| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 142/2014/01530/И |
| Дугаар | 348 |
| Огноо | 2015-04-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 142/2014/01530/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч П.Б****, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын Э**** баг ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт Б**** Г****гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: **** аймгийн **** сумын **** баг ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт Ц****гийн Б****д холбогдох
Гэм хорын хохирол 35944805 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э****чимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О****, иргэдийн төлөөлөгч Д.Б****, нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г**** түүний өмгөөлөгч Я.Э****чимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хүү Г.Д**** 2012 оны 10 дугаар сарын 12нд ажлаа тарж яваад автын осолд орж тархиндаа хүнд гэмтэл авсан. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Ажил хийх чадвар байхгүй. Духныхаа цаана зөөлөн эдийн гэмтэл авсан. Үүнийг нөхүүлэх мэс заслыг Солонгос улс явж хийлгэх шаардлагатай болсон. Анх эм тарианы зардал, цалингийн зөрүү, Солонгос улсад явж эмчлүүлэх зардал нийт 35944805 төгрөг нэхэмжилснээс Солонгос улс явж эмчлүүлэх зардал 23 сая төгрөгнөөс татгалзаж, эм тарианы үнэ, цалингийн зөрүү 12593400 төгрөг дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 5973270 төгрөг нийт 18566670 төгрөг нэхэмжилж байна. Г.Д**** нь **** ХХК-д хүнд машин механизмын операторчноор сарын 750.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд энэ хэрэгт авагдсан **** ХХК-ны захирлын тушаал, цалингийн тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байгаа гэв.
Хариуцагч Ц.Б**** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О**** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримттай зардлуудыг хуулийн дагуу төлнө. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх явцад 3010.000 төгрөгийг өгсөн. Үүний сая гаруй нь л хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог тул Иргэний хуулийн 228.4-д зааснаар урьдчилан өгсөн төлбөрийг хасаж тооцуулах хүсэлтэй байна. Мөн Г.Д**** нь тогтмол цалинтай, байнгын орон тоон дээр ажиллаж байсан байдал нь тогтоогддоггүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэмжийн зөрүүгээр хохиролыг тооцох нь зүйтэй. Эм тарианы зардлыг нотлох баримтаар нотлогдсоныг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г**** нь хариуцагч Ц.Б****д холбогдуулан гэм хорын хохирол 35944805 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
**** аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Б****д холбогдох эрүүгийн **** тоот хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Б****ыг 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр **** аймаг **** сум **** багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 7.12 дахь заалтыг зөрчсөнөөс Чансаа маркийн мотоциклыг мөргөж иргэн Г.Д****д хүнд, Ц.Жаргалбаярт хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна./ хх-ийн 11-13/
Нэхэмжлэгч Б.Г**** нь **** аймгийн **** сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 768 дугаар захирамжаар Г.Д****гийн хууль ёсны харгалзан дэмжигчээр томилогдсон байна. /хх-ийн 22/
Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.2-т “…хохирогч 16 нас хүрсэн боловч эрүүл мэнд нь сайжраагүй бол хөдөлмөрийн чадвар алдсанаас учирсан хохирлыг хууль тогтоомжоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр тооцож төлүүлэхээр түүний эцэг эх, харгалзан дэмжигч шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Г**** шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Г**** нь эм тарианы үнэ, цалингийн зөрүү 12.593.400 төгрөг дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 5973270 төгрөг нийт 18.566.670 төгрөг нэхэмжилж байна. Г.Д**** нь **** ХХК-д хүнд машин механизмын операторчноор сарын 750.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан энэ нь хэрэгт авагдсан **** ХХК-ны захирлын тушаал, цалингийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа гэж тайлбар гаргасныг хариуцагч Ц.Б**** Г.Д**** нь тогтмол цалинтай, байнгын орон тоон дээр ажиллаж байгаагүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн зөрүүгээр хохиролыг төлнө, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад 3010.000 төгрөгөөс илүү төлсөн 705709 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэж маргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Ц.Б****гаас нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн **** эмийн сангаас авсан эм тарианы үнэ 105.000 төгрөг, 80.000 төгрөг, 100300 төгрөг, 83500 төгрөг, 13000 төгрөг, 67200 төгрөг / хх-ийн 2-8/, нотариатын зардал 600 төгрөг, 20.000 төгрөг, **** эмийн сангийн 116950 төгрөг, Энэрэл заяа эмийн сангийн 54080 төгрөг, **** эмийн сан 14150 төгрөг / хх-ийн 59-64/, **** эмийн сангийн 38850 төгрөг, 2000 төгрөг, Бамбай фарм 4500 төгрөг, нотариат 1000 төгрөг / хх-ийн 91-93/, нотариатын зардал 12600 төгрөг, Бамбай фарм 5600 төгрөг, орчуулга 12000 төгрөг, **** эмийн сангийн 116950 төгрөг, 3000 төгрөг /хх-ийн 136-143/, **** ХХК-ны 100.000 төгрөг, Г.Д****гийн УБ-**** явсан тээврийн хөлс 15.000 төгрөг, Бамбай эмийн сангийн 10500 төгрөг, **** эмийн сангийн 12.000 төгрөг, **** эмийн сангийн 26.000 төгрөг, **** эмийн сангийн 8450 төгрөг, **** эмийн сангийн 86320 төгрөгийн нотлох баримтуудыг үнэлэн нийт эм тарианы болон бусад зардал 1.109.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Г.Д**** нь Нийгмийн даатгалын сангаас 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 103600 төгрөгийн, 2014 оны 02 дугаар сарын 17-ноос 115000 төгрөгийн халамжийн тэтгэвэр авч байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. / хэргийн 90 дугаар хуудас/
Хэрэгт авагдсан **** ХХК-ны захирлын тушаал, цалингийн тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 66, 67-70, 77/, **** ХХК-ны захирлын 2015.02.09-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудаар Г.Д**** нь байнгын ажлын байранд ажиллаж байсан нь тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, өмгөөлөгч нар нь Г.Д****г сарын 750.000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан боловч Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг байсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д “…гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэмжийн зөрүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
- Осолд орсон 2012.10.12-ны өдрөөс халамжийн тэтгэвэр авсан 2013.02.18-ны өдөр хүртэл 192.000х4 сар=768.000 төгрөг,
- 2013.02.18-наас 2014.02.18 хүртэл цалин, тэтгэврийн зөрүү 192.000-103600=88400 төгрөг, 88400х12 сар= 1.060.800 төгрөг,
- 2014.02.18-наас 2015.04.14 хүртэл тэтгэвэрт өөрчлөлт орсон зөрүүг тооцож
192000-115.000= 77000 төгрөг, 77000х12=1078000 төгрөг нийт 2.906.800 төгрөгийг хариуцагч Ц.Б****ас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-д “эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Ц.Б****ас нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалингийн зөрүү 77000 төгрөгийг сар бүр гаргуулж нэхэмжлэгчид олгож, цаашид нийгмийн халамжийн тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд зөрүүг олгож байх нь зүйтэй.
Хариуцагч Ц.Б**** эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Л.Д****д 3010.000 төгрөг өгсөн нэхэмжлэгч нь энэ мөнгийг авсан гэж маргахгүй байгаа бөгөөд хариуцагч нь эрүүгийн **** дугаартай хэрэгт 1.384.291 төгрөгийг нотлох баримтаар төлөх ёстой байснаас илүү төлсөн тул одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах ёстой гэснийг нэхэмжлэгч нь тухайн үед эм тарианы зардлыг авсан тул одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас хасуулахгүй гэж маргажээ.
2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолд …хохирогч нар нь эмчилгээний болон замын зардлаа энэ удаад авсан гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь төлөх төлбөргүй гэж дурьдаж, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар илүү төлсөн төлбөрийг хасаж тооцох үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Солонгос явж эмчлүүлэх зардал болох 23 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б****ас 4.016.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г****д олгож, 14.550.320 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-д зааснаар хариуцагч Ц.Б****ас нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүү 77.000 төгрөгийг сар бүр гаргуулж нэхэмжлэгч Б.Г****д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г**** нь 23.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г**** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Ц.Б****ас улсын тэмдэгтийн хураамж 79211 төгрөг, нэг жилийн хугацаанд төлөх тэтгэвэрээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 26726 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА
ШҮҮГЧИД П.Б****
Г.ГЭРЭЛТ-ОД