Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 446

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/0142

 

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч П.Баттулга, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч “****” ХХК-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч  **** аймгийн **** сумын **** баг ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт Г****ийн М****ад холбогдох

 

4950,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 01 дүгээр  сарын 26-ны өдөр хүлээн авч 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э****, иргэдийн төлөөлөгч Б.Г****, нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** ХХК-ны захирал Т.Ч****, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2014 оны 08 сард өөрийн өмчлөлийн Хьюндэй 2900LC 3 маркын экскаваторыг **** сумын нутаг болох **** гэдэг газар түрээсээр ажиллуулж байсан юм. 2014 оны 8-р сарын 20-ны үед ажил түр зогсож экскаваторыг ажиллаж байсан манаачид хүлээлгэн өгөөд манай компанийн төлөөлөгч **** суманд эргэн ирсэн юм. Энэ үед ****ын уурхайд автобаазын дарга ажилтай Г.М**** нь тэнд байсан өөрийн эзэмшлийн усан бууг зөөвөрлүүлэхээр манай экскаваторын жолоочийг албадан экскаваторыг ажиллуулж байгаад технологийн дүрмийг баримталж ажиллаагүйгээс болж онхолдуулан жолоочийн кабиныг нь дахин ашиглах боломжгүй болгон эвдэлсэн байлаа. Манай компани эвдэрсэн кабиныг засуулахаар мэргэжлийн хүмүүст хандахад “кабины төмөр хатуу байдаг тул засах боломж байдаггүй” гэсэн зөвөлгөөг өгсөн юм. Г.М**** нь миний буруугаас болж экскаваторыг тань унагачихлаа. Хохирлыг тань барагдуулж өгнө гэж амласан юм. Үүнээс хойш хэд хэдэн удаа уулзаж хохирол барагдуулах тухай сануулахад “Санхүүгийн боломж муу байна түр хүлээж байгаач” гэсэн боловч одоо хүртэл хохирол барагдуулах талаар ямар ч арга хэмжээ авахгүй, утсандаа ч хариу өгөхгүй зугатаагаад байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо. Экскаваторын кабины зах зээлийн үнэ 4-7 сая төгрөгөөр үнэлдэгддэг боловч “****” ХХК-иас 4.5 сая төгрөгөөр худалдан авах боломжтой байгаа юм. Иймд кабины үнийг 4.5 сая төгрөгөөр үнэлэн тооцож, Г.М****аас хохирлын 4.5 сая төгрөг, хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн хөлс 450.000 төгрөг нийт 4950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.М**** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э**** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би усан буу гаргаж эдний экскаваторыг ашиглан хувиараа алт олборлож байсан. Тэгээд ажил дуусаад би усан буугаа авахдаа В.О****т хэлээд тэр жолоодож байгаад унагаасан юм. Энэ түүний хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогддог. Би нэхэмжлэлийг ганцаараа хариуцахгүй. Хүний эд хөрөнгөнд хохирол учруулснаа ойлгож зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрөө зардал мөнгийг нь гаргаад засварлаж өгөх хүсэлтэй байгаа. Шинжээчийн дүгнэлтэнд засварлах боломжгүй гэсэн зүйл байхгүй. Энэ хэрэгт гэрчээр асуугдсан О****ын цалингаас экскаваторын мөнгө гэж суутгасан байсан тул би энэ мөнгийг дангаараа хариуцахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч Г.М****ад холбогдуулан гэм хорын хохирол 4500.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 450.000 төгрөг нийт 4950.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч **** ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 20-ны үеэр өөрийн өмчлөлийн Хьюндэй 2900LC 3 маркын экскаваторыг **** сумын нутаг болох **** гэдэг газар түрээсээр ажиллуулж байгаад ажил түр зогссон үед манаачид хариуцуулан үлдээснийг Г.М**** нь дур мэдэн хөдөлгөж кабиныг гэмтээсний төлбөр 4500.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 450.000 төгрөг нийт 4950.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.М**** би жолоодож унагаагаагүй, өөрийнхөө хөрөнгөөр засварлах хүсэлтэй зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хьюндэй 2900LC 3 маркын экскаватор нь **** ХХК-ны өмчлөлд байдаг болох нь хэрэгт авагдсан **** аймгийн **** сумын **** ХХК-ийн эд хөрөнгийн тооллогын 2013, 2014 оны бүртгэл, санхүүгийн тайлан, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 44-45, 51-61/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Капитал зууч ХХК-ныг шинжээчээр томилсон байх бөгөөд Хьюндэй 2900LC 3 маркын экскаваторт учирсан эвдрэл, хохирлын зах зээлийн өнөөгийн үнэлгээг тогтоож 3300.000 төгрөг гэж тогтоожээ.

Үнэлгээний талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор санал, хүсэлт гаргаагүй байна.

 

Хариуцагч Г.М**** нь би машиныг жолоодож унагаагүй, би дангаараа хариуцахгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан гэрч В.О****, гэрч У.Дарьбазар нарын мэдүүлэгээр түүний хүсэлтээр экскаторыг хөдөлгөсөн болох нь тогтоогдож байх бөгөөд хамтран хариуцагчаар татах асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн нэхэмжлэгчийн хүсэлтээр эсхүл түүний зөвшөөрснөөр солих учир хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. /хх-ийн 26-27, 29/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ч****ийн зөвшөөрснөөр жинхэнэ нэхэмжлэгч болох **** ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “….бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч Г.М****аас шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 3300.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч **** ХХК нь өмгөөлөгчийн хөлс 450.000 төгрөг нэхэмжилж, хэрэгт нотлох баримтаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчийн хөлс төлсөн баримтыг ирүүлсэн боловч энэ нь хариуцагчийн хариуцах зардалд орохгүй зайлшгүй гарах зардал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч **** ХХК-ны Т.Ч****, хариуцагч Г.М**** нар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэлийн үндсэн дээр Д.О****, Ч.Э**** нар нь шүүхэд төлөөлж оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.М****аас 3300000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгож, 1650000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М****аас улсын тэмдэгтийн хураамж 67750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА

 

                                            ШҮҮГЧИД                                       П.БАТТУЛГА

 

                                                                                                    Г.ГЭРЭЛТ-ОД