| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Баттулга |
| Хэргийн индекс | 135/2015/00439/И |
| Дугаар | 135/ШШ2015/00560 |
| Огноо | 2015-06-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2015/00560
2015.06.09 560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00439/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* Уул аймгийн ******* сумын 15 дугаар баг Мангирт 10 дугаар хэсэг 1-дүгээр гудамжны 117 тоотод оршин суух Боржигин овгийн Түмэнцэндийн Лувсанпэрэнлэйн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-д холбогдох Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай хэргийг 2015 оны 4 дүгээр сарын 23 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төмөрлөгийн үйлдвэр ХК-д 2014 оны 6 дугаар сарын 18 -ны өдрөөс эхлэн ахлах харуулаар ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаа зохих журмын дагуу хийж байсан ямар нэгэн алдаа зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй юм. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 24 -ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байтал орой нь дарга нар дуудаж хурал хийгээд ажлаас чинь халах болсон гэсэн учрыг асуухад 2015 оны 3 дугаар сарын 22 -ны өглөө харуулын байрны өрөөнд байсан компьютерийн дэлгэцийг гэртээ аваачиж шалгачихаад ирнэ гэж ахлах харуулдаа хэлээд маргааш нь ажил дээрээ аваад иртэл харуулын дарга Өсөхбаяр нь “Чи хулгайч биз дээ” гэж намайг загнасан. Би тэнд байсан бүх харуулууддаа энэ монитор ажилтай юмуу үгүй юмуу шалгаж үзээд гэрийнхээ процессорт залгаж үзээд шалгаад аваад ирсэн гэдгээ хэлэхэд огт хүлээж аваагүй юу болсныг нь ч шалгаж тогтоолгүйгээр ажлаас халсан. Надад 3 дугаар сарын 24 -нд ажлаас хална гэж мэдэгдсэн атлаа тушаал нь 3 дугаар сарын 23 -нд гаргачихсан байсан. Үүнийг би намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж гомдолтой байна. Би хулгай хийгээгүй ямарч зөрчил гаргаагүй ба энэ асуудлыг шалгаж тогтоогоогүй зөвхөн ажил дээр байсан ажиллахгүй болсон дэлгэцийг гэртээ аваачиж шалгаад ирэх төдийд ажлаас халсанд гомдолтой байгаа тул Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 23 -ны өдрийн ******* тушаалыг хүчингүй болгож, өмнөх ажилд маань эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******г ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 3 дугаар сарын 23 -ны өдрийн ******* тушаал гаргахдаа “Ажил олгогчийн итгэлийг алдаж буруутай үйлдэл гаргасан гэдгийг шалгаж тогтоогоогүй байж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй Улсын дээд шүүхийн хөдөлмөрийн хуулийг
тайлбарласан тайлбарт тухайн гаргасан зөрчил дутагдлыг шалгаж тогтоосныг үндэс болгоно гэж заасан байгаа тул ******* тушаалыг хүчингүй болгож *******г өмнөх ажилд нь эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг Төмөрлөгийн үйлдвэр ХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч: *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх ажилтай ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь тус компанид Хамгаалалт аюулгүй байдлын албаны үйлдвэрийн хэсгийн ахлах харуулаар ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 23 -ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Учир нь ******* ажиллаж байх хугацаандаа 2015 оны 3 дугаар сарын 22 -ны өдөр тус компанийн харуулын 1 дүгээр постонд ажиллаж байхдаа Dell маркийн комьютерийн дэлгэцийг удирдах албан тушаалтны ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хувийн хэрэгцээндээ авч явсан байдаг юм. Уг эд хөрөнгө нь компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлтэй тул *******н гаргасан энэ үйлдэл нь ажлын байранд тодорхойлолтод заасан үүргээ умартсан бусдад буюу хамт ажиллагсаддаа буруу үлгэр дуурайл үзүүлсэн компанийн хөдөлмөрийн дотоод журам, хамгаалалт аюулгүй байдлын хэлтсийн ажиллах журам болоод хууль тогтоомж зөрчсөн үйлдэл юм. ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа уг дэлгэцийг шалгах зорилгоор авч гарсан гэх боловч тус компанид комьютерийн мэдээлэл технологийн хэлтэс ажилладаг эвдрэл гэмтлийг засварлуулах шалгуулах дуудлага хүсэлт гаргаж болох байсан боловч компанийн өмчийг өөрөө дур мэдэн авч гарсан. Тэгээд ч уг эд хөрөнгийг өөрийн санаачилгаар буцаан авчраагүй харуул хамгаалалтын дарга мэдэж утсаар ярьж шаардуулсны дагуу авчирч өгсөн юм. Компанийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 23 -ны өдрийн ******* тушаал нь хууль зөрчөөгүй Хөдөлмөрийн тухай хууль болон, Хөдөлмөрийн гэрээ, Компанийн дотоод журмыг үндэслэн гаргасан хуульд нийцсэн тул *******н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь;
Нэхэмжлэгч ******* нь *******ы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн харуул хамгаалалтын албаны ажилд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй компанийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 23 -ны өдрийн ******* тушаал нь хууль зөрчөөгүй Хөдөлмөрийн тухай хууль болон, хөдөлмөрийн гэрээ компанийн дотоод журмыг үндэслэн гаргасан хуульд нийцсэн тул *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан байна.
Нэхэмжлэгч ******* нь *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн төлөөлөгчтэй 2014 оны 6 дугаар сарын 11 -ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил олгогч болон ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж хөдөлмөрийн гэрээ байгуулагдан баталгаажсан байна.
Нэхэмжлэгч *******н маргаж байгаа ажлаас буруу халсан гэх *******ы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 3 дугаар сарын 23 -ны өдрийн 445 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг, компанийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.4,3, болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар ноцтой зөрчил гэж үзэн ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.
*******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн дотоод журмын болон, хөдөлмөрийн гэрээнд компанийн эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах нөхцөл бололцоог бүрдүүлсэн завшсан сольж өөртөө авсан, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас авч гарсан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах тухай заажээ х/х-ийн 5, 28, дугаар тал
Иймд *******н *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн харуул хамгаалалтын албаны харуулын ажилд нь эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******н *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн харуул хамгаалалтын албаны харуулын ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА