| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/00193/И |
| Дугаар | 304 |
| Огноо | 2015-04-02 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00193/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч П.Баттулга, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын **-р баг ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, И**** овогт М****ын Д****гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: **** аймгийн **** сумын ** баг ** хороолол ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт Н****ын Э****ад холбогдох
Гэм хорын хохирол 47210000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г****, иргэдийн төлөөлөгч С.А****, нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д**** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э***** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай гэр бүлийн хүн Х****ын Д**** нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Н.Э****ын хувийн 2 давхар байшинд хувиараа ажил хийж байгаад дээвэр дээрээс унаж хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгдэн нас барсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хэрэгсэхгүй болгосон. Би одоо ам бүл 4-лээ, 9-20 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Охин Д.О**** **** их сургуулийн 2-р курсын оюутан, 2 хүү маань **** сургуулийн 4 ба 9-р ангид суралцдаг. Би ганцаараа ажилладаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой. Гэр бүлийн хүн Х.Д**** нь иргэн Н.Э****ын хувийн 2 давхар байшингийн яндангийн дулаалга хийх ажлыг аман тохирооны дагуу хийж 11 сарын 18-ны өдөр дууссан байсан. Маргааш буюу 11 сарын 19-ний өдөр өөр газар ажилтай байхад нь Н.Э**** утсаар дуудаж урд өдрийн хийсэн дулаалганы хөөсийг өөлж цэвэрлээд өгөөч гэж хэлж байсан. Хамт ажиллаж байсан Г****тэй цуг Н.Э****ынд очиж яндангийн хөөсийг нь өөлөх гэж гарах үедээ дээвэр дээрээс унаж хүнд гэмтэл аваад эмнэлэгт очин, эмчилгээнд үр дүн өгөлгүй нас барсан. Ажил явдлын үеэр 300.000 төгрөг, дараа нь 21 хоногийн үеэр эхнэр О**** нь 900.000 төгрөгийг тус тус авчирч өгсөн. Манай гэр бүлийн хүн тэдний буруугаас болж нас барчихаад байхад уучлалт гуйгаагүй. Бидний буруугаас болоогүй гэж ярьж байгаад нь би болон миний 3 хүүхэд туйлын гомдолтой байна. Надаас өөр хүн ажил хийдэггүй учраас хүүхдүүдээ хувцаслах, сургалтын төлбөр төлөх зэрэгт санхүүгийн асар их хохирол, хүндрэл учирч байна. Манай гэр бүлийн хүн хувиараа ажил хийж сард 800.000-1000000 төгрөгийн орлого олж амьдралаа авч явдаг байсан. Иймд бид иргэн Н.Э****аас гэм хорын хохиролд доорхи хохирлыг нэхэмжилж байна. Үүнд:
1.Оршуулгын зардал – 8000.000 төгрөг
2. Манай нөхөр Х.Д**** нь ид хийж бүтээх 40-хөн насандаа нас барсан ба улсад 20 жил ажиллаж 60 насандаа тэтгэвэрт гарна гэж бодоод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192400 төгрөгөөр тооцож үзэхэд 46176000 төгрөг болж байгаа ба би үр хүүхдүүдийнхээ хойчийн амьдралд хэрэгтэйг бодож дунджаар баримжаалан 25.000.000 төгрөг
3. Дунд хүү Д.Нямбаярын тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодоход 5 жилд нийт 11544000 төгрөг
4. Бага хүү Д.Батбаярын тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүү мөнгө болох 20200 төгрөгийг 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 192400 төгрөг бодож 9 жилийн хугацаанд 2666.400 төгрөг бүгд 47210.000 төгрөгийг Н.Э****аас гэм хорын хохиролд нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Н.Э**** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2013 онд **** аймгийн **** сум **-р баг ** хороололд хувийн сууцыг барьж байгуулсан юм. Дээрхи барилгын ажил дуусах шатанд зөвхөн дээврийн агааржуулагчийн хоолойн янзлан засах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр иргэн Г.Г****, Х.Д**** нартай дутуу ажлаа хийж дуусгуулахаар тохирсон юм. Г.Г****, Б.Д**** нарт ажил гүйцэтгэх хөлсийг нь бүрэн төлснөөр тэд ажлаа хийж байгаад дууссан байсан. Ингээд тэд ажлаа дуусчихаад дараа эргэн ирж илүү гарсан хөөсөө өөлнөө гээд явсан. Тэд 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 10 цаг орчимд манайд ирэхдээ танай хойно **** ХХК дээр хүнтэй уулзаад ажил ярьчихаад явж байна нөгөө хөөсөө өөлөөд дуусгачихъя гэж эхнэр О**** хэлчихээд 2 давхар луу гарсан байдаг. Тухайн үед эхнэр бид болсон асуудлыг нүдээрээ яг хараагүй. Г**** орж ирээд талийгаачийг унаад гэмтчихлээ гэхээр нь эхнэр бид 2 сандран эмнэлэг болон цагдаагийн газар дуудлага өгсөн юм. Манай гэр бүл энэ болсон асуудалд маш их харамсаж явдаг юм. Тэр үед талийгаачийн гэр бүлд нь хүн ёсны сэтгэл гарган 1300.000 төгрөгийг оршуулгын зардалд нь мөнгөн тусламж, бие нь муу эмнэлэгт сэхээнд байхад нь рентгэн, оношлогоо гэх зэргийн зардлыг нь бүгдийг нь төлж байсан. Ингээд хүний амь эрсдсэн асуудал дээр цагдаагийн газар шалгасан мөн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт гарч тухайн үедээ хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. 1. Мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт нь: Иргэн Д****, Г**** нар нь барилгын засварын ажил хийж гүйцэтгэх үедээ дор дурьдсан хуулийн заалтыг мөрдөж ажиллах ёстой. Үүнд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны нийтлэг үүрэг биелүүлээгүй,
2. Иргэн Х.Д****, Г**** нар нь ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчид харъяалагдаж тэдний заасан ажлын байранд ажлаагүй тул аюулгүй ажиллагааны байдлыг өөрсдөө ханган ажиллах ёстой гэсэн дүгнэлт
3. **** аймгийн прокурорын газар нь хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолдоо: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан эрүүгийн **** тоот дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Иймд Э**** миний буруутай үйлдлээс хүний амь нас эрсдээгүй гэдгийг холбогдох мэргэжлийн эрх бүхий байгууллага болон хууль хяналтын байгууллагууд нь тогтоосон байхад надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Д**** нь хариуцагч Н.Э****ад холбогдуулан гэм хорын хохирол 47210000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.Д**** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...манай гэр бүлийн хүн Хишигням овогтой Д**** нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Н.Э****ын хувийн 2 давхар байшинд хувиараа ажил хийж байгаад дээвэр дээрээс унаж хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгдэн нас барсан тул хариуцагч Г.Э****аас гэм хорын хохирол 47210.000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Э**** нь хүний амь эрсдсэн асуудал дээр цагдаагийн газар шалгасан мөн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт гарсан. Мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлтээр иргэн Х.Д****, Г**** нар нь барилгын засварын ажил хийж гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6, 18.2.7-д заасныг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Би гэм буруугүй тул гэм хорын хохирлыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэн Х.Д**** нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Н.Э****ын хувийн 2 давхар байшинд хувиараа ажил хийж байгаад дээвэр дээрээс унаж хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгдэн нас барсан байна. /хх-ийн 20, 13-14/
**** аймгийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн **** тоот прокурорын тогтоолд …талийгаач Х.Д****ын дээврээс унаж нас барсан гэх үйлдэл нь гадны ямар нэгэн нөлөөгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. / хх-ийн 15/
**** аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10-06-019/02 тоот шинжээчийн дүгнэлтэнд …иргэн Х.Д****, Г**** нар нь барилгын засварын ажил гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны нийтлэг үүрэг биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны байдлыг өөрсдөө хангаж ажиллах ёстой байсан гэжээ. / хх-ийн 40/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан …бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээрээ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд хариуцагч Н.Э****ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл гэм буруу болон хохирол хоёр нь шалтгаант холбоотой тохиолдолд хохирлыг гэм буруутай этгээд арилгах үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч М.Д****, хариуцагч Н.Э**** нар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэлийн үндсэн дээр И.Э****, Д.Г**** нар нь шүүхэд төлөөлж оролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Д****гийн нэхэмжлэлтэй Н.Э****ад холбогдох гэм хорын хохирол 47210000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА
ШҮҮГЧИД П.БАТТУЛГА
Г.ГЭРЭЛТ-ОД