Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1451

 

 

 

 

 

 

 

 

 

П.Гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/01575 дугаар шийдвэртэй, 

 

            Нэхэмжлэгч: П.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох

 

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Комплекс Импорт ХХК-ийн зүүн талд байрлах 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга болон 72 м.кв талбайтай гарааш бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 1056 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашины засварын газрыг барихад Япон улсын хөрөнгө оруулагч нартай холбож өгч, хамтран ажилласан. Үүнээс гадна тус авто засварын барилгыг барих үед түүний хажууд одоогийн эзэмшиж ашиглаж буй ноолуурын үйлдвэрийн барилгыг хамт бариулсан. Ноолуурын үйлдвэрийн барилгыг бариулах зорилгоор Япон улсаас 20 000 ам.долларын обойг нийлүүлж, 20 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгсөн. Гэтэл “М” ХХК-нд 20 000 000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй, хамааралгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. 2000 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн гараар бичсэн баримтад “М” ХХК-ийн захирал Ц.Ганболдод иргэн П.Гийн ноолуурийн үйлдвэрийн барилгын төлбөрт 10 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгөв гээд хүлээлгэж өгсөн хүн нь н.Чогсомжав буюу П.Гийн хадам аав нь байгаа. Мөн 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “М” ХХК-ийн захирал Ц.Ганболдод П.Гийн ноолуурын үйлдвэрийн барилгын төлбөрт 10 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгөв гээд гарын үсэг зурсан. Гарын үсгийг хариуцагч минийх биш гэж маргаагүй. Харин энэ мөнгийг барилгад хамааралгүй гэж маргаж байна. Бичгийн агуулга дээр зориулалтыг бичсэн. Обойг заруулъя гэж өгсөн гэж үндэслэлгүй тайлбарлаж, барилгын үнэд тооцож өгсөн байдаг. Нэхэмжлэгч барилгын ажил 80 хувьтай байхад орж дутууг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн үйл ажиллагаа явуулж ирсэн. “Ган Энд С” ХХК гэдэг нь “М” ХХК-ийн охин компани бөгөөд газар дээр бүртгэл хийхийг зөвшөөрч байна гэсэн албан бичиг өгч байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ манай 0.3 га газар дээр гэж тайлбарласан боловч одоо “М” ХХК 0.4 га газартай байгаа нь 1000 м.кв газар нь хаанаас гараад ирсэн гэхээр нэхэмжлэгчийн эзэмшигчээр тогтоолгохыг хүсч байгаа 1056 м.кв газар юм. Барилга анх ашиглалтад орсон үеэс эхэлж П.Гийн гэр бүлийн компани болох “Монгол Алтай Индастри” ХХК ноолуурын үйлдвэрийн зориулалтаар ашиглаж ирсэн. Энэ байр анх баригдахдаа ч ноолуурын үйлдвэрийн зориулалтаар баригдсан бөгөөд “Монгол Алтай Индастри” ХХК нь ноолуурын үйл ажиллагаа явуулдаг компани. Тухайн барилга баригдаж дуусаад “Монгол Алтай Индастри” ХХК үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд эд хөрөнгө ашиглах гэрээ, түрээс шаардсан зүйл огт байхгүй. Өөрийн эд хөрөнгийг ашиглаж ирсэн. Энэ нь хэрэгт байгаа ашиглалтын зардал, засварын зардал төлсөн баримт, бусад баримтаар тогтоогддог. Байрандаа ороод нэхэмжлэгчийн компани бусад зүйлсийг өөрөө хийсэн. П.Г “М” ХХК-ийн захирал Ц.Ганболдтой амаар тохиролцож төлбөрийг тухайн үед нь төлж ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр бариулсан. Ноолуурын барилга баригдаж дуусаад өнөөг хүртэл нэхэмжлэгч ашиглаж байгаа боловч хариуцагч тус барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг одоо хүртэл гаргаж өгөөгүй. 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тухайн барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр бэлэглэлийн гэрээ хийж очсон боловч тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн. Гэтэл “М” ХХК-ийн нягтлан бодогч н.Батцэцэг утсаар ярьж үйлдвэрийн барилга манай өмчлөлийнх, барилгыг чөлөөлөх хэрэгтэй гэсэн агуулгатай зүйлийг ярьснаар тухайн байрныхаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гарсан. Иймд П.Гийг Баянгол дүүрэг 5 дугаар хороо Комплекс импорт компаний зүүн талд байрлах ноолуурын үйлдвэрийн 432 м.кв барилга болон 72 м.кв гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 1056 м.кв газрын эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “М” ХХК нь 1999 онд “Ган Энд С трейд” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Комплекс импорт ХХК-ийн зүүн талд байрлах 0.3 га газар дээр өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар автомашины засварын газар, үйлдвэрийн барилга, гарааш бүхий 1818 м.кв тайлбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьсан. Хөрөнгийг мэргэжлийн үнэлгээний компани 313 798 750 төгрөгөөр үнэлсэн. “М” ХХК Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж 2205017520 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0034868 дугаар бүхий гэрчилгээг 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авч тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь болсон. Нэхэмжлэгчийн яриад байгаа ноолуурын үйлдвэрийн барилга бариулах зорилгоор өгсөн гэх 20 000 000 төгрөгийг “М” ХХК аваагүй. 20 000 000 төгрөгийг хүлээн авсан Ц.Ганболд гэж зурсан болохоос “М” ХХК авлаа гэж зураагүй. “М” ХХК нь П.Гт 20 000 ам:долларын обой захиалаагүй. Орон сууцны барилга барьж байхад борлуулаад өгөөч гэж гуйж өгсөн обойнууд нь одоог хүртэл агуулахад байгаа. Үүнийгээ буцааж авч болно. Ер нь “М” ХХК-нд албан ёсоор хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Харин ч П.Г нь “М” ХХК-ийн барилгад өөрийн “Монгол Алтай Индастри” ХХК-ийг түрээсийн төлбөргүй, зөвхөн ашиглалтын зардал төлж үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Удаа дараа байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Нэхэмжлэгч өөрийгөө барилгын өмчлөгч гэдгээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. 1056 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгоно гээд байгаа боловч хэрэгт байгаа албан бичгээр “Ган Энд С трейд” ХХК болон “Монгол Алтай Индастри” ХХК-ийн хооронд хийсэн албан бичгүүд байгаа тул “М” ХХК ямар ч хамааралгүй. “М” ХХК-тай газрын эрх шилжүүлэх тухай хийсэн ямар нэгэн гэрээ, нотлох баримт нэхэмжлэгчид байхгүй. П.Г барилгын үнэ төлбөрийг төлөөгүй атлаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байгаа нь үндэслэлгүй, өөрийнхөө нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзэж байна. 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ноолуурын үйлдвэрийн барилгыг гараашийн хамт бэлэглэх агуулга бүхий гэрээ байгуулсан, тухайн үед газрын гэрчилгээ хавсаргагдаагүй гэдгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэгч талын өмчлөх эрх дуусгавар болоогүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 105 дугаар зүйлийн 105.1 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүрэг 5 дугаар хороо Комплекс импорт компаний зүүн талд байрлах 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 мкв талбайтай гарааш бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, 1056 м.кв газрын эзэмшигчээр П.Гийг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Гт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нар давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нотлох баримтыг хэрхэн яаж үнэлсэн нь тодорхойгүй. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 110 дугаар зүйл болон 343 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлж хэргийг шийдвэрлэх байтал нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болон маргааны зүйлд огт хамааралгүй хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Маргаан бүхий обьектод авто сервис, ноолуурын үйлдвэр барихаар тохиролцсон гэх дүгнэлтээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэн дүгнэж байгаа нь тодорхойгүй.

...Нэхэмжлэгч нь хариуцагчаар “М” ХХК-ийг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Хэрэгт авагдсан баримтаар иргэн Б.Чогсомжав, иргэн Ц.Ганболд нарын хооронд 20 000 000 төгрөгийг өгсөн, авсан асуудал нь хувь хүмүүсийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа байхад шүүх уг баримтыг үндэслэн Ц.Ганболдоос төлбөр төлсөн баримт гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “М” ХХК нь маргаан бүхий газар дээр өөрийн хөрөнгөөр 1818 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьж, газрыг эзэмшиж ашиглаж байгаа нь гэрээгээр нотлогдож байна. “М” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 000323172 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газрын эзэмшигч болсон ба энэхүү эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа. Хариуцагч нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч байхад шүүх энэхүү байдлыг хэрхэн үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйн зэрэгцээ, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

            Нэхэмжлэгч П.Г нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Комплекс Импорт ХХК-ийн зүүн талд байрлах 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга болон 72 м.кв талбайтай гарааш бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 1056 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг дагуу ноолуурын үйлдвэрийн барилгын төлбөрт 20 000 000 төгрөг, 20 000 ам.долларын үнэ бүхий ханын обой шилжүүлсэн, П.Гийн эхнэр Ч.Баярсайханы үүсгэн байгуулсан “Монгол Алтай индастри” ХХК нь ноолуурын үйлдвэрийн барилгыг 2000 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа, уг барилгыг 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бэлэглэх гэрээгээр шилжүүлэхээр тохирсон боловч гэрээ хэрэгжээгүй гэх өөр өөр агуулгаар тайлбарласан байна.

            Хариуцагч “М” ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Комплекс Импорт” ХХК-ийн зүүн талд байрлах нийт 1 818 м.кв талбайтай автомашины засварын газар, ноолуурын үйлдвэрийн барилга, гараашийг 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 313 789 751 төгрөгөөр үнэлүүлж, мөн өдөр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, тус компанид Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 4 010 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар автосервис, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон нь хэрэгт тус тус авагдсан байх ба /1-хх 50-54, 115-135, 149-150/, гэрчилгээ хүчин төгөлдөр байхад шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын аль үндэслэлээр, ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. 

Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд ямар барилгыг хэзээ, ямар хөлс зардалтайгаар, хэн барих талаар тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл хамтран ажиллах, түрээсийн болон эд хөрөнгө хөлслүүлэх зэрэг гэрээний ямар харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байх ба зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн тайлбарлаж буй “ноолуурын үйлдвэрийн барилгын төлбөрт мөнгөн хөрөнгө шилжүүлсэн” гэх байдал нь тухайн үедээ 313 798 751 төгрөгөөр үнэлэгдсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх болон газрын эзэмших эрхийг бүхэлд нь шаардах эрхийн үндэслэл болох эсэхийг шүүх тодруулж, зохигчдод мэтгэлцэх боломж олгоогүй байна.

            Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/01575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

                       

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН