Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/908

 

 

 

 

 

      2021           10           26                                           2021/ДШМ/908       

 

Г.Б, Ю.Б, Г.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, М.Энхжаргал, М.Бүжинлхам,

шүүгдэгч Ю.Бгийн өмгөөлөгч С.Давааравдан,

шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч М.Чимэдбадам,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/807 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч Д.Батбаяр, өмгөөлөгч М.Энхжаргал, М.Бүжинлхам нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Г.Б, Ю.Б, Г.Б нарт холбогдох 1702 00226 0240 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г-ын Б, 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 41 настай эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ахлах мөрдөгч ажилтай /албан тушаал түдгэлзсэн байгаа/, цагдаагийн хошууч цолтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ... дугаар хороолол, .......... дүгээр байрны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:/,

М овгийн Югийн Б, 1972 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Барс худалдааны төвд хүнсний ногоо зарах бизнес эрхэлдэг байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, ... гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:/,

Х овгийн Г-ын Б, 1987 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин мэргэжилтэй, Төв аймгийн Жаргалант суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн ... оршин суух бүртгэлтэй боловч Төв аймгийн ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:/,

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагчаар /хуучин нэрээр/ ажиллаж байхдаа эрүүгийн 201726020645 дугаартай “Т.Тамир нас барсан” гэх хэрэгт тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн 28.2.11 дэх заалтад заасан “Энэ хуулийн заалтыг ягштал баримтлан яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бодитойгоор шалгаж, гэмт хэрэг түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шаардлагатай бүх арга хэмжээ авах” үүргээ зөрчиж, тухайн хэрэгт сэжигтнээр тооцогдож, яллагдагчаар татагдан шалгагдсан Б.Чинзориг, түүний эхнэр, хахууль өгөгч Ю.Б нарын ашиг сонирхлын үүднээс 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу

Барс-1 худалдааны төв дэх 7 дугаар зоорь руу харсан хяналтын камерын бичлэг байсаар байхад уг бичлэгийг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх замаар хэрэгт хавсаргаагүй, уг бичлэгт үзлэг хийж гэмт хэрэг гарсан байдлыг шалгаж тогтоогоогүй,

2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Чинзоригийг сэжигтнээр тооцож мэдүүлэг авах ажиллагааг бэхжүүлж хийсэн камерын бичлэгийг, уг бичлэгийг хийсэн Ө.Түвшинжаргал нь Г.Бд өгсөн байхад хэрэгт хавсаргаагүй,

Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж буюу:

2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гэрчээр бичиг, үсэг мэдэхгүй Н.Пүрэвсүрэнгээс мэдүүлэг авахдаа “...7 дугаар зоорь руу орох гээд явж байсан чинь зоорины хаалганы хажуу талд нэг залууг жижиглэнгийн Лхагваа гэдэг залуу нэг удаа өшиглөсөн... биеийн аль хэсэг рүү нь өшиглөснийг нь анзаарч хараагүй, ямар ч байсан намайг булан тойроод гарч ирэхэд нэг удаа өшиглөж байсан” гэж мэдүүлгийг зориудаар өөрчилсний хариуд, Ю.Бгаас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг ХААН банк дахь дансаараа шилжүүлэн хахууль авсан,

шүүгдэгч Ю.Б нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн 201726020645 дугаартай хэрэгт шалгагдсан өөрийн нөхөр Бүрнээбазарын Чинзоригт давуу байдал бий болгох зорилгоор хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан ахлах мөрдөгч Г.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг ХААН банк дахь дансаараа шилжүүлэн хахууль өгсөн,

шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Г.Б, Ю.Б нарт холбогдох эрүүгийн 1702002260240 дугаартай хэрэгт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж өөрийн төрсөн ах Г.Бы эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлан өгч, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Цагдаагийн хэсгийн байранд анх удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Энэ жил 8 дугаар сарын эхээр эрт ургацаа хурааж байтал манай том ах Г.Б “мөнгөний хэрэг гарчихлаа” гэж над руу залгасан ба “бололцоогоороо 1 сая гаруй төгрөгийн хэрэг байна, төмс гайгүй томорч байвал оруулж ирээд зарчихаач” гэсэн ба би... өөрийн 19-78 ТӨВ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машиндаа... нийт 2 тонн төмс ачаад Улаанбаатар хот ороод Барс зах дээр очоод өмнө төмс зардаг байсан Болороо гэх 7 номерын лангуун дээр суудаг эгч таараад 1 кг-ийг нь 1.000 төгрөгөөр тооцоод 2 тонн төмсөө өгөөд нийт 2 сая төгрөгөөр зарахаар болоод 1.5 сая төгрөгийг нь бэлнээр аваад, “500.000 төгрөгийг нь араас чинь өгье” гэхээр нь би ах Г.Б ахтай яриад “дансаа явуулчих” гээд дансыг нь Болороод өгөөд “энэ данс руу явуулчих” гэж хэлээд явсан... ах Г.Бы гэрээр нь ороод бэлнээр 500.000 төгрөг өгөөд явсан. Ингээд 1 сая төгрөг ах Г.Бдаа өгч байсан... Үлдсэн 1 сая төгрөгөө би өөрөө авсан... Харин сүүлд нь Болороо эгч нөгөө 500.000 төгрөгөө ахад шилжүүлэхдээ “төмс чинь ялзарсан байна” гэж ярьсан гэсэн. Тэгэхээр нь би “тэгвэл хаячихгүй юу, би дараа очихдоо уулзъя” гэж хэлж байсан ба дараа нь “за за мөнгө орчихлоо” гэж байсан...” гэж /4хх 40-41/,

мөн шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө:

“Төмсөө 7 номерт аваачиж зарсан... Б ах хэлсэн. 7 номерт 30-40 шуудай төмс буулгасан шиг санагдаж байна. Тэгээд өөртөө хэдэн төгрөг аваад 500.000 төгрөг үлдэхээр нь Б ахын дансны дугаарыг өгчихсөн юм...” гэж /5хх 86-99/,

мөн мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын мэдүүлэг авах өрөөнд дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө:

“...би өөрөө сумын газар тариалангийн мэргэжилтнээс гарал үүслийн бичиг авдаг гэдгийг мэднэ. Гарал үүслийн бичиггүй явахаар замын цагдаа нар торгоод байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ энэ 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ирж төмс зарахдаа сумынхаа газар тариалангийн мэргэжилтнээс гарал үүслийн бичиг аваагүй юм. Би өөрийнхөө 19-78 ТӨА улсын дугаартай портер маркийн машинаар ачиж ирсэн байгаа. Төв аймгийн Жаргалант сумын ард иргэд төмс тариалж тэрүүгээр амьдардаг, тариалсан төмсөө хураагаад Улаанбаатарт авчирч зарахад хотын худалдааны төвүүдээс ганцхан Барс-1 худалдааны төвийн наймаачид бид нараас авсан төмснийхөө /портертой төмснөөс/ мөнгөнөөс шинжилгээний мөнгө гэж 20.000-30.000 төгрөг суутгаж авдаг юм. Миний энэ Б гэж хүнд төмс зарах үед төмс ховор байсан учир шинжилгээний мөнгөө суутгаж аваагүй юм. Угаасаа төмс ховор үед шинжилгээний мөнгөө авдаггүй юм, төмс элбэг үед шинжилгээний мөнгөө суутгаж аваад байдаг юм...” /6хх 60-62/ гэж зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ю.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гомбын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэм буруутайд, шүүгдэгч Юрлиймаагийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд, шүүгдэгч Гомбын Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бы нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.10 дугаар 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Б, Г.Б нарт холбогдох хэргийг “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ю.Б, Г.Б нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг диск, “нууц ажиллагааны магадлагаа”-нд хавсаргагдсан 3 ширхэг дискийг тус тус хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ю.Б, түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн шүүгдэгч Ю.Бгийн гар тэмдэглэл бүхий /8-656000-613188 баар кодтой/ дөрвөлжин шугамтай дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч Ю.Бд буцаан олгож, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, Ю.Б, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/807 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

1. Г.Б нь Б.Чинзориг болон өөртөө ашигтай байдал үүсгэх мэдээлэл, зөвлөгөө өгснийхөө хариуд мөнгө аваагүй ба зөвхөн Г.Бийн Ю.Бд төмс худалдсаны хариу төлбөрийг авсан тухайд:

Шүүгдэгч Г.Б нь өөрийн албаны чиг үүргийн дагуу Б.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд явуулсан бөгөөд түүнийг хээл хахууль авч дансаараа мөнгө авсан гэх хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр юм. Хавтаст хэргийг нягтлаад үзвэл 2 дугаар хавтаст хэргийн 98-115 дахь хуудас, 136-189 дэх хуудсуудад тус тус авагдсан нотлох баримтуудад 2017 оны 3 дугаар сараас 7 сар хүртэлх хугацаанд Г.Бы 99052510 дугаараас Ю.Бгийн 88104824 дугаарт холбоо барьсан мэдээлэл байхгүй, Г.Б, дээрх хугацаанд шалгагдаж буй Б.Чинзоригийн эхнэр Ю.Бд хэргийн талаар заавар, зөвөлгөө, мэдээлэл өгсөн зүйл тогтоогдохгүй байгаа.

Мөнгө дансанд орж ирсэн үйл явдал төмс худалдаалсантай холбогдуулан шүүгдэгчийг авлига авсан гэж үзэх хангалтай үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүгдэгч Г.Бы дансанд орсон мөнгө нь Ю.Б болон Г.Б нарын мэдүүлгүүдээр зөвхөн ногоо худалдсан, худалдан авсан мөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон байдаг.

Иймд шүүгдэгч нэг хэрэгт шалгагдаж буй харилцан эсрэг сонирхолтой Ю.Б, Г.Б нарын мэдүүлгүүдээр Г.Б хахууль авсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

2. Шүүгдэгч Г.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлгүй тухайд:

Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн тус хуулийн заалт нь “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан...” гэсэн утгатай зохицуулалт бөгөөд эс үйлдэхүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоожээ.

Мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “...прокуроороос зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах...” эрхтэй гэж заасан ба энэ нь мөрдөгч өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан нотлох баримтыг цуглуулах эрхтэй.

Мөрдөгч ажилтай байсан шүүгдэгч Г.Б нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бус тухайн үед хэрэгт тэдгээр нотлох баримтууд ач холбогдолгүй гэж өөрийн дотоод итгэлээр дүгнэсэн үйлдэл нь мөрдөгчийн эрхээ эдэлсэн явдал бөгөөд ямар нэгэн эс үйлдэхүйн шинж агуулсан зүйл байхгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг болон 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх үнэлээгүй тухайд:

Ю.Бгийн санхүүгээ хөтөлдөг гэх шүүхэд гаргаж өгсөн дэвтэр нь шүүгдэгчийн гэм буруугүйг нотлох бөгөөд Г.Бы дансанд орж ирсэн мөнгө нь хахууль бус төмс худалдаж авсан гэдгийг гэрчлэх хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримт юм.

Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьсан прокурор болон хэргийг шийдсэн шүүгч нь тухайн дэвтэрт шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаагүйн дээр шүүгдэгчийн гэм буруугүйг нотлох баримтыг үндэслэл бүхий баримт биш гэж дүгнэжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/807 дугаар шийтгэх тогтоолын 18 дугаар хуудасны доороос 2 дахь догол мөрд “...Г.Б нь Төв аймагт төмс тарьдаг болох нь тогтоогддог, тухайн өдөр төмс зараагүйг бүрэн нотолж чадахгүй байгаа нь цагаатгах үндэслэл болно...” гэжээ.

Иймд зарсан, зараагүй гэдгийг бүрэн нотолж чадаагүй байж зараагүй гэж үзэж, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй байна.

Энэ нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэснийг баримтлах үндэслэлтэй байгаа тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/807 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч М.Энхжаргал, М.Бүжинлхам нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч М.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/807 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон Г.Бд холбогдох хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуүлийн 38.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хэсгийг зөрчсөн хэмээн үзэж байна. Энэ талаар тодруүлбал:

Шүүхээс шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хассан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/807 дугаар шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар эрх хасах ялын хугацааг 2-оос 5 жил хугацаатай байсныг 5-8 жил хүртэл өөрчлөлт оруулсан байх тул оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийн өөрчлөлтийг шүүхээс хэрэглээгүй” гэсэн боловч эрх зүйн байдлыг дордуулсан ялын санкцыг сонгон хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн эрүүгийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2-оос 5 жил хүртэл хугацаатай байсныг шүүх буруу тайлбарлаж, 5 жилийн хугацаатай эрх хасах ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрх ашгийг нь ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь “хүртэл” гэдгийг ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гардаг “Монгол хэлний эх тайлбар толь” болон “Болор толь” зэрэгт “тоог тодорхой хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх” “хүрэх болтол” хэмээн тайлбарласан байх бөгөөд дээрх заалтын “хүртэл” гэх үгийн утга нь 5 жил хүрэхгүй байхыг тогтоосон зохицуулалт бөгөөд 5 жилээс бага эрх хасах ял оноох хууль зүйн үндэслэлтэй байсан.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие шүүх эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн учир эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Эрүүгийн хуүлийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 31.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5, 1.8-д тус тус заасныг зөрчсөн тухай:

Шүүгдэгч Г.Баас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хамгийн анх гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Ингэж мэдүүлэг авахад /хх 15-21/ шүүгдэгч өөрийгөө гэм буруугүй гэж ойлгож мэдүүлэг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчийн хувьд мэдүүлэг өгсөн.

Гэтэл гэрчээс асуусан асуулт нь хэргийн нөхцөл байдлын талаар бус өөрт холбогдох хэргийн талаар буюу 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлээгүй байж тулгасан асуултаар өөрт холбогдох хэргийн талаар мэдүүлэг авч мэдүүлэгт үндэслэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийсний үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татаж мэдүүлэг авсан байгаа нь бүтэн 1 жилийн хугацаанд шүүгдэгч Г.Б гэрчээр мэдүүлэг өгсний улмаас Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.8 дугаар зүйлд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хууль зөрчсөн эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч, прокурорын үйл ажиллагаанд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, өмгөөлөгчтэй холбогдох боломжоор хангагдах эрхээ эдэлж чадаагүйгээс гадна гэрчээр мэдүүлэг өгснөөс болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлд заасан өмгөөлөгч сонгон авах, мөрдөгч, прокуророос татгалзах гэх мэт эрхийг эдлүүлээгүй нь хүний эрхийн ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” гэж үзэж байгаа тул гэрчийн мэдүүлэг, түүнд тулгуурлан хийсэн бусад нотлох баримтыг хүчингүй болгож өгнө үү.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн тухай:

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Э.Ганбат нь баримт бичигт үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эд зүйл. баримт бичиг, ачаа тээш, мал амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасныг зөрчсөн. Үүнд:

Эсрэг сонирхол бүхий шүүгдэгч Ю.Бгийн хувийн тэмдэглэл /бизнес орлого зарлагын дэвтэрт/-д үзлэг хийсэн. Ингэхдээ Ю.Бг оролцуулахгүйгээр хөндлөнгийн хоёр гэрчийг оролцуулах шаардлагатай байсан. Уг үзлэгээр тэмдэглэлийн дэвтэрт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон хэсгийг нэмэлтээр хийсэн мэт дүгнэлтэд хүрсэн нь хэт нэг талыг барьсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох” үүргээ давхар зөрчсөн.

Мөн “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг ноцтой зөрчиж байна.

4. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг зөрчсөн тухай:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1241 дүгээр шүүгчийн захирамжаар Ю.Бгийн өөрийн орлого, зарлагыг хөтөлдөг дэвтэрт үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахдаа хар дэвтэртэй холбоотой асуудалд ач холбогдол өгсөн байхад уг дэвтэрт огт шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй мөрдөгч тэмдэглэлдээ дэвтэрт үзлэг хийхэд дэвтрийн хуудсыг нөхөж хийсэн байна гэх мэтээр өөрийн дүгнэлтийг тусгаж хэт нэг талыг барьж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг мэргэжлийн хүнээр үзлэг шинжилгээ хийлгээгүйгээс гадна шүүх шийтгэх тогтоолд “шүүгдэгч Ю.Бгийн санхүүгээ хөтөлдөг гэх шүүхэд гаргаж өгсөн дэвтэрт шинжээч томилох шаардлагагүй, тухайн дэвтэрт нь шүүгдэгч нарын гэм буруугүйг нотлох үндэслэл бүхий баримт биш гэж дүгнэсэн” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1241 дүгээр шүүгчийн захирамж биелэгдээгүй гэж үзэж байна.

Дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзэж 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч М.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ уг тогтоолд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд эрх хасах ялын хугацааг 5 жилийн хугацаатай байсныг 5-8 жил болгож өөрчлөлт оруулсан байх тул ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүх хэрэглээгүй гэж бичсэн боловч эрх зүйн байдлыг дордуулсан ялын санкцыг сонгож хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлэх юм бол 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаатай байсныг шүүх буруу тайлбарлаж 5 жилийн хугацаагаар эрх хасах ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Учир нь “хүртэл” гэдэг нь Шинжлэх ухааны акдемин хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Монгол хэлний эх тайлбар толь болон Болор толь зэрэгт “тоо тодорхой хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх, хүрэх болтол” гэж тайлбарласан бөгөөд дээрх заалтын “хүртэл” гэх үгийн утга нь 5 жил бүрэхгүй байхыг тогтоосон зохицуулалт бөгөөд 5 жилээс бага ял оногдуулах байсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5, 1.8-д тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Баас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр анх гэрчээр мэдүүлэг авсан. Ингэж мэдүүлэг авахад өөрийгөө гэм буруутай гэж бодож мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчийн хувьд мэдүүлэг өгсөн. Гэтэл гэрчээс асуусан асуулт нь хэргийн талаар бус өөрт холбогдох хэргийн талаар буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлээгүй хэрнээ тулгасан асуултаар өөрт холбогдох хэргийн талаар мэдүүлэг авч мэдүүлэгт үндэслэж мөрдөн байцаалтын ажиллагаа хийсний үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татаж мэдүүлэг авсан. Бүтэн 1 жилийн хугацаанд Г.Б гэрчээр мэдүүлэг өгсний улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.8 дугаар зүйлд заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хууль зөрчсөн эрх бүхий албан тушаалтан мөрдөгч прокурорын үйл ажиллагаанд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх өмгөөлүүлэх холбоотой боломжоор хангаагүй хүний эрхийг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн. Авилгатай тэмцэх газрын мөрдөгч Э.Ганбат нь баримт бичигт үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан эд зүйл баримт бичиг ачаа тээш мал амьтан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ эзэмшигчийг байлцуулна. Эсхүл хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэж заасан байхад хөндлөнгийн гэрчийг байлцуулаагүй. Сонгинохайрхан дүүргийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1241 дүгээр шүүгчийн захирамжаар Бгийн өөрийн орлого, зарлагаа хөтөлдөг дэвтэрт үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахдаа хар дэвтэрт ач холбогдол өгсөн байхад уг дэвтэрт огт шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр мөрдөгч дэвтрийн хуудсыг нөхөн хийсэн гэх мэтээр өөрийн дүгнэлтийг тусгаж хэт нэг талыг барьж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг мэргэжлийн хүнээр дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэж байна. Дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзэж 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч М.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллах дүгнэлтэд дурдсанаар Чинзоригийн сэжигтнээр татаж мэдүүлэг авах ажиллагааг бэхжүүлсэн камерын бичлэгийг хийсэн Түвшинжаргал нь Бд өгсөн байхад энэ хэрэгт хавсаргаагүй. Өгсөн зүйлийг нь хавсаргаагүй мэтээр яллах дүгнэлтэд дурдсан. Шүүх шийтгэх тогтоолдоо энэ үйл баримттай холбоотой асуудалд энэ камерийн бичлэгт байсан эсэхийг тогтоох мөрдөгчийн чиг үүргийг хэрэгжүүлээгүй. Гэмт хэрэг гарсан байдлыг шалгаж тогтоогоогүй мөрдөгчийн чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж гэм буруутайд тооцсон. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад шүүх дүгнэлт хийхдээ холбогдогч нартай хувийн харилцаа тогтоож хэргийн талаар зааварчилгаа мэдээ өгсөн гэх үйл баримт тогтоогдсон гэдэг. Эдгээр гурван эргэлзээтэй нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр гэм буруутайд тооцсон нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул прокурорт хэргийг буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ю.Бгийн өмгөөлөгч С.Давааравдан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю.Бгийн шүүх хурал дээр гаргаж өгсөн хар дэвтэр дээр шинжээч томилж тухайн үед үйлдэгдсэн эсэхийг тогтоох бүрэн боломжтой байсан. Өнөөдрийн байдлаар Монгол улсад хэрэгжиж байгаа Шүүхийн шинжилгээний тухай хуулиар хэв шинжээр шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой байсан боловч прокурор болон мөрдөгч энэ саналыг хүлээн аваагүй учир зөвхөн тэмдэглэл маягаар үйлдэж өөрийн дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн дүүрэн нотлоогүй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч М.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жаргалант сумын засаг дарга нь Г.Бийг нэг ч ногоо тарьдаггүй, газар байхгүй гэж мэдүүлж байсан. Сүүлд дахин шалгаж үзэхэд Г.Б нь 10 гаран жил ногоо тарьж хотод оруулж ирж зарж амьдардаг болох нь тогтоогдсон. Өмгөөлөгч Чинбатын хэлж байгаачлан Баярсайханы шалгаж байсан хэрэг нь 6 дугаар сард дууссан. Энэ үйл явдал 8 дугаар сард болж байгаа. Өмгөөлөгч С.Давааравдангийн хэлж байгаа дэвтрийг анхан шатны шүүх хурал дээр харахад нэмж бичсэн гэж харагдахгүй байна. Мөрдөгч, шүүгч нар дэвтэр дээр нэмж бичсэн гэж харж байгаа бол өмгөөлөгч нарын зүгээс тэгж харахгүй байгаа тул шинжээч томилж шалгуулах нь зүйтэй. Эргэлзээтэй нотлох баримтаар Г.Бийг ялласан гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Надад 3 жилийн хорих ял оногдуулсан нь хүнд байгаа тул өөр төрлийн хорих ялаар сольж зөв шударгаар амьдрах боломжийг олгож өгнө үү” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал болон нотлох баримтад үндэслэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж прокурор үзэж байна. Тухайн үед төмс зарсан эсэхийг тогтоолгохоор бүхий л мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэсэн боловч тогтоогдоогүй. Өмгөөлөгч М.Энхжаргалын хэлж байгаачлан эрх хасах ялын дээд хэмжээг шүүх хуульд заасны дагуу оногдуулсан гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлэг авахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээд мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж мэдүүлгийг эхлүүлж байгаа тул хууль зөрчсөн асуудал байхгүй. Үзлэг хийх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Мөрдөгч тогтоогдсон нөхцөл байдлын талаар өөрөө тэмдэглэлд тусгасан нь хууль зөрчөөгүй. Шинжээч томилуулах талаар анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын зүгээс хэлсэн боловч бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа тул шинжээч томилуулах зайлшгүй шаардлага байхгүй. Мөн шийтгэх тогтоолд энэ талаар тусгаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Нийслэлийн прокурорын газраас Г.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, Ю.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ю.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Б, Г.Б нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Прокуророос шүүгдэгч Ю.Бгийн 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан таван жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор,  шүүгдэгч Г.Бийг 2017 оны 12 дугаар сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр буюу нэг жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан өмнөх хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч Ю.Б, Г.Б нарыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хуулийг баримтлах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч Д.Батбаяр, өмгөөлөгч М.Энхжаргал, М.Бүжинлхам нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ю.Б, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500000 төгрөгийг Төрийн сангийн 100900005407 тоот дансанд шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/807 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б, Ю.Б, Г.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ю.Б, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500000 төгрөгийг Төрийн сангийн 100900005407 тоот дансанд шилжүүлсэн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ