Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1442

 

 

 

 

 

 

 

 

 

“ПД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01540 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ПД” ХХК-ийн хариуцагч Д.Э-т холбогдуулан гаргасан 3 968 644 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 8 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр “Капитал банк” ХХК-иас зээлийн гэрээ байгуулан авахдаа Го-Орд ХХК-ийн менежерээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 01 сард уг ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш зээлийн төлбөрөө төлөхгүй үүргийн зөрчил үүссэн. Зээлдүүлэгч Капитал банк нь манай даатгалын компанитай 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба Д.Э нь ажлаас чөлөөлөгдөж, зээлийн хугацаа хэтрэлт 30 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. “Капитал банк” ХХК-тай байгуулсан гэрээгээр Д.Э нь зээл төлөх үүрэг хүлээсэн бөгөөд зээл төлөх үүргээ биелүүлээгүй буруутай бөгөөд түүний ажлаас чөлөөлөгдсөн, зээл олгосон банк татан буугдсан нь түүнийг зээл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. “Практикал даатгал” ХХК-ийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар “Капитал банк” ХХК-д нөхөн төлбөр олгосон, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9.1-д заасны дагуу шаардах эрх шилжсэн. Мөн Д.Этай байгуулсан даатгалын баталгааны 3.1-д даатгалын эрсдэлд нас барах, хөдөлмөрийн чадвараа бүр мөсөн алдах, ажил олгогч татан буугдах зэргийг хамааруулсан. Дээрх эрсдэлд орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх нөхцөлийг тохиролцоогүй болно. Нөхөн төлбөр төлснөөс хойш 2 жилийн хугацаанд Д.Э ямар нэгэн төлөлт хийгээгүй, тэрээр гэрээнд дурдсан хаягт оршин суудаггүй, утасны дугаар нь холбогдохгүй байсан учир шүүхэд хандсан. Иймд хариуцагч Д.Эаас даатгалын нөхөн төлбөр 3 968 644 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Э нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Капитал банк ХХК-тай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийн зээл авсан. Д.Э тухайн зээлийг авах үедээ Го-Орд ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан боловч 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус компанийн захирлын тушаалаар орон тооны цомхотголд орж, ажлаас халагдсанаас болж даатгалын тохиолдол буюу цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 5.1.7-д заагдсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Гэтэл “Практикал даатгал” ХХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрх шилжсэн учир нэхэмжлэх эрхтэй, Д.Эыг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7-д заасан буруутай этгээд гэдгийг зөвшөөрөхгүй. Д.Э орон тооны цомхотголд орсны улмаас ажлаас чөлөөлөгдсөн тул түүний буруутай үйлдлээс бус харин ажил олгогч Го-Орд ХХК-иас шалтгаалж, цалингийн зээлийг төлөх боломжгүй болсон нь түүнийг Даатгалын тухай хуулийн 8.7-д заасан буруутай этгээд мөн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, үнийн дүн дээр маргахгүй. Түүнээс гадна Капитал банк ХХК татан буугдсан тул нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК нь уг банкнаас эрх шилжүүлэн авсан тухай баримт хэрэгт байхгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5, 65.1.10-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй үндэслэл бий болсон. Өөрөөр хэлбэл, шаардах эрх шилжсэн нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх шилжсэн талаар үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх ёстой, гэтэл мэдэгдээгүй байна. Иймд Д.Эаас 3 968 644 төгрөг гаргуулах тухай Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Эаас 3 968 644 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  78 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 450 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “ПД” ХХК нь хариуцагч Д.Эт холбогдуулан 3 968 644 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.Э нь Капитал банк ХХК-аас 2015 онд 8 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан, 2016 онд тэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул уг хугацаанаас эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас бид Капитал банк ХХК-д цалингийн эрсдлийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 3 968 644 төгрөгийг төлсөн гэж, хариуцагч нь “ПД” ХХК Капитал банк ХХК-аас эрх шилжүүлж авсан нь тодорхойгүй, хариуцагч ажил олгогчийн буруутай шийдвэрээр ажлаас халагдаж, зээл төлөх боломжгүй болсон, цалингийн зээл төлөгдөөгүй байгаа үнийн дүнд маргахгүй гэжээ.

2012 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “ПД” ХХК, Капитал банк ХХК нар цалингийн зээлийн эрсдлийн гэрээ байгуулж гарын үсгээр баталгаажуулсан байна. /хх8-9/ Уг гэрээний дагуу хүлээсэн үүргээ “ПД” ХХК биелүүлж, Д.Эын өмнөөс 3 968 664 төгрөг төлөхийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар шийдвэрлэж, даатгуулагчид шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ. /хх6,7/

Д.Э нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цалингийн барьцаат зээлийн гэрээний дагуу 8 000 000 төгрөгийг хүлээн авсан, уг зээлээ хугацаанд нь төлөөгүй үйл баримтад маргаагүй. Харин ажил олгогчийн буруутай шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн тул буруутай этгээд биш гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь “Го-орд” ХХК-д борлуулалтын менежерийн ажил албан тушаал эрхэлж байсан бөгөөд орон тооны цомхотголоор 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг шийдвэрт хэн буруутай болох шүүхээр тогтоогдсон болон гомдол гаргасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Зээлдэгч Д.Эын 2012 оны 02 дугаар сарын 12-ны байдлаар цалингийн зээлийн үлдэгдэл 3 968 664.69 төгрөг болох хэргийн 59 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн Капитал банк ХХК-ийг албадан буулгах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарахаас өмнө уг төлбөрийг даатгуулагчид төлсөн байр тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу “ПД” ХХК нь шаардах эрхтэй, энэ талаар шүүх зөв дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн дүгнэжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01540 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  78 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН