Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Н.Амаржаргал

Өмгөөлөгч Э.Батбаяр

Орчуулагч Б.Сүлд-Очир

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-д холбогдох эрүүгийн 1720000960040 тоот хэргийг 2017 оны 09 сарын 18-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Бээжин хотын Ланцөү автомашины хөгжил ХХК-д инженер, Хүбэй аймгийн Ү Хан хотын Хун шань дүүргийн Жан Ша Ваний суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй С.Т,

Шүүгдэгч С.Т  нь 2017 оны 09 сарын 01-ний өдөр Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг болох Хилийн 816 дугаар тэмдэгтийн зүүн талаар 2,5 км газраар хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч С.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 08 сарын 31-ний орой Бээжингээс Эрээн хотоор яалах зорилгоор гарч, Эрээн хотод 9 цагийн үед ирсэн. 2017 оны 09 сарын 01-ний өдөр 11 цагийн үед Улсын хаалга гэдэг аялал жуулчлалын газраар явсан. Би Улсын хаалга гэдэг газар 2 цаг орчим байж байгаад, Хунгийн нуур гэдэг газарлуу зам дагаж алхсан. Замын хажууд усны үйлдвэр гээд усан станц байсан. Би станц дээр очиж станцыг үзсэн. Тэгээд станцаас гараад  Хунгийн нуурлуу алхахад 17 цаг болж байсан. Би цагийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор 17 цаг болж байсан байх. Би Хунгийн нуур, говь талыг үзэх хүсэлтэй байсан. Тэгээд говь шиг элстэй газар ирсэн. Тэгээд хээр талаар алхаад явж байхад станц шиг барилга харагдсан. Би станцыг чиглээд явж байхад миний замд төмөр торнууд байсан.  Би ойролцоогоор 6 тор давсан. Замд таарсан торнууд нь том хүн шургаад гарчих боломжтой  байсан. Би зарим торон дундуур нь шургаад гарчихсан. Тэгээд явж байхад төмөр зам таарсан тэгэхээр нь би төмөр зам дагаад алхсан. Тэгээд алхаж байхад нэг дүрэмт хувцастай хүн намайг дуудсан. Би тэр хүнийг галт тэрэг ирж байна намайг төмөр замаас гар гэж байна гэж ойлгоод замаас холдож гүйсэн. Тэгсэн чинь өөдөөс нэг хүн гарч ирээд намайг бариад авсан гэжээ. /хх-ийн 12-13/

- Шүүгдэгч С.Т шүүхийн шатанд өгсөн тайлбартаа: Хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй гэв.

- Гэрч Д.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Намайг үүрэг гүйцэтгэж байхад 18 цаг 45 минутын үед автозамын хяналтын камер дээр нэг хүн явж байна гэж хяналтын телекамерын оператор ахлагч Э надад хэлсэн. Би хяналтын камерыг харахад Хилийн 2-3 дугаар заагийн хооронд нэг үл таних хүн явж байсан. Би тэр даруй хилийн албаны тасгийн дарга хошууч Д-д мэдэгдсэн. Д хошууч орж ирээд хяналтын камер дээрх хүнийг хараад, хаалт манааг томилон гарга, би бүлэг аваад гаръяа гээд шуурхай бүлгийг авч 18 цаг 50 минутын үед ангийн байрлалаас гарсан. Би замын хаалтын ахлагч М-н утасруу холбогдож хил зөрчигчийг  саатуулах арга хэмжээ ав гэж үүрэг болгон хил зөрчигчийн байгаа байрлал, чиглэн яваа зүгийг хэлж өгсөн. Миний хэлсний дагуу ахлагч М хил зөрчигчийг төмөр замын зүүн талд саатуулан замын хаалт руу авч явсан гэжээ. /хх-ийн 53-54/    

-Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 9 цагаас 2017 оны 09 сарын 02-ны өдрийн 9 цаг хүртэл телекамерын хянагчын үүрэг гүйцэтгэсэн. Намайг үүрэг гүйцэтгэж байхад 18 цаг 45 минутын үед Хилийн 2 дугаар заагийн 2-3 дунд цагаан саарал хувцастай нэг хүн явж харагдсан. Би ангийн шуурхай жижүүр С-т мэдэгдсэн. Ангийн шуурхай жижүүр шууд хилийн албаны тасгийн дарга хошууч Д-д мэдэгдэхэд Д хошууч шуурхай бүлэг авч хил зөрчигчийг саатуулахаар ангиас гарсан. Тэр хооронд шуурхай жижүүр С автозамын хаалт дээр үүрэг гүйцэтгэж байсан М-д хил зөрчигчийг саатуулах үүрэг өгсөн. Би тэр хооронд хил зөрчигчийг хяналтын камераар хяналтын үргэлжлүүлж байсан. Намайг хяналт хийж байхад ахлагч М хил зөрчигчийг төмөр замын тойрогны тэр хэсэгт саатуулан барьж, хил зөрчигчийг автозамын хаалт руу авч явсан. ...Монгол улсын хилийн 2 дугаар тор өнгөрөөд 3 дугаар тор луу явж байхад харсан. Хяналтын камер дээр харахад орой 18-19 цагийн хооронд хяналтын камер сааралтаж харагддаг. Би хил зөрчигчийг 2 дугаар тор өнгөрөөд 200 орчим метр явсан байхад нь илэрүүлж ангийг жижүүрт мэдэгдсэн. Намайг жижүүрт мэдэгдэхэд цаг 18 цаг 45 минут болж байсан гэжээ. /хх-ийн 55-57/

-Гэрч Л.М-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Намайг үүрэг гүйцэтгэж байхад 18-19 цагийн үед ангийн шуурхай жижүүр “...наана чинь хүн явж байна, яаралтай шалга” гэж үүрэг өгсөн би үүрэг аваад ус цэвэршүүлэх станцын урд хэсэгт байрлах төмөр замын зүгт гүйж очиход хил зөрчигч намайг хараад шууд зугтаасан. Би хил зөрчигчийн араас нь гүйж барихад гартаа утас барьсан байсан. Би гар утсыг нь авч халаасандаа хийж, гарыг нь ард нь өчиж, хил зөрчигчийн мөрийг дугуйлаад, ангийн шуурхай жижүүр С-т илтгэсэн. Шуурхай жижүүр харуулын байрлуугаа аваад яв, шуурхай бүлэг очиж байгаа гэсэн. Би хил зөрчигчийг аваад явж байхад шуурхай бүлэг хил зөрчигчийг аваад явсан. Би хил зөрчигчийн гарт байсан гар утсыг хүлээлгэн өгсөн гэжээ. /хх-ийн 58-60/

-Гэрч М.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 09 сарын 01-ний өдөр ангийн байрлалд өөрийн хуваарийн дагуу ажиллаж байсан. Тухайн өдөр ажлын байранд дээр сууж байхад шуурхай жижүүр ахмад С намайг дуудаад камерт хөдөлгөөн илэрлээ гэсний дагуу очиж харахад автын камерт нэг хүн явж байсан. Тэгээд хяналтанд ав гэж хэлээд би шуурхай бүлгээ аваад тэр хүнийг саатуулахаар газар орон руу явсан. Би ангиас гарахаас өмнө замын хаалтны харуул манаа гаргаж камерт харсан хүнийг саатуул гэж үүрэг өгсөн. Тэгээд би 3-н хаалт дээр очиход ахлагч М хилээс Замын-Үүд рүү чигэлэлтэй явж байсан хүнийг саатуулсан байсан. Тэгээд ямар хүн болохыг асуухад БНХАУ-ын иргэн байсан гэжээ. /хх-ийн 63-65/ 

-Зөрчлийн материал /хх-ийн 9-32/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35, 38-39/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-46/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 47-49/

-Шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/

-Хэргийг хялбаргуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн шүүгдэгч, өмгөөлөгч нарын хүсэлт /хх-ийн 81-83/

- Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 88/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүгдэгч С.Т  нь 2017 оны 09 сарын 01-ний өдөр Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг болох Хилийн 816 дугаар тэмдэгтийн зүүн талаар 2,5 км газраар хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Э-н “2017 оны 09 сарын 01-ний өдрийн 9 цагаас 2017 оны 09 сарын 02-ны өдрийн 9 цаг хүртэл телекамерын хянагчийн үүрэг гүйцэтгэсэн. Намайг үүрэг гүйцэтгэж байхад 18 цаг 45 минутын үед Хилийн 2 дугаар заагийн 2-3 дунд цагаан саарал хувцастай нэг хүн явж харагдсан. Би ангийн шуурхай жижүүр С-т мэдэгэдсэн.” гэх мэдүүлэг, гэрч  М.Д-н “2017 оны 09 сарын 01-ний өдөр ангийн байрлалд өөрийн хуваарийн дагуу ажиллаж байсан. Тухайн өдөр ажлын байранд дээр сууж байхад шуурхай жижүүр ахмад С намайг дуудаад камерт хөдөлгөөн илэрлээ гэсний дагуу очиж харахад автын камерт нэг хүн явж байсан. Тэгээд хяналтанд ав гэж хэлээд би шуурхай бүлгээ аваад тэр хүнийг саатуулахаар газар орон руу явсан. Тэгээд би 3-н хаалт дээр очиход ахлагч М хилээс Замын-Үүд рүү чигэлэлтэй явж байсан хүнийг саатуулсан байсан. Тэгээд ямар хүн болохыг асуухад БНХАУ-ын иргэн байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.М-н “Намайг үүрэг гүйцэтгэж байхад 18-19 цагийн үед ангийн шуурхай жижүүр “...наана чинь хүн явж байна, яаралтай шалга” гэж үүрэг өгсөн би үүрэг аваад ус цэвэршүүлэх станцын урд хэсэгт байрлах төмөр замын зүгт гүйж очиход хил зөрчигч намайг хараад шууд зугтаасан. Би хил зөрчигчийн араас нь гүйж барихад гартаа утас барьсан байсан. Би гар утсыг нь авч халаасандаа хийж, гарыг нь ард нь өчиж, хил зөрчигчийн мөрийг дугуйлаад, ангийн шуурхай жижүүр С-т илтгэсэн.” гэх мэдүүлэг болон зөрчлийн материал зэргээр гэм буруутай болох нь тогтоогдсон.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Т-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Т-г Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Т-г 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Т нь оногдуулсан 1.400.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Э.БОЛОРМАА