Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/910

 

 

 

 

 

      2021           10             26                                         2021/ДШМ/910       

 

Г.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батболд,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Н.Ганхуяг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 949 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Дд холбогдох 2106 00710 1254 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Г-ийн Д, 1954 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 67 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 1, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, одоо ”................................” ХХК-д менежер ажилтай, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 165 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2001 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар түүний ногдох хөрөнгөнөөс 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 8 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 9 дүгээр сараас мөн оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч Х.Батсайханыг “хамтран бизнес хийе, худалдаа эрхэлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн “ХААН” банкны 5030633645 дугаартай дансаар болон бэлнээр нийт 7.291.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Г.Дг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д нь өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Дгээс 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Хөхөөгийн Батсайханд /РД:ЦБ68030676/ олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж гомдолтой байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо /хуудас 11/ ...шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн атлаа ...шүүгдэгч Г.Дгийн гэм буруугийн үйлдэлд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзлээ гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж миний үйлчлүүлэгч Г.Дд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийг хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зорчих эрх хязгаарлах” ялыг 2 жилийн хугацаатайгаар үндсэн ялын шинж чанартайгаар шийтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хууль бусаар дордуулсан гэж үзэж гомдолтой байна.

Шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн болон эрх зүйн байдал нь түүнийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахгүй байх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй байгаа болно. Тухайлбал:

1. Г.Дгийн гэмт үйлдэл нь 2019 оны 9 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын хоорондох хугацааг хамарч байгаа тул Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар хуулийн үйлчлэлд хамаарахаар байгаа юм.

2. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан урьд Өршөөлийн хуульд хамрагдаж ялаас чөлөөлөгдөж байгаагүй тул Г.Д нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөлийн хуульд хамрагдах эрхтэй байгаа болно. Учир нь Г.Д нь 2000 он, 2006 онуудад шүүхийн шийтгэх тогтоолоор 2 удаа урт, богино хугацаагаар ял эдэлж байсан боловч ял эдлэх хугацаандаа ямар нэгэн Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, ялаас чөлөөлөгдөж байгаагүй бөгөөд 2 удаагийн ялаа хорих ангид биечлэн эдлээд хугацаагаа дуусч суллагдаж байсан нь хорих ангийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа болно.

3. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 9 дүгээр зүйл нь өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлүүдийг зүйл хэсгээр нь нэрлэн жагсааснаас 9.2-т ...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ... /залилах/ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг Өршөөлд хамаарахгүй гэж зааснаас үзэхэд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн гэмт хэрэг энэ өршөөлийн хуульд хамаарахаар байгаа болно.

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.2, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлынхоо зарим хэсгийг нөхөн төлсөн /1.500.000 төгрө/, үлдэх 3,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба энэ талаарх бичмэл баримт хэрэгт хавсрагдсан байна.

Иймд шүүгдэгч Г.Дг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Г.Дгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь “үлэмж хэмжээний хохирлоос бага, өндөр настай болсон” зэргийг харгалзан үзэх байсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т ...яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна гэж тус тус заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, өршөөн хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч гомдол гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн гэм буруугаа ойлгон, гэмшиж байна. Би одоо 70 нас хүрч байна. Шүүгч нараас миний ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Прокурор Ц.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн хэрэгт оногдуулж байгаа зүйл ангиас хамаарч ялгамжтай хэрэглэхээр баталсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах ёстой гэж давж заалдах гомдолд дурдсан байна. Ямар байдлаар энэ зүйл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах вэ гэхээр шүүхээс тухайн этгээдийг гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан тохиолдолд тухайн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солихоор зааж тусгасан. Иймд ямар төрлийн хариуцлагыг яаж оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүх хорих ял оногдуулсан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх байсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 9 дүгээр сараас мөн оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч Х.Батсайханыг “хамтран бизнес хийе, худалдаа эрхэлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн “ХААН” банкны 5030633645 дугаартай дансаар болон бэлнээр нийт 7.291.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Батсайханы ...Би Цэцэгмаа гэх эмэгтэй найзаараа дамжуулж 9 дүгээр сарын эхээр Юра гэх хочтой 60 орчим настай Г.Д гэх хүнтэй танилцсан. Доржсэмбэ надад худалдаа эрхлэх боломжтой гэж санал тавьснаар бид хоёр харилцаж эхэлсэн. Анх 2019 оны 9 дүгээр сард Д надаас “Монгол хүний нэр дээр байдаг ашиглалтын лицензтэй алтны орд газрыг орос хүмүүст зарахаар боллоо гэрээ хэлцэл хийх гээд байж байна, худалдан авагч талыг зуучилж оросын элчин сайдын яамны хоёр орос хүн ирж надтай уулзаж байгаа буюу одоо зарах гэж байгаа газрын 5 хувьтай тэнцэх мөнгийг тэр зарах гэж байгаа монгол хүнээс зуучилж өгсний хөлс гэж авахаар болсон үүнтэй холбоотойгоор “Худалдаа Хөгжлийн” банкинд данс нээлгэх, өөрийн гэсэн компанитай болох, худалдан авагч талд найрсаг тухтай байлгаж бизнесийн уулзалт хийх газар бүрдүүлэхэд мөнгө шаардлагатай байна гэхдээ надад мөнгө байхгүй болоод байна хэрвээ энэ ажил бүтчихвэл чамтай хамт худалдаа наймаа хиймээр байна. Иймээс чи намайг шаардлагатай мөнгөөр хангаж байх хэрэгтэй байна гээд 2019 оны 9 дүгээр сард би өөрийн 5055275942 дугаартай дансаараа Доржсэмбийн 5030633645 дугаартай данс руу нийт долоон удаагийн гүйлгээгээр 2.150.000 (хоёр сая нэг зуун тавин мянга) төгрөг шилжүүлж Дд мөнгө өгсөн ба дараа нь би газрын наймаа яасан болох талаар лавлаж асуухад Д “Засгийн газрын тогтоол гарч алт олборлох үйл ажиллагааг зогсоож, лицензийн эзэмшил шилжүүлэхийг зогсоосон байна. Гэхдээ манай худалдан авагч талын хоёр орос хүн 6000 рубльд багтаагаад хромон гутал болон торх худалдан авах боломж байна гэж байна. Хамт оросоос хромон гутал, торх оруулж ирж зарцгаая би тэдний талтай ярилцаад бүгдийг нь болгочихлоо мөнгө хэрэгтэй байна” гээд надаас 2019 оны 10 дугаар сард надаас нийт 6 удаагийн гүйлгээгээр нийт 1.070.000 (нэг сая далан мянга) төгрөг авсан. Би өөрийн 5055275942 дугаартай данснаасаа Доржсэмбийн 5030633645 дугаартай данс руу тухайн үед мөнгийг шилжүүлсэн. ...2019 оны 10 дугаар сарын сүүлээр Д надад би төрийн банкны нэг залуутай танилцсан, тэр  залуу 50.000.000 (тавин сая) төгрөг өгч туслахаар боллоо тэр мөнгийг “Худалдаа Хөгжлийн” банкны 5.000.000 (таван сая) төгрөгтэй данс руу шилжүүлж байгаад тэр мөнгөн дээрээ нэмж “Худалдаа Хөгжлийн” банкнаас зээл авч оросоос ирж байгаа барааг худалдан авах хэрэгтэй байна. Гол нь тэр Төрийн банкны залууг уулгаж , идүүлж, тансаглуулж байгаад зээлээ бүтээх хэрэгтэй байна. Мөн тэр Төрийн банкны залуугийн дүү нь “Худалдаа Хөгжлийн” банкинд ажилладаг юм байна энэ асуудлыг хамтран шийдвэрлэж өгөхөөр боллоо би гадуур тэр хоёртой ресторанаар явж байна мөнгө шилжүүл” гээд байсан болохоор нь 2019 оны 11 сард би Дд 13 удаагийн үйлдлээр 910.000 (есөн зуун арван мянга) төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн. Би өөрийн 5055275942 дугаартай данснаасаа Дгийн 5030633645 дугаартай данс руу тухайн үед мөнгийг шилжүүлж байсан. Мөн 2019 оны 12 дугаар сард энэ асуудлаар болон “хятад хүнтэй махны наймаа хийж байна мөнгө хэрэгтэй байна жилийн эцэс учраас банкнаас мөнгө гаргах боломжгүй байна” гээд Д надаас нийт 8 удаагийн үйлдлээр 3.251.000 (гурван сая хоёр зуун тавин нэгэн мянга) миний 5055275942 дугаартай данснаас Д өөрийн 5030633645 дугаартай данс руу тухайн үед мөнгийг шилжүүлж болон бэлнээр авсан Би мөнгийг шилжүүлэхдээ хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Миний” дэлгүүрийн “ХААН” банкны АТМ-ээс шилжүүлсэн. Би 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дтэй уулзаж нийт түүнд өгсөн мөнгөний тооцоог хийхэд 7.291.000 (долоон сая хоёр зуун ерэн нэгэн мянга) төгрөг өгсөн болохыг тооцож энэ тухай цаасан дээр бичиж гарын үсэг зуралцсан. Энэ явдлаас хойш мөнгөө өгөлгүй явсаар өдийг хүрсэн. Би Дгээс “мөнгөө авмаар байна” гэхэд “мөнгө бүтнэ хүлээ, банкны мөнгө гарна, оросын бараа орж ирнэ, махны наймаа бүтнэ, газрын наймааны мөнгө орж ирнэ” гэсээр өдийг хүрсэн. ...” /хх 11-13, 80/,

 

гэрчээр Р.Цэцэгмаагийн “...Би Дг Батсайханаас 7-8 сая төгрөг авч байсан тухай 2020 оны хавар мэдсэн. Яг хэдэн сард гэдэг тухай мэдэхгүй байна. Намайг мөнгө өгч авалцсан тухай мэдэхэд Д нь Батсайханд мөнгө авсан тухай Цэцэгмаад битгий хэлээрэй гэж гуйсан байсан. Би тухайн өгч авалцсан мөнгө юунд зарцуулагдсан тухай мэдэж байгаа зүйл алга. ...2019 оны өвөл Андуудад Д бид хоёр амьдарч байсан үед манай гэрт Батсайхан ирж Д, Батсайхан хоёр оросуудтай хамтарч махны худалдаа хийнэ, дээр үеийн оросын генералуудын агуулахад хадгалсан бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж зарна гэх мэтчилэн зүйл ярьж төлөвлөж байсан санагдаж байна. Энэ талаар хөөцөлдөж “Худалдаа Хөгжлийн” банкинд мөнгө байрлуулсан гэж сүүлд Батсайхан надад хэлсэн...” /хх 17, 55/ гэх мэдүүлгүүд,

 

хохирогч Х.Батсайханы эзэмшлийн “ХААН” банкин дахь 5055275942 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 23-37/, шүүгдэгч Г.Дгийн эзэмшлийн “ХААН” банкин дахь 3050633645 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 58-65, 83-90/, мөнгө өгсөн баримт, Юра-д мөнгө өгсөн тооцоо, мөнгө хүлээн авсан баримт /хх 103-105/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Г.Дгийн хохирогч Х.Батсайханыг “хамтран бизнес хийе, худалдаа эрхэлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн “ХААН” банкны 5030633645 дугаартай дансаар болон бэлнээр нийт 7.291.000 төгрөгийг авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Н.Ганхуягийн “...анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Г.Дг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх”, 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заажээ.

 

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, 7.1-д “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/...” тус тус хамаарч байх боловч зөвхөн  хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор зохицуулсан тул шүүхээс түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэв.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Н.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/949 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Н.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ