Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/0232

 

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч П.Баттулга, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын **** баг **** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Х**** овогт П****ийн Э****ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **** аймгийн **** сумын ** баг ** хэсэг ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт Д****ын Н****д холбогдох

 

Гэм хорын хохирол 1033.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Э****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б****, хариуцагч Д.Н****, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц****, иргэдийн төлөөлөгч Б.Л****, нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Э**** түүний өмгөөлөгч Н.Б**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014.07.06-ны орой 22 цагийн орчим Ихэр могой зоогийн газрын тушаа Тоёото-2 маркийн **** улсын дугаартай П.Н****ын жолоодож явсан машинд дайруулж гэмтэл авсан. Өмнө гарсан зардлаа шүүхээр шийдүүлсэн. Түүнээс хойш эмчлүүлсэн зардал 633.000 төгрөг, өмнө баримт нь дутуу байсан 400.000 төгрөг нийт 1033.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Н**** түүний өмгөөлөгч Л.Ц**** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Э**** нь 2014.07.06-ны орой өөрийн буруутай үйлдлээс болж буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна гэсэн заалт мөн дүрмийн 3.3-д заасан …аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар саад хийх (зогсох, санаатайгаар саад хийх гм) заалтуудыг зөрчиж осолд орсон нь үнэн. Гэвч тухайн үед би бололцоотой бүх арга хэмжээг авч эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэе гэхэд яваагүй, үзүүлээгүй юм. Өмнө шүүхийн журмаар бас нэхэмжлэл гаргаж эцсийн шийдвэр нь Улсын дээд шүүхээс гарч би түүнд 263250 төгрөг гаргаж өгсөн. Одоогийн шүүхэд өгсөн баримтыг үндэслэлтэй гэж үзэхгүй байна. Миний машинд мөргүүлснээс болж үүссэн гэмтэл мөн ч юм уу, биш ч юм уу гэмтлээс болсон нь тодорхойгүй байгаа. Гарган өгч буй нотлох баримт нь дан “****” гэдэг эмчийн бичиг байдаг. Энэ нь үнэмшилгүй байдаг. Эмнэлэгт хэвтэх болгондоо надаас үндэслэл муутай баримтаар мөнгө нэхэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Э**** нь хариуцагч Д.Н****д холбогдуулан зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1033.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.Э**** нь 2014 оны 12 дугаар сарын 06-ны орой 22 цаг 20 минутын орчим **** аймгийн **** сумын ** дугаар баг **** зоогийн газрын ойролцоох автомашины төв замаар  хөндлөн гарах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-д заасан …явган зорчигч явган хүний гарц ба гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна мөн бүлгийн 3.9-д заасан …явган зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно, б-д аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Д.Н****ын жолоодож явсан Тоёото Марк 2 маркийн **** улсын дугаартай автомашинд мөргөгдөн зам тээврийн осолд орсон, хариуцагч Д.Н**** нь Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1-д заасан …хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлийг асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно…гэсэн заалтыг зөрчсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, **** аймгийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4/

 

Нэхэмжлэгч П.Э**** нь хариуцагч Д.Н****д холбогдуулан эмчилгээний зардал 2179500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасыг Сум дундын 7 дугаар шүүхийн 2014.10.15-ны өдрийн 940 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014.11.24-ний өдрийн 155 дугаар магадлал, УДШүүхийн 2015.01.20-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор хянан шийдвэрлэж шүүхийн тогтоол хүчин төгөдөр болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 8-16/

 

Нэхэмжлэгч П.Э**** нь өмнө шүүх хуралд гаргаж өгсөн 400.000 төгрөгийн нотлох баримтыг он сар байхгүй, хэзээ төлсөн нь тодорхойгүй тул үнэлэх боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон одоо энэ баримтаа бүрдүүлж ирсэн тул 400.000 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойш **** эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсний 633.000 төгрөг нийт 1033.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Н**** өмнө шүүх хурлаар эмчилгээний зардлыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь эргэлзээтэй, миний машинд мөргүүлсэн гэмтлээс болж эмчлүүлсэн нь тодорхойгүй тул эмчилгээний зардлаас 200.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Э****ын **** эмнэлэгт эмчлүүлэн 2014.07.23-ны өдөр эмчилгээний төлбөр 400.000 төгрөг төлсөн гэсэн Кассын 32 тоот орлогын ордерийг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг өмнө нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давах болон хяналтын шатны шүүх үгүйсгээгүй байх тул дахин энэ нотлох баримтыг үнэлэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч П.Э**** нь Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар эмнэлэгийн яаралтай тусламжаас бусад эмнэлэгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, нотлох баримтаар 2014.12.16-наас 2014.12.27 хүртэл 10 хоног **** эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тодорхойлолт, хавсралт ирүүлсэн боловч өвчний түүх, амбулаторийн карт байхгүй, ямар өвчний улмаас эмчилгээ хийлгэж байсан нь тодорхойгүй байна.

Ослын улмаас нэхэмжлэгчид хөнгөн гэмтэл учирсан нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан байх шинжийг агуулсан байх бөгөөд энэ гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, **** эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь ослын улмаас учирсан гэмтэлтэй хамааралтай болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Д.Н**** нь нийт нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Э****ын нэхэмжлэлтэй Д.Н****д холбогдох гэм хорын хохирол 1033.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас 833.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Н**** нь нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 29342 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА

 

                 ШҮҮГЧИД                                                  П.БАТТУЛГА

 

                                                                                    Г.ГЭРЭЛТ-ОД