Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/0209

 

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** банкны **** аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **** аймгийн **** сумын ** дугаар баг ** хороолол ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Их Монгол овогт Б****ын Х****д холбогдох

 

үндсэн зээлийн төлбөр 19.168.000 төгрөг, зээлийн хүү 2.967.184 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365.327 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12.000 төгрөг нийт 22.512.511 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 02 дугаар  сарын 20-ны өдөр хүлээн авч 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М****, нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** банкны **** дахь салбарын захирал С.Дулмаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Х**** нь 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр **** тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийн бизнесийн зээл, 24 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч зээлдэгч Б.Х**** нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлага гаргалгүй зайлсхийсээр зээл, хүүний авлага үүсэж нийт 22.500.511 төгрөгийн өртэй болж өнөөдрийг хүртэл хуримтлагдсан төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд 1. Зээлийн гэрээний 4.2.3, 4.2.7-д заасныг үндэслэн 2013.03.27-ны өдрийн **** тоот зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч Б.Х****гээс үндсэн зээлийн төлбөр 19.168.000 төгрөг, зээлийн хүү 2.967.184 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365.327 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12.000 төгрөг нийт 22.512.511 төгрөгийг гаргуулж хохирол барагдуулах,

2. Зээлдэгчийн зээлийн барьцаанд буй **** сум **-р баг ** хороолол ** байр ** тоотод орших ****, **** дугаарын Эрхийн Улсын Бүртгэлийн гэрчилгээтэй 28.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Х**** шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Х**** миний бие 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр **** банкнаас орон сууц худалдан авах зориулалтаар 25.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлсэн. Үндсэн зээлээс 5.832.000 төгрөгийг төлсөн байдаг. Миний эрхэлж байгаа худалдаа наймааны ажил иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор ашиг орлогогүй болсноос зээл, зээлийн хүүгээ төлөхөд хүндрэл үүссэн. Одоо нэгэнт банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан тул банкинд төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 19168.000 төгрөг түүний хүү 2.967.184 төгрөгийг төлөх үүргээ ойлгож байгаа. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу нэмэгдүүлсэн хүү 365.327 төгрөгийг төлөхөөс чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** банкны **** аймаг дахь салбар нь хариуцагч Б.Х****д холбогдуулан  22.512.511 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

**** банкны **** салбар, Б.Х**** нар нь 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр **** тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ,зээлийн дансны хуулга, депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 16-24/

 

**** банк ХХК-ийн нэрийг **** банк ХХК болгон өөрчилж компанийн дүрмийг шинэчлэн баталсан болох нь хэрэгт авагдсан салбарын гэрчилгээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ, **** банк ХХК-ийн дүрэм зэргээр тогтоогдож байна. / хх-ийн 5-13/

 

Нэхэмжлэгч **** банкны **** салбар нь зээлдэгч Б.Х**** нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлага гаргалгүй зайлсхийсээр зээл, хүүний авлага үүсэж нийт 22.500.511 төгрөгийн өртэй болж өнөөдрийг хүртэл хуримтлагдсан төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд 1. Зээлийн гэрээний 4.2.3, 4.2.7-д заасныг үндэслэн 2013.03.27-ны өдрийн **** тоот зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч Б.Х****гээс үндсэн зээлийн төлбөр 19.168.000 төгрөг, зээлийн хүү 2.967.184 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365.327 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12.000 төгрөг нийт 22.512.511 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Х**** нэгэнт банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан тул банкинд төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 19168.000 төгрөг түүний хүү 2.967.184 төгрөг нийт 22135184 төгрөгийг төлөх үүргээ ойлгож байгаа, нэмэгдүүлсэн хүү 365,327 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Х**** нь нэхэмжлэлийн шаардлагаас 22135184 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй бөгөөд нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж өгнө үү гэсэн боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул хариуцагч Б.Х****гээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 22512511 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2013 оны 03 дугаар сарын 27-ны зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

 

Нэхэмжлэгч  **** банк болон хариуцагч Б.Х**** нарын хооронд байгуулсан **** тоот "Зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, **** сум ** баг ** хороолол ** байр ** тоотод орших ****, **** дугаарын Эрхийн Улсын Бүртгэлийн гэрчилгээтэй 28.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх зээлийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг **** аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Х****д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Х****гээс үндсэн зээлийн төлбөр 19.168.000 төгрөг, зээлийн хүү 2.967.184 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365.327 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12.000 төгрөг нийт 22.512.511 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **** банкны **** салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Х**** нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох **** сум ** баг ** хороолол ** байр ** тоотод орших ****, **** дугаарын Эрхийн Улсын Бүртгэлийн гэрчилгээтэй 28.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг **** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270513 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х****гээс 270513 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.    

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА