| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаярын Энхтүвшин |
| Хэргийн индекс | 197/2025/1322/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1209 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхжин |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1209
2025 12 03 2025/ШЦТ/1209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,
улсын яллагч Б.Энхжин,
шүүгдэгч Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Ань Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Ань Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Ө.Ань шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүгдэгч Ө.Ань 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орчлон хорооллын байрны гадна хохирогч Т.М “эхнэрийг нь дагуулж явах гэж байна” гэх шалтгаанаар толгой тус газар нь гараараа цохиж биед нь халдсаны улмаас түүний биед духанд шарх, уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруул, духны зүүн хэсэг, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.М өгсөн “Би 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын урд байрлах Свийт ланд гэх бааранд найз Мөнхсайхан тэгээд найзын нөхөр Анхбаяр нарын хамт орж 20 ширхэг пиво уучхаад тэр бааранд үйлчлүүлж байгаад гарсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна байсан машинд очиж суух гээд очоод байж байсан ба нөгөө хоёр маргалдаад байхаар нь салгах гэж байгаад толгой руугаа цохиулсан. Тэгээд цагдаад хандсан. Анхбаяр гэх залуу гараараа толгойны зүүн хэсэгт нэг удаа хүчтэй цохиход би газар унасан.”гэх мэдүүлэг /хх-7/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12920 дугаартай шинжээчийн “Т.М биед духанд шарх, уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруул, духны зүүн хэсэг, зүүн хацарт зулгаралт. зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зуйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтлийг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ө.А өгсөн “Би тухайн үед уураа барьж чадаагүй, буруу үйлдэл гаргасан өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа учир хэргийг маань хялбаршуулж шийдэж өгнө үү” /хавтаст хэргийн 100 дахь хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
"Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, хэргийн үйл баримт тогтоогдож байх ба энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Ань өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ажил эрхлэлтийн байдал зэрэг баримтуудаар тогтоов.
Шүүгдэгч Ө.Ань тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн гомдол санал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоогүй байдал, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 ( таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тохирсон байх тул уг ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Харин шүүгдэгч Ө.Ань шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан санууллаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.М нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч а Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Ань шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНХТҮВШИН