| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/0122/И |
| Дугаар | 204 |
| Огноо | 2015-03-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/0122/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****аймгийн **** сумын ** баг ** байр ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт Д****гийн Н****гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О****, нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н**** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай шүүхийн шийдвэрээр Х.Г****оос хүү Г****д хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон юм. Х.Г**** нь шүүгчийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан учир албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан ШШГА-нд хүргүүлэхэд Х.Г**** нь шүүгчийн захирамжийг сайн дураараа биелүүлж бөөнд нь төлбөрийг төлчихнө гэж надаас элдвээр гуйж шийдвэр гүйцэтгэгч нь бас төлбөр төлөгч мөнгийг чинь өгнө гэж байгаа юм чинь эвлэр эвлэр гэж ятган байж зөвшөөрүүлж гүйцэтгэлийн ажиллагааг хаалгуулсан юм.
Гэтэл тэр хэлсэн амандаа хүрч хүүхдийн тэтгэлэг болон надаас зээлж авсан төгрөгийн үлдэгдэл 626930 төгрөгийг өгөлгүй хууран мэхэлж өнөөдрийг хүрч хүү Г****ий болон миний эрх ашгийг хохироож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж төлбөр авах ажиллагааг сэргээлгэе гэхэд нэгэнт хаалгасан ажиллагааг сэргээхгүй гэсэн учир дахин шүүхэд хандах шаардлагатай боллоо. Тэгээд ч хүүхдийн тэтгэлэг өгөхгүй гэж эвлэрэх нь зохисгүй хүүхдийн эрх ашиг хохироосон асуудал юм байна гэж ойлголоо. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасан 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 383 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Харицагч ****аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тэтгэлэг авагч Д.Н**** нь хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг бүрэн авсан, тэтгэлэг төлөгч Х.Г****той ямар нэгэн тооцоогүй гэсэн хүсэлтийг 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нотариатаар батлуулан манай албанд ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д зааснаар уг хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх хуудас материалыг дуусгавар болгон хаасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н**** нь хариуцагч ****аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Н**** нь Х.Г****од холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, зээлийн үлдэгдэл 626930 төгрөг гаргуулахаар Сум дундын 7 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар шийдвэрээр 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г****ийг эх Д.Н****гийн асрамжинд үлдээж эцэг Х.Г****оос тэтгэлэг гаргуулахаар, мөн хариуцагч Х.Г****оос 626930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 11-12/
Нэхэмжлэгч Д.Н**** нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн **** дугаар албадан биелүүлэх захирамж, ** дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тэтгэлэг авагч Д.Н**** нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзан гүйцэтгэх баримт бичгийг хаалгах тухай хүсэлтийг нотариатаар баталгаажуулан гаргасан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан “төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзвал түүний хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана” гэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэгээр тогтоогдож байна. /хх-ийн 23-28/
Нэхэмжлэгч Д.Н**** нь төлбөр төлөгч Х.Г**** нь шүүгчийн захирамжийг сайн дураараа биелүүлж бөөнд нь төлбөрийг төлчихнө гэж надаас элдвээр гуйж шийдвэр гүйцэтгэгч нь бас төлбөр төлөгч мөнгийг чинь өгнө гэж байгаа юм чинь эвлэр эвлэр гэж ятган байж зөвшөөрүүлж гүйцэтгэлийн ажиллагааг хаалгуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг аваагүй гэж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “ Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн мөн тэжээн тэтгүүлэгчийн эрх, ашиг сонирхол хохироосон нөхцөл байдал үүссэн байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээж, мөн хуулийн 9.4.7-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасныг баримтлан хариуцагч ****аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 383 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА