| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Гэрэлт-од |
| Хэргийн индекс | 135/2014/00568/И |
| Дугаар | 135/ШШ2015/00559 |
| Огноо | 2015-06-09 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2015/00559
2015.06.09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/00568/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 01 дүгээр 48 айл 32 тоотод оршин суух Боржигон овогт Хишигнямын Нямсүрэн /РД: ТЗ72070604, утас: 91632177/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 баг, 19-р байр 34 тоот хаягтай, одоо Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 4-р байр 4 тоотод оршин суух Еөншөөбү овгийн Магсаржавын Дарьмаасүрэн /РД: ГЭ74122503, утас:99244893/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 баг 19-34 тоотод оршин суух Хатиган овгийн Мишигдоржийн Энхболд /РД: ЖЮ 62100759, утас: 99373038/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 баг, Мангиртын 10 хэсэг, 5 гудамж 56 тоотод оршин суух Дамбаборжигон овгийн Дашийн Туяа /РД: ТА62122127, утас: 96667652/ нарт холбогдох
“2006 оны 10-р сарын 17-ны өдөр А.Хишигням, Х.Нямсүрэн, Х.Даваатогтох нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл болон түүний үндсэн дээр хийсэн бүх хэлцлийг хүчингүйд тооцуулах, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх” тухай нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Завхан аймаг, Улиастай, 01-р баг, Жинст наймаачин хоршооны гудамж 0 тоотод оршин суух Боржигон овгийн Лувсан-Очирын Члуунбаатар /РД: ИЮ49010113, утас:99683307/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Завхан аймаг, Улиастай, 01-р баг, Жинст наймаачин хоршооны гудамж 0 тоотод оршин суух Онхууд овгийн Зандангийн Оюун /РД: ИЮ51040800/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4 хороолол, 2-203 тоотод оршин суух Боржигон овгийн Нямдоржийн Цэенпэлжээ /РД: ЕЭ77101808, утас:88288068/ нарын хариуцагч М.Дарьмаасүрэнд холбогдуулан гаргасан
“байрны түрээсийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал, 58,000 төгрөг, нийт 1,358,000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх“ бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Нямсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шагдарборжигон овгийн Авирмэдийн Отгонбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагч М.Дарьмаасүрэн, түүний өмгөөлөгч И.Атарбямба, хариуцагч М.Энхболд, хариуцагч Д.Туяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Чулуунбаатар, З.Оюун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Цэенпэлжээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Нямсүрэн 2014 оны 4-р сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Дархан хотын хуучин хорооллын 19-р байрны 34 тоотод эцэг, эх, дүүгийн хамт амьдарч байгаад 1997 оноос Улаанбаатар хотод шилжин суурьшиж нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. ... Ээж Лхамсүрэн 2001 онд нас барсан, миний төрсөн дүү Х.Даваатогтох эхнэр хүүхдийн хамт аавыг асрамжилж амьдардаг байсан, аав маань биеийн байдал тааруу, хараагүй, унаж татдаг, сэтгэцийн өөрчлөлттэй, олон жил хүний асрамжид байгаа юм. Миний дүү Х.Даваатогтох 2013 оны 11-р сарын 19-нд барилгын засварын ажил хийж байгаад унаж нас барсан.
... Миний эцгийн 4 өрөө байрны асуудлаар ярилцаж тохиролцон байрыг худалдаж талийгаач дүүд ногдох хувь хэсгийн үнийг өгөхөөр Дарьмаасүрэнтэй тохиролцсон боловч байрны бичиг баримтыг авчирч өгөөгүй. Манай 19-р байрны 34 тоот орон сууцны эзэмшигч А.Хишигням, хамтран өмчлөгчөөр ээж Д.Лхамсүрэн, охин Х.Нямсүрэн, хүү Х.Даваатогтох нар байсан. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очиж байрныхаа лавлагааг гаргуулж авах гэтэл аавын чинь нэр дээр уг байр байхаа больсон байна, хамтран өмчлөгчөөр миний нэрийг ч байхгүй байна гээд лавлагаа өгөөгүй. Ямар үндэслэлээр аав бид 2-ын зөвшөөрөлгүйгээр байрны өмчлөгчөөр өөр хүмүүс тогтоогдсоныг ойлгохгүй байна. Хууль бус эзэмшлээс байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахыг шаардаж байна гээд нэхэмжлэлийн шаардлагаа ... “өөрийн өмчлөлд байгаа байрны шудрага эзэмшигчээр тогтоолгох” гэжээ.
Нэхэмжлэгч Х.Нямсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаатар шүүх хуралдаанд тайлбартаа: ... Х.Нямсүрэн нь миний эхнэр юм. 2014 оны 04-р сарын 14-ний өдөр тус шүүхэд шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн гол утга нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, 1 хороолол, 19-р байрны 34 тоот нь А.Хишигням, Д.Лхамсүрэн, Х.Нямсүрэн, Х.Даваатогтох нарын хамтран өмчлөлд байсан. 2001 оны 12-р сарын 07-ны өдөр Б.Лхамсүрэн нь нас барсан. Үүнээс хойш 2006 оны 10-р сарын 17-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг Д.Лхамсүрэнгийн нэрийг хасаад А.Хишигням, Х.Нямсүрэн, Х.Даваатогтох нарын нэр дээр авсан байсан. Өвлөх эрхийн гэрчилгээг И.Энхболд нотариатч баталсан байсан. Мөн тэр өдөр буюу 2006 оны 10-р сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгчөөс хасах хэлцэл хийсэн байсан. Ингэж хийхдээ А.Хишигням, Х.Нямсүрэн нарын өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж тэднийг байлцуулахгүйгээр гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж хийсэн. Уг хасах хэлцэл дээр зурагдсан гарын үсгийг шинжлүүлэхэд Шүүхийн шинжилгээний хариугаар нэг хүний гараар зурагдсан байсан. Дарханы шүүхийн шинжилгээ нь манайд ажиллаж байсан Туяа гэх эмчийн гарын үсэг байгаа тул Дарханд шинжилгээ хийх боломжгүй Улаанбаатарт шинжилгээнд явуулна уу гэсэн хариу албан ёсоор шүүхэд ирсэн байсан. Шүүхээс Улаанбаатар дахь шүүхийн шинжилгээний албанд шинжилгээнд явуулаад хариу нь ирсэн байгаа. Хамтран өмчлөгч хасах хэлцэл дээр Дархан сумын 16-р баг, 19-34 тоотод орших 00202526 тоот үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 20033006123 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөгч А.Хишигням, Х.Даваатогтох бид өөрсдийн байрны хамтран өмчлөгчөөс саналаараа татгалзаж байна гэж бичсэн мөртлөө үлдэх өмчлөгчөөр Х.Даваатогтох гэж бичсэн байгаа. Тэгээд өөрсдийн хүсэлтээр хасагдах дээр нь А.Хишигням, Х.Нямсүрэн нар гарын үсэг зурсан болж хасах хэлцэл хийгдсэн байгаа. 2006 оны 10-р сарын 17-ны өдөр мөн Х.Даваатогтоход нэг хүний өмч гээд улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байдаг. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн учраас нэхэмжлэл гаргасан юм. Өвлөх эрхийг анх өөрөө өвлөхөөс татгалзаагүй байхад өөрийг нь байлцуулахгүйгээр хуурамчаар гарын үсэг зуран, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хасах хэлцэл хийсэн байдаг учир өөрсдийн өмчлөх эрхийг сэргээлгэх, хамтран өмчлөгчөөс хууль бусаар хассан хэлцлийг хүчингүйд тооцуулах, 2006 оны 10-р сарын 17-ны өдрийн 4 хүний өмч гэж гарсан эрхийн гэрчилгээнүүдийг хүчинтэйд тооцуулах шаардлага гаргаж байна. 2006 оны 10-р сарын 17-ны өдөр хийгдсэн хамтран өмчлөгч хасах хэлцлийг хүчингүйд тооцуулах, уг хасах хэлцлийн дараагаар хийгдсэн бүх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцуулах тухай, тухайлбал 2006 оны 10-р сарын 17-ны өдрийн Х.Даваатогтоход олгогдсон эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой бусад эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, 2007 оны 01-р сарын 25-ны өдрийн Д.Туяа, Х.Даваатогтох нарын хийсэн худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 08-р сарын 04-ний өдрийн Х.Даваатогтоход Д.Туяа зарсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 08-р сарын 04-ний өдөр М.Дарьмаасүрэнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгосон улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 04-р сарын 02-ны өдрийн Чулуунбаатар нартай хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 04-р сарын 02-ны өдөр хийсэн уг худалдсан байраа эргүүлж хөлслөх гэрээ, 2013 оны 04-р сарын 09-ний өдөр хийсэн орон сууц хөлслөх гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна.
М.Дарьмаасүрэн энэ байрыг ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр хамтран өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээ авч үүнээс хойш Чулуунбаатар нарт уг орон сууцыг худалдаж өөрийн дансанд болон бусдад өгөх ёстой зээлийн мөнгөө дээрх хүмүүсээр төлүүлж, байрыг 20.000.000 сая төгрөгөөр зарсан мэт гэрээ хийж үнэндээ 55.000.000 төгрөгөөр зарсан гэх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа болохоор хариуцагчаар оролцуулж байна.
Нотариатын үйлдэл хийхдээ Иргэний хууль зөрчиж хийсэн байдаг. Хамтран өмчлөгчийг өөрсдийг нь байлцуулаагүй байж хасах хэлцэлийг баталсан учир нотариатч И.Энхболдыг хариуцагчаар татсан.
Хариуцагч тал Д.Туяаг гэрчээр оролцуулья гэж хүсэлт өгсөн байсан. Тэрнээс хойш манай талаас хамтран хариуцагчаар оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн. Үл хөдлөх хөрөнгөөс хасагдах хэлцэл дээр Д.Туяа гэдэг хүний гарын үсэг байгаа, уг хүн нь манай шинжилгээний албанд ажилладаг учир шинжилгээ хийх боломжгүй гэсэн албан мэдэгдлийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас ирүүлээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийгдээд Д.Туяагийн бичвэр гэж дүгнэлт гарсан байдаг. Энэ үндэслэлээр хэрэгт оролцуулж ирсэн ... гэжээ.
Хариуцагч М.Дарьмаасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анх энэ байр А.Хишигням, Х.Даваатогтох, Х.Нямсүрэн, Д.Лхамсүрэн нарын өмчлөлд байсан. Энэ байранд 2009 онд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэнээс хойш хамтран өмчлөгчөөр би нэмэгдсэн байгаа. Тэрнээс өмнөх үйл ажиллагааг би мэдэхгүй. Би анх энэ айлд 1995 онд бэр нь болж ирэхэд Х.Нямсүрэн, А.Отгонбаатар нар гэр бүл болоод 1994 онд шилжээд явсан. 2001 онд хадам ээж Д.Лхамсүрэн нас барснаас хойш манай нөхөр Х.Даваатогтохыг 2012 онд нас барах хүртэл хугацаанд яагаад Х.Даваатогтохыг амьд сэрүүн байхад, хадам аав А.Хишигнямыг ухаан санаа нь саруул бусдад өөрийгөө ойлгуулах чадвартай байхад нь уг байрны асуудлаар яриагүй мөртлөө Х.Даваатогтохыг нас бараад 49 хоног нь өнгөрөнгүүт намайг 3 хүүхэдтэй минь хөөгөөд гаргасан юм бэ? Одоо энэ байрыг надаас нэхэмжлээд, 2009 оноос өмнөх үйл ажиллагааг надтай холбоод байгааг би ойлгохгүй байна. Эд нар мэдэж л байгаа байх, хадам аав А.Хишигням байхдаа хадам ээж Д.Лхамсүрэнг өнгөрснөөс хойш, Х.Даваатогтох миний ганц хүү учраас би байраа өгнө, Х.Нямсүрэн хүний хүн болоод Улаанбаатарлуу явсан учраас чамд энэ байр хамаагүй шүү гэж ярихад Х.Нямсүрэн, А.Отгонбаатар нар нь тэгэлгүй яахав, энэ байр Х.Даваатогтохынх байлгүй яахав, бид нар булаацалдахгүй гэж ярьсан мөртлөө өнгөрсөн хойно нь надаас нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. 2006 оны 02 сард төрөөд 2006 оны 09 сард ажилдаа ороход Х.Нямсүрэн нь дунд охин Эмүүжингээ дагуулаад манайд Дарханд ирчихсэн байсан. Х.Нямсүрэн нь Х.Даваатогтохтой цуг явж энэ хасагдах хэлцлийг хийсэн байх, яг тэр үеэр манайд ирсэн байсан учраас Х.Нямсүрэн огт мэдээгүй гэж ярьж болохгүй. 2009 онд миний нэр орсноос хойш асуудлыг би мэднэ, тэрнээс өмнөх асуудлыг мэдэхгүй байна. 2006 оны 10-р сарын 17-ны өдөр хийгдсэн хасах хэлцэл хүчин төгөлдөр бус учраас тэр өдрөөс хойш хийгдсэн бүх гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Х.Нямсүрэн тэр үед манайд ирсэн байсан. Х.Нямсүрэнг ирээгүй байхад ийм асуудал болохгүй байсан. Энэ үед А.Хишигням амьд сэрүүн байсан боловч архи их уудаг байсан. Ухаан санаа нь муудаагүй байсан. Сүүлд шүүхийн шинжилгээний нэг хүний гараар зурагдсан гарын үсэг байна гэсэн дүгнэлтийг сонсчихоод Х.Нямсүрэн тэр хасагдах хэлцэл хийхэд байгаагүй мэтээр ярьж болохгүй. Шүүхийн шинжилгээнд Х.Даваатогтохын гар бичмэлийг үнэлэхгүй байсан мөртлөө аавын өгсөн жижиг зурган дээр байсан гуравхан үгэн дээр шинжилгээ хийгээд хариу гаргасан байгаад би эргэлзэж байгаа. Яагаад Х.Даваатогтохын бичсэн бүхэл бүтэн 10 гаран үгтэй өгүүлбэрээс шинжилгээ хийх боломжгүй гэчихээд А.Хишигнямын бичсэн гуравхан үгнээс шинжилгээ хийсэн тэр хаялага, цацлага, урт өргөний хэмжээ гарч ирэх үү гэдэгт маш их эргэлзэж байна гэжээ.
Хариуцагч И.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Талийгаач Х.Даваатогтохыг зүс танина. 2006 оны 10-р сарын 17-ны өдөр байх, он сар өдрийг сайн санахгүй байна, Х.Даваатогтох Х.Нямсүрэн хоёр ирээд өв залгамжлалын гэрээ хийнэ гэсэн, тэгээд гурван хүний өмчлөлд байхад яагаад хоёулаа ирж байгаа юм бэ А.Хишигням яасан юм бэ гэтэл хэвтрийн өвчтэй хүн, байнга хэвтэрт байдаг гэхээр нь очоод гарын үсэг зуруулья гэсэн чинь гарын үсэг зурж чадахгүй гээд нөгөө хоёрынх нь нэг нь зурсан юм сайн санахгүй байна. Яагаад А.Хишигнямаар зуруулаагүй шалтгаан нь хэрэг хариуцах чадваргүй, ухаан санаа нь эрүүл биш гэсэн эмчийн магадлагаа байсан, харин тэр магадлагаа нь архивт орсон, бичиг баримтад нь хавсрагдаагүй байна. Тэр үед Х.Даваатогтох, Х.Нямсүрэн нар хоёулаа цуг ирсэн одоо яриад байгаа хасах хэлцэл хийхэд байгаагүй гээд байгаа нь худлаа. Би тухайн хүмүүсийн хүсэл сонирхлын дагуу тодорхой хураамжаа аваад хийсэн үйл ажиллагаа юм. Одоо харин өөр хүнээр гарын үсэг зуруулсан гээд байгаа нь намайг өөрөө зурсан эсвэл гудамжинд явж байсан хүн дуудаж ирээд зуруулсан юм шиг яриад байна. Тийм асуудал байхгүй ба өв залгамжлалын гэрчилгээ болон хасагдах хэлцлийг албан ёсоор үдэж, хавтаслаад архивтаа шилжүүлсэн. Харин архивт орсон материал олдохгүй байгаа бол тэр архивын хүмүүс нь л мэдэж байгаа байх. Шинжилгээ хийсэн гэж яриад байна, миний архивт өгсөн бүртгэлийн ямар дэвтрээс шинжилгээ хийснийг би сайн мэдэхгүй байна гэв.
Хариуцагч Д.Туяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Даш овогтой Туяа миний бие өөрийн дүү Ц.Тунгалагт туслах зорилгоор Х.Даваатогтохтой хийсэн гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие тухайн үйл явдлын талаар ямар нэгэн зүйл үл мэдэх бөгөөд тухайн хэрэгт ямар ч холбогдолгүй. Х.Даваатогтохтой хийсэн гэрээний дагуу 2009 онд дахин гэрээ хийж байрыг нь буцаан шилжүүлж өгсөн. Миний хувьд хэрэгт ямар нэгэн холбогдолгүй бөгөөд байрыг нь буцаан өгснөөр ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байна. Иймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Туяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Д.Туяаг төлөөлж ирж байгаа юм. Гэхдээ энэ хэрэгт бас гэрчээр оролцож байгаа. Би анхны нэхэмжлэлийг уншиж үзэхэд энэ байрыг хоорондоо залилах маягтай бие биендээ шилжүүлсэн гэсэн зүйл ярьсан байсан. Байр 2007 онд Д.Туяад шилжсэн байгаа. Х.Даваатогтохтой тохироод танай гэрчилгээг орон сууцны зээл авч байгаа маягаар шилжүүлээд 2 жил гарангийн хугацаанд хэрэглээд буцаагаад шилжүүлье гэж хэлээд 2007 онд шилжүүлж аваад 2009 онд буцааж шилжүүлж өгсөн. Үүнийг нотлох гэрээ тухайн үед гарч байсан зардлуудын баримт байгаа юм. Хамтран өмчлөгч хасах хэлцэл дээр Д.Туяа гарын үсэг зурсан гэдэг нь худлаа, зураагүй юм. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас Д.Туяа нь энэ гэрээнд гарын үсэг зурсан учраас шинжилгээ хийх боломжгүй гэдэг утгаар мэдэгдээгүй уг Д.Туяа нь уг Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албанд нэр нь харъяалагддаг учраас шинжилгээ хийх боломжгүй гэж мэдэгдсэн байдаг юм. Тухайн үед би Д.Туяатай явж зээлийг нь хөөцөлдөж Д.Туяагийн нэр дээр зээл аваад авсан зээлийг нь би хэрэглэсэн болохоор гэрчээр оролцуулсан байх гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Чулуунбаатар, З.Оюун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Цэенпэлжээ 2014 оны 6-р сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Н.Цэенпэлжээ миний бие хамтран өмчлөгчид болох Л.Чулуунбаатар, З.Оюун нарын хамт 2012 оны 4-р сарын 02-ны өдөр иргэн Х.Даваадорж, М.Дарьмаасүрэн нараас Дархан сумын 16-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот орон сууцыг худалдан авсан ба мөн өдрөөс хөлслүүлж эхэлсэн. Хөлслүүлэх явцад Дарьмаасүрэн нь түрээсийн төлбөрөө удаа дараа төлөхгүй хойшлуулж ирсэн ба 2012 оны 4-р сарын 2-ны өдөр хамтран өмчлөгч Л.Чулуунбаатар, З.Оюун мөн миний бие уулзахад 2014 оны 4-р сарын 07-ны өдөр гэрээний үлдэгдэл 3,600,000 төгрөгийг хийнэ, 5-р сарын 20-ны өдөр байр чөлөөлж өгнө, төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол эхний 2 сарын алданги 400,000 төгрөг нэмж төлнө гэсэн боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Байрны түрээсийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал, 58,000 төгрөг, нийт 1,358,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2014 оны 10-р сарын 01-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ... сүүийн 3 сарын /06.13-09.13/ 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо бид хууль ёсоор өмчилж авсан байраа өмчлөгч бус хүмүүсийн шудрага бус эзэмшлээс суллуулж чадахгүй 5 сар болж байгаа уг байрыг хууль бус эзэмшлээс гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.
Мөн Н.Цэенпэлжээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би энэ хуралдаанд Л.Чулуунбаатар, З.Оюун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мөн өөрөө бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар оролцож байна. Манайх 2012 оны 04-р сарын 02-нд маргааны зүйл болж буй орог сууцыг худалдаж авсан. Тухайн үед 55,000,000 төгрөгөөр авсан боловч татвар бага төлдөг гээд хүсэлтийнх нь дагуу 20,000,000 төгрөгөөр худалдаж авах гэрээ хийж хууль ёсны өмчлөгчөөр Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ гэсэн 3 хүн тогтоолгосон. Ингэж худалдаж аваад тэр өдөртөө буюу 2012 оны 04-р сарын 02-ны өдөр М.Дарьмаасүрэнтэй түрээсийн гэрээ байгуулсан. 2014 оны 04 сард дуусах байсан боловч М.Дарьмаасүрэн нь утсаа авахгүй байж байгаад нэг холбогдоод түрээсийн төлбөрөө гаргуулья гэхэд манай хадам эгч энэ байрыг булаацалдаад шүүхэд өгсөн байгаа гэж хэлсний үндсэн дээр шүүх дээр ирээд мэдээд бие даасан шаардлага гаргаад оролцож байгаа юм. Байрны түрээсийн төлбөр гаргуулах, мөн бид өөрсдийн албан ёсны өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцандаа орж чадахгүй байгаа тул орон сууцаа чөлөөлүүлж, байрнаас албадан гаргуулах шаардлага гаргасан гэв.
Хариуцагч М.Дарьмаасүрэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Чулуунбаатар, З.Оюун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Цэенпэлжээгийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... М.Дарьмаасүрэн миний бие 16-р багийн 19-34 тоот байрыг 2012 оны 04-р сарын 02-ноос 2014 оны 03-р сарын 02 хүртэл нөхөр 3 хүүхдийн хамт түрээслэн амьдрах гэрээг иргэн Чулуунбаатартай хийн амьдарч байсан. Манай гэр бүлийн хүн Х.Даваатогтох нь 2013 оны 11-р сарын 19-ний өдөр зуурдаар нас барсан. 2014 оны 1-р сарын 15-ны өдөр манай эгч Х.Нямсүрэн намайг 3 хүүхдийн маань хамт тухайн байрнаас хөөж гаргасан. Би иргэн Чулуунбаатартай хийсэн гэрээнийхээ дагуу 2014 оны 4-р сарын 20-ны өдөр хүртэл байрны төлбөрийн үлдэгдэл болох 1,358,000 төгрөгийг төлнө. 4 сарын хойшхи түрээсийн төлбөрийг Х.Нямсүрэн төлөх ёстой. 2014 оны 1-р сараас хууль бусаар амьдарч байгаа Х.Нямсүрэнгээс байрыг чөлөөлүүлж авах ёстой, тэр хүнд хамааралтай байх гэжээ.
Нэхэмжлэгчийн Х.Нямсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Бид нарт энэ байрны түлхүүр нь байна. Гуравдагч этгээдийн шаардлагыг ойлгож байна. Анхнаасаа хууль бус үйлдэл хийгдсэн учир М.Дарьмаасүрэнтэй учраа олсон нь зүйн хэрэг гэж үзэж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Нямсүрэн нь “2006 оны 10-р сарын 17-ны өдөр А.Хишигням, Х.Нямсүрэн, Х.Даваатогтох нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл болон түүний үндсэн дээр хийсэн бүх хэлцлийг хүчингүйд тооцуулах, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх”, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд болох Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нар “байрны түрээсийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал, 58,000 төгрөг, нийт 1,358,000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх” нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот 44м кв талбайтай орон сууцны өмчлөгч нар нь 2006 оны 10-р сарын 17-ны өдрөөс өмнө А.Хишигням, Д.Лхамсүрэн, Х.Нямсүрэн, Х.Даваатогтох нар байсан байна.
Д.Лхамсүрэн 2001 оны 12-р сарын 07-ны өдөр нас барсан байх ба 2006 оны 10-р сарын 17-ны өдөр дээрхи орон сууцнаас Д.Лхамсүрэнд оногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ орон сууцны бусад өмчлөгч нар болох нас барагчийн нөхөр А.Хишигням, 2 хүүхэд Х.Нямсүрэн, Х.Даваатогтох нарт олгогджээ.
Мөн өдөр А.Хишигням, Х.Нямсүрэн, Х.Даваатогтох нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцлийн үндсэн дээр Х.Даваатогтох ганцаар орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ.
2007 оны 1-р сарын 25-ны өдөр Х.Даваатогтох, Д.Туяа нар 34 тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр Д.Туяа 2007 оны 1-р сарын 26-ны өдөр өмчлөгчөөр бүртэгджээ.
2009 оны 8-р сарын 04-ний өдөр Д.Туяа, Х.Даваатогтох нар мөн 34 тоот орон сууцыг буцаан худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр Х.Даваатогтох, өмчлөгчөөр, М.Дарьмаасүрэн хамтран өмчлөгчөөр бүртгэгджээ.
2012 оны 4-р сарын 02-ны өдөр Х.Даваатогтох, М.Дарьмаасүрэн нар Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нартай 34 тоот 3 өрөө орон сууцыг хорин сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж дээрхи орон сууцны өмчлөгчөөр Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нар бүртгэгджээ.
2012 оны 4-р сарын 09-ний өдөр Л.Чулуунбаатар, М.Дарьмаасүрэн нар мөн дээрхи орон сууцыг М.Дарьмаасүрэнд сарын 400,000 төгрөгөөр хөлслөх гэрээ байгуулжээ.
Х.Даваатогтох 2013 оны 11-р сарын 19-ний өдөр, А.Хишигням 2015 оны 1-р сарын 23-ны өдөр нас баржээ.
2006 оны 10-р сарын 17-ны өдөр А.Хишигням, Х.Нямсүрэн, Х.Даваатогтох нарын хооронд хийгдсэн гэх Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот 44м кв талбайтай орон сууцны өмчлөлөөс хамтран хамтран өмчлөгч хасах хэлцэл нь хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлгүй, агуулгын хувьд илэрхий алдаатай хийгджээ.
Уг хэлцэлд ... үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Азарсүрэнгийн Хишигням, Хишигнямын Даваатогтох өөрсдийн байрны хамтран өмчлөлөөс татгалзаж байна, хамтран өмчлөгчөөс хасуулахаар гэр бүлийн гишүүдтэй тохиролцож энэхүү гэрээг байгуулав ... гэсэн байх боловч үлдэх өмчлөгч Х.Даваатогтох гэжээ. /хх-ийн 105/
Өөрийн хүсэлтээр хасагдах хэсэгт Азарсүрэнгийн Хишигням, Хишигнямын Нямсүрэн гэсэн байх боловч байрны хамтран өмчлөлөөс татгалзах хэсэгт Х.Нямсүрэн дурдагдаагүй байна.
Мөн хэлцэлд зурагдсан нэр бүхий хүмүүсийн гарын үсгүүдийг А.Хишигням, Х.Даваатогтох, Х.Нямсүрэн, М.Дарьмаасүрэн нарын хэн нь зурсан болохыг тогтоосон криминалистикийн шинжээчийн 2014 оны 9-р сарын 9-ний өдрийн 3723 тоот дүгнэлтэд /хх-ийн 118-р тал/ ... 2006 оны 10-р сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”, 2006 оны 10-р сарын 17-ны өдрийн “үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл” гэсэн баримтуудын гар бичмэлүүдийг нэг хүн бичсэн байна. Уг бичмэлийг бичсэн хүн 2006 оны 10-р сарын 17-ны өдрийн “үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл” гэсэн баримтын “Х.Даваатогтох” гэсний дор, “Азарсүрэнгийн Хишигням” гэсний дор, “Хишигням Нямсүрэн” гэсний дор тус тус зурсан гарын үсгүүдийг зурсан байна, гар бичмэл, гарын үсгүүд нь Х.Дарьмаасүрэн, Х.Нямсүрэн, А.Хишигням нарын бичгийн хэв загваруудтай тохирохгүй байна ... гэснээс үзвэл уг хэлцлийг хийхэд хэлцэлд нэр дурдагдсан бүх хүмүүс байгаагүй, нэхэмжлэгч Х.Нямсүрэн хэлцэлд гарын үсэг зураагүй болох нь тогтоогдож байна.
Хэлцэлд Х.Даваатогтох, А.Хишигням, Х.Нямсүрэн нар өөрсдөө гарын үсэг зурах, эсвэл тэднийг төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэл олгогдсон тохиолдолд нэг этгээд бусдыгаа төлөөлөн гарын үсэг зурах учиртай. Гэтэл ямар нэгэн итгэмжлэлгүйгээр нэг этгээд 3 хүний өмнөөс гарын үсэг зурсан байдал хангалттай тогтоогдож байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56-р зүйлд зааснаар “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд 2006 оны 10-р сарын 17-ны өдрийн “үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл”-ийг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцов.
2006 оны 10-р сарын 17-ны өдрийн “үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл” хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр 2006 оны 10-р сарын 17-ны өдрөөс хойш хугацаанд хийсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Х.Даваатогтохыг бүртгэж олгосон 2006 оны 10-р сарын 17-ны өдрийн 000202705 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.Даваатогтох, Д.Туяа нарын хооронд байгуулагдсан 2007 оны 1-р сарын 25-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Туяаг бүртгэж олгосон 2007 оны 01-р сарын 26-ны өдрийн 000024285 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Туяа Х.Даваатогтох нарын хооронд байгуулагдсан 2009 оны 08-р сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Х.Даваатогтох, хамтран өмчлөгчөөр М.Дарьмаасүрэнг бүртгэж олгосон 2009 оны 08-р сарын 04-ний өдрийн 000095907 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.Даваатогтох, М.Дарьмаасүрэн, Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нарын хооронд байгуулагдсан 2012 оны 04-р сарын 02-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нарыг бүртгэж олгосон 2007 оны 01-р сарын 26-ны өдрийн 000145760 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус хүчин төгөлдөр бус юм.
2006 оны 10-р сарын 17-ны өдөр нас барагчийн нөхөр А.Хишигням, 2 хүүхэд болох Х.Нямсүрэн, Х.Даваатогтох нарт 34 тоот орон сууцны нас барагч Д.Лхамсүрэнд оногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1, 531-р зүйлийн 531.2-д заасантай зөрчилдөхгүй байх тул уг гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Х.Нямсүрэнгийн “2006 оны 10-р сарын 17-ны өдөр А.Хишигням, Х.Нямсүрэн, Х.Даваатогтох нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл, 2006 оны 10-р сарын 17-ны өдрөөс хойш хугацаанд хийсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Х.Даваатогтохыг бүртгэж олгосон 2006 оны 10-р сарын 17-ны өдрийн 000202705 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.Даваатогтох Д.Туяа нарын хооронд байгуулагдсан 2007 оны 1-р сарын 25-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Туяаг бүртгэж олгосон 2007 оны 01-р сарын 26-ны өдрийн 000024285 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Туяа Х.Даваатогтох нарын хооронд байгуулагдсан 2009 оны 08-р сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Х.Даваатогтох, хамтран өмчлөгчөөр М.Дарьмаасүрэнг бүртгэж олгосон 2009 оны 08-р сарын 04-ний өдрийн 000095907 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн өусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.Даваатогтох, М.Дарьмаасүрэн, Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нарын хооронд байгуулагдсан 2012 оны 04-р сарын 02-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нарыг бүртгэж олгосон 2012 оны 04-р сарын 02-ны өдрийн 000145760 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “2014 оны 04-р сарын 02-ны өдөр хийсэн худалдсан байраа эргүүлж хөлслөх гэрээ, 2013 оны 04-р сарын 09-ний өдөр хийсэн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн “байрны түрээсийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал 58,000 төгрөг, нийт 1,358,000 төгрөгийг М.Дарьмаасүрэнгээс гаргуулах, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х.Нямсүрэн “2012 оны 4-р сарын 09-ний өдөр Л.Чулуунбаатар, М.Дарьмаасүрэн нарын хооронд байгуулагдсан 34 тоот орон сууцыг хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах”, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нар хариуцагч М.Дарьмаасүрэнд холбогдуулан “байрны түрээсийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал, 58,000 төгрөг, нийт 1,358,000 төгрөг гаргуулах”, “хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх” шаардлага гаргасан ба орон сууц хөлслөх гэрээтэй холбоотой шаардлага нь маргааны зүйл болох 34 тоот орон сууцтай холбоотой боловч өөр харилцаанаас буюу эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанаас үүдэлтэй, өөр үндэслэлтэй, ижил биш агуулгатай байх тул уг шаардлагыг бие даасан нэхэмжлэлээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү дээрхи шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нар “орон сууц хөлслөх гэрээ”, түүний төлбөртэй холбоотой нэхэмжлэлээ жич гарган шийдвэрлүүлэхэд саад болохгүй болохыг дурдаж, үүнтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлээгүй тул дээрхи шаардлагатай холбогдуулан урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нарт улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж олгох нь зүйтэй.
Хариуцагч М.Дарьмаасүрэнгийн өмгөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд ... Нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа шударга эзэмшигчээр тогтоолгож өгнө үү гэсэн шаардлага байсан, хэрвээ хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой. Шударга эзэмшигчээр тогтоолгоход бас учиртай 3-4 хүн байгаад байхад би ганцаараа шударга эзэмшигчээр тогтоолгоно гэх нь өөрөө шударга ёсонд нийцэхгүй. Тухайлбал 2006 оны өмчлөх эрхийн гэрчилгээгээр ярьвал А.Хишигням нь нас барсан байгаа тул өв залгамжлалын асуудал нь нэг жилийн дараа өв нээгдэхээр ярих нь зүйн хэрэг харин дараа нь Х.Даваатогтохын хүүхдүүд нь өмчлөх юм уу яг хэн өмчлөх бэ гэдгээс шалтгаалаад хууль зүйн үндэслэл нь өөр юм. М.Дарьмаасүрэнг хариуцагчаар татах үндэслэлгүй юм. Хариуцагч болгох гээд байгаа юм бол Х.Даваатогтохын нэр хэлцэл дээр байгаа учраас Х.Даваатогтохыг хариуцагч болгох ёстой гэтэл хариуцагч нь нас барсан байгаа тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байдаг. Иймээс шүүх уг маргааны хөөн хэлэлцэх хугацаа, өв залгамжлал, нэхэмжлэлийн шаардлага гэх асуудал дээр нухацтай анхаарч үзнэ үү ... гэсэн тайлбар гаргасан ба Иргэний хуулийн 76-р зүйлийн 76.2-д ... эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолохоор заасан тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчлөх, багасгах, ихэсгэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 26-р зүйлийн 26.2-д заасан нэхэмжлэгчид олгогдсон эрх юм.
Мөн хариуцагчаар оролцвол зохих этгээд нас барсан шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн байдал тогтоогдож байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д зааснаар эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй ба шүүх эдийн ба эдийн бус баялагтай холбогдон эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй.
2006 оны 10-р сарын 17-ны өдрийн “үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл”-ийг хийхэд гарын үсэг зурсан гэх Х.Даваатогтох, А.Хишигням нар нас барсан ба тухайн хэлцэлд оролцогч нарын өмнөөс хэн гарын үсэг зурсан болох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х.Нямсүрэн нь анх нэхэмжлэл гаргахдаа 2014 оны 4-р сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, гуравдагч этгээд Цэенпэлжээ нар 2014 оны 6-р сарын 13-ны өдөр 36,678 төгрөг, мөн өдөр 70,200 төгрөг, 2014 оны 10-р сарын 03-ны өдөр 33,350 төгрөг төлжээ.
Нэхэмжлэгч Х.Нямсүрэн нь анх нэхэмжлэл гаргахдаа шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргаж байсан ба нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөх эрхээ сэргээлгэх гэж өөрчилжээ. Маргааны зүйл болох 3 өрөө орон сууцны зах зээлийн дундаж үнэлгээг “Ашидбилгүүн” ХХК-ийн 2014 оны 11-р сарын 13-ны өдрийн д/098 тоот шинжээчийн дүгнэлтээр 80,000,000 төгрөг гэж тогтоосон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 63-р зүйлд эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ буюу нэхэмжлэлийн үнийг эд хөрөнгийн дундаж үнэ 80,000,000 төгрөгнөөс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд дурдагдсан нэр бүхий 4 хүнд хувааж 20,000,000 төгрөг гэж тооцов.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нямсүрэнгээс урьд төлсөн 70,200 төгрөг дээр 20,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн зөрүүг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчаар татагдан оролцсон хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, 59-р зүйлийн 59.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цэенпэлжээ нарын улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 6-р сарын 13-ны өдөр төлсөн 36,678 төгрөг, 2014 оны 10-р сарын 03-ны өдөр төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Н.Цэенпэлжээд олгож, 2014 оны 6-р сарын 13-ны өдөр төлсөн “хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” нэхэмжлэлд ногдох 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-д заасныг баримтлан 2012 оны 04-р сарын 02-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нарыг бүртгэж олгосон 2012 оны 04-р сарын 02-ны өдрийн 000145760 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот 44м кв талбайтай орон сууцны өмчлөгч нар нь А.Хишигням, Д.Лхамсүрэн, Х.Нямсүрэн, Х.Даваатогтох нар байсан 2006 оны 10-р сарын 17-ны өдрөөс өмнөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчинтэйд тооцон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.4, 56.5, 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээд шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх, хүчин төгөлдөр бус хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг хариуцах, сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Нямсүрэнгийн “2006 оны 10-р сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл, уг хэлцлийн үндсэн Х.Даваатогтохыг бүртгэж олгосон 2006 оны 10-р сарын 17-ны өдрийн 000202705 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.Даваатогтох Д.Туяа нарын хооронд байгуулагдсан 2007 оны 1-р сарын 25-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Туяаг бүртгэж олгосон 2007 оны 01-р сарын 26-ны өдрийн 000024285 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Туяа Х.Даваатогтох нарын хооронд байгуулагдсан 2009 оны 08-р сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Х.Даваатогтох, хамтран өмчлөгчөөр М.Дарьмаасүрэнг бүртгэж олгосон 2009 оны 08-р сарын 04-ний өдрийн 000095907 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн өусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.Даваатогтох, М.Дарьмаасүрэн, Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нарын хооронд байгуулагдсан 2012 оны 04-р сарын 02-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нарыг бүртгэж олгосон 2007 оны 01-р сарын 26-ны өдрийн 000145760 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “2014 оны 04-р сарын 02-ны өдөр хийсэн худалдсан байраа эргүүлж хөлслөх гэрээ, 2013 оны 04-р сарын 09-ний өдөр хийсэн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нарын “байрны түрээсийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал 58,000 төгрөг, нийт 1,358,000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нар “орон сууц хөлслөх гэрээ”, түүний төлбөртэй холбоотой нэхэмжлэлээ жич гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
3. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-д заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот 44м кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Л.Чулуунбаатар, З.Оюун, Н.Цэенпэлжээ нарыг бүртгэсэн 2012 оны 04-р сарын 02-ны өдрийн 000145760 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот 44м кв талбайтай орон сууцны өмчлөгч нар нь А.Хишигням, Д.Лхамсүрэн, Х.Нямсүрэн, Х.Даваатогтох нар байсан 2006 оны 10-р сарын 17-ны өдрөөс өмнөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчинтэйд тооцон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нямсүрэнгээс урьд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн зөрүү 187,750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, 59-р зүйлийн 59.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цэенпэлжээ нарын улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 6-р сарын 13-ны өдөр төлсөн 36,678 төгрөг, 2014 оны 10-р сарын 03-ны өдөр төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Н.Цэенпэлжээд олгож, 2014 оны 6-р сарын 13-ны өдөр төлсөн “хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” нэхэмжлэлд ногдох 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.4, 56.5, 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх, хүчин төгөлдөр бус хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг хариуцах, сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД