Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 0072

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Л.Э

Шүүгдэгч                                           Г.Э

Нарийн бичгийн дарга                М.Ариунсайхан нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолтой Г.Эд холбогдох эрүүгийн хэргийг прокурор Г.Э-н эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

   Монгол Улсын иргэн Э овогт Г-н Э.

 

    Г.Э нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр аймгийн  сумын нутаг дэвсгэрт 17.6 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Э овогт Г-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

 

 Шүүгдэгч Г.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу    аймаг  сумаас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1, арван найм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2 дугаар хавтаст хэргийн ард үдэгдэн ирсэн “Г.Э, Ц.Б нарын харилцан яриа” гэсэн бичиглэлтэй 4.7 GB багтаамжтай DVD-г эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, мөн хуулийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрээн өнгийн гялгар ууттай 17.6 гр ногоон өнгийн өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Э эсэргүүцэлдээ:

 

“ ... Шүүх шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тухай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэмт хэргийн шинжээр бус “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тухай гэмт хэргийн зүйл ангийн диспозицид заасан шинжээр гэм буруутайд тооцоогүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  аймгийн  сумаас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд ялын хэлбэр гэсэн ойлголт байхгүй ба зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ялын хэд хэдэн төрлийг /эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих/ сонгон хэрэглэж байгаа эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э-н эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх Г.Эд холбогдох  хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

   Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  аймгийн  сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 17.6 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

             Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Г.Эг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

             Шүүгдэгч Г.Эгийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлохдоо “... хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан ...” гэсэн бөгөөд

             анхан шатны шүүх түүнийг “...хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан ...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй байна.

 

             Өөрөөр хэлбэл “ ... бодис, тэдгээрийн түүхий эд ... ”, “... бодисын агууламжтай ургамал ...” гэсэн ойлголтууд нь агуулгын хувьд зөрүүгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17.6 гр ногоон өнгийн өвс мэт зүйлээс илэрсэн Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг талаарх  шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байна.

 

             Мөн дээрх өвс мэт зүйл нь дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг алдагдуулаагүй байна.

 

Хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг ялыг тодорхойлохдоо “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг ... эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох..., ... тодорхой газар очихыг хориглох ..., ... шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих ..., ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих ... үүрэг хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заажээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн төрлийн үүргээс аль нэгийг заавал хүлээлгэх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хэд хэдэн үүрэг хүлээлгэж болно.

Анхан шатны шүүх хуульд заасан дээрх үүргүүдээс шүүгдэгч Г.Эг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, өөрийн оршин суух газар буюу  аймгийн  сумаас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсэн байна.

             Тодруулбал: Шүүх Г.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр үүргийг хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан нь түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны болон Шударга ёсны зарчимд нийцжээ.

 

             Мөн Эрүүгийн хуульд “ялын хэлбэр” гэсэн ойлголт заагаагүй хэдий ч анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эд зорчих эрхийг хязгаарлах ялын дээрх хоёр үүргийг хүлээлгэхдээ “ялын хэлбэрийг” гэж бичсэн нь монгол хэл зүйн утга, агуулгын хувьд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдалд хамаарахгүй боловч цаашид шүүхийн шийдвэрт хуульд заасан нэр томьёог хэрэглэх талаар анхаарах нь зүйтэй.

 

Иймд прокурор Г.Э-н “ ...тухайн гэмт хэргийн зүйл ангийн диспозицид заасан шинжээр гэм буруутайд тооцоогүй..., Эрүүгийн хуульд ялын хэлбэр гэсэн ойлголт байхгүй ба зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ялын хэд хэдэн төрлийг ... сонгон хэрэглэж байгаа эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан ... албадлагын арга хэмжээг хэрэглэж байгаа эсэх нь тодорхойгүй ... ” гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчид ял оногдуулах талаар заалгүй орхигдуулсныг магадлалдаа тусгаж шийдвэрлэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

3. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                          С.ЦЭЦЭГМАА

                                                                                                С.УРАНЧИМЭГ