pelecanus cripus /Bruch, 1832/ зүйл шувуу байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 шувууны хошуунаас хүйсийг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг толгой, шувууны хошууны хэсэгт үүссэн гэмтэл шарх байхгүй байна. Иймд агнагдсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Борцгор хотон нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн ховор амьтанд хамаарч байна. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын (CITES)-ийн I хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенц (CMS)-izmH I, II хавсралт болон Монгол Улсын Улаан ном (1987, 1997)-нд тус тус орсон болно. 1 дугаартай шувууны хошуу нь бие гүйцсэн, 2 дугаартай шувууны хошуу нь залуу бодгалийн хошуу байна. Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралт “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-д зааснаар 1 ширхэг Борцгор хотон-Pelecanus cripus /Bruch, 1832/-ын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 11,790,000 төгрөг байдаг. 2 ширхэг Борцгор хотон- Pelecanus cripus /Bruch, 1832/-ын экологи-эдийн засгийн үнэлгээ 23,580,000 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу тооцоход 23,580,000х2=47,160,000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-24-30/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Э өгсөн “Би өөрийн хийсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг маань хялбаршуулж шийдэж өгнө үү” /хавтаст хэргийн 43-45 хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч Л.Эшүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгчийн дээрх түүхий эдийн зүйлийг хувийн ашиг сонирхлыг үүднээс хадгалсан, худалдахыг завдсан зэрэг үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг нэн ховор амьтан гэж үздэг ба Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд нэн ховор амьтанд хамаарах амьтдыг нэрлэн заасан.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.” гэж заасан.
Гэвч шүүгдэгч Л.Э нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2023 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтан болох “Борцгор хотон /Pelicanus crispus/’’-ы түүхий эдийг худалдан авсан,
-2023 оноос 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амыан болох Борцгор хотон шувууны түүхий эдийг Говь-Алтай аймгийн Халиун сумын Олон булаг багт хадгалсан,
-2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны түүхий эдийг Говь-Алтай аймгийн Халиун сумын Олон булаг багаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт хүртэл тээвэрлэж, амьтны аймагт 47,160,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Л.Эийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, хэргийн үйл баримт тогтоогдож байх ба энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ажил эрхлэлтийн байдал зэрэг баримтуудаар тогтоов.
Шүүгдэгч Л.Эд холбогдох эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоогүй байдал, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч Л.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 ( арван сая) төгрөгөөр торгох ял тохирсон байх тул уг ялыг 32 (гучин хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Харин шүүгдэгч Л.Э нь шүүхээс тогтоосон гучин хоёр сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан санууллаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Л.Э хууль бус үйлдлийн улмаас нэн ховор амьтан болох “Борцгор хотон /Pelicanus crispus/’’-гын тоо толгой цөөрч байгаль орчинд хохирол учирсан.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг “ойн сан, амьтан, ургамал, усны нөөц, газар, газрын хэвлий, хөрсөн”-д учруулсан хохирол гэж ангилах бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор хуульчилсан.
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5920 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 47,160,000 төгрөгөөр тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 6,000,000 төгрөгийг Байгаль орчны уур амьсгалын санд өгсөн байх нь хэрэгт авагдсан хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Эөөс 41,160,000 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын экологийн цагдаагийн албаны эд мөрийн өрөөнд хадгалж байгаа 2 ширхэг ботон шувууны хошууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 1 ширхэг хавхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т тус тус даалгав.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар 32 сарын хугацаанд биелүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Л.Эөөс 41,160,000 /дөчин нэгэн сая зуун жаран мянган/ төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын экологийн цагдаагийн албаны эд мөрийн өрөөнд хадгалж байгаа 2 ширхэг ботон шувууны хошууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 1 ширхэг хавхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т тус тус даалгасугай.
6.Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНХТҮВШИН