| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Гэрэлт-од |
| Хэргийн индекс | 135/2015/00417/И |
| Дугаар | 135/ШШ2015/00651 |
| Огноо | 2015-06-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2015/00651
2015.06.25 Sh-651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00417/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* банк, Дархан-Уул аймаг дахь салбар / Дархан-Уул аймаг, *******,*******,*******,******* /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг ******* 6 дугаар хороололын 21-р байр 38 тоотод оршин суух *******,******* -д холбогдох
“67,635,275 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь иргэн тай 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 179 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хүлэмжийн бизнесийн үйл ажиллагаанд нь зориулан 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээл олгосон.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Дархан-Уул аймаг, *******, ,, тоот улсын бүртгэлийн дугаартай 37,8 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч нь зээл, хүүгээ хугацаандаа төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, банкны ажилтны удаа дараагийн албан ёсны шаардлагыг үл биелүүлж, графикт төлөлтөө төлөхгүй, банкыг хохироож байна.
Иймд тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцлаж, үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 16,074,578 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,548,197 төгрөг нотариатын зардал 12,500 төгрөг нийт 67,635,275 төгрөг 86 мөнгө /жаран долоон сая зургаан зуун гучин таван мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нийт 305 хоногийн хүү нэхэмжилж байна. Энэ нь 15,041,075 төгрөг. Нэг хоногийн хүү нь 49,315 төгрөг болж байгаа. Нэмэгдүүлсэн хүү 1,082,957 төгрөг болж байгаа. Үндсэн хүүгийн 20 хувиар бодож нэмэгдүүлсэн хүү авна гэж заасан байдаг. Жилийн хүү нь 36 хувь үүнээс 20 хувь гэхээр нийт 7.2 хувийн хүү бодож
J:\B&B\Шийдвэр\Төгрөг гаргуулах\******* банк- шийдвэр.doc
нэмэгдүүлсэн хүү гарж байгаа. Нийт үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү нийлээд 16,124,032 төгрөг болж байна. 66,124,032 төгрөг дээр нотариатын зардал 12,500 нэмэгдээд 66,136,532 төгрөгийг нэхэмжилж байна гэв
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банкны Дархан салбараас 2013 оны 5 дугаар сарын 12-нд миний нэрээр манай хөрөнгийг барьцаалан зээлж авсан 50 сая төгрөг нь банкны удирдлага болон Мондгой овогтой , Жагварал овогтой нарын харилцан тохиролцож зөвшөөрөлцсөний үндсэн дээр автоматаар гарсан зээл болно.
Учир нь , нар надад банкнаас зээл авч өгч туслаач хэмээн учир явдлаа тоочин гуйсны дагуу би 2013 оны 5 дугаар сарын эх 4 дүгээр сарын сүүлээр Төрийн банкнаас 50 сая төгрөгийн зээл хүсэхэд зээлийн хорооны хурлаар ороод өмнө нь харьцаж байсан банкны зээлийг удаа дараа хугацаа хэтрүүлж төлж байсан байна гэсэн үндэслэлээр надад аль ч банк зээл олгох боломжгүй гэсэн хариу гараад авч чадаагүй орхисон билээ. Гэтэл , нар 3,4 хоногийн дараа ******* банктай ярьчихлаа болохоор боллоо гэж учир зүггүй шалгаасны дагуу би банкны захирал очиж уулзахад энэ 2 зээл хүсээд байна. Захирлын мэдлийн 3 хувийн хүүтэй 50 хүртэлхи сая төгрөгийн зээл байдаг юм. Энэ 2 гайгүй байлгүй дээ наад 2 чинь юм хийж байгаа гэх мэт яриад энэ зээл гарсан болно. Барьцаа хөрөнгө манай гэр бүлийн өмч бөгөөд энэ зээлийг авсныг хэн ч мэдээгүй, хэн ч гарын үсэг зураагүй хамтран зээлдэгч гэх хүн ч мэдэхгүй зээл автоматаар гарсан.
Энэ зээлээс би нэг ч төгрөгийг аваагүй М., нарт өгсөн бөгөөд зээл авсныхаа дараа 6 сараас эхлэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсээр улмаар хүндэрч Энэтхэг улс явж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон одоог хүртэл би ямар ч ажил орлогогүй хөл дээрээ бүрэн босож ч чадаагүй байна. Өвчтэй байх хугацаанд банкнаас хэд хэдэн удаа утасдаж зээл гэрээний дагуу төлөгдөхгүй байгааг анхааруулж байсан. , нарт хэлэхэд хүүхэд өвдөөд төслийн ажилаа хийж чадаагүй, байдал хүнд байна төлнө санаа зоволтгүй гэж байсан. Би банкруу утасдаж тэр 2-той яриарай гэж захиад явсан банк тэр 2-той холбогдсон байсан. , нар эхний хэдэн сарын хүүг алдаг онон төлж байгаад орхисон байсныг 2015 оны 2 дугаар сард Энэтхэгээс дөнгөж ирэнгүүтээ мэдсэн. Би энэ зээлийн талаар нэгдүгээрт тэд төлөх ёстой, хоёрдугаарт анхаарах боломж сөхөө энэ хугацаанд надад байгаагүй тийм боломж байгаагүй. Үхлийн ирмэг дээр байсан. Иймд надад энэ зээлийг төлье гэсэн ч одоогоор төлөх ямар ч эх үүсвэр байхгүй байна. Мөн эмчилгээнд явахдаа их хэмжээний өр зээл авсан тул нөхцөл байдал маш хүнд байна. , нар энэ жилийн ажилаа эхэлсэн тун удахгүй төлнө. Найдвартай төлнө. Мөнгө нь одоохондоо орж ирээгүй байна гэж байгаа. Миний хувьд гам хийж эхний ээлжинд эрүүл болж авах шаардлагатай байна. Энэ асуудлаас болж гам алдаж аюул учирч болзошгүй болоод байгаа тул М., Ж.Эрдэнэзул нарыг хариуцагчаар татаж өгч тусална уу. Тэд өөрсдөө зөвшөөрч байгаа юмаа гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” Дархан-Уул аймаг дахь салбар, хариуцагч -д холбогдох 67,635,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь “******* банк нарын хооронд байгуулагдсан 2014 оны 5-р сарын 12-ны өдрийн 179 тоот зээлийн болон барьцааны гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Уг гэрээгээр зээлдэгч нь хүлэмжийн бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар 50,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, нэг жилийн хугацаатай зээлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах, зээлдэгчийн хүлээх үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Дархан-Уул амаг, *******, 12-р баг, 6-р хороолол, 21-р байр, 31 тоот, үл хөдлөх хөрөнгийн Ү-2003004284 тоот гэрчилгээтэй, 37,8 м кв орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан байна.
Гэрээгээр зээлдэгч нь зээлийн ерөнхий болон хэсэгчилсэн хугацааг зөрчсөн тохиолдолд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй үлдсэн байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.
Хариуцагч үндсэн зээлийн төлбөрөөс төлөөгүй 2014 оны 5 дугаар сарын 12-ноос 2015 оны 8 дугаар сарын 24 хүртэл 103 хоногийн хүүг төлсөн, зохигч талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч үндсэн зээл 50,000,000 төгрөг, нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хэргийг шийдвэрлэх хүртэл хугацааг 90 хоногоор тооцон 2015 оны 7-р сарын 17 хүртэл хугацааны хүү 16,074,578 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,548,197 төгрөг нотариатын зардал 12,500 төгрөг нийт 67,635,275 төгрөг 86 мөнгө нэхэмжилж байсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан болсон өдөр буюу 2015 оны 6-р сарын 25 хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 66,136,532 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч ... зээлээс нэг ч төгрөгийг аваагүй, М., нарт өгсөн бөгөөд зээл авсныхаа дараа 6 сараас эхлэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсээр улмаар хүндэрч Энэтхэг улс явж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. М., Ж.Эрдэнэзул нарыг хариуцагчаар татаж өгнө үү ...гэсэн тайлбар гаргаж байсан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжилж байгаа үнийн дүнг зөвшөөрч байна. Би төлж барагдуулна гэж худлаа хэлж чадахгүй. Ямар ч байсан би гэрээнд гарын үсэг зурсан болохоор хариуцлагыг би хүлээнэ. Тэгэхдээ хүүгийн хөнгөлөлт болон нэмэгдүүлсэн хүүг хасаж өгөөч гэж хүсэж байна гэжээ.
Хариуцагч хэдийгээр зээлийг өөрөө ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн болон барьцааны гэрээг өөрийн сайн дурын үндсэн дээр байгуулж гарын үсэг зурсан, энэ талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 451-р зүйлд зааснаар гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь 2015 оны 4-р сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэргийг хянан шийдвэрлэх хугацаа гэж тооцон нэхэмжлэлд 2015 оны 7-р сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүүг урьдчилан нэмж тооцон нэхэмжилжээ.
Шүүх хэргийг 2014 оны 6-р сарын 25-ны өдөр хянан шийдвэрлэсэн тул мөн өдрийг хүртэл хугацааны хүүг тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан ба нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал, түүний хүсэлт зэргийг харгалзан үзээд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Дээрхи үндэслэлүүдээр үндсэн зээл 50,000,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 24-нөөс 15 оны 6 дугаар сарын 25 хүртэл хугацааны хүүд зээлийн гэрээний дагуу 1 хоногийн 49,315 төгрөгөөр тооцон 15,041,075 төгрөг, нотариатын зардал 12,500 гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 282-р зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч аас 65,053,575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” банк-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174-р зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 65,053,575 төгрөг төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, *******, 12-р баг, 6-р хороолол, 21-р байр, 31 тоот, үл хөдлөх хөрөнгийн Ү-2003004284 тоот гэрчилгээтэй, 37,8 м кв орон сууцыг албадан худалдаагаар худалдан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 65,053,575 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 483,217 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” банк-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийрдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД