Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/909

 

                                                                                         

 

 

 

    2021           10             26                                         2021/ДШМ/909         

 

Б.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оюунгэрэл,

хохирогч Ч.Энхтайваны өмгөөлөгч Б.Батгэрэл,

иргэний хариуцагч Ч.Шинэбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 876 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Оюунгэрэлийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 23 дугаар эсэргүүцлээр Б.Гт холбогдох 2103 00047 0114 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Б-ны Г, 1989 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:/,

Б.Г нь 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Жанцаны уулзварын зүүн талын замд “Howo” маркийн 17-65 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, энэ дүрмийн 24.1.Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна”, мөн дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00047 0114 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Гийг цагаатгаж, шүүгдэгч Б.Г нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Ч.Энхтайван, иргэний нэхэмжлэгч Б.Сүхбат, иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн CHAI YAN KHYENG нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг зааж, эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, 585038 дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэжээ.

Прокурор А.Оюунгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлүүдээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гийн гэм бурууг хянан хэлэлцэх үед зам тээврийн ослын улмаас бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг” гэж автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийг ойлгох бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ болон эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон, хүний эрүүл мэндэд хүнд, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан бол гэж энэ 4 шинжийн аль нэгийг хангасан тохиолдолд хүндрүүлж зүйлчлэхээр, өөрөөр хэлбэл “...бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан” тохиолдлыг бие даасан шинжтэй байхаар хуульчилжээ.

Практик дээр зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учраагүй боловч “...эд хөрөнгөнд их хэмжээний буюу 50.0 сая төгрөгөөс дээш хохирол” учруулсан бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаагийн зэрэгцээ шүүхээр ял шийтгэл оногдуулсан тохиолдлыг судалж үзэлгүйгээр шүүгч өөрийн хувийн үзэл бодлоор дүгнэлт хийсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байхад шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэлгүйгээр түүнд ял завшуулах боломж олгож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 876 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 39.6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Ч.Энхтайваны өмгөөлөгч Б.Батгэрэл тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбар байхгүй” гэв.

Иргэний хариуцагч Ч.Шинэбаяр тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Тээврийн прокурорын газраас Б.Гийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Жанцаны уулзварын зүүн талын замд “Howo” маркийн 17-65 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 24.1, 3.4, дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан заалтуудыг тус тус зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, Б.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Гийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэхээр хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд,

“Вендо” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 33835 дугаартай “...Toyota Prius-20” маркийн 26-72 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.269.000 төгрөгийн шууд зардлын хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 45/,

“Вендо” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 33851 дугаартай “...Hyundai Store” маркийн 21-95 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.872.000 төгрөгийн шууд зардлын хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 66-67/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Sonata 5” маркийн 87-72 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.630.000 төгрөгийн шууд зардлын хохирол учирсан гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 92/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 307 дугаартай “...Toyota Estima” маркийн 26-21 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 8.956.000 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 107/,

’”Вендо” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 33845 дугаартай “...”Toyota Prius- 10” маркийн 23-98 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.557.400 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 135/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 708 дугаартай “...Infiniti QX56” 62-62 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27.523.350 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 165/,

”Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 670 дугаартай “...Daihatsu Hijet” маркийн 74-11 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.137.000 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 185/,

“Вендо” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 33837 дугаартай “...Toyota Prius 20” маркийн 74-13 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.157.400 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 203/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 647 дугаартай “...Toyota “Harrier” маркийн 09-33 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 825.000 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 226/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 5444 дугаартай “...Hyundai Sonata 5" маркийн 93-37 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.021.650 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн үнэлгээний тайлан /2хх 1/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 667 дугаартай “...Toyota Prius-30” маркийн 36-90 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.540.000 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн техникийн эвдрэл хохирлын үнэлгээ /2хх 23/,

“Вендо” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 33964 дугаартай “...land Kruizer” маркийн 86-59 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 114.564.750 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /2хх 42-44/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан ба анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн дүгнэлтэнд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдал гэж үзэх үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл, дээрх гэмт хэргийг үйлдсэн хүнд шүүхээс үндсэн болон нэмэгдэл ял оногдуулахдаа ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан эд хөрөнгийн буюу эд хөрөнгийн бус хохирлын хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан үзэх нь хуульд нийцнэ.

Мөн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаа /2хх 167/-г Б.Г нь зөвшөөрч гомдол санал гаргаагүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь тогтоогдоогүй байна.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор А.Оюунгэрэлийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 23 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Б.Гт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 876 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Гт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ