Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/0118

 

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** банкны **** аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **** аймгийн **** сумын ** дугаар баг ** хороолол ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, А**** овогт Ц****гийн Б****

 

Хариуцагч:  **** аймгийн **** сумын ** дугаар баг ** хороолол ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Г**** овогт Я****гийн Б****д нарт холбогдох

 

үндсэн зээлийн төлбөр 6712988.44 төгрөг, зээлийн хүү 682848.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22595.02 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7400 төгрөг нийт 7425832.32 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 01 дүгээр  сарын 20-ны өдөр хүлээн авч, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г****, Т.Г****, хариуцагч Ц.Б****, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц****, нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** банкны **** дахь салбарын захирал С.Энхсувд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г****, Т.Г**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Б****, Я.Б**** нар нь тус банкны үйлдвэрийн хотхон тооцооны төвөөс 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн **** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 6 сая төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай мөн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр **** тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 4445216.54 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 3.000.000 төгрөгийн зээл нэмж авч нийт 7445217 төгрөгийн зээл авсан байна. 2013 оны 6 сарын 25-ны өдөр 986 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 7122737.51 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2377262.49 төгрөгийн зээл нэмж авч нийт 9.500.000 төгрөгийн цалингийн зээлийн зориулалтаар авсан байна.

Зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 4729842.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2332613.74 төгрөг нийт 7062456 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч 2013 оны 06 сарын 25-ны өдрийн 986 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зээл буцаан дуудах мэдэгдлийг зээлдэгчид, 2014.09.15-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг хамтран үүрэг гүйцэтгэгч ээж Я.Б**** нарт өгч банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймээс барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.1.9 дахь хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

  1. 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 986 тоот барьцаат зээлийн гэрээг цуцлах
  2. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр 6712988.44 төгрөг, зээлийн хүү 682848.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22595.02 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7400 төгрөг нийт 7425832.32 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Б**** түүний өмгөөлөгч Ц****а нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012.05.11-ний өдөр 6 сая төгрөг, 2013.04.09-ний өдөр 3 сая төгрөг, 2013.06.25-ны өдөр 2377262 төгрөг нийт 11377262 төгрөгийн зээл авсан. 2014.06.14-нийг дуустал үндсэн зээл 4729842.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2332613.74 төгрөг нийт 7062456 төгрөг төлсөн байна. Гэтэл одоо нэхэмжилж буй 7425832.32 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2013.10.04-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн тул зээл төлөх боломж муудсан. Ийм учраас 2014.09.15-ны өдөр **** тоот мэдэгдэх хуудсыг **** банк надад болон манай ээж Я.Б****д танилцуулсан мэдэгдэл дээр 2014.09.26-ны дотор хүү, зээлээ төлөөгүй тохиолдолд шүүхэд хандана гэснийг зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл **** банк нь шүүхэд хандалгүйгээр зохиомлоор 2014.09.15-наас хойш 2015.01.20-ны өдрийн байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй тул энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 434917.07 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Я.Б**** шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б**** би өндөр настны тэтгэвэрт байдаг. Б****ийг урьд нь зээлтэй талаар надад **** банкны эдийн засагч танилцуулаагүй учраас цалингийн зээлийг цалин, тэтгэвэрээс төлөх боломжтой юм байна гэсэн учраас барьцаат гэрээн дээр гарын үсэг зурсан. Хэрвээ урьд нь 6000.000 төгрөг авсан тухай надад **** банкнаас хэлсэн бол би хэзээ ч гарын үсэг зурахгүй байсан. Мөн **** банкнаас манай гэрт 2014 оны 09 сард мэдэгдэл ирүүлж хэрвээ тогтоосон хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд шүүхэд хандана гэхлээр нь шүүхэд ханд гэдгээр нь зөвшөөрч гарын үсэг зурсан. Би зээлийг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** банкны **** аймаг дахь салбар нь хариуцагч Ц.Б****, Я.Б**** нартай байгуулсан зээлийн гэрээ цуцалж, үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7425832.32 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

**** банкны **** салбар нь хариуцагч Ц.Б****, Я.Б**** нартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай 9500000 төгрөгийн зээл олгосон, зээлийн гэрээгээр зээлийн хүүг жилийн 16.8 хувь байхаар тохиролцсон бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцож байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №**** дугаар “Барьцаат зээлийн гэрээ”, Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2013.04.09-ний өдрийн **** тоот гэрээ, 2013.06.25-ны өдрийн **** тоот Барьцаат зээлийн гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /ХХ 4-10/

Зээлдэгч болох хариуцагч Ц.Б****, Я.Б**** нар нь барьцаат зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 4729842.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2332613.74 төгрөг нийт 7062456 төгрөгийг төлсөн байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч Ц.Б**** нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ **** банк шүүхэд хандалгүйгээр зохиомлоор 2014.09.15-наас хойш 2015.01.20-ны өдрийн байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн тул энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 434917.07 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Я.Б**** нь Б****ийг урьд нь зээлтэй талаар надад **** банкны эдийн засагч танилцуулаагүй учраас цалингийн зээлийг цалин, тэтгэвэрээс төлөх боломжтой юм байна гэсэн учраас барьцаат гэрээн дээр гарын үсэг зурсан. Хэрвээ урьд нь 6000000 төгрөг авсан тухай надад **** банкнаас хэлсэн бол би хэзээ ч гарын үсэг зурахгүй байсан. Мөн **** банкнаас манай гэрт 2014 оны 09 сард мэдэгдэл ирүүлж хэрвээ тогтоосон хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд шүүхэд хандана гэхлээр нь шүүхэд ханд гэдгээр нь зөвшөөрч гарын үсэг зурсан. Би зээлийг төлөх боломжгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч **** банк нь Ц.Б****, Я.Б**** нарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тооцсон ба нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгч **** банкны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тооцож гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч **** банк нь Ц.Б****, Я.Б**** нар нь зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч **** банкнаас удаа дараа мэдэгдэл өгч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас 7425832.32 төгрөг гаргуулах нь зүйтэй. 

Хариуцагч Я.Б****д шүүх хурлын товыг боломжит хугацаанд шүүхээс мэдэгдсэн боловч ирээгүй байх тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б****, Я.Б**** нартай байгуулсан нэхэмжлэгч **** банкны **** салбарын 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 986 тоот Барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч  Ц.Б****, Я.Б**** нараас 7425832.32 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **** банкны **** аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 133763 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 133763 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА