Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1450

 

 

 

 

 

 

 

 

 

 “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01250 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МЗ” ТӨХК, “ХБ” ХХК-д тус тус холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 5 156 130 705.94 төгрөг, алданги 2 578 065 352.49 төгрөг, нийт 7 734 196 058.49 төгрөгийг “МЗ” ТӨХК-аас гаргуулах, гэрээт ажлын хөлсийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “ХБ”ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б, Б.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Э,

Хариуцагч “МЗ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б, түүний өмгөөлөгч Л.Б,

Хариуцагч “ХБ” ХХК-ийн өмгөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Снар оролцов.

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд тухайн үеийн салбар хариуцсан сайд, бусад албан тушаалтнууд манай компанийн ажилтай танилцаад Шинэ төмөр зам төслийн бүтээн байгуулалтын ажилд ажиллах санал тавьсан.

Монгол Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 32 дугаар тогтоол гаргаж Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсантай холбогдуулан Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Монгол Улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг ХБаар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байсан.

Улмаар 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “МЗ” ТӨХК-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн 2-т ...”МЗ” ТӨХК нь Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “МЗ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагаас холбогдох шийдвэр гарсны дараа “Т” ХХК-тай хамтран ажиллах талаар хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцээр хийж, холбогдох гэрээг байгуулна гэсний дагуу 2011 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр “МЗ” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж, үүгээр “Т” ХХК нь “МЗ” ТӨХК-ийн захиалгын дагуу Даланзадгад-Таван толгой-Цагаан суврага-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 км хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, “МЗ” ТӨХК нь ажлын хөлсөнд нийт 5 156 130 705.49 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

“МЗ” ТӨХК-ийн 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1/71 тоот албан бичгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноор Даланзадгад-Тавантолгой-Цагаан суврага-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын доод бүтэц (далан) барих ажлыг зургийн дагуу Зараа зөрлөгийн 1127.7074-р км-ээс 077,74-р км хүртэл 50 км зайд Ү-308812,01 Х-5313187.04 координаттай эхлэлийн цэгээс Ү-312395.36, Х-568253.04 координаттай төгсгөлийн цэгийн хооронд хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн.

Манай компани нь Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь Зараа өртөөнөөс Хөөтийн чиглэлд баригдах 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг дээрх координатуудын хооронд батлагдсан зургийн дагуу 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн.

Хөрс хуулалтын ажлын гэрээний дагуу ажлын хөлс нь нийт 5 156 130 705.94 төгрөг байна, гэрээний 16.1-д ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг ХБнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө, 16.2-д Ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон Захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж тус тус харилцан тохиролцсон боловч захиалагч “МЗ” ТӨХК нь өнөөдрийг хүртэл ажлын хөлс болон алданги огт төлөөгүй.

Манай компани гэрээт ажлыг батлагдсан зургийн дагуу заасан хугацаанд, чанарын өндөр төвшинд бүрэн гүйцэтгэж, захиалагч “МЗ” ТӨХК-д ажлын гүйцэтгэлийн тайлангаа хүргүүлсэн. Захиалагчийн төлөөлөгч газар дээр нь очиж ажлын гүйцэтгэлтэй танилцсан боловч ажил хүлээлцэх үүргээ биелүүлээгүй.

Монгол Улсын Их хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1-д Монгол Улсын Их хурлын шийдвэрт заасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгож, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг уул зээлийн санхүүжилтэд хамааруулсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн.

Улмаар Монгол Улсын Засгийн газар 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 28 дугаар тогтоол гаргаж, “МЗ” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ний өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан боловч ХБ нь Төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүдийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж өдий хүрсэн.

Иймд “МЗ” ТӨХК-аас хөрс хуулалтын ажлын хөлс 5 156 130 705.94 төгрөг, алданги 2 578 065 352.49 төгрөг, нийт 7 734 196 058.49 төгрөгийг гаргуулж, “МЗ” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “ХБ” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “МЗ” ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор олгосон төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийн дагуу манай компани Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад “Т” ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Талуудын хооронд байгуулсан 1/008 дугаартай гэрээний 16.1-т "... ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг ХБнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж, 16.2-т ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэлээр төлнө гэж заасан. Мөн гэрээний 13.3-т Гүйцэтгэгч тал ажлыг шалгасан, хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэж өгнө гэж заасан.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хөрс хуулалтын ажлын гүйцэтгэгчийн хувьд гэрээний 13.3-т заасан үүргээ биелүүлж, ажлыг гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу, чанарын өндөр төвшинд бүрэн гүйцэтгэсэн болохоо баталгаажуулсан мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлсэн тохиолдолд хариуцагч манай компани нь төлбөр төлөх үүрэг үүсэхээр талууд тохиролцсон.

Хөгжлийн банк дахь манай харилцах дансанд хөрс хуулалтын ажлын зориулалт, тэр тусмаа “Т” ХХК-ийн ажлын хөлсний төлбөрийн зориулалтаар нэг ч удаа санхүүжилт орж ирээгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс “МЗ” ТӨХК-аас гаргуулах ажлын хөлсийг гэрээний нийт үнийн дүнгээр тооцон, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хийсэн ажлынхаа үр дүнг хүлээлгэж өгөөгүй. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил хийсэн гэх газар дээр 2 байгууллагын инженерүүд очиж,  шалгалт явуулсан. Шалгалтаар нэхэмжлэгчийг 109 222.48 м.куб ажлыг хийсэн болохыг нотолсон. Тиймээс 2 тал энэ ажлын хэмжээг баталгаажуулж гарын үсэг зурсан. Хийсэн нийт 109 222.48 м.куб ажлын хэмжээн дээр тодорхой үнийн дүн ярих боломжтой. Алдангитай холбоотой асуудалд ажлыг хүлээлгэн өгөх хугацаа, гэрээний дуусах хугацаа тодорхойгүй тул алданги тооцох үндэслэлгүй.

 

Хариуцагч “МЗ” ТӨХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хөрс хуулалтын ажлын гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахын тулд тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх шаардлагатай.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхийг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан. Уг хуулийн 4.1.1-д төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа үйлчилгээ худалдан авахдаа 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахаар заасан. Хуулийн 53.1-д 4.1.2-т зааснаас бусад захиалагч энэ хуулийн 8.1.4-т заасан босго үнээс давсан үнэ бүхий бараа ажил үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна гэж заасан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-т захиалагч гэрээ байгуулахдаа энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан зөвшөөрөл аваагүй бол Худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж заасан. Түүнчлэн тендер ирүүлэх тендерийг хянаж үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах журмыг мөн хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан. Гэтэл захиалагч энэ хуулийн 53.1, 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан.

Ийнхүү талууд хууль зөрчиж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөгжлийн банк ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК болон “ХБ” ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. “ХБ” ХХК нь маргаан бүхий гэрээний тал биш, “Т” ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.

“ХБ” ХХК, “Т” ХХК-ийн хооронд хууль болон гэрээнд заасан аливаа үүрэг үүсээгүй, үүний дотор манайх санхүүжүүлэх үүргийг ч мөн “Т” ХХК-ийн өмнө хүлээгээгүй тул нэхэмжлэлд дурдсан асуудал манайд хамааралгүй, зөвхөн захиалагч “МЗ” ТӨХК, гүйцэтгэгч буюу “Т” ХХК-ийн хоорондын асуудал юм.

Нэхэмжлэгчийн өмнө “ХБ” ХХК үүрэг хүлээгээгүй, үүнтэй холбоотойгоор үүргээ биелүүлэх тухай ойлголт байхгүйн зэрэгцээ нэхэмжлэлд “Т” ХХК-ийн өмнө хууль буюу гэрээнд заасан ямар үүрэг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тухай тодорхой дурдаагүй тул “ХБ” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй. Төслийн санхүүжилттэй холбоотой төрийн байгууллагуудын шийдвэрүүдийг үзвэл:

1. Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

2. Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолоор Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн.

3. Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, 2013 онд гүйцэтгэх 2 дугаар хавсралтад заасан ажлыг холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч, Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасан байдаг. Мөн уг тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Туршилтын хөрс хуулалт хэсгийн 1-д “МЗ” ТӨХК, “Т” ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/008 дугаар гэрээ, нийт үнийн дүнг 5 156 130 705.94 төгрөгөөр гэж заасан. Дээрх шийдвэрүүдээс үзэхэд “ХБ” ХХК-д үүрэг болгосон заалтууд байдаггүй бөгөөд, зохих журмын дагуу шийдвэрлэхийг зөвшөөрсөн, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авах зөвшөөрөл олгосон байдаг. “ХБ” ХХК-ийн үйл ажиллагааг зохицуулахад ХБны тухай хууль үйлчилдэг бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д “ХБ” ХХК нь ашигтай ажиллах зарчмыг, 8 дугаар зүйлийн 8.2-т Зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банкны актив-пассивийн болон эрсдэлийн удирдлагын нэгжийн дүгнэлтийг үндэслэн зээлийн хороо гаргана, 8.3-т Хөгжлийн банкнаас олгох зээл нь банкнуудын зээлийн дундаж хүүгээс доогуур хүүтэй байх, зөвхөн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэсэн байх, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь үр ашигтай байх, зээлийн эргэн төлөгдөх хуваарь тодорхой байх, зээл нь барьцаа, баталгаа болон үүргийн гүйцэтгэлийн бусад арга хэрэгслээр хангагдсан байх, зээл хөнгөлөлттэй нөхцөлтэй байх шаардлагыг, мөн 10.1-д Хөгжлийн банкнаас сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь Засгийн газрын баталсан Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах, төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эсхүл олон улсын болон Европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх, зээлийн эрсдэлийн үнэлгээ, зээл авах үндэслэл, төсөл, хөтөлбөрийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг олон улсад тогтсон мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх, төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон хөрөнгийг тухайн зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл зээлийн барьцаа хөрөнгөнд тооцсон байх шаардлага хангасан байх ёстой. Эндээс үзэхэд УИХ, Засгийн газрын зөвшөөрсөн шийдвэрүүд гарсны дараа хуульд заасан болзол шалгуур хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай асуудлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн “ХБ” ХХК-ийн Зээлийн хороо, Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэдэг. Төрийн байгууллагын аливаа шийдвэрээр санхүүжүүлэх үүргийг “ХБ” ХХК-д хүлээлгэх боломжгүй.

“ХБ” ХХК, “МЗ” ТӨХК-ийн хооронд үүссэн харилцааны тухайд: “ХБ” ХХК, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, “МЗ” ТӨХК нарын хооронд 55 сая ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013-5 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан.

1. Гэрээний дагуу ашиглагдаагүй санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан: Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.15-д Санхүүжилт олгох боломжит хугацаа: 2013 оны 12 дугаар capын 31-ний өдөр дуустал санхүүжилтийг олгох боломжтой. Олгох боломжит хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана гэж заасан. Түүнчлэн уг гэрээний 3.1.4-д Төсөл хэрэгжүүлэгч (“МЗ” ТӨХК) нь Гэрээлэгчийн хийсэн ажлыг хүлээн авч, Гэрээлэгчид төлөх төлбөрийг Зам тээврийн яамаар батлуулж ирүүлсэн байх гэж, 4.1-д Хөгжлийн банк нь Төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн Хавсралт 1-д заасан олголтын хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн харилцах дансанд шилжүүлнэ гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д ”МЗ” ТӨХК нь Төслийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын хэрэгжилт, барилгын ажлын явц, тайлан мэдээллийг Зам тээврийн яамаар баталгаажуулж энэхүү гэрээний 4.1-д заасан олголтын хуваарът өдрөөс ажлын 10 хоногийн өмнө Хөгжлийн банканд хүргүүлнэ гэж тус тус заасан. Гэтэл энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш төсөл хэрэгжүүлэгчээс “Т” ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй. Харин Зам, тээврийн яамнаас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаар албан бичгээр “Т” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлж байсан боловч төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир шийдвэрлэх боломжгүй болсон. Ийнхүү “ХБ” ХХК-аас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл баталгаажсан ч уг ажлыг гэрээний хүрээнд “ХБ” ХХК-аас санхүүжүүлэх боломжгүй болсон.

2. Санхүүжилтийн эргэн төлөлт баталгаажаагүй. Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу “ХБ” ХХК-аас 55 000 000 хүртэл ам.долларыг санхүүжүүлэх боломжтой ч гэрээний хугацаанд шаардлага хангасан болон Зам тээврийн яам, “МЗ” ТӨХК-ийн баталгаажуулсан дараах ажлуудад нийт 22 517 000 ам.долларын Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөлтийг хангах, төсөвт тусган батлуулах, бүхий л үйл явцад оролцон хяналт тавих, “ХБ” ХХК-д төлбөрийг төлөх үүргийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байсан боловч уг яам татан буугдаж, Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд орсон. Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, “ХБ” ХХК, “МЗ” ТӨХК нь Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, З-ТЗ-Б 2015-5/1 дугаартай гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, хавсралтаар “ХБ” ХХК-аас "Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22 517 000 ам.доллараар санхүүжилт олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталсан. Өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг “ХБ” ХХК-д төлж байна.

2015 оноос эхлэн Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг жил бүрийн төсвийн тухай хуулиар баталдаг болсон. 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар баталсан Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад “Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй.

Эдгээр үндэслэлээр “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “ХБ” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг шаардлагын хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн агуулга нь “МЗ” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/008 дугаар гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлийг зөрчиж байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасанчлан талууд хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж гэрээг байгуулаагүй ба хуульд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээнд заасны дагуу ажил үүргийг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу “Т” ХХК-ийг сонгож гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран маргаан бүхий гэрээ нь агуулгын хувьд хууль тогтоомжид нийцсэн, уг хуульд заасан ажил үйлчилгээ гэх ойлголтод хөрс хуулалтын ажил хамаарахгүй, төрийн өмчийн компани хуулийн шаардлага биелүүлээгүйд манай буруу байхгүй. Иймд “МЗ” ТӨХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ”МЗ” ТӨХК болон ”Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, ”МЗ” ТӨХК-аас 4 523 250 000 төгрөгийг гаргуулж ”Т” ХХК-д олгож, ”Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 210 946 058.49 төгрөгт холбогдох хэсэг болон холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг ”ХБ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 38 828 930 төгрөг, хариуцагч “МЗ” ТӨХК-аас төлсөн 25 938 603.53 төгрөгөөс 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, улсын орлогоос 25 868 403.53 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч “МЗ” ТӨХК-д, хариуцагч “МЗ” ТӨХК-аас 22 774 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэр-Ян, Н.Баяраа нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Нэг. 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаар Хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэрээний алданги 2 261 625 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Хариуцагч “МЗ” ТӨХК тухайн үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.6. дахь хэсэг болон холбогдох эрхийн актуудыг харгалзан үзэж гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн хариуцлага болох алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл болгон гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцлагаас зайлсхийж байхад шүүх энэ шаардлагыг хангаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Зөвхөн хариуцлагаас чөлөөлөгдөхийн тулд гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шүүх хүлээж авах үндэслэл биш. Анх 2 тал гэрээ байгуулахдаа тухайн үед дагаж мөрдөж байсан хүчин төгөлдөр хуульд нийцүүлэн гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр гэрээг хожим хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болгон хүчин төгөлдөр бус гэж үзэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Анхан шатны шүүх “Т” ХХК болон “МЗ” ТӨХК, “ХБ” ХХК-ийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Шинэ төмөр зам төслийн ажил нь Улсьш Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрт хамаарах учраас Хөгжлийн банк нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу “МЗ” ТӨХК болон “Т” ХХК-ийн хоорондын Хөрс хуулалтын ажлын гэрээний ажлыг санхүүжүүлэх үүрэгтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан төрийн эрх барих дээд байгууллагуудын тогтоол, шийдвэр, зөвлөмж, ХБ, Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн яам, Монгол Улсын Зам тээврийн яам, “МЗ” ТӨХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3-ТЗ-Б 2013-5 тоот "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай" гэрээ, ХБны 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3/250 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. “ХБ” ХХК нь Хөрс хуулалтын ажлын гэрээний оролцогч тал биш боловч Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн учраас “Т” ХХК болон “ХБ” ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д заасан "иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл" буюу ХБны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан "Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ" гэсэн үндэслэлд хамаарна. Шүүх зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг тодорхойлохдоо хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасныг баримтлан зөвхөн хариу тайлбарт дурдсан үндэслэлд хязгаарлагдаж шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх Хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “ХБ” ХХК-д даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хавтаст хэрэгт авагдсан ХБ, Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн яам, Монгол Улсын Зам тээврийн яам, “МЗ” ТӨХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3-ТЗ-Б 2013-5 тоот "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай" гэрээг анхаарч үзээгүй. Дээр дурдсан Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266, 2012 оны 11 дүтээр сарын 03-ны өдрийн 121, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор батлагдсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын I, II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож байгуулсан. Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “МЗ” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай "Хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд даалгасан байсан учраас гэрээний санхүүжилт "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ"-нд бүрэн хамаарна. ХБ Хөрс хуулалтын ажлын гэрээний гүйцэтгэлийг санхүүжүүлэхээр "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ"-г байгуулсан нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болно. Шүүх Хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй. Хөгжлийн банк Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрт хамаарах "Шинэ төмөр зам төсөл"-д өөрийн хөрөнгөөр оролцсон үндэсний 33/35 компаниас 33 компани санхүүжилтээ авсан. Гадаадын зөвлөх үйлчилгээний 11 компанийн ажлыг холбогдох журмын дагуу санхүүжүүлсэн атлаа “Т” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн Хөрс хуулалтын ажлын гэрээний ажлыг санхүүжүүлэх үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь үүрэг гүйцэтгэгч хууль буюу гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагаар зөрчил гаргагч этгээд хүлээсэн үүргээ бодитой, зохих ёсоор гүйцэтгэхийг шаарддаг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасан "хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх хамгаалалтын арга"-аар хамгаалагдах учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй.

...Засгийн газар хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд даалгасан нь Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаарх Засгийн газрын бүрэн эрхэд хамаарна.

Хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд даалгасан Засгийн газрын тогтоол хүчинтэй байгаа бөгөөд Засгийн газрын эдгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар зохигчид маргаагүй байхад шүүх Засгийн газрын тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар хуульд нийцээгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иймд хариуцагч "МЗ" ТӨХК-ийн гаргасан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаар Хөрс хуулалтьш ажпын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч "Т" ХХК-ийн хариуцагч "МЗ" ТӨХК болон "ХБ" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч "МЗ" ТӨХК-ийн төлөөлөгч Б.Цэнгэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.  Шүүх “МЗ" ТӨХК-аас "Т" ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 01/008 дугаар Хөрс хуулалтын ажлын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон атлаа хүчин төгөлдөр бус гэрээний заалтыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн. Тодруулбал, хариуцагчийг ажлын хөлсний хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулахдаа гэрээгээр тохирсон хэмжээгээр ажлын хөлсийг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Хууль зүйн агуулгаараа гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа хүчин төгөлдөр бус болсон гэрээний заалтыг үндэслэх боломжгүй. Хариуцагчийн зүгээс ажлын хөлсний бодит үнэлгээг тогтоолгох зорилгоор хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулж шинжээч томилуулж ажлын хөлсний зах зах зээлийн бодит үнийг тогтоолгох хүсэлт гаргасан. Улмаар уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж шинжээч томилуулж  ажлын хөлсний зах зээлийн бодит үнийг тогтоолгох хүсэлт гаргасан. Гэвч уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр зөрчсөн. Ийнхүү бодит үнэлгээг тогтоогоогүйгээс шүүхэд барих дүн олдохгүй тул хүчин төгөлдөр бус болсон гэрээний заалтыг үндэслэхэд хүргэсэн. Улмаар хүчин төгөлдөр бус гэрээний заалтыг үндэслэн ашиг шингэсэн үнэлгээгээр ажлын хөлсийг бодож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймээс шийдвэр илт хууль зүйн үндэслэлгүй болсон.

            Тус хэргийн оролцогч "МЗ" ТӨХК нь анхнаасаа хоёр өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд сүүлийн үед тус хэрэг дээр дагнан ажиллаж байсан өмгөөлөгч Л.Банзрагч нь шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаж холбогдох нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн байхад шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр шүүх хуралдаантай байсан тул шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “МЗ” ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 5 156 130 705.94 төгрөг, алданги 2 578 065 352.49 төгрөг, нийт 7 734 196 058.49 төгрөг гаргуулах, “ХБ” ХХК-д холбогдуулан гэрээт ажлын хөлсийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэлийг тус тус гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “МЗ” ТӨХК 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-ийн трассын дагуу гүйцэтгэсэн нийт ажлын эзлэхүүн 289 488 метр.куб гэж тогтоосон шинжээч “МЗын нэгдсэн холбоо” ТББ-ын дүгнэлтэд зохигчид маргаагүй, зохигчдын хэн аль нь гэрээний 27.1.2-т заасан техникийн даалгаврыг шүүхэд ирүүлээгүй байна. /4-хх 7-21/

Шүүх зохигчдын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Хөрс хуулалтын ажлын гэрээ” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж дүгнэн, хариуцагч “МЗ” ТӨХК-ийн гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь атлаа хүчин төгөлдөр гэрээний 15.2-т заасан 1 метр.куб хөрс хуулалтын ажлын хөлсийг 15 625 төгрөг гэсэн үнэлгээг үндэслэн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “МЗ” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 1 метр.куб хөрс хуулах ажлын хөлсийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Талуудын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэж, давж заалдах шатны шүүхээс ажлын хөлсийг тогтоох боломжгүй байна. Хариуцагч “МЗ” ТӨХК-ийн гэрээ байгуулах үеийн ханшаар бодит ажлын хөлсийг тогтоох мэргэжлийн шинжээч томилуулахаар гаргасан хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг дагуу хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ. /5-хх 57, 59/

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэх хариуцагч “МЗ” ТӨХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 536 275 төгрөгийг, хариуцагч “МЗ” ТӨХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 774 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                        ШҮҮГЧИД                                                А.МӨНХЗУЛ

                       

     Д.ЦОГТСАЙХАН