| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2023/00471/И |
| Дугаар | 132/ШШ2023/00468 |
| Огноо | 2023-11-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 132/ШШ2023/00468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У*******ын Б******* -ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н*******н Ш******* -т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2023/00471/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч У.Б*******,
Хариуцагч Н.Ш*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О*******,
Гэрч У.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У.Б******* нь хариуцагч Н.Ш*******т холбогдуулан 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие талийгаач нөхөр Н.Б*******ы төрсөн эгч Н.Ш*******т 2018 онд шовгор буюу байшингийн мод бэлтгүүлэхээр 200 литр дизель түлш, 50 литр шатахуун, 5 литр масло, мөн бусад мод бэлтгэхэд хэрэг болох хүнс болон ахуйн хэрэгцээний зүйл худалдаж авч өгсөн бөгөөд нийт 1,500,000 төгрөг болсон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл шовгор, байшингийн модоо бэлтгэж өгөөгүй байгаа бөгөөд юм авч өгсөн зардлын мөнгийг ч буцааж өгөхгүй байна.
Иймд Н.Ш*******аас 1,500,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч Н.Ш******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У.Б******* нь миний төрсөн дүүгийн эхнэр байсан. Дүү минь нас барснаас хойш У.Б******* нь Х- сумын Х баг руу нүүж явснаас хойш холбоо муутай болсон.
Тэгтэл гэнэт л мөнгө нэхэмжилсэн байгаад би маш их гайхаж байна. Би хэн нэгэнд мод бэлтгэж өгөх гэж ямар ч шатахуун, түлш, бусад зардал авч байгаагүй. Надад хүнд мод бэлтгэж өгөх ямар ч чадвар байхгүй. Харин тус модыг манай салсан нөхөр Ш******* болон нэхэмжлэгч У.Б******* нарын хооронд яриа байсныг би сүүлд мэдсэн. Манай нөхөр архины хамааралтай олон жил болсон ба би гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2019 оноос хойш бид салсан.
2018 оны намар санагдаж байна, би төрсөн дүү Арьяабалын ой гар 2 ихэр хүүхдийг сахиж эмнэлэгт хэвтэж байхад нөхөр Ш******* нь эмнэлэг дээр ирж надад агсам тавьж байсан. Тэр үедээ Би Б*******д шовгорын мод бэлтгэж өгнө, хөрөөний бензин сальярк тос масло авна гэж ярьж байсан. Тэр үед би нөхөр Ш*******т хандаж ...чи хүнд мод бэлтгэж өгөх байтугай өөртөө ч түлээний мод бэлтгэдэггүй хүн, архи ууж хүний ажил баллахын нэмэр дээ гэж хэлж байсан.
Тэр жилийн намар манай гэрт охин Ш.У, хүргэн Э.Ө******* нарыг байхад нөхөр Ш*******, У.Б******* 2 хамт мотоцикльтой ирээд модонд явж байгаа гэж ярьж байсан. Тэгээд хүргэн Өг дагуулаад Х- сумын Х баг, Дгийн аманд очиж мод бэлтгэнэ гэж ярьж байсныг би одоо санаж байна. Би нөхөр Ш*******ын мөнгө төгрөг, барилга байшин барих асуудалд огт оролцдоггүй байсан. Өөрийнхөө олсон мөнгийг гэр бүлдээ зарцуулдаггүй, архи хэтрүүлж хэрэглэдэг байсан. Ямар ажлыг хэнтэй тохиролцож, ямар үнэ хөлс авч байгааг би мэдэхгүй.
2018 оны модны асуудлыг надаас 2023 онд нэхэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ надад ямар ч хамаагүй. Би ямар ч мод бэлтгэл хийж байгаагүй. У.Б*******аас би юу ч аваагүй. Харин салсан нөхөр Ш******* бол барилга, байшин барьдаг, модоор юм хийдэг хүн байсан. Түүнтэй тохиролцсон асуудпыг би төлөх үүрэггүй.
Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох лавлагаа /хэргийн 2-р хуудас/,
-Хаан банк, Төрийн банкинд хадгаламж эзэмшдэггүй талаарх тодорхойлолт /хэргийн 3-4-р хуудас/
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Тус шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хэргийн 6-7-р хуудас/,
4.Хариуцагч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.Шүүхээс хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ш.У, Ч.Ш******* нараас гэрчийн мэдүүлэг авч, нэхэмжлэгчийн хүсэлтээр У.Д*******ыг шүүх хуралдаанд оролцуулж гэрчийн мэдүүлгийг тус тус авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч У.Б******* нь хариуцагч Н.Ш*******аас шовгорын мод бэлтгүүлэхээр өгсөн эд зүйлийн үнэ 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3.Хариуцагч Н.Ш******* нь нэхэмжлэгчтэй шовгорын мод бэлтгэхээр тохиролцож авсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
4.Зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч У.Б******* нь хариуцагч Н.Ш*******ын дүүгийн эхнэр. Хариуцагч Н.Ш*******ын нөхөр нь Чгийн Ш******* бөгөөд Ч.Ш******* байшингийн мод бэлтгэдэг байсан болох нь гэрч Ч.Ш*******, Ш.У, У.Д******* нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч У.Б******* нь Н.Ш*******тай шовгорын мод бэлтгүүлэхээр тохиролцож, түүнд 1,500,000 төгрөгийн түлш, бензин, масло, ахуйн бараа авч өгөөд шовгорын модоо авч чадаагүй бол түүнд өгсөн зүйл эсхүл үнийг нэхэмжлэх эрхтэй.
6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэг эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөл шилжүүлнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө өөрийн өмчлөлд хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалт, нэхэмжлэгчийн /шовгорын мод бэлтгүүлэхээр түлш, бензин, ахуйн хэрэглээний зүйл өгсөн гэх/ тайлбараас дүгнэхэд хариуцагч Н.Ш*******, нэхэмжлэгч У.Б******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байж болохоор байна.
7.Гэвч нэхэмжлэгч У.Б******* нь хариуцагч Н.Ш*******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болон шовгорын мод бэлтгүүлэхээр 1,500,000 төгрөгийн үнэ бүхий зүйл авч өгсөн тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагч Н.Ш*******тай шовгорын мод бэлтгүүлэхээр тохиролцсон бөгөөд модоо бэлтгүүлэхийн тулд түүнд 200 литер түлш, 50 литер бензин, 5 литер масло, бусад ахуйн хэрэглээний зүйл өгсөн гэдэгээ бичгийн нотлох баримт болон бусад байдлаар нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан.
Хариуцагч Н.Ш******* нь гэрчүүдийн мэдүүлэгээр шовгорын мод бэлтгэдэг этгээд биш харин түүний нөхөр Ч.Ш******* нь мод бэлтгэдэг байсан болох нь тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд Н.Ш*******ын нөхөр Ч.Ш*******аар мод бэлтгүүлэхээр хариуцагч Н.Ш******* болон түүний нөхөр Ч.Ш*******тай тохиролцсон, Ч.Ш*******тай холбоотой байдаггүй тул Н.Ш*******аас 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргасан.
9.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэжээ.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Ч.Ш*******, Н.Ш******* нар хамтран үүрэг гүйцэтгэгч бол хэн нэгнээс нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Гэрчүүдийн мэдүүлэгээр Ч.Ш*******, Н.Ш******* нар хамтран үүрэг гүйцэтгэгч болох нь тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
10.Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Б*******ы хариуцагч Н.Ш*******аас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 38,950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР