| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/00299/И |
| Дугаар | 386 |
| Огноо | 2015-04-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00299/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтант**** даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум, ** баг, ** хороолол, ** байрны ** тоотод оршин суух, регистрын дугаар ****, Б**** овогт Т****ийн Г****ын нэхэмжлэлтэй
Хариуцагч **** аймгийн Боловсрол соёлын газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Г****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Т****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г****, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Г****, өмгөөлөгч Ж.Т**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би цэргийн газар ажиллаж байгаад хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон. 2009 онд Боловсрол соёлын газар жолоочоор ажилд орсон. Би байнгын орон тоон дээр тогтмол цалин авч ажилладаг. Миний бие 56 настай өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, ажил үүргээ гүйцэтгэж явахад хууль бусаар ажлаас халсан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 62 тоот албан бичгийн хувьд миний бие Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч биш, төрийн үйлчилгээний албан хаагч, нөгөөтэйгээр ямар ч тохиолдолд тэтгэврийн эрх үүсэх нас болоогүй байхад ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн хуулиар тэтгэвэрт гарсан хүнийг хөдөлмөрлөх эрхийг хориогүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Г**** нь Монгол Улсын Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтаар хувь тэнцүүлсэн тэтгэврээ тогтоолгон энэхүү хуулийн 18 дугаар зүйлд заасан нэг удаагийн тэтгэмж авсан тул Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 62 тоот албан тоотыг хэрэгжүүлж, Боловсрол соёлын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ** тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Т.Г**** нь Боловсролын газрын даргын жолоочийн ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй болно. Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний 62 тоот албан бичгийг аймгийн нийт төсөвт байгууллагуудад хандаж ирүүлсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.4 дэх хэсэгт зааснаар Т.Г**** нь төрийн үйлчилгээний албан хаагч тул энэхүү албан бичиг хамаарах үндэслэл болгосон болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Г**** нь хариуцагч **** аймгийн Боловсролын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Г**** нь 2009 оноос аймгийн Боловсролын газарт жолоочоор ажиллаж байгаад 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ** тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөдөлмөрийн гэрээ, Боловсролын газрын даргын тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 3/
Нэхэмжлэгч Т.Г**** нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 тоот Боловсролын газрын даргын Ажил албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, **** аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 62 тоот албан бичгийг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн. Миний бие 56 настай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан 60 нас хүрээгүй, Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, мөн Төрийн албаны салбар зөвлөлийн албан бичгийг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн тул ажилд эгүүлэн тогтоогох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Боловсролын газар .. Т.Г**** нь Монгол Улсын Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтаар хувь тэнцүүлсэн тэтгэврээ тогтоолгон энэхүү хуулийн 18 дугаар зүйлд заасан нэг удаагийн тэтгэмж авсан,Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 62 тоот албан тоотыг хэрэгжүүлж жолоочийн ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Т.Г**** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулинд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бөгөөд энэ нь тухайн ажилтан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан нийтдээ 20-иос доошгүй жил, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 насанд хүрсэн байх гэсэн 2 нөхцлийн аль алиныг зэрэг хангасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хамаарах үндэслэл болох юм.
Нэхэмжлэгч Т.Г****ын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн цахим үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь 1956 онд төрсөн 60 насанд хүрээгүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.Г**** нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “…1О-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж хуулинд зааснаар тэтгэвэр тогтоолгосон байх бөгөөд ажил олгогч буюу хариуцагч Боловсролын газар нь энэ тухай мэдэж байсан боловч Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажиллуулж байгаад Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 62 тоот албан бичгийг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Т.Г****ыг Боловсролын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр, 2015 оны 1, 2, 3 сарын цалингийн хүснэгт зэргийг үндэслэн дундаж цалин 404991 х 2 сар =809982 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г****ыг **** аймгийн Боловсролын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 809982 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 23989 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид, түүний өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА