Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: ё

 

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч **** банкны **** салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч **** аймгийн **** сумын ** дүгээр баг ** хороолол ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар **, И**** овогт С****гийн Б****од холбогдох

 

Орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 02 дугаар  сарын 02-ны өдөр хүлээн авч, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б****, О.Э****,  хариуцагч С.Б****, нарийн бичгийн дарга Н.Тогтох нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** банкны **** салбарын захирал Ж.М****, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б****, О.Э**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Иргэн Г.Н****, Д.О**** нар нь тус банкны **** салбартай 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр **** тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан 31.920.000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан.

Иргэн Г.Н****, Д.О**** нар нь **** тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн ***** аймаг **** сум **дүгээр баг, ** хороолол, ** байрны ** тоот 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барьцаалсан.

Зээлдэгч зээл авснаас хойш зээл түүний хүүг хугацаандаа төлөөгүй тул банк шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сум дундын 7 дугаар шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн **** тоот шүүгчийн захирамж гарсан.

Улмаар зээлдэгч Г.Н****, Д.О**** нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн **** сум, ** дүгээр баг, ** хороолол, ** байрны ** тоот 3 өрөө орон сууцаар хангуулахыг зөвшөөрсний дагуу **** тоот улсын бүртгэлийн гэрчилгээг банк өөрийн нэр дээр гарган авч хууль ёсны эзэмшигч болсон.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу орон сууцыг суллаж өгөхийг шаардсан мэдэгдлийг 2015 оны 01 дүгээр сарын 13, 26-ны өдрүүдэд тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл байрыг суллаж өгөлгүйгээр банкны өмчлөх эрхийг зөрчиж байна.

Иймд, банк Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу иргэн С**** овогтой Б****ыг тус банкны өмчлөл бүхий **** сум ** дүгээр баг, ** хороолол, ** байрны ** тоот 3 өрөө орон сууцнаас албадан гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч С.Б**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие **** сум ** дүгээр баг, ** хороолол, ** байрны ** тоот 3 өрөө орон сууцанд 2002 оноос одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд 2012 оны 08 сард зээлдэгч Н**** гуайн хүү Д.О**** нь бизнест хамтран ажиллах санал гаргасны дагуу хамтран ажиллахаар тохирсон. Ингээд миний байрыг барьцаанд тавьж зээл авъя гэхээр нь зөвшөөрсөн. Тухайн үед яг орон сууц худалдан авах зээл авна гэж шийдээгүй байсан. Зээлээ хөөцөлдөж байхдаа Орон сууц худалдан авах зээл авах боломжтой юм байна, хүү бага, хугацаа урт учир сарын төлөлт нь ч бага юм. Богино хугацаанд бизнесстээ оруулаад буцаагаад төлчихъе. Зээлээ ч гэсэн хамт боломжоороо төлөөд явж байя гэхээр нь тухайн үед өөрт нь үнэхээр маш их итгэж байсан учраас гүндүүгүй сайхан ахын сэтгэл гаргаж зээл бүтэхээр бол тэгье гэсэн. Ингээд ээж Н****нхээ нэр дээр **** банкнаас Орон сууц худалдан авах зээл авахаар болсон. Дараа нь маргаан гаргахгүй ойрын хугацаанд төлчихөөд ордероо буцаагаад шилжүүлчихье гэхээр нь худалдах, худалдан авах гэрээ хийж байрны ордероо шилжүүлсэн. Тухайн үед 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөнгө нь шилжиж миний дансанд 31920.000 төгрөг шилжиж орсон.

Энэ мөнгийг орж ирэнгүүт одоо өөрийнх нь эзэмшилд байгаа гялгар уутны үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж болон Ширээ нурууны ** баг Махын байрны хадам ээжийнх нь хашаанд үйлдвэрийн зориулалтаар барьсан 8х16 хэмжээтэй барилгын бүх материал, цахилгааны тоног төхөөрөмжүүдийг авч ирсэн. Нийт 31.115.000 төгрөгийг бүрэн зарцуулсан. Өөрсдийн нь эрх ашгийн төлөө банкны хүнд байх ёстой ёс суртахуунаа хүртэл умартан байж дэндүү хүнлэг сэтгэл гаргаж сайн санаж явахад ээж хүү хоёр хоорондоо үг хэлээ ололцож чадахгүй барьцаанд тавьсан байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн нь хэтэрхий хүн чанаргүй үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би О****д холбогдуулан 45 сая төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч **** банкны **** салбар нь хариуцагч С.Б****од холбогдуулан ***** аймгийн **** сум ** дүгээр баг, ** хороолол, ** байрны ** тоот 3 өрөө орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.Б**** нь 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн ***** аймгийн **** сум ** дүгээр баг, ** хороолол, ** байрны ** тоот 3 өрөө орон сууцыг Г.Н****д 48.000.000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 23/

 

Дээрхи гэрээний дагуу Г.Н****, Д.О**** нар нь **** банкны **** салбартай Орон сууц худалдан авахаар 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр **** тоот зээлийн гэрээ байгуулан 31.920.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай байгуулан, зээлийн барьцаанд Г.Н****гийн өмчлөлийн ***** аймгийн **** сум, ** дүгээр баг, ** хороолол, ** байрны ** тоот 3 өрөө орон сууцыг барьцаалан зээл авсан байх бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хувиараа ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр **** банк нь зээлдэгч нарт холбогдуулан зээлийн төлбөр 36.500.229 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сум дундын 7 дугаар шүүх 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Н****, Д.О**** нар нь нэхэмжлэлийн шаардлага 36500.229 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 4-5/

 

Дээрхи хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч **** банкны **** салбар нь ***** аймгийн **** сум ** дүгээр баг, ** хороолол, ** байрны ** тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай гэрчилгээ, улсын бүртгэлийн 21/707 дугаарт бүртгүүлэн орон сууцны өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 8/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч **** банкны **** салбар нь шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч С.Б**** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Н**** гуайн хүү Д.О**** нь бизнест хамтран ажиллах санал гаргасны дагуу хамтран ажиллахаар тохирсон. Ингээд миний байрыг барьцаанд тавьж зээл авъя гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд ээж Н****нхээ нэр дээр **** банкнаас Орон сууц худалдан авах зээл авахаар болсон. Дараа нь маргаан гаргахгүй ойрын хугацаанд төлчихөөд ордероо буцаагаад шилжүүлчихье гэхээр нь худалдах, худалдан авах гэрээ хийж байрны ордероо шилжүүлсэн гэтэл Н****, О**** нар зээлээ төлөөгүй улмаас би хохирч байна нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй би О****д холбогдуулан 45 сая төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж маргажээ.

 

Хариуцагч С.Б**** нь Д.О****д холбогдуулан 45 сая төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байгаа боловч энэ нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэрэгт хамааралгүй байх тул хариуцагч С.Б****ын татгалзал үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***** аймгийн **** сум ** дүгээр баг, ** хороолол, ** байрны ** тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч С.Б****ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА