| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/0387/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2553 |
| Огноо | 2025-11-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2553
2025 11 13 2025/ШЦТ/2553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч А.А********** түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М****************, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б************* овогт А*********гийн А**********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403007971107 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, барилга дээр өрлөг хийдэг ажилтай, ам бүл 7, аав, ээж, 4 дүү нарын хамт **** дүүргийн ** дугаар хороо *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт А**********ий А**********. /******/
Шүүгдэгч А.А********** нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Цамбагаравын хойд талын замд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цаг 40 минутын орчимд Toyota Prius-20 маркийн 13-14 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах,... г/, тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж ... " гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Ж.Ч*****************ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А********* мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М**************** мэдүүлэхдээ “Намайг ажил дээрээ байх үед утсанд дуудлага ирж 29-ний шөнө дүү нь авто осолд орсон байна. Гэмтлийн эмнэлэгт байгаа учир та яаралтай ирнэ үү, дүү нь бичиг баримтгүй байсан учир удаж байж танд хэллээ гэж Бат-Эрдэнэ байцаагч хэлсэн. Тэгээд намайг эмнэлэгт очиход манай дүү ганцаараа байсан ба шүүгдэгчийн тал эмнэлэгт байхад нь байнгын эргэж тойрно гэж байсан боловч нэг ч удаа ирдэггүй байсан. Ээж нь нэг удаа утсаар ярьж байгаад ирсэн. Иймд би гомдолтой байна. Шүүгдэгч талаас 4,000,000 төгрөг өгсөн. Одоо оршуулгын зардалд 11,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа” гэв.
Жижүүрийн шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд ирсэн "**** УАН дугаартай машин хүн мөргөсөн, одоо эмнэлэгт байна хүн ухаангүй" гэсэн дуудлага, мэдээллийн бүртгэл. /хэргийн 5 дах тал/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 6-9 дэх тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 14-19 дэх тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М****************ийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагаас залгаж надад хэлсэн тэгээд би зам тээврийн осол гарсан талаар мэдсэн. Би хамгийн сүүлд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ хөнжил пүүгээ аваад хөдөө ажлаар явлаа гэсэн тэр үед хаана байдаг газар вэ гэж асуухад Улаанбаатар хоттой ойрхон газар гэсэн. Тэгээд 1 сар ажил хийгээд ирнэ гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32 дах тал/
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.У***********ийн “Иргэний хариуцагчаар оролцохгүй манай хүүхэд А.А********** өөрөө хариуцна. Тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-41 дэх тал/
Гэрч Ц.Н**************ийн “Би 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01 цаг 40 минутын орчим нөхөр найз А**********гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын арын замд Тоёота Приус 20 маркийн **-** УАМ улсындугаартай тээврийн хэрэгслийг найз А********** жолоодон миний бие жолоочийн эсрэг хажуу талд суугаад 1 дүгээр хорооллын арын замаар зорчин явтал зорчих хэсгийн хойд талаас эрэгтэй явган зорчигч гарч ирсэн тухайн үед эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэл зүүн эргэх үйлдэл хийж байсан бөгөөд тэр эргэх гэж байсан машины араас хурц гэрэлтэй машин гараад ирсэн тэр хоёр машинаас дундаас явган зорчигч гараад ирсэн буюу тэр явган зорчигчийг А********** унаж явсан тээврийн хэрэгслийг жолоочийн эсрэг талаар мөргөсөн. Тэр мөргүүлээд газар унасан тэгээд А********** тоормос барьж унаж явсан тээврийн хэрэгслийг зогсоосон.
Машинаас А********** буугаад тэр эрэгтэй хүн дээр очсон ба миний машин дотроо сууж байсан тэр эрэгтэй хүнийг А********** машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Машины ард суугаад явж байх үед тэр хурхираад байсан.
Гэмтлийн эмнэлэг дээр нөгөө хүнийг А********** аваад орсон би машиндаа үлдсэн. Цагдаа нар А********** унаж явсан тээврийн хэрэгслийн зургийг авч байгаад тээврийн хэрэгслийг ачаад явсан. Тэгээд гэмтэл дотор сууж байгаад манай нөхөр намайг ирээд аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 50 дах тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5460 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Нэр хаяггүй, 001679628 хуруу шилний дугаартай цусны дээжээс 2.9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 55-56 дах тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12947 дугаартай "Ж.Ч*****************ын биед гавлын духны ясны баруун талаас духны хөндийн гадна болон дотор ялтас, этмойд хөндийн баруун урд хэсэг, зүүн талын суурийн хөндий, суурь яс, дагз ясны зүүн талын суурь, төвгөрийг дайрсан нийлмэл хугарал, 2 тал бөмбөлгийн зулай, дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, духны зөөлөн эдийн няцрал, хоншоорын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, өвчүүний яс их биеийн зөрүүтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, оочинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3.4 т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 65-68 дах тал/
Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №400 дугаартай дүгнэлт. /хэргийн 90-95 дах тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн цогцост хийсэн 3349 дугаартай “Шинжилгээгээр амь хохирогч Ж.Ч*****************ын цогцост гавал тархины битүү гэмтэл: Гавлын дух, баруун ухархай, залаа яс, турк эмээл, суурийн зүүн арын хонхор, дагз, зүүн зулай ясны шугаман хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, суурийн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэн тархины эдийн цусархar няцрал, хуйхны цус хуралт, баруун зовхи, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, зүүн хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Хохирлын хүнд зэрэгт хамаарна. Үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. 2024.10.02-ны өдрийн 05.31 цагт хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 3 цаг орчим болсон байжээ” гэсэн дүгнэлт. /хэргийн 73-80 дахь тал/
Эд зүйлд үзлэг хийсэн “Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал:
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Дижитал концепт ХХК-ийн GS-25 төвийн теле хяналтын камер дүрс бичлэг нь ертөнцийн зүгээр баруун хойд хэсгийн харуулсан хяналтын камер байв. Уг бичлэг дээр явган зорчигч ертөнцийн зүгээр хойд зүгээс гарч ирээд замын зорчих хэсэг рүү 00:20 секунд алхаж орж байгаа нь харагдаж байв. 00.29 секунд ертөнцийн зүгээр баруунаас зүгээс зүүн зүг чиглэлтэй явж байгаа тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөж газар унаж байгааг харагдаж байв. Тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчийг мөргөсөний дараа тээврийн хэрэгслээс 00:36 секундэд бууж явган зорчигч дээр очиж байгааг харуулсан бичлэг байв” гэсэн тэмдэглэл. /хэргийн 28 дахь тал/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0225/1309 дугаартай дүгнэлтэнд:
“7. Шинжилж буй бичлэг “Bichleg-Unur tuv.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дэлгэцийн цэгээр 09-25-2024 Wed 02:15:28 секундэд осол болон тээврийн хэрэгсэл нь нэг цаг хугацаанд дүрслэгдэж эхэлж байх бөгөөд ослын дараах үеийн туулсан зай, зарцуулсан хугацаа, камерт дүрслэгдэх кадрын тоо, тээврийн хэрэгслийн стандарт утга жин зэрэг мэдээлэл дээр үндэслэн хурдыг кадр бүрээр буюу буурсан хурдыг тодорхойлоход эхлэх хурд 46 км/цаг, явган зорчигчийн шидэгдсэн зайнаас үндэслэн туршилт хийхэд 35-45 км/цаг байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хэргийн 2 дах хавтас, 29 дэх тал/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос А.А**********г “Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Цамбагаравын хойд талын замд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цаг 40 минутын орчимд Toyota Prius-20 маркийн 13-14 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах,... г/, тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж ... " гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Ж.Ч*****************ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт” холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь уг хуулийн 1 дэх хэсэгт заасан:
“Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ... “ гэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 3 дах хэсэгт заасан “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол ... “ тус тус хуульчилсан байна.
Уг хуулийн заалтаас үзэхэд жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл гаргасан болохыг заавал тогтоох ёстой байна.
Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч А.А********** нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ын ямар заалтыг зөрчсны улмаас зам тээврийн осол гарсан болох нь нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнэв.
Прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” болон “Яллах дүгнэлт”-ндээ яллагдагч А.А**********г “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэжээ.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд “жолооч А.А********** нь “зогсоох боломжтой хурдтай эсхүл зогсоох боломжгүй хурдтай” зорчиж явсан эсэхийг нотлох баримтаар тогтоогоогүй, дээрх дүрмийн заалтыг хэрхэн зөрчсөн эсэхийг нотлож чадаагүй байна гэж үзэв.
Мөн “ ... аюул саад тулгарахад тээврийн хэрэгслийн хурдыг хассан эсхүл хасаагүй, зогсоох арга хэмжээ авсан эсхүл аваагүй” талаар мөн адил нотлох баримтаар тогтоогоогүй, дүрмийн заалтыг зөрчсөн эсэхийг нотолж чадаагүй байна.
Прокуророос “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” болон “Яллах дүгнэлт”-ндээ А.А**********г “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах,
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж " гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Ж.Ч*****************ыг мөргөж амь насыг нь хохироосон” гэж дүгнэжээ.
Гэтэл дээрх дүрмийн заалтууд нь осол гарсны дараа жолоочид хүлээлгэсэн үүрэг байхад энэ заалтуудыг зөрчиж осол гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №12947 дугаартай шинжээчийн дүгнэлт” нь хүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилготой бөгөөд гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт гэж үзэх боломжгүй.
Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч нь өөрөө 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1993 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” үйлдэж, “жолооч А.А**********г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна:, дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, ... г/ , тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж гэсэн заалтуудыг зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргасан боловч нэгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч ... -ийн хувиар оролцсон бол шинжээчээр оролцож болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн, хоёрт “осол гарсан нөхцөл байдал, нөлөөлсөн шалтгааны талаар” мэргэжлийн дүгнэлт өгөөгүй тул уг магадлагааг нотлох баримтаар үнэлэх боломжгүй болжээ.
Дээрх дүгнэлтүүдэд үндэслэн шүүгдэгч А.А**********д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн энэ хуулийн 3 дах хэсэгт заасан “Энэ зүйлийн 1.9-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаана” гэсний дагуу хэргийг прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нь осол гарсан болон гэмтлийн зэргийг тогтоосон баримтууд бөгөөд харин жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг нотлоогүй байна.
Мөрдөгчийн магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч ... -ийн хувиар оролцсон бол шинжээчээр оролцож болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн, хоёрт “осол гарсан нөхцөл байдал, нөлөөлсөн шалтгааны талаар” мэргэжлийн дүгнэлт өгөөгүй тул уг магадлагааг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч А.А**********д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн энэ хуулийн 3 дах хэсэгт заасан “Энэ зүйлийн 1.9-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаана” гэсний дагуу хэргийг прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч А.А**********д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
Хоёр. Бусад асуудал
2.1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.А************ баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******** овогт А**********ий А**********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг хүчингүй болгож А.А**********д холбогдох эрүүгийн 2403007971107 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, А.А********** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэ хэрэг гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг дискийг хэргийн хамт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.А**********д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ