| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2019/0914/и |
| Дугаар | 1479 |
| Огноо | 2019-08-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 1479
М.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00914 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С” ХХК-д холбогдох
Оффисийн өрөөний талбайн зөрүү болох 68 717 268 төгрөг гаргуулах, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 85.76 м.кв талбайтайгаар худалдан авагч М.Бын нэр дээр гаргуулахыг хариуцагч “С” ХХК болон Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Х,
Хариуцагчийн өмгөөлөгч: Э.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бнар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б нь 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “С” ХХК-тай харилцан тохиролцож, 12/07/55 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр “С” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс тауэр” оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 14 давхрын 8 тоот 108.24 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 2 500 ам.доллараар тооцож нийт 246 000 ам.доллараар худалдаж авсан. М.Б нь “С” ХХК-нд 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5 000 ам.доллар, 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5 000 ам.доллар, мөн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 74 350 ам.доллар буюу тухайн үеийн ханш 1 345 төгрөгөөр тооцон 100 000 000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 146 650 ам.доллар буюу 1 339.17 төгрөгөөр тооцон 196 390 280 төгрөгийг төлж, нийт 246 000 ам.долларын төлбөрийг бүрэн төлсөн.
Гэтэл М.Бын худалдаж авсан талбайн хэмжээ нь илт зөрүүтэй, бага хэмжээтэй байсан тул удаа дараа “С” ХХК-ийн холбогдох хүмүүст мэдэгдсээр, илүү төлсөн мөнгөө нэхэж ирсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй, илүү төлсөн мөнгийг өгөхгүй, талбайн маргаантай байгаа, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэх шалтгаанаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ч гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. М.Б нь аргагүйн эрхэнд 2014 оны 04 дүгээр сарын 02-нд талбайн хэмжилт хийдэг мэргэжлийн байгууллага болох “Бэйст пойнт” ХХК-д хандан өөрийн зардлаар талбайг хэмжүүлэхэд уг 8 тоот талбай нь нийт 91.76 м.кв буюу захиалсан талбайн хэмжээ 16.48 м.кв-аар дутуу болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл “С” ХХК нь иргэн М.Баас 16.48 м.кв талбайн үнэ илүү авч хохироосон байх бөгөөд илүү төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж маргааны зүйл болох талбай дээр дахин хэмжилт хийлгүүлэх тухай захирамж гарсан. Тус шинжээчийн компани нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн 171 тоот дүгнэлтэндээ Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний талбайн хэмжээг 85.76 м.кв болохыг тогтоосон байна. Иймд тус шинжээчийн дүгнэлт дээр үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн билээ. Оффисийн талбайн хэмжээ нь 108.24 м.кв биш харин 85.76 м.кв гарч байгаа болохоор талбайн зөрүү болох 22.48 м.кв-н үнэ 68 717 268 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч М.Б нь оффисийн төлбөрийг бүрэн төлсөн учир Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах 85.76 м.кв талбайтай оффисийн өрөөг худалдан авагч М.Бын нэр дээр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргуулахыг Чингэлтэй дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн хэлтэст болон хариуцагч “С” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн хувьд анх удаа ажлын байрыг өмчлөгч нарын өмчлөлд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь барилгын талбайг хэмжихдээ орон сууцны талбайн хэмжээг хэмжихэд ашигладаг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг барьж буруу стандартаар доголдол гаргаж ирээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаар талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12/0755 тоот талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд зургийг харж захиалсан. Гэрээний гол нөхцөлд талбайн хэмжээ орох ба ийм их хэмжээний талбай дутсан байхад нэхэмжлэгч талбайг хүлээн авахдаа хэмжилт хийлгэж гэрээний зүйлийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй байхаар хуульд тодорхой зохицуулсан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. М.Б худалдаж авсан талбайдаа 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр улсын комисс албан ёсоор байнгын ашиглалтанд хүлээн авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 9 дгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт баримтлан “С” ХХК-аас 7 275 227 төгрөгийг гаргуулж М.Бд олгож, Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг 93.8 м кв талбайтайгаар худалдан авагч М.Бын нэр дээр гаргуулахыг хариуцагч “С” ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 61 442 041 төгрөгийн болон Чингэлтэй дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 873 262 төгрөгийн 501 536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 371 726 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 131.354 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргал давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Шүүх 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаараа оффисийн талбайг 93.8 м.кв коридор 12.06 м.кв гэж тодорхойлсон “Бэсгэ” ХХК-ийн дүгнэлтийг хүчингүйд тооцож улмаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон. Тус үнэлгээний төв нь оффисийн талбайг 85.76 м.кв нийтийн эзэмшлийн талбай болох коридорыг 5.81 м.кв гэж дүгнэсэн. Ингэж оффисийн талбайн зөрүүг 22.66 м.кв гэж тогтоож өгсөн нь хариуцагчаас 69 267 495 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл болсон болно. Гэтэл шүүх өмнөх шүүгчийн хүчингүй болгосон дүгнэлтэд тулгуурлан шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 69 267 495 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс тауэр оффис, 14 дүгээр давхрын 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 93.8 м.кв талбайгаар худалдан авагч М.Бын нэр дээр гаргуулахыг хариуцагч “С” ХХК-д даалгаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь оффисийн талбайг 85.76 м.кв, коридорын талбайг 5.81 м.кв гэж дүгнэсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 85.76 м.кв талбайгаар худалдан авагч М.Бын нэр дээр гаргуулахыг хариуцагч “С” ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан Оффисийн өрөөний талбайн зөрүү болох 68 717 268 төгрөг гаргуулах, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 85.76 м.кв талбайтайгаар худалдан авагч М.Бын нэр дээр гаргуулахыг хариуцагч “С” ХХК болон Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “С” ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Худалдааа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, “С” ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт баригдах Пийс тауэрын оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 14 дүгээр давхрын 8 тоот 108.24 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 3 056 818 төгрөгөөр тооцон 330 869 980 төгрөгөөр барьж өгөх, М.Б нь үнийг заасан төлбөрийг 3 хувааж төлөх үүргийг хүлээсэн, гэрээний үнэ бүрэн төлөгдсөн байна. /1-хх 7-10/
Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.
Талуудын хооронд “Худалдааа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдсан, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Пийс тауэрын оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 14 дүгээр давхрын 8 тоот оффисийн өрөөний талбайг хэмжсэн 4 удаагийн акт, дүгнэлтүүд авагдсан байх ба нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Бэйс пойнт” ХХК-ийн актад уг өрөөний талбайн хэмжээг 91.76 м.кв, шүүхээс шинжээчээр томилж ажиллуулсан “Мөнх Оргил трейд” ХХК-ийн дүгнэлтэд өрөөний ашигтай талбайг 91.72 м.кв, “Бэсгэ” ХХК-ийн дүгнэлтэд оффисийн өрөөний талбайг 93.8 м.кв, коридор 12.06 м.кв, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтэд оффисийн өрөөний талбайг 85.76 м.кв, нийтийн эзэмшлийн талбайг 5.81 м.кв байна гэж тус тус дүгнэжээ. /1-хх 15-16, 37-45, 81-90, 2-хх 66-80/
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Хэрэв худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгах, эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухай төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, харин худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч М.Б нь 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сүүлчийн үлдэгдэл төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж, энэ тухай гэрээний нэмэлт тодотгол хэсэгт “Уг талбайн үлдэгдэл төлбөр болох 196 390 280 төгрөгийг 5 хувийн хөнгөлөлтөд багтан 186 570 766 төгрөг төлөв” гэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Барилгыг 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтанд орсон байна. /1-хх 123-125/
Нэхэмжлэгч М.Б нь доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан нь тогтоогдсон, худалдагч “С” ХХК гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэг үүссэн боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх хууль хэрэглэх замаар дүгнэж чадаагүй нь алдаатай болжээ.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог. Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар зохицуулсан байна.
Нэхэмжлэгч М.Б нь худалдан авсан талбайн хэмжээ бага байсан гэж тайлбарладаг боловч энэ нь бичгийн баримтаар тогтоогдсонгүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч нь ашиглалтын хөлсийг 2014 оны 05 дугаар сараас төлөхөө больсон, хариуцагч байгууллагаас 2015 оны 07, 09 дүгээр саруудад талбайн хэмжээ зөрүүтэй гэсэн өмчлөгч нарт хүргүүлсэн “худалдан авах гэрэний дагуу талбайн зөрүү үүссэнээс болж ашиглалтын зардал төлөх асуудлыг хойшлуулж хүлээлгэсэн, одооноос ашиглалтын зардлаа төлөхийг мэдэгдье” гэх албан бичгүүд /1-хх 142, 143/-ийг үндэслэн М.Быг гомдлын шаардлага гаргаж байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан талбай дутуу талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Түүнчлэн, шүүх Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 93.8 м.кв талбайтайгаар худалдан авагч М.Бын нэр дээр гаргуулахыг хариуцагч “С” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн гэж үзнэ.
Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00914 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 225.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Оффисийн өрөөний талбайн зөрүү болох 68 717 268 төгрөг гаргуулах, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 85.76 м.кв талбайтайгаар худалдан авагч М.Бын нэр дээр гаргуулахыг Чингэлтэй дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн хэлтэст болон хариуцагч “С” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч М.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН